Open iToim app
Боловсрол | 7 мин уншина

А.Тайванжаргал: ЭЕШ-д орохын өмнө хүүхдүүд сайн амарч, сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй

А.Тайванжаргал: ЭЕШ-д орохын өмнө хүүхдүүд сайн амарч, сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй
Нийтэлсэн 2021 оны 5 сарын 28
ЭЕШ болон мэргэжил сонголттой холбоотой Хэрэглээний Сэтгэл Судлалын хүрээлэнгийн Хүүхдийн сэтгэл зүйч А.Тайванжаргалтай ярилцлаа.
-Удахгүй ЭЕШ болох гэж байна. Арван жилээ төгсөн буй хүүхэд бүрийн хувьд их чухал даваа. Үүнтэй холбоотой тэдний сэтгэл зүйд ямар өөрчлөлтүүд ажиглагддаг вэ?
-ЭЕШ дөхөх тусам өсвөр насны хүүхдүүдэд шалгалттай холбоотой сандрал, айдас бий болох магадлалтай байдаг. Энэ сандралаас болж ЭЕШ-д өдөр ирэх бүр сайн бэлдэх хэрэгтэй байтал анхаарал нь өөр  зүйлд төвлөрөөд сэтгэл санаа тогтворгүй байх тал ажиглагддаг. Тэгэхээр нэгэнт л бид бүгдээрээ шалгалт өгнө. Энэ шалгалтын үр дүнгээс хамаарч ямар их сургуульд орох вэ гэдэг тодорхойлогдох учир үүнийг бодит болох нөхцөл байдал гэдгийг ойлгон, аль болох тайвнаар хүлээж авах хэрэгтэй. Дийлэнх хүүхдүүд нэг бол өнгөрсөн цаг хугацаанд болж буй зүйлст төвлөрч санаа зовж байдаг. Жишээлбэл “Би угаасаа тоондоо муу юм чинь ЭЕШ-аа сайн өгч чадахгүй байх” гэх өөрийгөө үгүйсгэх байдлаар, эсвэл “Би шалгалтын үеэр мэдэж байсан юмаа мартчихвал яана аа, эсвэл аав ээжийн хүлээлтэд ангийн багшийн өгч байгаа итгэлд хүрч чадахгүй бол яана аа”  гээд ирээдүйд хэтэрхий их санаа зовж байдаг. Иймд хүүхдүүд аль болох өөрийн оюун санаа, сэтгэл зүйгээ одоо цагт төвлөрүүлж бас хийж байгаа зүйлдээ өдөрт хичээлдээ хэр их хугацааг зарцуулж чадах, хэр их ачаалал авч чадах вэ гээд бодит нөхцөл байдал руу өнгийж харвал илүү үр дүнтэй.
-Танай хүрээлэнд өсвөр насныхан ЭЕШ-тай холбоотой сэтгэл зүйн ямар зөвлөмж, зөвлөгөөг авахаар ханддаг вэ?
-Ер нь жил болгоны гуравдугаар сараас мэргэжил сонголттой холбоотой асуудлаар хандах байдал нь илүү нэмэгддэг. Өмнө хүүхдүүд ирээд сэтгэл зүйн зөвлөгөө, оношилгооны цаг авдаг байсан бол одоо бүх зүйлс онлайн хэлбэрт шилжээд байна. Энэ жилийн хувьд сурагчид дараах байдлаар манай төвд хандаж байна.
-Би ихэнх хичээлээ онлайн / тв / -аар үзсэн учир бүрэн ойлгосонгүй. Иймд миний мэдэхгүй асуултууд ирвэл яах вэ
-Би мэргэжил сонголтын талаар сайн мэдэхгүй байна. Учир нь дутуу судлах, үе тэнгийн хүүхдүүд ямар үзэл бодолтой, багшаасаа зөвлөгөө авах боломж хомс байна.
-Аав ээжтэйгээ яаж ойлголцож, сонгосон мэргэжлээ хэлэхээ мэдэхгүй байна
-Би аав, ээжийнхээ итгэлийг алдах вий гэдгээс хамгийн их айж байна гэх зэргээр хандаж байна. Аав ээж нарт нэг сул тал бий. Тэд хүүхдээ “Чи хичээлдээ сайн байсан юм чинь шалгалтдаа өндөр оноо авч, хүссэн сургуульдаа орж чадна. Би чамаас үүнийг л хүлээж байна” гээд хэлчихдэг. Яахав эцэг эхийн зүгээс энэ үгийг хүүхдэд урам өгөх зорилгоор бодож хэлдэг бол нөгөө талд энэ нь хүүхдүүдэд маань “Би итгэлийг нь алдчихвал яана аа. Алдчихвал муу хүүхэд болох байхдаа” гэх мэтээр улам өөртөө итгэлгүй болох, айдас түгшүүр үүсгэх нөхцөлийг бүрдүүлж өгөх магадлалтай. Хэрэв танд ийм айдас, түгшүүр үүсвэл сэтгэл зүйчид хандаарай. Бид яг энэ цаг үед БШУЯ-тай хамтран чатаар сэтгэлзүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг тавдугаар сарын 24-өөс зургадугаар сарын 24 хүртэл хэрэгжүүлэхээр болсон. Иймд хүүхдүүд за мөн эцэг эхчүүд ч мөн холбогдон ЭЕШ үүнтэй холбоотой асуудлаар зөвлөгөө авах боломжтой.
