Хүний эрх, дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн захирал Х.Баасанжаргалтай ярилцлаа.
-УИХ-ын гишүүд өнгөрсөн долоо хоногт тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх хүрээнд иргэдийн саналыг сонсоод ирлээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах дөрвөн асуудалд хүний эрхийн талаарх Үндсэн хуулийн хамгаалалтыг сайжруулах асуудал багтсан байна. Үндсэн хуулийн цэц хүний субъектив эрхийн маргааныг шийдвэрлэдэг болохоор ярьж байна. Хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн хүний хувьд Та ямар байр суурьтай байна вэ?
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл гараагүй байгааг хэлэх нь зүйтэй. Наана нь ямар хүрээнд өөрчлөлт оруулах вэ гэдэг хүрээгээ олон нийттэй санал солилцох байдлаар ярилцаж байна гэж ойлгосон. Нийтдээ дөрвөн асуудлын хүрээнд өөрчлөлт хийнэ гэдгээ тодорхойлчихсон байна. Үүнээс хамгийн чухал нь хүний эрхтэй холбоотой өөрчлөлт гэж харж байна. Хүний эрхийн асуудал бол улстөржих сэдэв биш. Хүн болгонд хамааралтай амин чухал асуудлууд байдаг. Өөрчлөлт оруулахаар төлөвлөж буй гол асуудал нь Үндсэн хуулийн цэц хүний үндсэн эрхийн маргааныг шийдвэрлэдэг болохоор тусгана гэж ярьж байна. Үндсэн хууль бол төрийн хязгааргүй эрх мэдлээс ард түмнийг хамгаалах зорилготой. Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ, Шүүх зэрэг институтийн эрх мэдлүүд хүний эрх, эрх чөлөө рүү халдаж байна уу, Үндсэн хуулиа зөрчиж байна уу гэдэг дээр хяналт тавьдаг байгууллага нь Үндсэн хуулийн цэц. Цэц УИХ Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянаж, заримдаа хууль тогтоомжийг хүчингүй болгодог. Мөн Засгийн газар Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргавал Үндсэн хуулийн цэц хүчингүй болгодог. Харин шүүх Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргавал хүчингүй болгодог уу, үгүй юү гээд харахаар ийм процесс явагддаггүй 30 жил явж ирсэн гэсэн үг. Эрх мэдэл төвлөрсөн хамгийн том гурван байгууллагын нэгийнх нь эрх мэдэл хэтэрч байгаа эсэхийг Үндсэн хуулийн цэц хянаж байгаагүй. Нөгөө талд иргэний субъектив эрх буюу өөрт тохиолдсон асуудал, эрх нь зөрчигдсөнийг шүүхээр явж шийдүүлж байгаа. Гэхдээ шүүх бүх асуудал дээр төгс төгөлдөр шийдвэр гаргадаггүй. Үүнээс болж иргэд янз бүрийн гомдолтой үлдэж, олон асуудал яригддаг. Тэгэхээр Үндсэн хуулийн цэц иргэний үндсэн эрхийн маргааныг зөв тайлбарлаж, шийдсэн үү, үгүй юү гэдгийг ярих гэж байгаа учраас чухал ач холбогдолтой юм. Иймд тогтолцооны чухал өөрчлөлт гэж харж байна. Асуудал, маргааныг цэц хэрхэн шийдвэрлэж, ер нь ямар кэйсүүдийг шийдэх вэ гэдэг нь Үндсэн хуулийн цэцийн тухай хуулиараа зохицуулагдаад явна. Гагцхүү Үндсэн хуульдаа цэц хүний үндсэн эрхийн маргааныг шийдвэрлэдэг байх гэдэг агуулгыг багтаавал дараагийн 20, 30 жилийн хүний эрхийн асуудалд ахиц дэвшил гарах болов уу гэж харж байна.
-Нэг талдаа хүний эрхийг хамгаалах дэвшил гарах ч нөгөө талд Цэц иргэдийн маргаанд дарагдаж, ачаалал улам нэмэгдэх биш үү. Түүнчлэн, иргэний эрх, эрх чөлөө багадаагүй, харин ч эрх нь хэтэрч, хариуцлага гэдэг зүйл байхгүй болж байгааг зарим хүн шүүмжилдэг шүү дээ?
