Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас залуучуудын хөгжил, оролцоог дэмжих Залуучуудын хөгжлийн төвийн мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх арга хэмжээ зохион байгууллаа.
Энэ үеэр залууст тулгамдаж буй асуудал түүний гарц шийдлийн талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэтэй ярилцлаа.
-Та ярилцлагынхаа эхэнд сургалтын ач холбогдлыг тайлбарлаж өгнө үү.
-Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд 21 аймаг, 9 дүүрэг, 9 сумд Залуучуудын хөгжлийг дэмжих төв байгуулагдан ажиллаж байна. Сургалтаар залууст зориулсан үйлчилгээг хэрхэн хүргэх, цаашид залууст зориулсан ямар арга хэмжээг авах талаар ярилцлаа.
Төдийлөн анхаарлын төвд байдаггүй байсан асуудлуудад Залуучуудын хөгжлийг дэмжих төвүүд анхаарч эхэлсэн. Тухайлбал, хорихоос суллагдсан залууст зориулсан хөтөлбөртэй боллоо. Хорих ял эдэлж буй залуус, өсвөр үеийнхнийг нийгэмд гарахаас нь өмнө нийгэмшихэд нь тусална. Өөрөөр хэлбэл, тэднийг ажлын байранд холбон зуучилж, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, гэр бүл төлөвлөлтийн сургалтад хамруулах, их дээд сургуульд холбох зуучлах зэрэг ажлыг хийж байна.
Мөн асрамжийн төвөөс гарч буй залууст зориулсан хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тодруулбал, асрамж, халамжийн төвд байж байгаад 18 нас хүрээд гарч байгаа залууст ажлын байртай, гэр оронтой болоход нь дэмжлэг үзүүлэх юм. Тухайн хүүхдийн амьдрал эрсдэлтэй нөхцөлд байсан учраас л төрийн хамгаалалтад 18 жил байсан гэсэн үг шүү дээ. Ингээд тухайн хүн бие даагаад нийгэмд гарахад нь дэмжиж туслах зайлшгүй шаардлагатай юм. Энэ хүүхдийг 18 нас хүртэл нь төрөөс дааж авч явсан, одоо болно гэдэг хандлагаар хандаж ерөөсөө болохгүй. Бидний хэрэгжүүлсэн хөтөлбөр эхнээсээ үр дүнгээ өгч асрамжийн газраас гарсан зарим залууг түрээсийн орон сууцад оруулж, ипотекийн зээлд хамруулан ажлын байраар хангаад байна.
-Залуусын хөгжлийг дэмжихэд бодлогын ямар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?
-Залуусын оролцоог дэмжих чиглэлд 2021 онд Залуучуудын хөгжлийн зөвлөлийг байгуулсан. Одоо 10 мянга гаруй залуу нэгдсэн байна. Ингэж нэгдсэнээр өөрсдийн дуу хоолойгоо орон нутгийн Засаг дарга, салбар яам, удирдлагуудад, шийдвэр гаргах түвшний хүмүүст хүргэх боломжтой боллоо. Энэхүү зөвлөлийн салбар зөвлөлүүд улс орон даяар байгуулагдсан. Тиймээс сумын дарга нь залуусаа сонсох, оролцоог хангах үүрэг хүлээж байна. Цаашдаа сумын, хорооны засаг дарга залууст зориулсан хөгжлийн хөтөлбөртэй байх шаардлага тавина.
Түүнчлэн цахимаар сэтгэл зүйн, эрүүл мэндийн, хууль эрх зүйн зөвлөгөө өгч байна. Мөн Наркологийн эмнэлэгтэй хамтран хорт зуршилгүй залуу үйлчилгээг хүргэж байгаа юм. Ямар нэг хорт зуршилгүй болмоор байгаа залууст зөвлөгөө, зарим тохиолдолд хэвтэн эмчлүүлэх үйлчилгээг хүргэх боломжтой. Үүнээс гадна мэргэжлээ шинээр сонгох гэж буй өсвөр үеийн залуус цахимаар зөвлөгөө, мэдээлэл авч болно.
-Залуучуудын хөгжлийн төв монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг юм байна. Тус төвөөс өсвөр үе, залууст тулгамдаж асуудлыг юу гэж тодорхойлж байна вэ. Цаашид тэрхүү асуудлууд дээр ямар арга хэмжээ авч ажиллах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?
-Залуусын асуудлыг өргөн хүрээнд харвал олон асуудал бий. Нэн тэргүүнд шийдэх ёстой асуудал гэвэл хорт зуршил, гэр бүл салалт, ажлын байр, өсвөр насны охидын жирэмслэлт зэргийг нэрлэмээр байна. Мөн нэн тулгамдсан асуудал гэвэл мэргэжилтнүүдийн тогтвортой байдал. Ялангуяа орон нутагт байгаа залуусаа дэмждэг болох хэрэгтэй байна.
Цаашид цэргийн ангид алба хааж буй залууст гэр бүл төлөвлөлтийн боловсрол олгож эхлэх хэрэгтэй гэж үзээд ажил нь эхэлсэн. Залуу хүн цэргийн ангид алба хааж байхдаа гэр бүл төлөвлөлтийн талаар боловсролтой болсноор ирээдүйд гэр бүл салалтаас урьдчилан сэргийлэх боломжтой. Мөн цэргийн ангид буй залуусыг ажлын ур чадварт бэлтгэх шаардлагатай. Үүнд анхааран ажиллана.
-Сүүлийн үед залуусыг ажил хийж чадахгүй байна, түүнээсээ бол ажлаасаа гарч байна гэх шүүмжлэл нийгэмд их явах боллоо. Энэ чиглэлд хандаж хэрхэн ажиллаж байна вэ?
-Тогтвортой ажиллана гэдэг маш чухал. Тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэхийн тулд тухайн хүнийг ажлын талбар дээр гарахаас нь өмнө ажил, хөдөлмөрт бэлдэх хэрэгтэй юм. Ирээдүйд ямархуу ажил хийгээд нийгэмдээ хувь нэмэр оруулах тэр ур чадварыг их, дээд сургуульд эзэмшүүлэх шаардлага бий. Залуучуудын хөгжлийн төвүүдийн мэргэжилтнүүдийн уулзалтад их, дээд сургуулийг дөрвөн жил сураад төгссөн бол ядаж нэг гадаад хэлийг бүрэн эзэмшээд төгсдөг байх хэрэгтэй гэдэг саналыг хэлж байна. Энэ саналыг их, дээд сургуулиудад уламжилж, ажил хэрэг болгох болно.