Цахим орчинд баасан гаригийн орой БНСУ-аар дамжин өнгөрөх монгол иргэд виз мэдүүлдэг болж байгаа талаар мэдээлэл гарсан. Уг мэдээллийг Монгол Улсын Гадаад харилцааны яамны Консулын албанаас үгүйсгэсэн билээ. Тэгвэл уг асуудлаар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамаас мэдэгдэл гаргажээ.
"БНСУ-ын нисэх буудлаас 24 цагийн дотор гуравдагч орон руу дамжин зорчих тохиолдолд виз авах шаардлагагүй. Сүүлийн үед цахим орчинд “Монгол иргэд БНСУ-ын нисэх буудлаар дамжин 24 цагийн дотор өөр улс руу явах тохиолдолд дамжин өнгөрөх виз шаардаж байна” гэсэн ташаа мэдээлэл тархаж байна.
Энэ нь худал мэдээлэл болохыг мэдэгдэж байгаа бөгөөд Монгол иргэд Инчон нисэх буудал зэрэг дамжин өнгөрөх танхимаар 24 цагийн дотор өөр улс руу зорчих тохиолдолд виз авах шаардлагагүй.
Мөн K-ETA зөвшөөрөл нь Монгол иргэдэд хамаарахгүй болохыг анхаарна уу" гэжээ.