Химийн ухааны доктор, профессор Д.Дэмбэрэлнямбатай ярилцлаа.
-Хүн өдөрт хэдийн хэмжээний кальци авах ёстой юм бэ. Ер нь кальци дутагдаж байгаагаа хэрхэн мэдэх вэ?
-Монголчуудын ихэнхи нь нэг хувийн кальциа авч чадахгүй байгаа. Бидний хийсэн судалгаагаар монголчууд өдөрт 300-400 милграмм кальцийг хоол хүнс, тэрд дундаа гурилан бүтээгдэхүүн, сүүнээс авдаг. Гэтэл хүний өдөрт авах кальцийн зохистой хэмжээ бол 1000-1300 милограмм гэж үздэг. Хамгийн ихдээ өдөрт 3000 милограмм кальци авахад ямар нэгэн сөрөг нөлөөгүй гэж үздэг. Яс янгинаж өвдөөд, сийрэгжээд байна гэж ярьдаг. Энэ нь кальци дутагдсаны шинж мөн л дөө. Гэхдээ хүний яс нийлмэл бүтэцтэй бөгөөд маш олон бодисоос бүрддэг. Ясны бүрэлдэхүүнд органик болон органик биш бодис агуулагдаж байдаг. Ойролцоогоор ясны 65 орчим хувь нь кальци фосфорын эрдэс эзэлдэг. Мөн хүний ясанд биеийн өсөлтөд чухал нөлөөтэй уургууд байдаг. Яс сийрэгжинэ гэдэг органик болон органик биш бодисоо цогцоор нь алдсаны шинж. Үүнийг л гаднаас цогцоор нь нөхөж авах ёстой.
-Жишээ нь, өдөр тутамдаа хэрэглэж байгаа ямар бүтээгдэхүүнээс кальциа нөхөж авах вэ?
-Яг үнэндээ монголчууд хүнсээрээ дамжуулан кальциа бүрэн авч чадахгүй байгаа. Иргэдийн хоол хүнсний хангамж сайн биш байна. Өдөр бүр хоол хүнсэндээ төрөл бүрийн хүнсний ногоо, жимс жимсгэнэ хэрэглэж чадахгүй л байна. Нөгөө талд их мөнгөтэй, баян хүн байлаа ч шаардлагатай кальциа авч чадахгүй байгаа. Тиймээс дэлхийн улс орнууд нэн шаардлагатай макро, микро элементүүдээ ихэвчлэн хүнсний нэмэгдэл бүтээгдэхүүнээр нөхдөг болсон. Тэгэхээр хүнсний нэмэгдэл бүтээгдэхүүнийг зөв сонгож хэрэглэвэл эрүүл байх гол үндэс. Хүнсний маш олон бүтээгдэхүүн байна. Гэхдээ ганц кальци гэхгүйгээр биед хэрэгтэй амин дэмүүдийг давхар авч байх ёстой. Хүний биед С витамин дутагдахад аман дотор юм гарч, мөөгөнцөр үүсдэг. А витамин дутагдахад хараа муудаж, бүрэнхийд юм харж чадахгүй болдог бол D витамин дутагдвал хүүхдийн хөл майга болж, насанд хүрсэн хүний яс нь зөөлөрдөг. Тиймээс витаминууд, макро микро элементийг цогцоор нь дэмжих бүтээгдэхүүнийг хэрэглэх ёстой.
-Тэгвэл хоол хүнсээрээ дамжуулаад шаардлагатай кальциа авч байна гэдгээ тухайн хүн яаж мэдэх вэ?
-Гаднаас шаардлагатай кальциа авч байна гэдгийг нарийн мэдэх боломжгүй л дээ. Учир нь, хүний өдөр бүр идэж, хэрэглэж байгаа зүйлийн кальцийг нарийн хэмжих боломжгүй байгаа шүү дээ.
-Иргэдийн хувьд сүү, цагаан идээ хамгийн их кальцитай гэж хэрэглэх нь элбэг. Сүү, цагаан идээнээс өөр кальци өндөртэй ямар бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэх боломжтой вэ?
-Сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглээд хангалттай хэмжээний кальциа авч чадахгүй. Учир нь сүү, цагаан идээн дэх магнийн хэмжээ бага байдаг. Кальци магнийн харьцаа 2:1 байх ёстой. Ийм төвшинд л яс бэхэжнэ гэж үздэг. Хамгийн гол нь гаднаас хоол хүнсээрээ дамжуулж авч байгаа кальци цогц үйлчилгээтэй байх ёстой гэж үздэг. Харин цогцоор нь авах боломж амьтны гаралтай кальци буюу адууны яснаас гаргасан бэлдмэл юм. Биеийнхээ бүх кальцийг уусгахад маш их хэмжээний энерги шаарддаг. Ингээд эцэстээ организм энергиэ алдаж, ямар ч дархлаагүй болдог. Энерги дутагдахад хүний бие сульдаж, дархлаагүй болдог. Үүнээс л олон төрлийн өвчлөл үүсч эхэлдэг. Тиймээс шаардлагатай кальцийг хоол хүнс болон хүнсний нэмэгдлээс зайлшгүй авч, энергиэ алдагдуулахгүй байх нь чухал юм.
-Кальцийн дутагдалд ороод нуруу, хөл гарны яс нь байнга өвддөг хүмүүс олон байна. Кальцийн дутагдалд орсон хүнийг хэвийн байдалд нь оруулахад хэр хугацаа шаардагдах вэ?
-Кальцийн дутагдлаас үүссэн ясны өвчин удаан хугацаанд үргэлжилдэг. Тухайн хүнийг хүүхэд байхаас нь ясны сийрэгжилт нь нэмэгдэж явсаар 25-30 насанд дээд цэгтээ хүрдэг. Гэхдээ энэ дээд цэгтээ хүрэх хэмжээ хүн бүрт өөр, өөр. Зарим хүний ясны нягт их биш байдаг. Хэрвээ ясны нягтаа дээд цэгтээ авсан бол хорвоогийн жамаар буурсаар байдаг. Энэ явцад ясны нягтаа өндөр авсан хүнийх аажмаар буурна. Харин өндөр авч чадаагүй хүнийх хурдан буурдаг. Тиймээс хүүхэд ахуй цагаас нь кальциар баялаг бүтээгдэхүүнээр хооллож, зөв өсгөж, өсөлтөд нь анхаарах хэрэгтэй. Одоогоор гурван төрлийн кальци бэлдмэлийг хэрэглэж байна.
1. Эрдэс, шохойн чулууны гаралтай кальци буюу хамгийн хямдхан өртөгтэй, үр дүн муутай байдаг. Шохойн чулууны гаралтай учраас хүний ходоодны хүчлийг багасгаж, зүрх судасны систем зэрэг бусад организмд сөрөг нөлөөтэй гэж зарим эрдэмтэд үздэг. 2. Нийллэг аргаар гаргаж авсан нимбэгний хүчил органик хүчлийн кальци гэж бий. Эдгээр төрлийн кальци үнэ хямд, бүтээгдэхүүн доторхи цэвэр кальцийн агууламж бага, шингэц муутай байдаг. 3. Амьтны гаралтай кальцийн бэлдмэл. Хүний биед хамгийн тохиромжтой бөгөөд хүнс тэжээл гэж үздэг. Ялангуяа малын ясанд кальци хамгийн өндөр хувь агуулагддаг. Тиймээс дэлхийн улсуудад мах биш сайн чанарын малын яс илүү үнэтэй байдаг. Монголчууд малынхаа ясыг өглөөнөөс орой хүртэл буцалгаж, орой цагаан шөлөнд нь хоолоо хийж иддэг байсан. Өөрөөр хэлбэл, ясан дотор байгаа коллаген, шаардлагатай эрдэс бодистой хоол хүнсийг хэрэглэж, хүүхдээ бага байхаас нь ясыг бэхжүүлж ирсэн. Манайх хүний ясны сийрэгжилтийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу тусгай аппаратаар тодорхойлж, хаана нь ямар сийрэгжилт байгааг нь тогтоосны дараа өөрийн гаргаж байгаа бэлдмэлээ хэрэглэхийг санал болгож, хэрэглэснийх нь дараа эргэж хянадаг.
