Open iToim app
Дэлхийн монгол | 7 мин уншина

Харвардын их сургуулийн судлаач монгол гэр бүлийг онцолж байна

Харвардын их сургуулийн судлаач монгол гэр бүлийг онцолж байна
Нийтэлсэн 2022 оны 3 сарын 3
АНУ-ын Харвардын их сургууль нь дэлхийд боловсролоор тэргүүлэх их сургуулиудын нэг юм. Жил бүр энэхүү сургуульд суралцах мөн ажиллахыг зорьж, тэмүүлдэг эрдэмтэн, судлаач нэлээдгүй бий. Тэгвэл тус сургуульд судлаач, эрдэмтнээр хамтдаа ажилладаг монгол гэр бүлийг онцолж байна.
Монгол Улсын иргэн Ж.Бат-Эрдэнэ, Б.Алтанцэцэг  нар хамтдаа АНУ-ын Харвардын их сургуулийн Анагаахын сургууль болон Бостоны хүүхдийн эмнэлэгт тав дахь жилдээ ажиллаж, хүн төрөлхтөний амьдралд нэн хэрэгтэй өндөр түвшний судалгааг хийсээр байна.
Тэд арван жилээ тухайн үеийн УБИС-ийн харьяа химийн гүнзгийрүүлсэн сургалттай 104-р лицей сургуулийг төгсч, хүний эмч мэргэжлээр 2007 онд АШУҮИС-ийг төгсчээ. Төгссөнөөс хойш Монгол, Австрали, АНУ гээд өдийг хүртэл хамтдаа нэг байгууллагад ажиллаж, судалгаа хийж байна.
Бид энэ удаагийн “Дэлхийн монгол” буландаа энэхүү гэр бүлийн төлөөлөл болох доктор, судлаач Ж.Бат-Эрдэнийг урьж оролцуулсан юм. Тэрээр өөрийн судалгаагаар дамжуулан шинэ уургийг нээн илрүүлсэн бөгөөд түүнийгээ “Дэлхийн генийн сан”-д “Тараг” хэмээн монгол нэрээрээ бүртгүүлжээ. Ингээд ярилцлагаа хүргэж байна.
-Та одоогоор хэд орчим судалгааны бүтээл хийсэн бэ. Судалгааны онцлох бүтээлээсээ танилцуулахгүй юү?
-Би одоогоор 20 орчим эрдэм шинжилгээний бүтээлийг олон улсын сэтгүүлд хэвлүүлээд байж байна. Үүний ихэнх нь миний өөрийн удирдсан төсөл байсан. Анх шинжлэх ухааны карьераа биотехнологи болон микробиологийн чиглэлээр эхлүүлсэн. Тухайн үеийн онцлох хоёр бүтээлээс яривал нэгд, ус төрөгчийн хийг задалдаг өвөрмөц бактерийн гаралтай уургийг ашиглан нөхөн сэргээгдэх эрчим хүч гаргах технологи боловсруулсан. Энэ бол миний Австралид хамгаалсан магистрын ажил байсан. Дараа нь докторын зэрэг хамгаалах судалгаандаа бас нэгэн өвөрмөц бактерийн уураг дээр ажилласан. Уг уураг нь химийн үйлдвэрийн хог хаягдлын гаралтай газрын гүний хорт бодисыг задалж, хоргүйжүүлдэг идэвхтэй юм. Энэхүү уургийн тусламжтайгаар олон жилийн турш газарт булсан химийн хорт бодисыг хоргүйжүүлэх нэгэн боломж бүрдсэн.
-Мөн сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа “Тараг” генийн талаар дурдаж болох уу. Та тухайн генийг анх хэзээ олж илрүүлсэн бэ?
-“Тараг” уургийг 3-4 жилийн өмнөөс судалж эхэлсэн. Энэ уураг бол гэдэсний ашигтай бактерийн исэлдэлтийн бүтээгдэхүүнийг гэдэсний ханаар тээвэрлэн оруулдаг зөөвөрлөгч уураг юм. Тодруулбал, бидний иддэг ислэг ихтэй хоол хүнсийг гэдсэн дэх ашигтай бактериуд л задалж, шимэгдэх бололцоотой молекул болгож өгнө. Тухайн молекулыг “Тараг” уураг таньж, гэдэсний ханаар байрлах дотоод шүүрлийн эсүүд рүү зөөвөрлөнө. Ингэснээр биеийн дархлаа идэвхжиж, өөхний бодисын солилцооны тэнцвэрт байдал хадгалагдана. Энэхүү бүтээлээ дархлаа судлалын тэргүүний “Immunity” гэдэг сэтгүүлд хэвлүүлсэн. Мөн “Дэлхийн генийн сан”-д шинээр олж илрүүлсэн уургаа “Тараг” хэмээн нэрлэж, бүртгүүлсэн. Судалгааны үр дүн дээр үндэслэж олон төрлийн халдварт өвчин, таргалалт, чихрийн шижин, зүрх судасны өвчний эсрэг шинэ төрлийн эмчилгээний чиглэл нэвтрүүлэх боломж бүрдэнэ гэж найдаж байгаа.
