Задгай сансарт тэнүүчлэх аварга солир эх дэлхийг мөргөн, хүн төрөлхтний соёл иргэншлийг ор үндэсгүй үгүй хийх аюул нүүрлэж болзошгүй гэдэг нь зөвхөн Холливуудын кинонд гардаг уран зөгнөл биш болохыг одон орон судлаач, эрдэмтэд анхааруулж байна. Тэд өнгөрөгч сарын 30-нд болж өнгөрсөн “Asteroid Day” буюу олон улсын солирын өдрийг тохиолдуулан манай гариг руу чиглэн ирж, аюул учруулах өндөр магадлалтай дөрвөн өөр сорилыг танилцуулсан юм.
НҮБ-ын зүгээс Олон улсын солир судлалын хүрээлэнтэй хамтран 2014 оноос эхлэн хэрвээ дэлхийг сансрын биет ирж мөргөн, их хэмжээний сүйрэл дагуулах аюул нүүрлэвэл хүн төрөлхтөн үүнд ямар ч хариу арга хэмжээ авах бэлтгэлгүй байгаа учир хүмүүст солирын аюулыг ойлгуулан таниулах, хэрвээ хүн ам шигүү суурьшсан бүсэд гамшиг болбол ямар арга хэмжээ авах талаар заавар, сурталчилгаа хүргүүлэх зорилготой өдрийг жил бүрийн зургадугаар сарын 30-ны өдөр зохион байгуулсаар иржээ. Энэ өдөр буюу 1908 оны зургадугаар сарын 30-нд өнөөгийн ОХУ-ын Сибирийн тайга Тунгус голын ойролцоо 60-190 метрийн голчтой солир унаж ойролцоогоор 2000 орчим хавтгай километр ой модыг газрын хөрснөөс арчсан аймшигт үйл явдал тохиож байсан юм. Орчин үеийн хүн төрөлхтний иргэншилд тэмдэглэгдэн үлдсэн хамгийн том хэмжээний уг осол нь Рихтерийн шаталбараар 5 магнитуудын хүчтэй байж 80 сая мод, мөн тооны ургамал, ан амьтан үгүй хийсэн гэж үздэг.
Ингээд хүн төрөлхтний иргэншилд их хэмжээний сүйрлийн аюул учруулж болзошгүй гэж эрдэмтдийн таамаглаж буй дөрвөн солирыг танилцуулж байна.
Ойролцоогоор 900 метрийн диаметр бүхий чулуулаг бүтэцтэй уг солир хэрвээ манай дэлхийг мөргөвөл, хүн төрөлхтөнд мөхлийн аюул нүүрлэнэ гэж судлаачид үздэг. Уг солирыг анх 1979 оны арванхоёрдугаар сарын 11-нд Европын сансар судлалын агентлаг олж илрүүлсэн байна. Эрдэмтэд “1979XB” солир одоогоор нарны аймгийн системд нэвтрэн орж ирсэн бөгөөд цагт 70,000 километрын хурдтай явж байгаа гэж тооцоолжээ. Энэ нь уг солир эх дэлхийд секунд бүрд 30 километр ойртож байна гэсэн үг юм.
Анх Европын сансар судлалын агентлаг уг солирыг энэ зууны хагас гэхэд манай гаригийн тойрог замтай ойролцоо явж өнгөрнө гэж таамаглан дэлхийд учруулах хор хөнөөлийн хувьд хоёр дугаар ангилалд авч үзэж байжээ. Гэвч сүүлийн үед мэргэжилтнүүдийн ажигласнаар “1979XB” солир нь огцом чиглэлээ өөрчлөн манай дэлхий рүү улам бүр хурдтай чиглэн ирж буй бөгөөд 2024 он гэхэд өмнө нь төсөөлж байснаас ч илүү ойрхон манай гаригтай зөрж өнгөрнө гэж тооцоолжээ. Мөн уг солирыг дагалдан явж буй жижиг сансрын чулуулаг биетүүд дэлхийд тусч болзошгүй гэж үзэж байна.
Дөрвөн хөл бөмбөгийн талбайг нийлүүлсэн хэмжээтэй уг сансрын биет нь манай гаригт хамгийн ойр буй солир юм. Одоогоор Апопис солирыг дэлхийн орбитоос 200 сая километрын алсад яваа гэж үздэг бөгөөд энэ нь ойролцоогоор бидэнд секунд тутамд хагас километр ойртсоор байгаа аж.
Эрдэмтэд уг солирыг 2029 он гэхэд дэлхийн татах хүчнээс 30,000 километрын зайтай зөрж өнгөрөхийг батлан хэлж байгаа юм. Уг зай нь дэлхийгээс сар хүрэх зайны аравны нэгтэй тэнцэх ойр тул тэр үед хүмүүс Апопис солирын галт сүүлийг нүдээр харах завшаан тохиож магадгүй аж.
Хэрэв Апопис солир дэлхийг мөргөх байсан бол сүйрлийн хэмжээ нь 15,000 ширхэг цөмийн бөмбөгийг нэг зэрэг хаясантай ижил байна гэж эрдэмтэд тооцоолжээ.
“2010 RF12” нь одон орон судлаачдын хувьд солирын талаар маш ихийг мэдэж авах боломж олгож буй хамгийн сонирхол татсан зүйл болоод буй юм. Тус солир нь одоогоор эх дэлхийгээс 215 сая километрын зайтай 117,935 километр цагийн хурдтай задгай сансарт тэнүүчилж яваа гэсэн нарийн тооцоолол гаргажээ. Ингэснээр энэ зууны төгсгөл хэсэгт тус солир нь дэлхийгээс сар хүртэлх зайнаас дөч дахин ойрхон зайд манай гаригтай зөрж өнгөрөх аж.
Аз болж “2010 RF12” солир нь 500 орчим тонн жинтэй, долоо орчим диаметр өргөнтэй бөгөөд хэрвээ дэлхийг мөргөсөн ч 2013 онд ОХУ-ын Челябинск хотод унасан солироос бага хохирол учруулна гэж үзэж байна. Мөн тус солир 2022 оны найман сар гэхэд ердийн сансрын дурангаар харж болохуйц зайд ойртож ирэх юм. Тийм ч учраас одон орончдын хувьд “2010 RF12” нь удаан хугацаанд ажиглаж болох гайхалтай нээлт болоод байгаа аж.
Уг солир нь Атен буюу олон тооны сансрын чулуулаг биетээс бүрдэх групп солир юм. Ойролцоогоор 50 орчим диаметртэй уг солирын бөөгнөрөл нь ирэх 30-40 жилд дэлхийд тусч болзошгүй аж. Хэдий жижиг хэмжээтэй олон солир боловч зургаан жилийн өмнө ОХУ-ын Челябинск хотод газардсан солироос хэд дахин их хэмжээний аюул дагуулах аж.
Одоогоор 112,000 километр цагийн хурдтай яваа солирын бөөгнөрөл нь дэлхийд ойртох тусмаа улам бүр жижгэрсээр байх ч олон газар тусах магадлалын улмаас боломжит сүйрлийн хэмжээг тогтоох боломжгүй байна. Гэхдээ нарыг 365 хоногт бүтэн тойрдог манай дэлхийтэй харьцуулахад, 2000 SG344 нь нарыг 353 өдөрт тойрон эргэж буй учир ажиглалт хийх хангалттай боломж олдож байгаа аж.
Мэдээж хүн төрөлхтний өнөөгийн шинжлэх ухааны төвшин дэлхийтэй ойр байх үлэмж хэмжээний биетүүдийг илрүүлэх бүрэн чадамжтай. Гэвч 2013 онд ОХУ-ын Челябинск хотыг ирж мөргөсөн солир шиг радарт мэдэгдэлгүй манай гаригийн агаар мандалд нэвтрэн орж ирэх үй олон биет задгай сансарт буй юм. Мөн эдний дунд радио, цацраг идэвхт аюулт сансрын биетүүд ч байх тохиолдол бий. Челябинск хотод буусан солир шиг хэмжээтэй аюулт сансрын биет нь 1945 онд Америкчууд Японд хаясан цөмийн бөмбөгнөөс 30 дахин их сүйрэл дагуулах боломжтой аж.