-Саяхныг хүртэл Монгол кальцийн дутагдал, хөл гар өвдлөө гэж ярьдаг хүн ховор байсан. Харин сүүлийн үед кальци дутагдаад хөл гар, үе мөч өвдлөө гэдэг боллоо гэж аав ээж хэлдэг. Гол шалтгаан нь юу вэ?
-Монголчууд дандаа мах хэрэглэсний сөрөг үр дагавар гарч байна. Зарим хүн өдөрт гурван удаа махтай хоол идэж, өвөл зунгүй мах иддэг болсон. Өөрөөр хэлбэл, их хэмжээний уураг авах нь кальцийн шимэгдэлд муугаар нөлөөлдөг. Дээр үед мах идэж сүүтэй цайгаа хэрэглэсээр л ирсэн. Сүүтэй цай хэрэглэхдээ байнга амны хужир хэрэглэдэг байсан. Сүү цагаан идээ, гурилан бүтээгдэхүүн бол бүгд хүчиллэг бүтээгдэхүүн. Хужиртай цай ууснаар хүчиллэг бүтээгдэхүүнийг шүлтлэг болгодог байсан юм. Гэтэл өнөөдөр энэ уламжлалт хоол хүнсний зарчим алдагдсан. Монголчууд өвлийн улиралд мах түлхүү хэрэглэж, хавар зун махаа багасгаж цагаан идээ ихээр хэрэглэж ходоод гэдсээ цэвэрлэж, кальциа авдаг байсан. Гэтэл сүүлийн үед өвөл зунгүй мах хэрэглэж, дээр нь гаднын төрөл бүрийн гурилан, шарсан хуурсан бүтээгдэхүүнийг хэрэглэдэг болсон. Ер нь хоол хүнсээ хэрхэн бэлтгэхээс эрүүл мэнд ямар байх нь шалтгаалж байна. Оросууд “хайруулын тавганд үхэл буцалж байдаг” гэж зүгээр ч нэг хэлээгүй юм. Хайрсан, хуурсан зүйлд хорт хавдар үүсгэдэг бактери олноор байдаг. Манай улс ходоодны өвчлөлөөрөө дэлхийд Солонгосын дараа, элэгний өвчлөлөөр тэргүүлж байна. Ер нь хоол бэлдэх явц чинь тэр чигээрээ химийн урвал явагдаж байдаг. Зөв л аргаар хоол хүнсээ бэлтгэхгүй бол ходоодондоо хорт бодис л хуримтлуулна. Тэр хортой бодис нь эргээд хүний дотоод эрхтэнтэй урвалд орж хавдар үүсгэнэ.
-Та амьтны гаралтай бүтээгдэхүүн тэр дундаа яагаад заавал адууны ясыг судалж, кальцийн бэлдмэл гаргахаар болсон юм бэ?
-Бусад амьтны яснаас ч гаргаж болно. Гэхдээ адуу бол салаа туурайтай амьтны өвчнөөр өвчилдөггүй, зэрлэг онгон бэлчээрт өвсний сайныг идэж, усны тунгалгийг уудаг хамгийн эрүүл амьтан. Дээр нь, арслан барын дараа орох хамгийн бат бөх ястай амьтан. Хүний биеийн жин адуунаас гурав дахин бага. Тэгсэн хэр нь адуу хүнээс 30 дахин илүү кальцийг ясандаа агуулдаг. Байгалийн хамгийн сайн 300-400 ургамлыг идэж, тэнд байгаа кальцийг хуримтлуулдаг учраас яс нь бөх бат байдаг. Тиймээс адууны ясан дахь кальцийг гаргаж авч ашиглахыг зорьсон. Адууны ясанд байгаа элементүүд, бүх бүрэлдэхүүн хэсэг нь зөв харилцаатай. Үүнийг л орчин үеийн шинжлэх ухааны ололтыг ашиглаж хүний биед шаардлагатай витаминуудыг агуулсан хүнс, тэжээлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Адууны яснаас гаргасан кальцийн бэлдмэл нь ясандаа шингэж, ясны эд эсийг нягтруулж байна. Гэтэл одоогийн кальциуд ихэнх нь ясандаа шингэж чадахгүй гарчихдаг.
-Таны адууны яснаас гаргасан кальцийн бэлдмэлд цэвэр кальци хэдэн хувийг эзэлж байгаа вэ?
-Манай бэлдмэлийн 30-40 хувь нь адууны ясны кальци. Адууны ясанд байгаа кальцийг боловсруулж хүнд хэрэглэхэд хүний ясанд зайлшгүй шингэх шаардлагатай микро элементүүд зэс, цайр, магнийг өдөрт тутамд хүнд хэрэгцээтэй хэмжээгээр нэмж оруулсан. Мөн С, D, K зэрэг витаминуудыг хүний бие дэх хамгийн зөв зохистой хэмжээгээр нь агуулсан. Өөрөөр хэлбэл, хүний ясыг эргээд төлжүүлэх, эргээд эмчлэх шаардлагатай бүтээгдэхүүнийг кальцийн бэлдмэлд агуулсан гэсэн үг.
-Монгол адуунаас л гаргаж байгаа учраас монгол хүний биед л тохиромжтой гэж ойлгож болохгүй нь байна шүү дээ?
-Тийм зүйл гэж байхгүй. Дэлхийн бүх хүнд тохиромжтой. Одоогоор дэлхий дахинд адууны яснаас кальци гаргаж авсан тохиолдол байхгүй. Хамгийн сайн чанарын үхрийн яснаас гаргаж авдаг байсан. Гэхдээ сүүлийн үед үхрийн галзуу өвчин ихээр гарч, дэлхий дахинд үхрийн яснаас кальци гаргаж авах, худалдаалахыг хориглож байна. Өндөр хөгжилтэй орнуудын газрын хөрс хүнд металиар бохирдсон учраас хөрснөөс ургамалдаа дамжиж, ургамлаасаа малд дамжиж малын өвчнүүд маш их гарч байна. Тиймээс манай адууны мах, яс хамгийн тохиромжтой. Одоо адуунаас гарч байгаа бүх дайвар бүтээгдэхүүнийг боловсруулж олон төрлийн бүтээгдэхүүн хийхээр зорьж байна. Энэ хэрээр иргэд адуугаа өсгөх сонирхол улам нэмэгдэнэ. Цаашид эргээд адууныхаа ясыг төлжүүлдэг төрөл бүрийн бэлдмэл гаргахаар судалгааг хийнэ. Хурдан морины хөл амархан гэмтдэг. Тиймээс адууны гэмтсэн хөл, ясны гэмтлийн эмчилгээг хийх боломжтой юм байна гэж харж байгаа. Энэ чиглэлийн судалгааг хийж адуунд зориулсан эм, бэлдмэлийг гаргах зорилго байна.
-Ер нь ямар хүн кальциа хурдан алддаг вэ?
-Архаг бөөрний өвчтэй, D витамины дутагдалтай, эмэгтэйчүүдийн хувьд цэвэршсэний дараа гормонд өөрчлөлт орж кальциа маш хурдан алддаг. Эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй харьцуулахад хамгийн хурдан кальциа алддаг. Дэлхий дээр гурван эмэгтэй тутмын нэг нь кальцийн дутагдалтай байдаг бол таван эрэгтэй тутмын нэг нь кальциа алддаг байна. Эмэгтэй хүн төрөхдөө 30 грамм кальци алддаг.Үүнээс шалтгаалан шүд, яс нь маш хэврэг болдог. Тиймээс жирэмсэн үедээ, төрснийхөө дараа байнга кальцийн бэлдмэл уух ёстой. Энэ нь хүүхдийн эрүүл мэндэд ч хэрэгтэй. Манай кальцийн бэлдмэл бол эм биш хүнсээр хэрэглэнэ. Хүн өдөрт гурван удаа хооллодог бол хоолтойгоо хамт бэлдмэлээ хэрэглэж байх хэрэгтэй. Манай кальцийн бэлдмэл бол усаар даруулж ууссаны дараа бүрэн уусдаггүй. Ходоодонд очиж бүрэн уусдаг. Ингэсээр биеийн бүх хэсэгт жигд тарах бололцоотой болдог.
-Хийжүүлсэн ундаа болон сахар их хэрэглэх нь кальцийн зохистой хэмжээнд сөргөөр нөлөөлөх үү?
-Нөлөөлнө. Хэтрүүлж хэрэглэж огт болохгүй. Зохистой бага хэмжээгээр хэрэглэхгүй бол донтуулдаг бодис агуулдаг. Сүүлийн үеийн хүүхдүүд ээжийнхээ хийсэн гурилтай шөлнөөс илүү бэлэн гоймонд дуртай болсон. Дэлхийн химичид махны амттай бодис гаргаж авах гээд маш олон жил хөдөлмөрлөж гултамин хүчлийг гаргаж авсан. Энэ бол тархины даралттай гарсан хүүхдийн мэдрэлд хэрэглэдэг бодис. Бэлэн гоймонгийн давсанд гултамины хүчлийн натрийг хэрэглэдэг. Тиймээс бэлэн гоймонд хүүхдийг дуртай болгож, донтуулах бодис байдаг гэсэн үг. Энэ нь ихээр хэрэглэвэл хүүхдийн биед сөрөг нөлөөтэй.
-Зарим хүн өвдөгний шингэн байхгүй болчихлоо гэж яриад байдаг. Энэ нь бас кальци дутагдсантай холбоотой юу?
-Холбоотой. Гэхдээ одоогийн нөхцөлд кальци дутагдсан гэхээс илүү даарснаас үүдэлтэй байна. Дээр үед монголчууд өвдгөө хаасан урт дээлтэй дааруулдаггүй байсан. Гэтэл сүүлийн үед ихэвчлэн өвдөгнөөс дээшээ гадуур хувцас өмсч, өвдгөө дааруулж байна. Морь унасан хүн доороосоо энерги аваад үргэлж дулаан явдаг байсан. Адуу бол хүний биеэс нэг хэм дулаан байдаг. Гэтэл малчид адуу биш төмөр мотоцикль унаж, хүйтэн салхинд даарснаас болж малчдын олонх нь өвдөгний шингэнээ алдаж байна. Дээр нь сүүлийн үед архи ихээр хэрэглэснээс, хөдөлгөөн дутагдсанаас болж үе мөчний шингэнээ алдаж байгаа юм.
-Тусгай бэлдмэлээс өөр өдөр тутамдаа хэрэглэдэг хамгийн өндөр кальци агуулсан хоол хүнсний бүтээгдэхүүнийг нэрлэвэл юу байх бол?
-Хоол хүнсээр цагаан идээ, өөх тос, исгэсэн бүтээгдэхүүн байж болно. Мөн ямар ч малын ясны шөлнөөс кальци авч болно. Ясны шөл гаргахдаа 8-12 цаг бага температурт буцалгах хэрэгтэй. Ингэж байж өөрт хэрэгтэй кальцийг цогцоор нь авч чадна. Хоолой гашуу оргиж, ходоод хорсоод дотор эвгүйрхэж байгаа нь хүчиллэг хэмжээ хэтэрч кальцийн эрдсүүд дутагдаж байгааг сануулж байна. Эртний уламжлалт хүнсний бүтээгдэхүүнээ хэрэглэх хэрэгтэй. Амны хужиртай цайг хэрэглэж занших, махны хэрэглээ багасгаж, зөв л хооллох хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа, таны ажилд амжилт хүсье.