-ЭЕШ-д орохын өмнө сэтгэл зүйгээ бас бэлдэх хэрэгтэй болов уу. Тэгэхээр хүүхдүүд маань шалгалтад орохоос өмнө өөрийн сэтгэл зүйг хэрхэн бэлдэх хэрэгтэй вэ?
-Хүнийг тайвшруулах сэтгэл зүйн аргуудыг урт хугацааны болон богино хугацааны гэж ангилдаг. Урт хугацааны аргууд нь дасгал хөдөлгөөн хийх, өөрийн цагийн хуваарь, амьдралын  хэмнэлд анхаарах, нойронд анхаарах зэргээр эдгээрийг өдөр тутмын хэвшлээ болговол бидний сэтгэл зүй шинэ зүйлд цочрол өгч, шинэ зүйлд амархан стресстэхгүй, стресстсэн ч тэр нөхцөл байдлаа даван туулахад илүү амар болох болно.
Богино хугацааны аргууд нь яг тухайн нөхцөл байдал болонгуут хэрэглэж болно. Мөн шалгалт эхлэхээс өмнө хийх боломжтой. Жишээлбэл: Шалгалтын урьд өдрүүдэд нойроо сайн авах. Нойроо сайн авснаар бидний тархи илүү ухаалгаар эрүүл ажиллах болно. Нойр муу, дутуу нойртой явах тусам бид юмыг амархан мартахад нөлөөлнө. Сэтгэл хөдлөлийн хувд эмзэг болгоно.
Мөн шалгалтын өмнө амьсгалын дасгал, иог бясалгал хийж болно. Энэ нь богино хугацаанд хүний тархинд амралт өгдөг дасгалууд юм. Түүнчлэн одоо цагтаа төвлөрөх хэрэгтэй юм шүү. 
-Шалгалт хүүхдийн сэтгэл зүйд хэр их нөлөөлдөг вэ?
-Шалгалтын сэтгэл зүйгээ бэлдээгүй байдал нь хүүхдийн өөртөө итгэх итгэлд маш их нөлөөлнө. Жишээлэл “Тавьсан зорилгодоо хүрч чадсангүй. Аав ээж, багш нарын итгэлийг алдлаа” гэх зэргээр. Үүнээс болоод амьдралын цаашдын алхмуудыг хийхэд хүртэл өөртөө итгэлгүй байх ийм асуудлууд үүсэх болно.
-ЭЕШ-аас гадна хүүхдүүдэд мэргэжил, их сургууль зэрэг сонголтууд давхцаж гарч ирнэ. Эцэг эхчүүдийн хувьд энэ чухал үед нь хэрхэн зөв харьцаж, зөвлөгөө өгөх хэрэгтэй вэ?
-Дийлэнх өсвөр насны хүүхэд мэргэжил сонголттой холбоотой байдлаар “би өөрөө ийм мэргэжил сонирхсон чинь аав ээж надад арай ондоо миний хүсээгүй мэргэжлийг санал болгож байна” гэдэг асуудлаар ханддаг. Эцэг эх бүхэн мэдээж хүүхдээ сайн хүн болгохыг хүсдэг. Гэтэл эцэг эхийн харж байгаа өнцөг нэг өөр. Хэдий аав ээжээсээ төрсөн хүүхэд ч гэлээ хүүхэд яг аав ээжийгээ хуулж, адилхан төрдөггүй. Тэр хүүхдийн зан чанар, хувийн онцлог, сонирхол, ур чадвар юу вэ гэдгийг харах хэрэгтэй. Гэтэл эцэг эхчүүд өөрсдийн амьдралын харах өнцөг, туршлага дээр үндэслэн үзэл бодлоо хүүхдэдээ тулгах хандлага байдаг. Хүүхдүүд энэ үед өөрийн дотоод дуу хоолой хүсэл эрмэлзээ ард тавин аав ээжийн сонгосон замаар явах тохиолдол байдаг. Гэтэл өсвөр насанд тархины хөгжил маш эрчимтэй явагдаж байдаг. Энэ үед тархины шийдвэр гаргалтын төв маш идэвхтэй хөгжиж эхэлдэг. Гэтэл эцэг эхчүүд хүүхдийн асуудалд зөвлөх гэхээс илүү өөрийн шаардлагыг хэт их өндөр тавих байдлаар хандахаар хүүхдэд шийдвэр гаргах боломж бүрдэхгүй нэг ёсондоо тархины хөгжил явагдахад саад болох нэг зүйлийг хийж байна гэсэн үг. Мөн ингэх тусам хүүхэд амьдралын бусад зүйлс дээр таниас хэт их хамааралтай болж эхэлдэг. Өсвөр насны гол зүйл нь бие хүн болж төлөвшихөд суралцах юм. Эцэг эхчүүд хүүхдийнхээ мэргэжил сонголтод дараах зүйлсийг анхаараарай.
