Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд технологид суурилсан санхүүгийн үйлчилгээ буюу финтек салбар хурдтай хөгжих боллоо. Финтекүүд нь уламжлалт банкуудад он удаан жил тогтсон хэв маягийг эрс өөрчилж, банкны үйлчилгээ тэр бүр авч чаддаггүй иргэдэд орчин үеийн технологиор дамжуулан хүрч байна. Их Британид “Monzo”, “Revolut”, БНСУ-д “KakaoBank”, БНХАУ-д “We Bank”, Германы “N26” зэрэг интернэт банкууд санхүүгийн салбарын шинэ өөрчлөлтийн давлагааг эхлүүлсэн юм. Эдгээр банк технологийн шинэлэг шийдлийг салбартаа нэвтрүүлж урьд нь боломжгүй байсан шинэ үйлчилгээг бий болгож санхүүгийн салбарыг улам тэлэх боллоо.
Манай улсад банкны салбар хөгжиж буй ч банкууд чанаргүй зээлийг өсгөхөөс болгоомжлон зээл олгох шалгуураа өндөрсгөж байгаагаас зээлийн хүртээмж хангалтгүй хэвээр байна. Манай иргэдийн олонхи нь бага орлоготой, орлого нь тогтмол бус учраас нийгмийн даатгалд бүрэн хамрагдаж чадахгүй байна. Дээр нь бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийдгийн улмаас орлогоо баталгаажуулах боломжгүй байдаг. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчид зээл авахад барьцаа хөрөнгө, санхүүгийн тайлан тооцоо гаргах зэрэг хүндрэлүүд гардгаас үйл ажиллагаагаа өргөтгөх боломжгүй болдог. Ийм нөхцөлд иргэд зээлийн олдцыг нь илүүд үзэж өндөр хүүг нь үл харгалзан хувь хүмүүс, банк бус санхүүгийн байгууллага зэргээс зээлэх тохиолдол олонтаа гардаг.
Санхүүгийн зохицуулах хорооны тайланд дурдсанаар 2018 онд ББСБ, ХЗХ-ны зээлдэгчдийн тоо 217 мянга болж өсчээ. Улсын хэмжээнд есөн хүн тутмын нэг нь, Улаанбаатар хотод дөрвөн хүн тутмын нэг нь ББСБ-аас зээлийн үйлчилгээ авсан байна. Өөрөөр хэлбэл, иргэд арилжааны банкны өндөр шалгуурт бүдэрч, хамгийн өндөр хүүтэй буюу жилийн 30-40 хувиар ББСБ-аас зээл авч байна гэсэн үг. Эндээс харахад иргэд, аж ахуйн нэгжийн дунд бага хүүтэй, зохистой шалгууртай, хурдан шуурхай зээл авах хүлээлт илүү байна.
Дэлхийд финтек технологиор тэргүүлэгч компаниудын шилдэг шийдэл, арга туршилгыг Монголд нэвтрүүлэх зорилгоор мэдээллийн технологи, банк санхүү, математикийн салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн баг ажиллаж эхэлсэн сургаар 2018 оноос эхлэн манай банкны салбарт эрчимтэй дэвшил олон гарсан билээ. Тухайлбал, төлбөр тооцоог хялбар хийх, цалингийн болон хадгаламж барьцаалсан зээлийг аппликейшнээр авах зэрэг үйлчилгээ хэдийнэ амжилттай нэвтэрчээ. Гэвч үүнийгээ цаашид улам эрчимтэй хөгжүүлэх шаардлага бий. Финтекийн хөгжил тасралтгүй нэвтэрч өрсөлдөөн бий болсноор банкны салбарт нэг талаас ухаалаг бөгөөд хямд үйлчилгээ хүргэх боломж бүрдэх, нөгөөтэйгүүр зээлийн хүртээмж нэмэгдэх, эцсийн дүндээ иргэдэд банк хүрч үйлчлэх таатай нөхцөл бүрдэх юм. Манай бизнесийн салбарт өнгөлөгчдийн нэг М-Си-Эс группийн “М-Банк” Дээд шүүхийн шийдвэрийн дагуу Монголбанкнаас удтал хүлээсэн тусгай зөвшөөрлөө авбал энэ зүгт томоохон ахиц дэвшил гарна гэсэн хүлээлт бий.