Open iToim app
Эдийн засаг | 2 мин уншина

Улс орнуудын үндэсний валют долларын эсрэг ингэж суларчээ

Улс орнуудын үндэсний валют долларын эсрэг ингэж суларчээ
Нийтэлсэн 2022 оны 10 сарын 2
Монгол төгрөгийн ам.доллартай харьцах ханш жилийн өмнөхтэй харьцуулахад 14.7 хувиар суларчээ. Нэг доллар жилийн өмнө 2850 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 3344 төгрөг болоод байна. Монголд америк долларын төгрөгтэй харьцах ханш анх удаа ервогийн ханшаас давав. Гэхдээ дэлхийд ганцхан долларын эсрэг төгрөг сулраагүй, олон орны үндэсний мөнгөн тэмдэгт долларын эсрэг хүчтэй суларч байна. Тухайлбал, Аргентины песо ам.долларын эсрэг 40.8 хувь буюу хамгийн хүчтэй суларсан валют болжээ. Араас нь Туркийн лира 37.4 хувь, Пакистаны рупи 35.6 хувь, Украины гривн 35.4 хувь, Японы иен 24.9 хувь, Шведийн крон 20.5 хувь, Солонгосын вон 17.2 хувиар тус тус суларчээ. 
undefined
Өөрөөр хэлбэл, ам.доллар ганц Монголд ч биш дэлхийн хаа саагүй чангарч байгааг дээрх графикаас харж болохоор байна. Азидаа хамгийн том эдийн засагтай Япон, Солонгост долларжилт явагдаж, үндэсний валютын ханш суларч буй. Сүүлийн өдрүүдэд воны ханш эрчимтэй суларч, 1300 вонтой тэнцэж байсан нэг доллар гуравхан хоногт 1500 вон руу дөхөөд байгаа аж.
Төгрөгийн хувьд америк доллар, хонгконг доллар, канад доллар, австрали доллар, юанийн ханшийн эсрэг 7-14 хувийн суларсан бол иен, вон, фунт, евро, форинтийн эсрэг 2-8 хувиар чангараад байгаа юм.
Улс орнуудын валютын эсрэг ам.доллар чангарч байгаа нь дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, Холбооны нөөцийн сангийн бодлого, дэлхийн дахинд үүссэд буй тээвэр ложистикийн түгжээ, цар тахал, геополитикийн нөхцөл байдалтай ихээхэн холбоотой байна. 
Импортын хамааралтай манай улсын хувьд доллар өсч, төгрөг сулрах нь эдийн засагт тогтворгүй байдал үүсгэх эрсдэлтэй. Долларын ханшийн өсөлтөөс болж зах зээлд зохиомол эрэлт үүсэх, цаашлаад бараа бүтээгдэхүүний үнэ улам өсөх, инфляцын дарамт нэмэгдэнэ. Нэн түрүүнд төсөв, мөнгөний бодлогын уялдааг сайжруулах, ам.долларын орох урсгалаа нэмэх зайлшгүй шаардлагатай нүүр тулаад байгаа юм. Энэ оны сүүлээр голлох түүхий эдийн экспортоос 800 сая ам.долларын орлого Монгол Улсад орж ирэх хүлээлттэй байгаа бөгөөд долларын орох урсгал нэмэгдвэл ханш тогтворжино гэдгийг Төв банкнаас мэдээлсэн. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн