Үнийн өсөлтөд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнээс тодрууллаа.
-Хил гаалийн гацааг далимдуулан бараа бүтээгдэхүүний үнийг огцом нэмж байна гэх гомдол иргэдийн дунд байна. Үүнд, танай Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар ямар хяналт тавьж байна вэ. Арга хэмжээ авч хэрэгжүүлэх үү?
-Монгол Улс 1990 оноос чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжсэн. Өнөөдрийн байдлаар манай улсад 802 орчим хууль, 2100 орчим УИХ-ын тогтоол, 2400 орчим захиргааны хэм хэмжээний акт байна. Эдгээрт үнэ тогтоохтой холбоотой ямар ч заалт байхгүй.
ШӨХТГ 2020 оны арваннэгдүгээр сараас 2021 оны тавдугаар сарын 3-ны өдрийг дуустал таван удаагийн хөл хорионд Засгийн газрын шийдвэрээр үнийн хяналт хийсэн. Энэ хүрээнд үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол, үгсэн хуйвалдаж үнэ тогтоох зэргийг торгож, шийтгэсэн.
Бид Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуульд голчлон хяналт тавьж, хэрэгжүүлж ажилладаг. Тус хуулиудад хэрэглэгчийн гомдол, хохирол, үнийн хамаарлаас улбаатай асуудал байдаггүй. Зөвхөн үнийг ил тод, шударга нээлттэй мэдээлэхтэй холбоотой заалт л бий. Харин үнийн хяналтыг зах зээлд монополь /зах зээлийг 100 хувь эзэлдэг/, давамгай /зах зээлийн 33.3 хувиас их хувийг эзэлдэг/ ААН-үүдэд хийдэг. Ингэхдээ хэт дээд үнийн түвшин болон хэт доод үнийн түвшинг хянана. ШӨХТГ үнийн хяналтыг хийх ёстой юм шиг ойлголт нийгэмд байгаа нь буруу юм.
Тухайлбал, нэг бүтээгдэхүүнийг 580 төгрөгийн өртөгтэй хийчихээд 3000 төгрөгөөр зарлаа гэж бодъё. Үүн дээр бид очоод “Та яагаад 580 төгрөгөөр хийчихээд 3000 төгрөгөөр зараад байгаа юм бэ” гэж хэлэх эрх зүйн орчин байхгүй. Харин эрэлт, нийлүүлэлтийн тасалдал дээр огцом үнээ нэмсэн бол үнийн хөөрөгдөл гэж тооцох зөвлөмж бий. Засгийн газрын шийдвэрээр иргэн бүрд 300 мянган төгрөг өгсөн. Тэгэхэд зах худалдааны төвд нэг кг мах 14 мянган төгрөг байснаа 19, 20 мянга хүрч үнэ хөөрөгдсөн. Бид үүнд торгуулийн арга хэмжээ авахдаа олон улсын дээрх зөвлөмжийг дагаж байсан юм.
-Шатахууны үнэ 100 төгрөгөөр өсөхөд бараа бүтээгдэхүүний үнэ ингэж өснө гэсэн суурь тооцоо буюу үнийн индекс манай улсад бий юу?
-Байхгүй. Хэрэглээний үнийн индекс /инфляц/ гэж л бий. Шатахуун, мах, элсэн чихэр, ус, улаан буудай зэрэг стратегийн бараа бүтээгдэхүүнд төрийн зохицуулалт байх ёстой.
Олон улсын жишгээр шатахууны үнийг барихын тулд зөрүү мөнгийг төр даах хэлбэр бий. Өөрөөр хэлбэл шатахуун литр нь 1500 байж байгаад 2000 боллоо гэхэд литр тутмын зөрүү 500 төгрөгийг төр төсвөөс гаргана гэсэн үг. Харин төсөвт гарч буй алдагдлыг спирт, архины үйлдвэрийн татварыг нэмэх замаар нөхдөг.
ШӨХТГ бол өрсөлдөөнийг шударга байлгах журмаар үнийг төрөөс зохицуулж болохгүй гэдэг зарчимтай. Гэхдээ ингэж хэлээд зүгээр орхиж болохгүй. Монгол Улс үнийн индекстэй болох ёстой. Жишээлбэл, литр тутамд нэмэгдэж буй шатахууны үнэ бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг индексийг гаргаж авах шаардлагатай. Үүнийг хийхийн тулд Эдийн засгийн хүрээлэнтэй хамтран ажиллаж, судалгааг эхлүүлээд байна.
Хэрэглээний үнийн индексийг Монголбанк гаргадаг шиг үнийн индексийг ч мөн Монголбанк, Сангийн яам гаргах ёстой. Тэд гаргаагүйгээс болж иргэд болон зарим судлаачид ШӨХТГ үнийн индекс гаргах ёстой юм шиг хандаж байна.
-Үнийн индексийг гаргах нь танай байгууллагын чиг үүрэг биш гэсэн үг үү?
-Тийм. Инфляцыг Монголбанк хянадаг учир Монголбанк, Сангийн яам хийх ёстой. Шинээр Эдийн засаг, хөгжлийн яам байгуулагдсан учир хийгдэх болов уу гэж харж байна. Гэхдээ бид үүнийг хүлээгээгүй. 2021 оноос үнийн индексийг тооцох ажлын хэсэг байгуулсан. Монгол Улсад анх удаа үнийн индексийг боловсруулж байгаа учир олон улсын жишгийг судлах, судалгаа тооцоо хийх ажлууд явж байна.