Шинэ хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбогдуулан сургууль, цэцэрлэгт орох гэж буй хүүхдийн сэтгэл зүйг хэрхэн бэлдэх талаар “Good neighbors” олон улсын төрийн бус байгууллагын сэтгэл зүйч Г.Хулантай ярилцлаа.
-Цэцэрлэгт шинээр орж байгаа хүүхдүүд хамгийн эхлээд уйлдаг. Сургуульд орж буй хүүхдүүд ч уйлах тохиолдол бий. Энэ нь сэтгэлзүйн тогтворгүй байдал, орчиндоо дасахгүй байгаагаа илэрхийлж буй үйлдлийн нэг. Гэхдээ олон долоо хоногоор уйлаад байвал яаж засах вэ?
-Уйлах нь хэвийн үзэгдэл. Энэ бол ямар нэгэн асуудал биш. Харин цэцэрлэг дээрээ хүүхдүүдтэй тоглохгүй, тэгсэн хэрнээ ээж, аавыгаа дагаж уйлахгүй байгаа нь хэвийн бус байгаа шинж юм. Энэ үед эцэг, эхчүүдийн гаргадаг нийтлэг алдаа нь хүүхдээ цэцэрлэгт нь оруулж өгчхөөд баяртай гэж хэлэлгүй, гэнэтхэн явчихдаг. Энэ үед хүүхдэд хамгийн хайртай хүмүүс нь хаяад явчихлаа, танихгүй, аймар газар дандаа байх нь гэсэн айдас төрж, хүнд цохилт болдог. Тиймээс хүүхдэдээ баяртай гэж заавал хэлэх хэрэгтэй. Мөн ээж нь ажлаа тараад ирнэ, удахгүй ирж авна зэрэг тодорхойгүй цаг хэлдэг. Иймд чамайг цэцэрлэг дээрээ очоод тоглоод, унтаад, хоолоо идээд, шинэ зүйл сураад байж байх үед нь ээж нь ажлаасаа тараад ирж авна гэж, хийж буй үйлдлээр нь ойлгуулах хэрэгтэй. Мөн эцэг, эхчүүд хүүхдээ ажил дээрээ авчраад чамайг сургуульдаа, цэцэрлэгтээ явчихсан үед ээж нь энд ажлаа хийдэг гэж бодит зүйл харуулах хэрэгтэй. Учир нь хүүхэд яг ямар ажил хийгээд байгааг төсөөлж чадахгүй шүү дээ.
-Мөн эцэг, эхчүүд уйлахгүй байх юм бол чихэр өгнө гэх зэргээр аргадахыг оролддог. Энэ нь ямар үр дагавартай вэ?
-Тийм. Ийм хэвшилд сургачихаар өөрийнхөө хүссэн зүйлийг авахын тулд уйлах аргыг ашигладаг болох талтай. Аав, ээжүүд хүүхдийнхээ асуудлыг хурдан шийдвэрлэхийн тулд утас, чихэр, ундаа аваад өгчихдөг. Нэг ёсондоо, хүүхдэд өөрт тулгарсан асуудлаа өөрөө шийдвэрлэх боломж олгодоггүй. Үүнээс болоод найзуудтайгаа тохиролцож, буулт хийж чадахгүйгээс болоод найзтай болж чадахгүй байдалд хүрнэ. Орчин үед ийм дүр зураг их ажиглагддаг. Тиймээс хүүхдэдээ тухайн асуудлыг хэрхэн шийдэж даван туулж болох аргыг заах хэрэгтэй.
1.5 НАСТАЙГААС НЬ ЦЭЦЭРЛЭГТ ЯВАХ БЭЛТГЭЛИЙГ ХАНГАХ ХЭРЭГТЭЙ
-Тэгвэл хүүхдэд цэцэрлэг, сургууль бол аймар газар биш гэдгийг яаж ойлгуулах вэ?
-Хүүхдэдээ тоглоом болон номоор дамжуулж цэцэрлэг, сургууль гэж ямар газар байдаг болохыг ойлгуулах хэрэгтэй. Би хүүхдээ цэцэрлэгт ороход нь “Миний цэцэрлэг” гэдэг ном авч, уншиж өгдөг байсан. Мөн тоглоомон амьтдаар цэцэрлэгийн үйл явдлыг дүрслэн харуулдаг. Ингэхдээ өглөө хонь ээж нь хүргэж өглөө, орой хонь аав нь авч байна гэж, цэцэрлэгт хэн ч үлдэхгүй, орой болохоор бүх хүүхдүүдийг аав, ээж, ах, эгч нь ирж авдаг гэдгийг тоглоомоор ойлгуулбал айдасгүй байна. Ер нь 1.5 настайгаас эхлэн цэцэрлэгт явахад нь бэлдэх хэрэгтэй. Мөн эцэг, эхчүүдийн түгээмэл гаргадаг хэд хэдэн алдаа байна. Жишээ нь, хүүхдийг багшаар нь айлгадаг. Хүүхэд өдөржингөө аав, ээжийн хэлээд байгаа аймар хүнтэй хамт байна шүү дээ. Тиймээс багшийг мангас мэтээр төсөөлүүлснээр ойлгоогүй зүйлээ багшаасаа асууж чаддаггүй байдалд хүрнэ. Түүнчлэн аав, ээжүүд хүүхдээ сургууль, цэцэрлэгээс нь авахдаа багшдаа загнуулсан уу, хүүхэд зодсон уу, хоол өгсөн үү гэж асуудаг. Энэ нь хүүхдэд аюултай, сөрөг холбоог бий болгодог юм. Тиймээс хүүхдээ авахдаа юу сурсан бэ, түүнийгээ ээж, аавдаа зааж өгөх үү гэж асуувал сургууль, цэцэрлэг гэдэг бол мэдлэг олж авдаг, суралцдаг, өөрийгөө хөгжүүлдэг газар гэсэн ойлголт бий болгоно. Мөн эцэг, эхчүүд дүн дээр маш их ач холбогдол өгдөг. Тэгээд хэдэн таван хошуу авсан. Тавыг авсан юм уу ямар мундаг юм бэ, сайн байна, чи хамгийн шилдэг нь зэрэг үг ашиглаад байхаар чадахгүй зүйл гарах үед мундаг гэдгээ харуулж чадахгүй болж, хэцүү зүйлээс зугтах хандлага ажиглагддаг. Үүнээс болж бусдын магтаалаас хамааралтай болчих талтай. Хэрэв чи хичээлээ сайн хийвэл улам илүү ухаантай болж чадна гэх зэргээр хичээл зүтгэлийг нь үнэлэх хэрэгтэй. Би дутуу хийж байсан болохоор л чадахгүй байж, дахиад жоохон хичээвэл болно гэсэн өсөх сэтгэлгээг ойлгуулах ёстой юм. Чи чадахгүй байж болно, ээж нь багадаа бас ингэдэг байсан. Харин сурахын тулд дахин дахин хийж, бэлдсэнээр чаддаг болно гэх зэргээр үлгэрлэж ярьж өгөх хэрэгтэй.
ХҮҮХЭД ШИНЭ ОРЧИНД ДАСАН ЗОХИЦОХЫН ТУЛД СТРЕССТДЭГ
-Хүүхэд сургууль, цэцэрлэгт яваад эхлэхээр ааш зан өөрчлөгдөх хандлага гардаг. Энэ нь юунаас шалтгаалж байгаа вэ?
