Индонезийн армийн удирдагч, генерал Андика Перкаса олон жилийн турш шүүмжлэл, маргаан дагуулсаар ирсэн эмэгтэй сонсогчдын онгон эсэхийг шалгах тестийг бүр мөсөн халсан талаар мэдээллээ.
Эмнэлгийн ажилтнууд өмнө нь армид элсэж буй эмэгтэй сонсогчдын бэлэг эрхтэнд хуруугаа хийж, онгон хальс нь бүтэн байгаа эсэхийг шалгадаг байсан юм. Хүний эрхийн байгууллагууд Индонезийн армид элсэх ерөнхий шалгалтын нэг хэсэг байсан “хоёр хурууны тест” гэгдэх энэхүү шалгалтыг олон жилийн турш шүүмжилсээр ирсэн.
Тухайлбал, Олон улсын хүний эрхийн төлөөх “Human Rights Watch” ашгийн бус байгууллага энэхүү шалгалтыг дан ганц хүйсээр ялгаварлан гадуурхаад зогсохгүй шинжлэх ухааны үндэслэлгүй “хүчирхийлэл” гэж тодорхойлсон байдаг.
Их Британийн “The Guardian” сонины мэдээлснээр Индонезийн армид энэ төрлийн шалгалт анх 1960-аад оноос хийгдэж эхэлсэн бөгөөд нэгэн үе цэргийн алба хаагчтай гэрлэж буй эмэгтэйчүүдээс энэхүү зүй бус тестийг авдаг байжээ. Хэдий шалгалтад бүдэрсэн эмэгтэйчүүд ямар нэгэн шийтгэл хүлээдэггүй ч тест хийх процессын явцад бие болоод сэтгэлзүйн хувьд өвдөлт, зовуур болон таагүй байдал мэдэрдэг талаар өгүүлжээ.
ДЭМБ өмнө нь эмэгтэй хүний онгон хальсны бүрэн бүтэн байдлыг шалгах замаар бэлгийн харьцаанд орсон эсэхийг тодорхойлох нь шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй болохыг мэдэгдэж байв. Тиймээс дэлхий дахинд “охидын үзлэг” гэх зэргээр энэ төрлийн практикийг ашиглах, түүгээр эрүүл мэнд болон бэлгийн харилцааны түүхийг тодорхойлох нь маш хоцрогдсон өрөөсгөл ойлголт гэж үздэг.
Улмаар дийлэнх орнууд энэ төрлийн эрүүл мэндийн үзлэгийг бэлгийн хүчирхийллийн нэг хэлбэрт тооцож, зарим улс эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн үзлэгийн стандартыг хуульчилсан байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл цөөн хэдэн улсад энэ төрлийн хоцрогдмол аргыг ашигласан хэвээр байна. Хамгийн сүүлд өнгөрөгч нэгдүгээр сард Пакистан улс бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдээс энэ төрлийн шинжилгээг авахыг хориглохыг хуульчилсан. Тэгвэл хүний эрх, тэр дундаа эмэгтэйчүүдийн эрх хамгийн ихээр зөрчигддөг Афганистан улс 2017 онд энэ төрлийн практикийг хориглох тухай хууль баталсан байдаг.
Эх сурвалж: The Guardian, BBC, Reuters