-Чухам яагаад “Тараг” гэж нэрлэхээр болсон юм бол, их сонирхолтой санагдлаа?
-Монголоос гарч эрдэм шинжилгээний судалгаа хийж, салбартаа ажиллаж байгаа эрдэмтний хувьд өөрийн шинэ нээлтээ монгол үгээр бахархалтай нэрлэхээр шийдсэн юм. Монголчууд бид эртнээс бактерийн исэлтийн процессыг ашиглаж сүү цагаан идээгээ боловсруулж, хүнсэндээ ашигладаг уламжлалтай. Иймд монгол цагаан идээний нэрээр уургаа нэрлэсэн. Судалгааны багтайгаа ярилцаад англи хэлэнд илүү сонсголонтой байсан учраас “Тараг” гэж сонгосон. Энэ бас шинэ уураг учраас магадгүй яваандаа олон улсын сурах бичигт “Тараг” гээд Монголоор бичсэн уураг байвал сонирхолтой байх болов уу.
-Таны судалгааны гол зорилго, чиглэл юунд оршдог вэ?
-Миний хувьд аль болох эрүүл мэнд, байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдэхэд хувь нэмэр оруулах шинэлэг судалгаа хийхийг хүсдэг. Ялангуяа ашигтай бактериуд болон тэдгээрээс гаргаж авсан уургуудыг тогтоох судалгаа голчлон хийсэн. Үүний тулд мэдээж салбарынхаа талаар бүхий л мэдээллийг уншиж, мэргэжилтнүүдтэй харилцаж, зөвлөлдөнө. Салбартаа тулгамдсан судлагдаагүй асуудлыг олж, үүнийг өөрийн судалгаагаар хэрхэн шийдвэрлэх боломжтойг харуулахыг хичээдэг. Мэдээж нээсэн бүтээлүүд маань амьдралд хэрэгжиж, шинэ технологи, эм эмчилгээний чиг хандлагад хувь нэмрээ оруулаасай гэж боддог.

Монгол хүн, монгол эрдэмтэн учир бүтээлээ монгол нэрээр нэрлэхээр шийдсэн

-Эрдэм шинжилгээний ажил, бүтээл түүнийг хийхэд нэлээн хүч хөдөлмөр, цаг хугацаа шаардагддаг. Мөн үр дүн урт хугацаанд гардаг гэдэг. Судлаач хүн  гэж хамгийн тэвчээртэй хүнийг хэлэх байх?
-Судлаач хүн олон цагаар лабораторид ажиллахаас гадна байнга уншиж мэдлэгээ тэлэх шаардлагатай байдаг. Судалгаанаасаа хамаараад олон жилийн хүч хөдөлмөр шаардах тохиолдол ч бий. Бүтэлгүйтэх, туршилт удаашрах үе олон. Харин энэ бүгдэд сайн төлөвлөгөөтэй байж бүхнийг амжуулна. Төлөвлөгөө, зохион байгуулалттайгаар шаргуу хөдөлмөрлөснөөр судалгаанд амжилт гаргана. Эрдэм шинжилгээний ажилд асар их дур сонирхолтой байх нь энэ их хүнд хэцүү ажлыг үр дүнд хүргэхэд гол түлхэц нь болдог.
-Одоогоор та юунд хамгийн их төвлөрч ажиллаж байгаа вэ?
-Сүүлийн үед би гэдэсний ашигтай бактерийг хүнсний харшилтай холбон судалж байгаа. Харшилт өвчин хотжсон, өндөр хөгжилтэй орны өвчин бөгөөд одоогоор шалтгаан нь бүрэн судлагдаагүй өвчин юм. Би судалгаандаа харшлыг гэдэсний ашигтай бактерийн тэнцвэрт байдлын алдагдалтай холбон судлаж байгаа. Судалгаа эхнээсээ үр дүнгээ өгөөд төсөл маань амжилттай явагдаж байгаа.
-Таны бага нас, карьер замналын талаар ярилцлагаа үргэлжлүүлье. Бага, залуудаа хэр идэвхтэй хүүхэд байсан?
-Би гуравдугаар хороололд өссөн хүүхэд. Арван жилийн дунд сургуулиа 40-р сургуулийг төгсч, ахлах ангиа тухайн үеийн УБИС-ийн харьяа химийн гүнзгийрүүлсэн сургалттай 104-р лицей сургуульд суралцаж төгссөн. Багын маш нямбай хүүхэд байсан. Хувийн зохион байгуулалт, цагийн сайн төлөвлөлт, үргэлж том зорилго тавьж, өөртөө итгэлтэй байхыг ээж минь надад сургасан. Манай ээж аав хоёр бол миний амьдралын гол зөвлөгч, багш нар. Оюутан байхдаа хичээлээс гадна нийгмийн их идэвхтэй байсан. Анагаахын сургуульд “MISC” нэртэй микробиологи дархлааны шинжлэх ухаанд сонирхолтой оюутны холбооны тэргүүнээр ажиллаж байсан. Тухайн үеэс л шинжлэх ухааны энэ чиглэлээр ирээдүйдээ ажиллах сонирхол эхэлсэн юм. Ер нь уралдаан тэмцээнийг алгасалгүй оролцдог их завгүй оюутан байсан даа.
АШУҮИС-иа хүний эмч мэргэжлээр 2007 онд төгссөн. Анагаахын тавдугаар курсээсээ эхлэн “Шижир” биотехнологийн компанид ажлын гараагаа эхэлж, таван жилийн турш ажилласан. Үүний дараа эрдмийн зэргээ ахиулах, судалгаа шинжилгээ хийхээр Австрали улсын Засгийн газрын тэтгэлгээр Сидней хотод магистр, докторын зэргээ хамгаалсан юм. Харин доктороо төгссөний дараа Харвардад ирээд дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Эрдэм шинжилгээний судалгаа хийнэ гэдэг маш өндөр өртөгтэй. Иймд өөрийн судалгааг амжилттай хийхэд шинжлэх ухааны орчин, хөрөнгө төсөв, тоног төхөөрөмж сайтай, өндөр түвшний мэргэжилтнүүдтэй газар ажиллах нь маш чухал. Харвард бол манай Анагаахын салбарын мэргэжилтнүүдийн ажиллах мөрөөдлийн газрын нэг гэж хэлж болно.
-Манай улс шинжлэх ухаан талдаа хэр их анхаарал хандуулан дэмждэг гэж бодож байна?
-Шинжлэх ухааны салбар өөрөө өртөг өндөртэй. Өдөр тутмын судалгаа хийхэд тоног төхөөрөмж, урсгал зардал, урвалж бодисын зардал өндөр. Манай улсын хувьд шинжлэх ухаанаа боломжоороо дэмждэг гэж бодож байна. Мэдээж улс хөгжих тусмаа шинжлэх ухаанаа дэмжих бололцоо сайжирна байх.
-Монголдоо мэргэжлээрээ ирж ажиллах тухай ямар бодолтой байдаг вэ?
-Ойрын хэдэн жилдээ Бостонд судалгааны ажлаа үргэлжлүүлэн ажиллах болно. Мэдээж олон жил сурч, мэргэшсэн мэдлэг туршлагаа салбарынхаа залуучуудтайгаа хуваалцах хүсэл их байдаг. Надтай олон монгол залуучууд холбогдож, мэргэжлийн болон карьерын зөвлөгөө авдаг. Хилийн чанадаас Монголынхоо нэр хүндийг салбартаа гаргах, хувь нэмрээ оруулах боломж гадаадад ажиллаж мэргэжилтнүүдэд бий.
-Танай гэр бүлийн хүн бас эрдэмтэн гэж сонссон юм байна. Маш удаан хугацаанд хамтдаа ажиллаж байна уу?
-Манай эхнэрийг Б.Алтанцэцэг гэдэг, бид хоёр анх есдүгээр ангидаа танилцаж үерхэж эхэлсэн. Эхнэр бид хоёр ахлах анги, Анагаахын сургуулиа хамтдаа төгссөн. Надтай ижил судлаач хүн. Анагаах төгсөөд Монгол, Австрали, АНУ гээд өдийг хүртэл хамтдаа нэг байгууллагад ажиллаж, амьдарч ирлээ. Харвардад хүртэл хамт нэгэн байшинд ажиллаж байна. Манай эхнэрийн судалгаа маш амжилттай явж байгаа. Бостоны хүүхдийн эмнэлэг, Харвардын их сургуульд ахлах судлаачаар ажилладаг. Хадуур эст цусны багадалт өвчний үеийн генийн зохицуулагыг инженерчлэх, шинэ эм нээх судалгаан дээр ажиллаж байна. Бүтээл нь удахгүй хэвлэгдэж нийтэд нээлттэй болно. Манайх ам бүл дөрөв, Бишрэлт, Энэрэлт гэсэн хүү, охин хоёртой.
