Open iToim app
Нээлт | 3 мин уншина

Судалгаа: Чингис хаан хар тахлын улмаас нас барсан байх магадлалтай

Судалгаа: Чингис хаан хар тахлын улмаас нас барсан байх магадлалтай
Нийтэлсэн 2021 оны 2 сарын 5
Монголын нууц товчоонд Чингис хаан Тангуудыг ялсны дараа 1227 онд таалал төгссөн гэж тэмдэглэн үлдээсэн байдаг. Гэвч  Ромын эзэнт гүрнээс 2.5 дахин их газар нутгийг эзэлж, дэлхийн түүхэнд дэх хамгийн том эзэнт гүрнийг үүсгэн байгуулсан агуу байлдан дагуулагчийн үхлийн шалтгааны талаар олон эргэлзээ, тодорхой бус  таамаг яригддаг.
Ихэнх судлаач Чингис хаан биеийн ядаргаа, дайнаас авсан шарх гэмтлийн улмаас таалал төгссөн гэж үздэг. Зарим түүхч түүнийг ан авлаж явахдаа мориноос унаж, өмнө нь авсан мэсний шарх нь сэдэрсний улмаас нас барсан гэдэг бол үлдсэн хэсэг нь Чингис хаан уушгины үрэвсэл зэрэг халдварт өвчнөөр хүндээр өвчилж нас барсан байж болзошгүй гэж таамагладаг. Бүр Украины Галис-Волинийн сударт түүнийг Тангуудтай дайтаж байхдаа алагдсан гэж тэмдэглэсэн нь бий.
Тэгвэл Австралийн Аделаидын их сургуулийн судлаачид сүүлийн үеийн судалгаагаар Мянганы суут хүн Чингис хаан хар тахлын улмаас нас барсан байх магадлалтай гэх дүгнэлтийг хийжээ. Судлаачид Олон улсын халдварт өвчний нийгэмлэгийн “International Journal of Infectious Diseases” сэтгүүлийн 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн дугаарт уг судалгааг хэвлүүлсэн байна. Судалгааны тайлантай бүрэн эхээр танилцах.
Судалгааг удирдсан Аделаидын их сургуулийн палеонтологич Франческо Галасси шинжлэх ухааны “Live Science” вебсайтад ярилцлага өгөх үеэрээ энэ талаар “Өнөөгийн COVID-19 цар тахал бидэнд Чингис хааны үхлийн шалтгааныг тухайн үед гарч байсан хар тахалтай холбон авч үзэх сэдэл болсон. Их хаадын үхлийн шалтгааныг үлгэр домогтой хольж хутгах асуудал их байдаг. Гэвч сэтгэл хөдлөм, ер бусын үхлийн шалтгааныг халдварт өвчин гэх мэт илүү нийтлэг нөхцөлөөс эрэлхийлэх нь илүү оновчтой юм. Ерөнхийдөө Чингис хааны үхлийн талаарх эдгээр домгуудыг батлах хангалттай нотолгоо байхгүй” гэжээ. Тэгвэл судалгааг хамтран удирдсан Аделаидын их сургуулийн биологич Вэнпенг Ёу “Чингис хаан нас барах үедээ эрх мэдлийнхээ оргил үед байсан. Мөн дагалдагчид болон албатууд нь түүнийг хүндэлж, зарц нар нь асарч халамжилж байсан. Тиймээс энэ нь Чингис хааны үхэл улс төрийн аллага байсан эсвэл түүнийг хордуулсан зэрэг нь магадлалын хувьд тун бага юм” гэсэн байна.
Мөн судалгааны баг Чингис хаан хэрхэн нас барсан талаар олон өөр хувилбарууд гарч ирсэн нь нэг талдаа тэрээр өөрийнх нь нэр хүндийг унагах асар их сонирхолтой, Их Монголын эзэнт гүрний байлдан дагуулалтад эзлэгдэж, дагаар орсон олон дайсантай байсан. Тэдгээр нь түүнийг аль болох муугаар төгссөн мэтээр суртал ухуулга хийсээр ирсэн. Нөгөө талдаа Чингис хаанд үнэнч дагалдагчид нь үйл явдлыг чимж, түүний нас нөгчсөн шалтгааныг домог мэт болгосон байх талтай болохыг цохон тэмдэглэсэн юм
Судалгааны баг Хятадын Мин гүрний үед бичигдсэн “Юань гүрний түүх” гэх түүхэн бичвэрт анхаарлаа хандуулж, судалгааны гол эх сурвалж болгосон аж. Уг түүхэн бичвэрт “Чингис хаан Тангууд улсыг дайлаар мордсон сүүлчийн аян дайныхаа үеэр 1227 оны наймдугаар сарын 18-наас наймдугаар сарын 25-ны хооронд халуурч, бие нь тавгүйрхэн, өвчин эхэлснээс хойш найм хоногийн дараа нас барсан” гэж тэмдэглэжээ.
Тиймээс доктор Франческо Галассигийн баг урьдчилсан судалгаагаар түүнийг гэдэсний хижиг өвчний улмаас нас барсан байж болзошгүй гэж таамагласан байна. Гэсэн ч судлаачид түүхэн бичвэрт гэдэс өвдөх, бөөлжих зэрэг хижиг өвчний үеийн бусад ердийн шинж тэмдгүүдийг огт дурдаагүй болохыг онцолсон юм.
Судлаачид зөвхөн түүхэн бичвэрт тэмдэглэгдэн үлдсэн Чингис хаанд илэрсэн тодорхой өвчний эмнэлзүйн шинж тэмдгүүдийг оношлохоос гадна тухайн үед монгол цэргүүд болон тэдний дайснууд олноороо өвдөж байсан бусад халдварт өвчнүүдийн тухай мэдлэгийг цуглуулж, судалгаандаа ашигласан байна.
Аделаидын их сургуулийн археологич Мачей Хеннебергийн хэлснээр судалгааны явцад Чингис хаанд илэрсэн эмнэлзүйн шинж тэмдгүүд нь тухайн үед тархаж байсан хар тахлын шинж тэмдгүүдтэй тохирч байгаа аж.
Гэвч энэ нь бусад хувилбаруудын адил ердөө таамаг төдий бөгөөд Чингис хааны үхлийн шалтгааныг эцэслэн тогтоохын тулд шарилд нь нарийн судалгаа хийх шаардлагатай. Харин Чингис хааны шарил өнөөдрийг хүртэл яг хаана байгаа нь тогтоогдоогүй байгаа юм.  
Доктор Франческо Галасси энэ талаар “Чингис хааны шарилд судалгаа хийх боломжгүй нөхцөл байдлын улмаас түүнийг хар тахлын улмаас нас барсан гэх шалтгаан нь 100 хувь баттай биш. Гэсэн ч эмнэлзүйн хувилбарыг түшиглэсэн энэхүү таамаг нь бусад холын таамаглалуудаас илүү бодитой бөгөөд үүнийг түүхэн талаас авч үзэх нь зүйтэй” гэсэн байна. Харин судалгааны хамтран удирдсан өөр нэг эрдэмтэн болох Италийн Катаниагийн их сургуулийн антропологич, био-археологич Елена Варотто “Улс үндэстний удирдагчид өөрсдийн эрх мэдэл, хүч чадлаас үл хамааран халдварт өвчнөөр өвчилдөг, энэ нь хэн ч халдвар авах боломжтой, байгалийн үзэгдэл гэдгийг өнөөгийн цар тахал бидэнд нотлон харуулсаар байна. Тиймээс энэ мэтчилэн Чингис хааны үхэл халдварт өвчин бол аливаа улсын эрх мэдэл, хүч чадал, удирдлага төдийгүй түүхийн хүрдийг өөр зүгт эргүүлэх чадалтай болохыг харуулсан хамгийн сонгодог жишээ байж магадгүй юм” гэжээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн