Газын зурвас дахь Израилийн арми болон Палестины Хамас зэвсэгт бүлэглэлийн хоорон дахь мөргөлдөөн сүүлийн өдрүүдэд огцом хурцдаад байна.
Еврей суурьшигчдын бүлэг Израилийн нийслэл Иерусалим хотын зүүн хэсэгт орших, голдуу Палестин гаралтай иргэд оршин суудаг Шейх Жаррах дүүрэгт амьдардаг зургаан палестин гэр бүлийг хүчээр нүүлгэхээр шүүхэд зарга үүсгэсэн асуудал нь Газын зурвас дахь мөргөлдөөний нөхцөл байдал хүндрэх гол шалтгаан болжээ. Түүнчлэн энэ сарын 12-ны өдрийг хүртэл үргэлжлэх Исламын шашны Рамадан сараар Арабын хэдэн мянган сүсэгтнүүд мөргөл үйлдэхээр Иерусалимын Хуучин хотын Аль-Акса сүмийг зорьсон нь мөргөлдөөн даамжрах нэг нөхцөл болсон юм.
Еврейчүүд Аль-Акса сүмийг хоёр мянган жилийн турш Христийн шашны ариун газарт тооцсоор ирсэн. Харин Исламын шашинтнууд эртнээс Аль-Акса сүмийг бурхдын ариун гэр орон буюу Харам еш-Шариф гэж нэрлэдэг бөгөөд жил бүрийн Рамадан сараар мөргөл үйлддэг заншилтай. Тиймээс жил бүр энэхүү сүмд Еврей болон Исламистуудын хооронд шашны мөргөлдөөн тогтмол гардаг. Гэвч энэ жил Еврейн үндсэрхэг үзлийн баяр болох Иерусалимын өдөр даваа гаригт тохиосон нь шашны мөргөлдөөн хурцдах бас нэг шалтгаан болжээ.
Израильчууд энэхүү баяраар гудамжаар төрийн далбаатай жагсаал хийдэг уламжлалтай. Хэдий Израилийн Засгийн газар энэ жил эмх замбараагүй байдлаас зайлсхийх зорилгоор баярын жагсаалыг Рамадан сарын мөргөлөөс өөр газарт шилжүүлсэн ч хэт үндсэрхэг үзэлтнүүдийн дунд хэд хэдэн томоохон мөргөлдөөн болсон байна.
Тухайлбал, Аль-Акса сүмийн ойролцоо даваа гаригийн өглөө Израилийн цагдаа нар болон Арабын жагсагчдын хооронд хүчтэй мөргөлдөөн болж, 300 гаруй палестинчууд шархадсан аж. Харин Израилийн талаас таван хүн шархдаж, эмнэлэгт хүргэгдсэний дотор толгойдоо хүнд гэмтэл авсан 7 сартай нярай байжээ. Түүнчлэн өмнөх өдрүүдэд болсон энэ төрлийн мөргөлдөөний үеэр 250 гаруй Палестинчууд шархадсан бөгөөд Израилийн цагдаа нар саатуулагдсан Палестин иргэдэд хүч хэрэглэн, зодож байгаа бичлэг цахим орчинд цацагдсан нь Исламын шашинтнуудын эсэргүүцлийг өдөөгөөд байгаа аж.
Хэдий талууд нөхцөл байдлыг хурцатгахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн ч Палестины Сунни-Исламист Хамас бүлэглэл даваа гаригт Израилийн нийслэл Иерусалим хотод долоо удаагийн пуужингийн цохилт өгсөн юм. Энэ нь 2014 оноос хойш Иерусалим хот анх удаа Палестинчуудын пуужингийн бай болсон тохиолдол байв.
Израилийн Батлан хамгаалах яамны мэдээлснээр даваа гаригт Газын зурваст хяналт тогтоосон Хамас бүлэглэлийн зэвсэгт дайчид тус улсын нийслэл Иерусалим, Тель-Авив болон ойролцоох хотууд руу 150 гаруй удаа пуужингийн цохилт өгсөн бөгөөд хүний амь нас эрсдээгүй байна. Харин Израилийн өмнөд хэсгийн Сдерот хотын нэг оршин суугч Хамас бүлэглэлийн пуужингийн цохилтод өртөж хөнгөн шархадсан аж.
Израилийн Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Хидай Зилберманы мэдээлснээр тус улсын арми агаарын довтолгооноос хамгаалах болон хуурай замын бэхлэлтийг нэмэгдүүлэх зэргээр Хамас бүлэглэлийн дайчидтай тулалдах бэлэн байдлаа хангаж эхэлсэн байна.
Харин Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху даваа гаригт энэ талаар “Газын зурвас дахь террорист бүлэглэлүүд улаан шугам давж Иерусалим хотод пуужингаар цохилт өглөө. Израиль улс үүнд асар их хүчээр хариу өгөх болно. Бид хурцадмал байдлыг даамжруулахыг огт хүсээгүй. Гэвч байдлыг улам хурцатгах замыг сонгосон хүмүүст хүчтэй хариу цохилт өгөх болно” гэж мэдэгдсэн юм.
Улмаар Израилийн арми даваа гаригт Хамас бүлэглэлийн халдлагын хариуд Палестины талд агаарын цохилт өгсөн. Израилийн Батлан хамгаалах яам агаарын цохилтоор Палестины найман зэвсэгт дайчныг хөнөөж, Израильд довтлоход ашигладаг хонгилуудыг устгасан гэж мэдээлсэн юм.
Харин Палестины талаас Израилийн агаарын довтолгоонд энгийн иргэд өртөж нийт 20 хүн нас барсны дотор 9 хүүхэд байсан гэж мэдээлжээ. Одоогоор Хамас бүлэглэл энгийн иргэдийн амь насыг хохироосон явдалд Израильчуудаас өшөө авах талаар мэдэгдэл хийгээгүй байна.
Эх сурвалж: The Washington Post