АНУ-ын Батлан хамгаалах яам 2020 оны дөрөвдүгээр сард Тэнгисийн цэргийн Агаарын хүчний нисгэгчдийн сургуулилтын үеэр 2004 болон 2017 онуудад бичигдсэн үл мэдэгдэх гурван нисдэг биетийн дүрс бичлэгийг нууцаас гаргаж, олон нийтэд ил болгосон.
Энэ нь хүмүүсийн дунд дүрс бичлэгт үлдсэн гурван объект нь “UFO” буюу харийн нисдэг биед байж болзошгүй гэх таамгийг бий болгосон юм. Тухайн үед Пентагон дүрс бичлэгт ямар нэгэн эвлүүлэг, тусгай эффект ашиглаагүй бөгөөд бодит дүрс гэж мэдэгдэж байв.
АНУ-ын Тэнгисийн цэргийн удирдлагууд сүүлийн жилүүдэд тус улсын агаарын хяналтын бүсэд үл мэдэгдэх нисдэг биетүүд үзэгдэх тохиолдол хэд хэдэн удаа бүртгэгдсэн гэж мэдээлсэн. Тиймээс АНУ-ын Батлан хамгаалах яам тэдгээр бүх тохиолдлуудыг нэг бүрчлэн нарийн судлах зорилгоор 2020 оны наймдугаар сард “Үл мэдэгдэх агаарын нисдэг биетийг судлах ажлын хэсэг”-ийг байгуулсан.
Мөн өнгөрөгч долоо хоногт Тэнгисийн цэргийн нисгэгчдийн сургуулилтын үеэр бичигдсэн гурвалжин хэлбэртэй өөр гурван үл мэдэгдэх биет нэгэн зэрэг нисэж байгаа бичлэг цахим орчинд цацагдсан. Энэхүү дүрс бичлэгийг “Үл мэдэгдэх агаарын нисдэг биетийг судлах ажлын хэсэг”-ийн хүрээнд судалж байсан аж.
Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Сью Гоу энэ талаар “Гурвалжин хэлбэртэй үл мэдэгдэх гурван объект үүлэн дундуур анивчсан байдалтай нисэж байгааг харуулсан зураг болон дүрс бичлэгийг Тэнгисийн цэргийн Нисэх хүчний бие бүрэлдэхүүн авсан. Түүнчлэн өмнө нь ил болсон бөмбөрцөг, царс модны боргоцой болон конус хэлбэртэй гурван өөр үл мэдэгдэх нисдэг биетийн дүрс бичлэгийг мөн Тэнгисийн цэргийн нисгэгчид авсан. Үндэсний аюулгүй байдлыг хангах, болзошгүй дайснуудад ашигтай байж болох мэдээллийг задруулахаас зайлсхийх зорилгоор Батлан хамгаалах яам ажиглалт, сургалтын хүрээ, эсвэл тогтоосон агаарын орон зайд гарсан халдлагад хийсэн шалгалтын нарийвчилсан мэдээллийг олон нийтэд танилцуулдаггүй. Үүнд одоогоор үл мэдэгдэх нисдэг биет гэж таамаглаж байгаа биетүүд ч хамаарна” гэсэн байна.
Пентагон ажлын хэсгийн илрүүлсэн баримтуудыг ирэх зургадугаар сард АНУ-ын Конгресст танилцуулахаар болсон байна.