-Хүүхдийнхээ сонирхол ур чадвар юу байна вэ гэдгийг ажиглах хэрэгтэй. Математик, монгол хэлний хичээлдээ сайн байлаа гээд зөвхөн энэ хичээлээр мэргэжлээ сонгох албатай гэсэн үг биш.
-Зан төлөвийн онцлог. Аливаа зүйлд хэрхэн хариу үйлдэл үзүүлдэг эсэх.
-Хүүхэдтэйгээ ярилцах. Эцэг эхчүүдийг хүүхэдтэйгээ ярилцаарай гэхээр дийлэнх эцэг эхчүүд яаж ярилцахаа мэдэхгүй байх асуудал байдаг. Төгс эцэг эх байхад хэцүү. Эцэг эхчүүд өөрсдөө зарим үед хүүхдийн асууж байгаа зүйлийг мэдэхгүй байж болно. Тийм бол хамтдаа түүнийг судалж хийж, суралцах хэрэгтэй. Хэрэв үнэхээр санаа зовж, яаж зөвлөхөө мэдэхгүй байвал сэтгэл судлаач эсвэл карьер зөвлөх зэрэг мэргэжлийн хүмүүст хандаж үзэх нь үр дүнтэй юм шүү.
-Зарим эцэг эх хүүхдийнхээ сонирхол, хоббигоос илүү өөрийн бодлоор ирээдүйн ажил амьдралыг нь шийдэх гээд байдаг. Энэ нь хүүхдэд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Хүн амьдралынхаа 3/1 ийг ажил хийж өнгөрөөдөг. Хүний мэргэжил сонголтод гадаад, дотоод хүчин зүйл гэж байдаг.  Гадаад хүчин зүйл нь эцэг эхийн зүгээс өгч байгаа шаардлага эсвэл нийгэмд эрэлттэй байгаа мэргэжилд тулгуурлан сонгох сэдлийг хэлнэ.  Хүний амьдралын сэтгэл ханамж, аз жаргалтай холбоотой судалгаанд ажлын хамт олон болон ажилдаа хэр их ахиц дэвшилтэй ажиллаж байгаа вэ гэдэг нь бидний амьдралын аз жаргалын 30 хувьд нөлөөлнө. Тэгэхээр магадгүй аав ээжийн зөвлөснөөр мэргэжлээ сонгож, их сургуульд суралцан, ажиллалаа гэж бодоход 1-2 жил сайн байж чадна. Гэвч хүн нас ахих тусмаа өөрийгөө сайн таньж мэддэг. Таньж мэдэх он жилүүд, өдөр хоног өнгөрөх тусам хүсээгүй зүйл чинь байсныг ойлгох ажилдаа дургүй болох тал анзаарагддаг. Учир нь  бид өөрийн дотоод эерэг сэдэлд тулгуурлаж мэргэжлээ сонгох хэрэгтэй байдаг. Ингээгүйн улмаас байнга зөрчилтэй тулгарч эхэлнэ. Өөрийгөө үгүйсгэх хэлбэрт стресстэх улмаар сэтгэл гутрах зэргээр сэтгэцийн асуудлууд үүсч эхэлдэг. Иймд хүүхдийн мэргэжил сонголт хэсэг, богино хугацаанд л болж байгаа зүйл боловч цаашдын ирээдүйн амьдралд нөлөөлөх томоохон зүйл юм шүү. Иймд хүүхдүүдэд дараах зүйлсийг дагаарай хэмээн зөвлөж байна.
-Өөрийн сайн хичээл гэхээс илүү өөрийн сонирхол, зан төлөвийн онцлогийг чагнаад үзээрэй
-Мэргэжлүүдийн талаар сайн судлаарай. Мэргэжлийн тодорхойлолт ямар ур чадвар, давуу, сул тал байна гээд аль аль талаас судлаарай.
-Боломжтой бол тухайн мэргэжлийн хүнтэй уулзан ярилцаж үзээрэй
-Цагийн менежментээ зөв зохицуулах. Өөрийн амрах ёстой цагтаа амраад хамгийн идэвхтэй байдаг цагтаа шалгалтаа бэлдэх
-Хүн болгоны сэтгэл зүйгээ тайван байлгах арга өөр өөр байдаг. Нэг хүнд тохирсон арга нөгөө хүнд тохирохгүй байж ч болно. Тэгэхээр өөрийн онцлогт тохирсон аргаа олоорой. Ингээд хэрэв болохгүй байвал мэргэжлийн сэтгэл зүйчид хандаж үзээрэй.
-Ярилцсанд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн