Open iToim app
Тэд бидний тухай | 6 мин уншина

Politico: Х.Баттулгын гэр хорооллын хүүгээс Ерөнхийлөгч болсон замнал бол орчин үеийн адал явдал

Politico: Х.Баттулгын гэр хорооллын хүүгээс Ерөнхийлөгч болсон замнал бол орчин үеийн адал явдал
Нийтэлсэн 2017 оны 7 сарын 19
Лондоны Эдийн засгийн сургуулийн зочин багш, “Юу ч үнэн биш, бүх зүйл боломжтой” номын зохиолч Питер Померанцевын “Politico” сайтад бичсэн “Монгол нэгдүгээрт, Х.Баттулгын Монгол гэрээс эхлүүлж Ерөнхийлөгч болсон замнал бол орчин үеийн адал явдал” нэртэй нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Монгол Улсын нийслэл Улаанбаатараас гарахад их сонин зураглал харагдана. Эхлээд ид шидийн мэт уулс, тал хээрийг тойрон эргэлдэж явсаар уулын цаанаас нэг толгой, мөр цухуйхыг харах болно. Энэ бол Эрх чөлөөний хөшөөтэй ижил монголчуудын бэлгэ тэмдэг болсон Чингис хааны хөшөө юм.
Бардам, шийдэмгий дүр төрхтэй хийгдсэн Чингис хааны энэ хөшөөг тулааны урлагийн тамирчнаас улстөрч болж, Марлон Брандогийн “Загалмайлсан эцэг” киног үзээд “Женко” нэртэй компаниа байгуулж байсан Монгол Улсын шинэ Ерөнхийлөгч Х.Баттулга бариулсан юм. Би хэдэн жилийн өмнө Монголд очихдоо түүнтэй уулзаж, танилцсан бөгөөд тухайн үед тэрээр Монгол Улсын хөгжлийн төлөө том төлөвлөгөөтэй сайдаар ажиллаж байсан юм.
Хэрэв өнгөрсөн 10 жилийн хугацаанд та Улаанбаатарт очиж байсан бол ямар нэг байдлаар Х.Баттулгын бизнесийг харж, үйлчлүүлж байсан байж таарна. Тухайлбал, та түүний зочид буудлуудын аль нэгэнд нь бууж эсвэл такси үйлчилгээний компаниар нь үйлчлүүлж, үндэсний сугалаанд нь оролцож, бүр түүний үүсгэн байгуулсан телевизийн сувгийг нь үзэж, супермаркетаас тахиаг нь авч идэж байсан байх.
Гэхдээ эдгээрээс илүүтэйгээр тэрээр 1986 онд дэлхийн самбо бөхийн аварга (жудотой төстэй Оросын тулааны урлаг) болж, үндэсний баатар болж байсан гэдгээрээ олонд танигдсан нэгэн. Тэрээр “Миний хийх дуртай мэх бол өрсөлдөгчөө нуруундаа үүрч хаях” гээд инээмсэглэснээ “Би яг одоо чамд харуулах уу, өвдөхгүй ээ” гэсэн юм.
Гэхдээ Баттулга таны нурууг хэдхэн секундын дотор л хугалж чадах юм билээ, тэр ийм гэнэтийн мэхэндээ авьяастай. Баттулгатай телевизийн бизнесээр холбогдсон Бен Мойл гэх хүн самбогийн аварга түүнийг хэрхэн ажилд авч байсан тухай ингэж дурссан юм. “Баттулга нэг өдөр над руу утасдаад үдээс өмнө чамайг очиж авъя гэсэн юм. Гэхдээ яагаад, яах гэж байгаа тухай нэг ч үг дурдаагүй. Ингээд тэр машины урд талын суудалд суугаад, нэг ч үг яриагүй. Бид бараг нэг цаг гаруй явсаар хотын төвөөс гарч ядуусын хороололд ирсэн байв. Би тухайн үед айж эхэлсэн. Би түүнийг ямар нэг байдлаар гомдоочихсон билүү гэж хүртэл бодож байлаа. Ингээд бид нэг Монгол гэрийн гадаа буусан юм. Дотор нь ортол нэг хөгшин эмэгтэй сууж байна, маш том плазма телевизтэй, хаа саагүй Баттулгын жудогийн аваргад ялж байгаа зургийг тавьчихсан. Харин тэгэхэд л Баттулга нэг ам нээж “Энэ бол миний ээж” гэж хэлсэн юм. “Хэдийгээр би баян ч гэсэн ээж маань энэ гэртээ амьдрахыг хүсдэг юм. Би энд чамайг авчирсны учир нь намайг хэн бэ гэдгийг мэдээсэй гэж хүссэндээ тэр. Тиймээс чи надад итгэж болно гэсэн юм” хэмээн дурсан ярив.

Х.Баттулгын гэр хорооллын хүүгээс Ерөнхийлөгч болсон замнал бол орчин үеийн Монгол адал явдал л гэсэн үг. Тэрээр Улаанбаатар хотын элит дэлгүүр буюу долларын дэлгүүрийг гадна цонхноос нь л харж бага насаа өнгөрөөжээ. Учир нь, энэ дэлгүүрээр коммунист албатууд үйлчлүүлж, жирийн монголчууд бараа худалдаж авах боломжгүй байсан хэрэг.
Тэрээр Дүрслэх урлагийн дунд сургуульд график дизайнд суралцахаар элссэн ч, гудамныхан нь түүнийг Урлагийн сургуулийн нялзрай хүү гэж шоолж байсан тул өөрийгөө хамгаалахын тулд самбо бөхөөр хичээллэх болсон байна.
Х.Баттулга яагаад спортын карьер эхлүүлэхээр шийдсэн тухайгаа “Энэ бол гадаад гарч, мөнгө олох ганц арга байсан” гэж огтхон ч эргэлзэхгүйгээр хэлсэн юм. Тэгээд тэр гадаад руу аялсан. 1983 онд тэрээр анхны гадаад аяллаараа Парис хотод очоод, нэг ганган эмэгтэй нохойндоо үслэг хүрэм өмсүүлсэн байхыг олж харжээ. “Монголд хүмүүс хүртэл үслэг эдлэл өмсөж чадахгүй байхад тэнд нохой өмссөн байхыг хараад би уйлсан” хэмээн тэрээр ярьсан юм.
Олон улсын самбо бөхийн аварга болсон аяллаасаа ирэхдээ Х.Баттулга деним материал худалдаж аваад, түүгээрээ жийнс оёж зарж эхэлсэн байна. Ингээд тэрээр Дүрслэх урлагийн сургуульдаа буцаж оржээ. Тэрээр 1983 болон 1986 оны Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, шагналынхаа мөнгөөр “Panasonic”-ын видео тоглуулагч худалдан авчээ. Ингээд Улаанбаатарт ирээд, өнөөх видео тоглуулагчаа 80 кг-ийн жинтэй Зөвлөлтийн зурагтад залгаж үзсэн байна. Үүгээрээ тэрээр найзуудтайгаа хамтран хүмүүст кино үзүүлдэг болжээ. Тэд “Жэки Чантай кино”, “Том, Жерри” хүүхэлдэйн киноны хуулбарласан хувилбарыг үзүүлдэг байжээ. Тухайн үед, Монголд өмнө нь тийм зүйл байгаагүй юм.
Тэр үеийнх нь нэг найз “Бид очсон газар болгоноо улаан хивстэйгээр л угтуулдаг байлаа. Бид ихэнхдээ коммунист кино үзүүлдэг байсан. Кунфу, хүүхэлдэйн кино үзүүлэхээсээ өмнө бид Хойд Солонгосын залуучуудын фестивалын тухай баримтат кино үзүүлдэг байв. Ингээд нэг удаа “Рамбо” киног үзүүлтэл КГБ-ээс барууны суртал ухуулга хийлээ гээд хальсыг нь шатааж байсан юм. Бид нарын видео тоглуулагч тухайн үеийн Зөвлөлтийн зурагтанд таардаггүй байсан. Хар, цагаан өнгөтэй маш их дуутай байсан юм. Баттулга чанга яригчийг нь аваад л гадаа зогсдог байв. Орон нутгийн гудмаар дүүрэн кунфу, хүүхэлдэйн киноны дуу хаддаг байлаа” хэмээн ярьсан юм.
Коммунизм дуусч, Х.Баттулга олон улстай холбогдож гадаад руу явдаг боллоо. Тэрээр Москва явж, Лада машин худалдан аваад Монголын анхны такси үйлчилгээг бий болгож байжээ. “Тухайн үед Москвагаар дүүрэн чечений атаманууд байдаг байсан. Гэхдээ тэд бүгд бөхчүүд, намайг таньдаг байсан. Тиймээс би тэднээс ямар нэг шахалт, хавчлага үзэж байгаагүй” хэмээн тэрээр өөрөө ярьсан юм.
Ингээд дараагийн арван жилд Х.Баттулга Сингапурын телевизээс эхлээд импорт хийх болж, Унгартай харилцаа холбоо тогтоож экспорт хийж эхлэв. Үүнийгээ тэрээр хотынхны “хүний нүднээс бусдыг олж болно” гэлцдэг Улаанбаатарын хамгийн том зах дээр борлуулдаг болжээ. Тухайн үед Японы телевиз түүний тухай мэдээлж байв. Хар савхин цув өмсөж, Ray Ban-ы шил зүүж үсээ хусуулсан тэрээр Монголын “Scarface” киноны дүр шиг л харагддаж байсан гэдэг.
"Бидний үеийнхэн, бид бүгдээрээ баруун кино, ялангуяа гангстер кино үзэж өссөн. Коммунизмын дор бид “Stones”, “Beatles” сонсох хориотой байсан ч Москвагаас ирсэн оюутнууд эдгээр хамтлагийн бичлэгийг авчирч, бид тэрийг нь сонсдог байлаа” хэмээн Улаанбаатарын хотын төвд баригдсан “Beatles”-ын хөшөөг урласан барималч Дэнзэнгийн Барсболд ярьсан юм. Коммунизмаас өмнө монголчуудын бараг 96 хувь нь бичиг үсэг тайлагдаагүй, Орос Европын кино, реклам л үзэж л “баясдаг” байв.
Х.Баттулга улс төрд орохдоо хар савхиа хар хослолоор сольсон юм. Тэрээр өөрийн бизнесийн ашиг сонирхлоо хамтран ажиллагсаддаа үлдээж, 2008 онд Зам, тээвэр, барилгын сайдаар ажиллаж эхэлсэн юм. Түүнтэй 2013 онд уулзах үед тэрээр улсынхаа ашигт малтмалыг боловсруулж, дэлхийн даяар экспортлох төмөр зам, үйлдвэрлэлийн сүлжээг бий болгох төлөвлөгөөтэй байсан.
Бараг 500 жилийн турш Хятад, дараа нь Зөвлөлтийн эзэнт гүрний эрхшээлд байсан тус улс эрчим хүч, ашигт малтмалын нөөцөөрөө дэлхийд хамгийн томд ордог. Намайг тус улсад очих үед эдийн засаг нь 17 хувиар өсч байв. Гэхдээ тэр цагаас хойш түүхий эдийн эрэлт хэрэгцээ буурч тус улсын эдийн засаг уналтад орж эхэлсэн юм. Монгол Улс ОХУ, БНХАУ-аас албан ёсоор тусгаарлагдсан байж болох ч зах зээлийн хувьд хараат хэвээр л байна.
Х.Баттулга Ерөнхийлөгчийн кампанит ажлаараа "Монгол нэгдүгээрт" гэх мессежийг өгч, бие даасан улс байхын тулд Хятад, Оросоос гадна "баруун"-ы гэж нэрлэдэг улсуудтай холбоо тогтоож, улс орны эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх шаардлагатай хэмээн үзэж байгаа юм.
Монголд ардчилал гэдэг авлигад автаж, хүмүүс нь түүнд бухимддаг тийм зүйл болжээ. Монгол бол дарангуйллын цөл дэх ардчилал юм. Үүнийг хэвээр нь үлдээх эсэх, авлига, тэгш бус байдал, геополитикийн асуудлыг даван туулах зэрэг нь асуудал болоод байна. Баялгаар баян хуучин коммунист улс арай өөр замаар яваад байгаа юм.
Нийтлэлч, түүхч Баабар Монголын ардчилал бол нүүдэлчин үндэстний өвөрмөц төрхтэй. “Хүн бүр бие даасан байх гэж оролддог, бүгд гэртээ дарга нь байх гэж үздэг. Хүн болгон өөрийгөө жижиг Чингис хаан гэж үздэг. Бууж өгөх дургүй хүмүүс” гэж тодорхойлсон байдаг. Х.Баттулгын ажил дээр байхдаа би Орос, Хятадад байнга харж болох хэн нэгэн нь түүнд бөхийж, өөрсдийгөө доромжилж байгааг хараагүй. Зочид буудлын ресторанд байхдаа сайдаас эхлүүлээд уурхайчин гээд бүх л хүмүүстэй хамт сууж байхыг нь ч харсан. Тэр энгийн л нэг дасгалын хувцас өмсдөг. Тэр үүнийгээ зурагтаар цацдаггүй. Түүнд ч хэн ч ингэж санал болгодоггүй.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн