УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хурлын үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Засгийн газар нууц тушаал гаргаж 750 идлэг шонхор хил давуулж зарсан тухай хөндсөн.
Энэ нь гурван Засгийн газар буюу Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх нарын Засгийн газрыг дамжсан үйл ажиллагаа бөгөөд 25 тэрбум төгрөгийн үнэлгээтэй идлэг шонхор юм байна.
Өмнө нь ч Засгийн газар идлэг шонхор худалдаах нууц тогтоол баталж, салбар яам, холбогдох албадаас наймаалснаа хүлээн зөвшөөрч байсан. Сануулбал, 2015 онд 200 идлэг шонхор хилээр гаргах тухай Засгийн газрын нууц тогтоол гарч байсан нь олон нийтэд ил болж байсан юм.
750 идлэг шонхор Засгийн газар гаргасан эсэх мэдээллийг ирэх долоо хоногт Н.Цэрэнбат сайд байнгын хорооны хуралдаан дээр нээлттэй мэдээлэл өгөхөөр болсон. Энэ талаар сайдаас тодруулахад нууцын журмаар мэдээлэл өгнө гэсэн юм.
Н.Цэрэнбат: Байнгын хороон дээр нууцын журмаар мэдээлэл өгнө
Тэрээр “Нууцын хуулиараа л асуудал явна. Байнгын хороон дээр нууцын журмаар мэдээлэл өгнө. Нууцын хуулиараа л байдаг юм байна лээ шүү” гэсэн юм.
Д.Оюунхорол: Нэг дор тийм олон шувуу гарах ямар ч боломжгүй
Харин өмнөх БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Төрийн ажлын залгамж шинж чанар үргэлжлээд явж байгаа. Энхбаяр гишүүн аливаа зүйлд үндэслэлгүй, сэтгэлийн хөдлөлөөрөө, попорсон мэдээлэл хийдэг. Улстөрч өөрөө од болгох гээд төрийн албан хаагчид руу дайраад хэрэггүй. Яагаад нууцын зэрэглэлтэй байдаг вэ гэхээр төрийн өндөр дээд хэмжээний айлчлал хийх шейхүүдийн айлчлал цаад талаасаа нэлээд өндөр шаардлага тавьдаг. Нэг дор тийм олон шувуу гарах ямар ч боломжгүй. Аль ч сайдын үед. 250-300-гийн хооронд л гаргах шийдвэр гарч байсан. Энэ жишиг өмнө ч байсан одоо ч байгаа” гэсэн юм.
Шонхор шувууг Монгол орны бахархалт шувуу гэж зарлаж, үүнтэй холбоотойгоор 2013 онд Засгийн газар тогтоол гаргаж шонхор шувууг ашиглах зорилгоор хилээр гаргахыг хориглосон. Тэгсэн хэрнээ Засгийн газар нууц тогтоол гаргаж жилд 250-300 идлэг шонхор шувууг бэлгэлдэг, худалдаалдаг бөгөөд энэ мөнгөний зарцуулалт тодорхой бус байгаа юм. Харин бусад улс орнууд шонхор шувууг экспортлохыг хориглосон хуультай бол манай улс л экспортолдог аж.
Шонхорын гадаад зах зээл дэх жишиг үнийг тогтоосон Засгийн газрын 112 дугаар тогтоолыг хамгийн сүүлд 2009 онд баталсан байдаг. Тус тогтоолд зааснаар арабууд нэг шонхор барихад 11760 ам.доллар буюу 24 орчим сая төгрөг байдаг юм байна.