-Амьдралдаа хийж байсан бүтэлгүйтэл, түүнээс авсан сургамж тань юу вэ?
-Судлаач хүний хувьд бүтэлгүйтэж байсан эрдмийн ажлууд л санаанд орж байна. Ялангуяа докторын сэдвийн ажлын сүүлийн хэсэг дээр би нэг шинэ уургийг өндөр идэвхтэй гаргаж авах гэж маш олон даваа, бүтэлгүйтлийг туулсан. Дээр дурдсанчлан газрын гүний хорт бодисыг хоргүйжүүлэх үйлдэлтэй бактерийн уураг байсан юм. Хоёр жилийн турш оролдоод огт болж өгөөгүй. Манай удирдагч багш хүртэл намайг шинэ уургаа тодорхойлж чадсан, сайн бүтээлүүд хэвлүүлсэн гээд зэргээ хамгаалахад одоо хангалттай гэж зөвлөж байсан. Миний хувьд харин зорьсон ажлынхаа эцсийг нь харах маш чухал байсан юм. Тэгээд уншиж байгаад ижил төрлийн уургийг генийн инженерчлэлийн аргаар гаргаж авч чадсан Английн Манчестерийн их сургуулийн профессорыг олж мэдсэн. Ингээд л профессор руу и-мейл явуулж, лабораторид нь очиж судалгаагаа үргэлжлүүлж хийхээр болсон. Очих бүх зардлаа би өөрөө олон тэтгэлэгт хүсэлт явуулж байж олж байлаа.
Манчестерт дөрвөн сарын хугацаанд шаргуу ажилласны үр дүнд миний таамаглал зөв болж уургаа амжилттай гаргаж авч чадсан. Гэртээ ирээд удалгүй Австрали, Английн хамтарсан ажил маань миний нэр дээр хэвлэгдсэн. Улмаар Харвардад ирэх түлхүүр судалгаа минь болсон юм. Үүгээрээ би зорьсон зүйлдээ няцахгүйгээр зүтгэж бас туслалцаа хэрэгтэй үед санаа зоволтгүй бусдаас асууж байх хэрэгтэй гэж хэлмээр байна.
-Залууст өгөх таны зөвлөгөө юу вэ?
-Би Монголын боловсролын системийг чамлахааргүй гэж боддог. Арван жил, их сургуулиа эх орондоо төгсөөд гаднын улсад мэргэжлээрээ амжилттай ажиллаж суралцаж байгаа олон залуус байгаа. Манай залуусын гадаад хэлний мэдлэг сайжирснаар дэлхийн мэдлэгийг хүртэх боломж улам нээгдэж, соёл боловсрол нь сайжирна. Мөн хийж байгаа юмандаа дурлаж, хүсэл эрмэлзэлтэйгээр тууштай шаргуу хөдөлмөрлөх нь амжилтад хүрэхэд хамгийн чухал. Мэдээж ажил амьдралын балансаа зөв зохицуулж, эрүүл мэндээ анхаарч, ойр дотнын хүмүүстээ цаг заваа зарцуулж сурах хэрэгтэй.
-Амжилттай яваа хүн гэж та хэнийг хэлэх вэ. Амжилтыг та юугаар тодорхойлдог вэ?
-Өөрийн сонгосон мэргэжилдээ эзэн болж чадсан, түүнээсээ сэтгэл ханамж авч чаддаг, мөн хажуугаар нь ажил амьдралын балансаа зөв зохицуулж чадаж байвал тэр өөрөө амжилт юм. Амжилтыг бид ганц карьер, мөнгө, нийгмийн статусаар хэмжихгүй нь ойлгомжтой.
-Та цаашдын зорилгоосоо бидэнтэй хуваалцаж болох уу?
-Одоогоор хийж байгаа судалгааныхаа үр дүнг ойрын хэдэн жилдээ гаргахаар ажиллаж байна. Цаашид гэдэсний бактерийг ашиглан зарим аутоиммун өвчний эмчилгээний зорилгоор судлахаар төлөвлөж байгаа. Тухайлбал нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижин өвчний эмчилгээнд гэдэсний зарим төрлийн ашигтай бактерийг ашиглан эмчлэх механизмыг судалж тогтоохыг зорьж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн