Есдүгээр сарын 1-ээс хичээл, сургууль эхэллээ. Энэ өдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан 147 дугаар сургууль, тулгуур эрхтэний доголдолтой 2-7 насны хүүхдүүдийг хүлээн авах сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын барилгууд ашиглалтад орж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Ингээд бид нийслэлийн 50 дугаар цэцэрлэгийн хажууд байрлах сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбороор зочиллоо. Цогцолборын барилга ашиглалтад орох гэж долоон жил хүлээлгэсэн юм.
Тус цогцолборт тархины саа, дөрвөн мөчний чангарал, аутизм, дауны синдромтой, мөчид саатсан хүүхдүүдийг хүлээн авдаг байна. Мөн цэцэрлэгийн, сэргээн засах эмчилгээний, уламжлалт болон физик эмчилгээ гэсэн гурван үйлчилгээ үзүүлдэг. Сэргээн засах эмчилгээн дотроо хөдөлгөөн засал, хэл засал ордрг байна. Нэг ангид 13-15 хүүхэд гэж тооцон жилдээ 165 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ажээ. Одоогоор бага бүлэг хоёр, дунд бүлэг гурав, бэлтгэл бүлэг гурав, ахлах гурав гээд нийтдээ 11 бүлэг ажиллаж, хүүхдийн тоо нь 150 хүрчээ.
Тусгай хэрэглэлтэй дасгалын өрөө
Энэхүү өрөөнд голцуу хүүхдийг зогсоож, мөлхүүлж, гүйлгэдэг байна. Жишээлбэл, мөлхөж сурч байгаа хүүхдийг туннель дотор мөлхүүлэн хөгжил хөдөлгөөнийг нь дэмждэг байна. Бүх эмчилгээ, асаргаа нь тоглоомын аргаар явагддаг бөгөөд энэ нь гаднаасаа зүгээр л тоглуулаад байгаа юм шиг харагддаг боловч хүүхдийн хөдөлгөөнд асар их дэм болж байдаг аж. Хүүхдэд ч дасгал хийж байна гэж бодуулахгүйгээр дасгалыг нь хийлгэдэг байна.
Зарим тоглоом төхөөрөмжийг тус цогцолборын багш нар өөрсдөө хийдэг байна. Тухайлбал, энэхүү гүйлтийн замыг багш, эцэг эхчүүд хамтран хийжээ. Хүүхдүүд төмөр рамнаас зүүгдэх бэхэлгээнд суугаад өндөрсгөж, намсгадаг бариулаас бариад зөөлөн алхаж, гүйдэг байна.
Цогцолборын эрхэм зорилго нь тархины саа, аутизм, дауны синдром, тулгуур эрхтэний согогтой хүүхдүүдийг эрт илрүүлж, эмчилгээнд аль болох эрт хамруулахад чиглэгддэг. Хүүхдүүдийг эрт эмчилж, ердийн сургуульд тэгш хамруулах боломжийг бий болгохыг хичээдэг байна. Бүр болохгүй байгаа тохиолдолд дүүрэг бүрд байрлах тусгай хэрэгцээт сургуульд шалгалт өгч элсдэг.
Ахуй заслын эмчилгээний өрөө
Энэ өрөөнд хүүхдийг өөрөө өөртөө үйлчлэх болон танин мэдэхүй, сэтгэхүйг хөгжүүлэх, өдөр тутамд нь дадал болгоход дэм болдог байна. Жишээлбэл, хоолоо хэрхэн идэх, шүүгээгээ онгойлгох зэрэг дадалд сургах юм. Мөн гарын нарийн хөдөлгөөнийг сайжруулах боломжтой аж. Цогцолбороор үйлчлүүлж буй хүүхдүүд ихэвчлэн жингийн алдагдалтай байдаг байна. Тиймээс ирж байгаа хүүхэд бүрийг нэг бүрчлэн үзэж, хоол тэжээлийнх нь судалгааг авдаг байна. Ингэснээр хүүхэд бүрийн хоолыг зохицуулж, тохирох хоолыг өгдөг байна. Үүнийгээс гурав, гурван сараар хянаж, зохицуулдаг гэнэ.
Цогцолборт 80 гаруй багш, ажилчин байдаг бөгөөд нэг багшид таван хүүхэд оногддог байна. Анх Эрүүл мэндийн яамны харьяа байгуулагдаж байсан бол 2018 оноос Боловсрол, Шинжлэх ухааны яамны харьяанд оржээ. Барилгаа ашиглалтад орохоос өмнө Өнөрбүл асрамж, халамжийн төвийн ойролцоо байрлаж байгаад сүүлийн хоёр жил Зуун айлын 186 дугаар тусгай цэцэрлэгт үйл ажиллагаагаа явуулж байсан байна. Шинэхэн барилга нь дөрвөн давхар бөгөөд тэргэнцэртэй явахад хялбар аж. Тус газрын багш, ажилчид шинэ барилга баригдсанаар ажиллах орчин сайжирч, хүчин чадал нэмэгдсэнийг хэлж байсан юм.