Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Гамшгийн тухай хууль зөрчвөл иргэн, ААН-д дараах хариуцлагыг хүлээлгэнэ

Гамшгийн тухай хууль зөрчвөл иргэн, ААН-д дараах хариуцлагыг хүлээлгэнэ
Нийтэлсэн 2020 оны 11 сарын 12
Монгол Улсад арваннэгдүгээр сарын 6-ныг хүртэл дотооддоо коронавирусийн халдвар алдаагүй явж ирсэн. Арванэгдүгээр сарын 6-нд халдвартай иргэдэд үйлчилж байсан ХӨСҮТ-ийн сувилагчаас коронавирус илэрсэн нь Монголын дотоодод тархсан анхны тохиолдол болсон. Дараа нь сувилагчтай хамт ажиллаж байсан эмчээс мөн илрээд байгаа юм. Харин нэгдүгээр сарын 10-нд тусгаарлалтын хугацаа дууссан жолооч болон түүний эхнэрээс халдвар илэрснээр халдвар дотоодод эрчтэй тархсан байх эрсдэл үүссэн. Эдгээр иргэдтэй хавьтал болсон 1, 2, 3 дугаар  хавьтлуудыг тогтоох ажлыг холбогдох албаныхан хийж байна. Үүнтэй холбоотойгоор УОК, Засгийн газраас Гамшгийн тухай хуульд зааснаар Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх шийдвэрийг гаргаад байгаа билээ. Бүх нийтийн бэлэн байдал гэж юу болох вэ гэдгийг хүргэсэн.
Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Төрийн албаны тухай хууль, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах юм байна. Иргэд, ААН бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн үед Гамшгийн тухай хуулийг зөрчвөл дараах хариуцлагыг хүлгээхээр хуульд тусгажээ.  
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИАС:
5.13 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих
1. Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед энэ талаар олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээ, мэдээлэл түгээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй /500 мянга/ тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй /5 сая/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2. Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн  дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй /500 мянга/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй /5 сая/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3. Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас өгсөн мэдээ, мэдээллийг үнэ төлбөргүйгээр, саадгүйгээр мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй /5 сая/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4. Гамшгаас   хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх /100 мянга/ хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй /1 сая/  тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5. Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор байгуулсан барилга байгууламжийг эвдэж гэмтээсэн, эсхүл зориулалтыг дур мэдэн өөрчилсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй /500 мянга/ тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй  /5 сая/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6. Тусламж үзүүлэгч хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх /100 мянга/ хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй /1 сая/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн