Open iToim app
Үйл явдал | 3 мин уншина

'Бэлтэс Мөрөн' -гийн хохирогч 2000, хохирлын хэмжээ 250 тэрбум төгрөг давжээ

'Бэлтэс Мөрөн' -гийн хохирогч 2000, хохирлын хэмжээ   250 тэрбум төгрөг давжээ
Нийтэлсэн 2022 оны 9 сарын 26
Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулдаг “Бэлтэс Мөрөн” гэх компанийн асуудлаар хохирогчид мэдээлэл хийв. Тус компани иргэдээс 300 орчим тэрбум төгрөгийг татсан ч өнгөрсөн хавар дампуурсан гэж мэдээлсэн. Иргэд өнөөдрийг хүртэл оруулсан мөнгө авч чадахгүй, аргаа барж байгаа талаараа мэдээлэл өглөө. 
Байр, машинаа, өөрт байгаа бүх л хөрөнгөө зарж “Бэлтэс Мөрөн”-д мөнгөө оруулсан иргэд өнөөдөр орох газаргүй болж, майханд амьдарч байна. Хагалгаанд орох гэж байсан мөнгөө өгөөд авч чадаагүйгээс болж нас барсан хүн ч бий хэмээв.  Одоогийн байдлаар нийт 2500 гаруй иргэн залилуулж, 250 тэрбум төгрөгөөр хохирсон гэх тооцоо гарчээ. Өнөөдрийн байдлаар тэдгээр иргэдийн 150 гаруй нь АТГ-т өргөдөл өгч, тус компанитай холбоотой этгээдүүдийг шалгуулах хүсэлтэй байгаа аж. "Бэлтэс Мөрөн" ХХК-д анхнаас нь хяналт тавиагүй орон нутаг дахь төрийн албан хаагчдын илт буруутай үйл ажиллагнаанаас болж олон иргэд хохирсон гэж үзэж байгаа юм.
Ингэхдээ, “Банк, банк бусын үйл ажиллагааны эрхийг СЗХ-ноос олгоно. Санхүүгийн үйлчилгээ явуулдаг байгууллагыг шалгах эрх мэргэжлийн хяналтад байсан. Гэвч шалгаагүй, орон нутгийн цагдаад өргөдөл гаргасан боловч мөн л шалгаагүй. Нэг удаа шалгаад үйл ажиллагаа нь хэвийн гэж дүгнэсэн. Тиймээс нутгийн иргэд олноороо мөнгө босгон, тус компанид нийлүүлж, итгэсэн. Нэр бүхий төрийн албан хаагчид ажлаа хийгээгүйгээс болж Хөвсгөлчүүд ийн хохирлоо. Засаг дарга, тамгын газрынхан, татварын ажилтан, болон бүртгэлийн ажилтан, аудитынхан, цагдаа хүчнийхэн “Бэлтэс Мөрөн” компанийн ашиг сонирхолд нийцүүлж, увайгүй загнан, үгсэн хуйвалдсан байж болзошгүй. Цагдаагийнхан тус компанийнхныг хорьсон гэж худал хэлдэг” гэж үзэн АТГ болон УИХ-ын даргад хандаж байгаа аж. 
 
undefined
Зарим хохирогчийн яриаг хүргэе.
Иргэн 1: Манай аймаг сүйрч байна. Мөнгөө алдсан иргэд орон гэргүй болж, аймгийн төвд майхантай амьдарч байна. Би хоёр жилийн өмнө тэтгэвэртээ гарсан. Миний хань бие муутай хүн. Бид хоёр тэтгэврийн зээл авч нийт 10 сая төгрөг хийсэн. Хоногийн хоолгүй, хүүхдүүдээ зулгааж байна. Хавар хүмүүс их мөнгө хийх үеэр дагаад мөнгө хийчихсэн. Аймгийн албан тушгаалтнууд шалгалт хийгээд асуудал байхгүй гэсэн учраас мөнгөө хийсэн.
Иргэн 2: Би дөрөвдүгээр сард 50 сая төгрөг хийсэн. Хамаатан садны хийсэн мөнгөтэй нийлээд 150 сая орчим болсон. Мөнгөө хийгээд хоёр, гурав хонотол дампуурсан гэсэн. Хашаа байшин, хүүхдийн хадгаламж гээд байгаа бүхнээ өгсөн. Хэзээ мөдгүй гэр орон, хашаа байшингаа хураалгахдаа тулсан. Манай хамаатнууд ч ялгаагүй.
Иргэн 3: Би зүрхний хагалгаанд орох байсан ч мөнгөө өгчихсөн. Тухайн компанид гуравдугаар сард шалгалт хийгээд хэвийн ажиллаж байгаа гэхээр нь мөнгөө өгтөл дөрөвдүгээр сард дампуурсан. Би ах дүү нарынхаа мөнгөтэй нийлээд 500 гаруй сая төгрөг хийсэн.
Цагдаагийн ерөнхий газраас "Бэлтэс Мөрөн" ХХК-тай холбоотой хэрэг ямар шатандаа явж байгаа талаар дараах мэдээллийг өглөө. 
Залилах гэмт хэрэгт мөрдөн шалгах хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан: Хөвсгөл аймаг үйл ажиллагаа явуулж байсан "Бэлтэс Мөрөн" компани нь иргэдээс мөнгийг нь өсгөж өгнө гэж 15-100 хувийн хүүтэй мөнгө татан төвлөрүүлсэн хэрэгт Хөвсгөл аймгийн цагдаагийн газар 2022 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангиар хэрэг нээсэн.
Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргын тушаалаар ажлын хэсгийн мөрдөн байцаагч нар Хөвсгөл аймагт ажилласан. Улмаар "Бэлтэс Мөрөн" компанийн үйл ажиллагааг таслан зогсоож холбогдох шалгалтыг хийсэн. 2022 оны тавдугаар сарын 9-ний өдөр "Бэлтэс Мөрөн" компанийн удирдлагад ажиллаж байсан нэр бүхий найман иргэнийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.
Мөрдөн шалгах явцад нийт 13 мянган иргэнээс мөнгө татан төвлөрүүлж, 2549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Үүнээс мөнгө өсгөж авсан 1600 иргэнийг хариуцагчаар татсан. "Бэлтэс Мөрөн" компанийн ажилчин болон захирал гэх хүмүүсийн 13 тээврийн хэрэгсэл, 12 үл хөдлөх хөрөнгийг прокурорын зөвшөөрлөөр битүүмжилж, хураан авсан. 1600 иргэнийг иргэний хариуцагчаар татаж мэдүүлэг авахад 12.1 тэрбум төгрөгийг буцаан авах боломжтой нь шалгалтаар тогтоогдож байна. Ажлын хэсгийн мөрдөн байцаагчид хэргийг аравдугаар сар гэхэд шүүхэд шилжүүлэх саналтай байгаа аж. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн