“Анод” банкны үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал асан Д.Энхтөртэй ярилцлаа.
-Цахим хуудастаа хилийн хоригт орсон тул АНУ-д өвчтэй ээжийгээ асарч буй хүүхдүүд рүүгээ явж чадахгүй байгаагаа бичжээ. Яг юу болсноо дэлгэрэнгүй ярихгүй юу?
-Хоёр хүүхдийн маань ээж хорт хавдар тусаад хоёр удаагийн хүнд хагалгаанд орсон. Хагалгааны дараах эмчилгээ хийлгээд АНУ-д байгаа. Хүний газар сувилах, асрах хүнгүйдсэн тул 14 настай бага хүүхдээ өнгөрсөн жил ээжийгээ сувилаарай, хань болж хамт бай гээд явуулсан юм. Би хамт явах гэсэн боловч хилээр гаргаагүй. Хүүгээ хүнд захиж ганцааранг нь явуулсан. АНУ-д эмчилгээний зардал өндөр боловч хөөцөлдөж чадвал 90 хүртэл хувийг нь хөнгөлүүлдэг юм билээ. Том хүү маань англи хэлдээ сайн учраас ээжийнхээ юмыг хөөцөлдөг бас тэр хоёртоо хань бараа болог гээд бас явуулсан. Том хүү очсон тулдаа ээжийнхээ эмчилгээнд хөнгөлөлт олсон байна лээ.
Хүүхдүүд минь хэдий том болсон ч гэлээ “Та хүрээд ир ээ, бид гурав хэцүүдэж байна” гэж ярих болгондоо хэлнэ. Хүүхдүүд минь шилжилтийн насан дээрээ яваа учраас хүнд ачаа үүрүүлмээргүй байна. Эцэг хүний хувьд сэтгэл өвдөж, өмөрч, холоос яаж ч чадахгүй тэвдэж сууна. Хүүхдүүдээ ч санаж байна. Ээжийнх нь бие энэ хавар их муудсан. Очих хэрэгтэй байгаа. Гэвч намайг хилийн дээс алхуулахгүй байна.
-Яагаад хилээр гаргахгүй байгаа юм байна. Ямар шалтгаанаар танд хориг тогтоосон юм бол?
-Би “Анод” банкийг үүсгэн байгуулж байсан. Тухайн банк маань 2008 оны их хямралаар дампуурсанд буруутгагдсан юм. Үүнээс болж 2008-2015 он хүртэл найман жил ял эдэлсэн. 2015 онд хэцүү нэртээс гарч ирээд банк дампууруулсантай холбоотой төлөх ёстой төлбөрөө сар бүр тогтмол төлж байгаа. Өрөө тогтмол төлж, ямар байсан хэвийн амьдрал руу шилжих нь гэж байтал 2020 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор би бүх насны ялд унасан. Учир нь, тэр нэмэлт өөрчлөлтөд 50 болон түүнээс дээш сая төгрөгийн зээлтэй иргэнийг хилээр гаргахыг хориглосон юм байна. Миний төлөх нийт өр 20 тэрбум. Үүнийг сар бүр тэтгэврийнхээ 50 хувь буюу 300 гаруй мянган төгрөгөөр төлдөг. Энэ янзаараа үхтлээ төлөөд ч барагдахгүй нь ойлгомжтой. Би 2020 оны хуульд нэмэлт өөрчлөлт ороход нь тоогоогүй. “Ийм хууль батлагдсан. Гарын үсэг зур” гэж дуудахад нь гүйж очоод зурчихсан юм. Гэтэл хүний амьдралд юу ч тохиолдож болно шүү дээ. Өвчин зовлон тулж ирж, амьдралд ийм зүйл тохионо гэж хэн санах билээ. Би хууль мэдэхгүй ч энэ заалтын хорууг яс махаараа мэдэрч байна.
-Онцгой шалтгаантай бол хил нэвтрүүлэх заалт, ямар нэг гарц бий эсэхийг судалж үзэв үү?
-Би бага хүүгээ өнгөрсөн жил явуулахдаа л мэдсэн. Тэр цагаас хойш жил гарны хугацаанд хөөцөлдөж байна. Миний чадал тэнхээ хүрдэг зүйл биш бололтой. Ер нь бол яагаад ч гаргахгүй юм билээ.
Ардчилсан улсын иргэн гаднын улс руу цагаачлах эрхтэй байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 59 дүгээр заалт яг энэ утгаараа Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж эрхийг минь хясан боогдуулж байна. Монгол Улс НҮБ-д элссэн учраас хүний үндсэн эрхийг нь эдлүүлж, гадаад оронд зорчуулж, цагаачлах эрхийг нь олгох ёстой. Хүний эрхийн мэдрэмжтэй улсад ийм асуудал гарвал иргэд нь жагсаал хийж байгаа. Хүнд өөрт нь тулгараагүй болохоор анхаарахгүй байж болох юм. Манай улстөрчид амьдрал үнэхээр мэдэхгүй байна. Нэг хууль санаачлаад 30 сая төгрөг авч байвал болоо гэсэн шиг хандахаа болих хэрэгтэй. Энэ хуулиар хэсэг бүлэг хүмүүсийг эрхийг хангаж байж болох ч нөгөө хэсгийнх нь эрхийг боомилж байна.
-“Анод” банк дампуурсныг эргээд бодоход юун дээр алдсан харагддаг вэ. Та дургүйцэхгүй бол тухайн үеийн хэрэг явдлыг эргэн ярьж болох уу?
-1992 онд “Анод” хувиараа эрхлэх аж ахуй гэж байгуулагдсан. Соц нийгэм задарч, зах зээлийн нийгэм рүү орж байсан үед. “MCS”, “Монгол газар”, “Таванбогд”, “Макс” гээд бүгд хувиараа эрхлэх аж ахуйн тамга тэмдэг авч байв. Гараанаас эхлэхдээ бид гурав, дөрөвхөн хүнтэйгээр доллар авч зардаг байлаа. Гурван жилийн дараа буюу 1995 онд 20-30 хүнтэй компани болж, шат ахисан. Дахиад дөрвөн жилийн дараа 1999 онд банк болж, аажимдаа 500 гаруй хүний нөөцтэй болсон. 2000 оны эхээр Монголын зах зээлийн 80 хувийг эзэлдэг топ дөрвөн банкны нэг байлаа. Тухайн үед зах зээлийн 15, хадгаламжийн 20 хувийг барьдаг том банк байсан юм.
2008 оны их хямралаар манай банк дампуурч, 71 тэрбум төгрөгийн өрөнд унасан. 2008 оны их хямрал дэлхий нийтийг хамрахад АНУ-ын 400 гаруй банк дампуурсан. Гэхдээ нэг ч дарга шоронд ороогүй. Дампуурсан бүх банк зарагдсан. Харин тухайн үед зах зээлийн зарчмаар Монголд гурван банк дампуурснаас манай банкныхныг хорьсон. Ардчилсан намынхан “Эд нар санаатайгаар дампууруулж мөнгө завшлаа, шоронд хий” гэсэн бол Монгол Консерватив нам “Зах зээлийнхээ зарчмаар дампуурлаа, хорихгүй” гэсэн. Зөв гаргалгаа нь банкийг хөсөр хаялгүй АНУ шиг өөр хүмүүст зарж олон хүнийг хохиролгүй болгох ёстой байсан.
Эцэстээ биднийг Эрүүгийн хуулийн 156.3 гэдэг ангиллаар ялласан. Уг заалтад “Шунахайн сэдлээр банкинд их хэмжээний хохирол учруулсан” гэх зүйл анги бий. Хувийн банкинд шунахайн сэдэл гэж юу байдаг юм. Эцсийн эцэст би үүсгэн байгуулаад, 34 хувийг эзэмшдэг, миний босгосон банк байсан шүү дээ. Төр нэг ч хувь эзэмшдэггүй. Арилжааны банкуудыг Монголбанк зохицуулдаг. Тэр үед бидний 50 сая ам.долларын лицензийг хүчингүй болгосон учраас дампуурсан гэж болно. Тэгээд л бид хадгаламжтай хүмүүсийн мөнгийг буцааж өгч чадахгүйд хүрч өрөнд орсон. Хямралын үе ч давхар нөлөөлж, зах зээлд ямар ч бэлэн мөнгөний эргэлтгүй болсон. Хэн нэгэн хүний мөнгийг дарга нь дээрэмдэж авбал гэмт хэрэг байдагтай адил “Анод” банкны 50 сая ам.долларын лицензийг булааж аваад устгасан явдал ялгаагүй л дээрэм. Бидэнд тийм үнэ цэнтэй лицензийг үгүй хийчхээд дээрэм биш, цаас гэж үзээд хөсөр хаясан.
Гэхдээ тэр явдлыг бизнесийн эрсдэл гэж үзье. Банк дампуурдаг, компани дампуурдаг, улс дампуурч, дефолт зарладаг. Банкаа дампууруулчхаад бөөн асуудалд уначихсан ядаж байхад гянданд хорьсон. Идэр есийн хүйтэнд халаалт, гэрэл гэрээгүй хар нүхэнд хоригдохоор хүн чинь амьтан болдог юм билээ. Ёстой л долоон голтой гэгчээр амьд үлдсэн. Давхар дарамтлуулахаар сэтгэл зүй авах юмгүй, юу болоод байгааг бодож ч чадахгүй байв. Шүүх хурал болоод яллаж байгааг ч ухаарах сөхөөгүй байсан. Сэтгэл зүй эрүүл үед шүүхдсэн бол бид хоригдохгүй, ял авахгүй байх боломж байсан.
Тухайн үед засаг барьж байсан Ардчилсан намын дэмжлэгийг Голомт банк авдаг. Харин Худалдаа хөгжлийн банк Сангийн яам, Дэлхийн банкны дэмжлэгтэй байсан тулдаа хямралын үеийг давсан. Бид улс төрийн дэмжлэггүй, өөрийн хүчээр явдаг банк тул арчигдсан юм.
“Анод”-ын хэрэг ийм процесстой өрнөж, дууссан. Үүрэх ёсгүй байсан ялыг сэтгэл санааны шоктой үедээ, тэмцэлдэж чадаагүйгээс болж авсан. Энэ хэргээс хойш 14 жил өнгөрч, үр хүүхэд, хань ижлээсээ хол, залуу насаа хоригдож өнгөрүүлсэн. Миний залуу насыг ялласнаас гадна үлдсэн амьдралд минь шинэ хуулиар хаацайлж, бүх насаар минь яллаж байна. Би шүүхээс өгсөн ялаа эдэлсэн, өөрийнхөө боломжоор шаардлагатай нөхөн төлбөрөө төлсөөр л байгаа. Гэтэл миний зорчих эрхийг бүх насаар минь хорьж, ийм тамд унагана гэж бодоогүй. Энэ л намайг байж ядуулж байна.