-Олон нийтийн дунд хүний эрх хэтэрсэн үү гэхээс дутсангүй. Гол нь хариуцлагын асуудлыг хуульчлах ёстой гэдэг шүүмжлэлийг хэлдэг. Зарим нь хүний эрхийн асуудал бол зүгээр л тунхагийн шинжтэй байна, заавал хуульчлах шаардлагагүй зэрэг саналыг хэлж байна. Миний хувьд аль алинтай нь санал нийлнэ. Гэхдээ хүний эрх хэтэрсэн гэдэг ойлголт манай нийгэмд бараг байхгүй. Магадгүй эрх, үүрэг, хариуцлагын нэгдэл, харилцан тэнцэл гэдгээ ойлгохгүйгээс ийм асуудал үүсч болно. Хүн эрхээ хэтрүүлэхээр хамгийн түрүүнд хариуцлага л яригдана. Харин эсрэгээрээ хүмүүс эрхээ эдэлж байна гээд байгаагийн саад шалтгаан нь хүний эрхийг эдлүүлэх суурь механизмаа ажиллуулж чадаж байна уу гэдгээ эргэн харах хэрэгтэй.
Сая Хэмнэлтийн тухай хуулиар Хүний эрхийн комиссын төсвийг танаад, өргөн цар хүрээтэй ажиллах боломжийг нь хааж байна. Хүн нь нэгд байх ёстой юм бол түүнийг нь манаж байх ёстой байгууллагынхаа төсвийг хангалттай хэмжээнд байлгах нь зүйтэй. Төсвийг нь таначихаар энэ институт чинь яаж ажиллах вэ гэдэг асуудал гарч байна.
Нөгөө талд зарим улс төрийн хүчин эдийн засаг хүнд байхад хүний эрх ярихгүй. Эхлээд хүн идэх хоолтой, өмсөх хувцастай байж ярина гэдэг. Энэ мэтчилэн хүнээ хойш тавиад байвал мянга эдийн засаг яриад нэмэргүй. Тиймээс хүний эрхийн ойлголт, үндсэн мэдлэгийн тал дээр ахиц дэвшил гаргаж, ҮХНӨ-ийн хүрээнд зайлшгүй хүний эрхийн зарим өөрчлөлтийг оруулж ирэх хэрэгтэй.
-Хүний эрхэм чанар болох иргэний нэр төрийг төр хамгаална гэдгийг нарийвчлан оруулах юм байна гэж ойлгосон. Тэгэхээр нэр төр, алдрыг нь төр хамгаалах нарийн зохицуулалт оруулах юм болов уу?
-Дараагийн чухал багц асуудал бол хүний нэр төр, эрхэм чанарын тухай асуудал бий. Гэхдээ бид нэр төр гэдгийг алдар хүндтэй нь хольж ойлгодог. Алдартай, нэр хүндтэй хүнийг төр хамгаална, алдартай бол л хүн, ямар нэгэн байдлаар алдартай болоогүй, алдаа дутагдал гаргасан хүмүүсийг хаалганы цаана орхидог. Жишээ нь, улаан шугамны дотор зогссон нь хүн, гадна зогссон нь хүн биш мэтээр төрийн бодлого шийдвэрээр ялгаварлаж, муу сурсныг нь улсын бүх тэтгэмж, хөнгөлөлтөөс хасна зэргээр хүүхдийг хүртэл ялгаж байна. Гэтэл төрийн үйлчилгээ бол хүнийг сайн, муу гэж үл ялгахгүйгээр хамгийн наад захын эрхээр нь хангаж байх ёстой. Сурч боловсрох эрхээр хангах үүргээ төр бүрэн дүүрэн гүйцэтгэж чадахгүй байна л гэсэн үг. Ийм үзэгдэл газар авсаар байгаа учраас хүний эрхэм чанар, хүн бүр төрийн хувьд эрхэм, ялгалгүй байх ёстой. Үүнийг төр биелүүлэх үүрэгтэй гэдэг агуулгын зохицуулалт орж ирвэл нэлээд том ахиц дэвшил болно.
-Монгол Улс Үндсэн хуульдаа хүн бүр амьд байх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан хэрнээ өнөөдөр Улаанбаатар хотын гудамжинд гараад алхахад энэ эрхүүд зөрчигдөж байна. Гэрээсээ гараад алхаж байхад дээрээс юм унаад нас барах вий гэсэн айдастай, амьсгалах агаар нь бохирдолтой байна шүү дээ. Иргэд энэ суурь эрхээ бүрэн хангалуулах тал дээр хэрхэн анхаарвал зохилтой вэ?
-Эдгээр эрхүүд зөрчигдөж байгааг илрүүлж, олж тогтоодог механизм бидэнд хэрэгтэй. Жишээ нь, агаарын бохирдлоос болж хүүхдүүд янз бүрийн өвчин тусаж, хүндээр өвдөж байна гэж ярьдаг. Тэгвэл агаарыг бохирдолгүй байлгах нь хэний үүрэг, хэн хариуцах юм гэдгийг нэг бүрчлэн гаргаад шүүхэд асуудлаа тавьж, шүүх гомдлыг хангалттай түвшинд шийдвэрлэж чадахгүй байгаа бол Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж эцэслэн шийдвэрлүүлдэг болох ёстой. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх гэдгээ бид баяжуулж тайлбарлах зөв.
-Таныг ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд “Би эрүүл мэндээрээ хохирчихлоо, миний эрх зөрчигдлөө” гэдгээр шүүхэд хандаж, түүнийг нь нааштай шийдүүлж байсан кэйс байдаг уу?
-Надад тийм тохиолдол гарч байгаагүй. Тухайн иргэн миний хорт хавдартай болсон нь агаарын бохирдолтой холбоотой гэж ярьдаг ч яг түүнийг нь тогтоодог мэргэжлийн байгууллага Монголд байхгүй. Тухайн хүн насанд хүрсэн учраас хорт зуршил, амьдарч байсан амьдралынхаа хугацаанд утаатай, бохирдолтой орчинд байсан бол шууд агаарын бохирдлоос боллоо гэж дүгнэхэд хүнд. Иймээс тухайн иргэн яг агаарын бохирдлоос болж хохирсон уу гэдгийг тогтооход хүндрэлтэй болдог.
Хурдан морь унаач хүүхдүүдийн эрхийн асуудлыг байнга ярьдаг. Өвлийн морин уралдааныг зогсоосон гэсэн хэрнээ дөрөв, тавдугаар сард морины уралдаан болж, олон хүүхэд бэртэж, амь насаараа хохирлоо. Энэ асуудалд төрийн байгууллага, Засаг дарга нар яагаад хяналтаа тавихгүй байгаа юм. Засаг дарга нар яагаад энэ асуудалд анхаарал хандуулахгүй, хариуцлага хүлээхгүй байна гэдэг асуудал бий.
Энэ асуудлыг Цэц хянан хэлэлцээд Засаг дарга тухайн унаач хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг бүрэн хангаагүй байна гэдгээр хариуцлага тооцох, асуудлыг шийдээд явах боломжтой болно.
-Хүний амьд явах эрхийг баталгаажуулах хүрээнд цаазын ялыг халах асуудлыг Үндсэн хуульдаа тусгая гэдэг санал явж байна. Иргэдийн хувьд уг асуудлыг төдийлөн дэмжихгүй байгаа харагдсан. Та хувь хүнийхээ хувьд юу гэж харж байна вэ?
-Манай улс 2010 оноос хойш цаазын ялыг хэрэглэхгүй явж ирлээ. Ингэлээ гээд дордсон зүйл юу байна, ямар төрлийн гэмт хэрэг нэмэгдэж байгаа, гарч байгаа гэмт хэргүүд шууд цаазын ялтай холбоотой юм уу гэдэгт дүн шинжилгээ хийсэн судалгаа алга. Иргэдийн дунд айдас байна. Цаазын ялгүй болчихвол гэмт хэрэг улам нэмэгдэнэ гэдэг хандлага байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ онц хэрцгий гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн дунд хийсэн асуумж, судалгааг харахад, тухайн хүн гэмт хэрэг үйлдэхдээ ялын тухай бодож үйлддэггүй. Шалтгаант холбоо тогтоогдохгүй. Хоёрт, онц ноцтой, хүнд гэмт хэрэг гараад байгаа шалтгааныг харахаар боловсрол, ажилгүйдэл л хамгийн том нөлөөтэй байгаа. Харин ч цаазын ялыг байлгана гэхийнхээ оронд боловсролын тогтолцоогоо сайжруулахад санаагаа чилээвэл гэмт хэргийн гаралт багасна.
2020 онд ЦЕГ-ын гаргасан статистикаар гэмт хэрэгт холбогдсон насанд хүрээгүй иргэдийн 80 гаруй хувь нь бага, дунд боловсролтой байсан. Бүрэн дунд боловсролтой хүүхдүүдийн гэмт хэрэгт өртөх нь бага байсан. Харин боловсролын гадна байгаа хүүхдүүд гэмт хэрэгт өртөх, холбогдох, хохирогч болох магадлал өндөр байгаа юм. Тиймээс бидний гол анхаарал хандуулах асуудал нэн түрүүнд боловсрол. Гэмт хэрэг үйлдэх үндсэн суурь шалтгаан, нийгмийн хүчин зүйл юу юм, тухайн хүнийхээ хувьд ямар хүчин нөлөөлөв гэдэг учир шалтгаан руу чиглэх ёстой болов уу гэж бодож байна.