-Энэ үед нь эцэг, эхчүүд хэнээс сураад байгаа юм гэдэг. Гэвч хүүхэд цэцэрлэг дээрээ өөрийнхөөрөө байж, дасан зохицож чадахгүй байгаагаас болоод стресст ордог юм. Ер нь шинэ орчинд дасан зохицох нь стресс бий болгодог юм. Шинэ орчинд хэцүү байгаа учраас гэртээ ирээд өөрийнхөөрөө байж, хүссэн зан авираа гаргадаг. Тиймээс эцэг, эхчүүд тоглоомоор дамжуулж, баримлын шавар, элс, усаар тоглож, ямар нэг юм цохиулж стрессийг нь тайлах хэрэгтэй. Яагаад гэвэл хүүхэд цэцэрлэгт байхдаа багшдаа юм хэлж чадахгүй, хүүхдүүдээс айгаад ойртохгүй суугаад л байдаг. Энэхүү дасан зохицох үеийг эцэг, эхчүүд хүндрүүлдэг бөгөөд хүүхдээ цэцэрлэгт орохоос нь өмнө хэсэг хугацаанд ч хол байж үзээгүйгээс болдог. Тиймээс цэцэрлэгт явж эхлэхээс нь өмнө бага багаар хүүхдээс хол байх хэрэгтэй. Эхлээд ээж нь дэлгүүр орчихоод ирье, баяртай гэж гараад, ирэхдээ ээж нь дэлгүүр орчихоод ирлээ гэж хэлснээр хүүхдэд ээж яваад, буцаад ирдэг гэдэг ойлголтыг бий болгох юм.
-Эцэг, эхчүүд өөрсдөө ямар бэлтгэл хийх хэрэгтэй байдаг бол?
-Хүүхэд цэцэрлэгтээ хурдан дасах уу, удаан дасах уу гэдэг нь эцэг, эхээс хамгийн их шалтгаалдаг. Тиймээс сэтгэл зүйн бэлтгэлтэй байх ёстой. Зарим эцэг, эхчүүд миний хүүхэд чадахгүй байна, цэцэрлэгтээ дасахгүй байна, жоохон, нялхаараа байна гээд цэцэрлэгтээ дасахад нь туслахгүй байж, гаргачихдаг. Хүүхдийг маань дээрэлхвэл яах вэ, шээе гэж хэлж чадахгүй шүү дээ гэх зэргээр хүүхдээ тавьж, явуулж чаддаггүй. Ийм байдал үүсгэхгүйн тулд хүүхдээ багаас нь бие дааж сургах хэрэгтэй. Бие даах чадварыг нь хөгжүүлчихвэл хүүхэд итгэлтэй байж чадна.
-Сургуульд орохоор даалгавар хийх хэрэгтэй болдог нь хүүхдэд ачаалал, бэрхшээл мэт санагдаж, шантрах үе ч гардаг. Эцэг, эхчүүд хэрхэн туслах ёстой вэ?
-Хүүхэд өмнө нь тоглонгоо суралцдаг байсан бол одоо сууж суралцах өөр шат руу шилжиж байгаа учраас удаан сууж, хүссэнээрээ хөдөлж болохгүй болж, даалгавар өгч эхэлдэг учраас сургуульд орохоос нь өмнө ширээний тоглоом ашиглан бага багаар удаан суулгаж сурган сонирхолтой аргаар гарыг нь зүгшрүүлэх хэрэгтэй. Мөн эцэг, эхчүүд хүүхдүүдээ ангийнх нь хүүхдүүдтэй харьцуулж, загнах нь нэмэгддэг. Хүүхдээ багаас нь хүнтэй харьцуулаад байхаар өсвөр насандаа өөртөө итгэх итгэлгүй болсон тохиолдол нийтлэг ажиглагддаг. Тиймээс даалгавар гэдэг бол чиний хариуцлага, өөрийнхөө төлөө хийж буй зүйл гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Бие дааж хийлгээд чадахгүй зүйл байвал аав, ээж нь туслахад бэлэн байгаа шүү гэдгийг ойлгуулах нь чухал. Мөн хүүхдийн мөрөөдөлтэй холбож одоо сураад, хариуцлагатай байж чадвал хүссэн мэргэжлээрээ сурч, ажиллаж чадна гэх зэргээр ойлгуулж болно.
-Сургуульдаа явах дуртай болгохын тулд юу хийх хэрэгтэй вэ?
-Бусадтай харьцах чадварыг хөгжүүлэх хэрэгтэй. Ингэхдээ найздаа туслах, хүүхэдтэй танилцахын тулд юу гэж хэлэх, өөр хүүхдүүдтэй яаж харилцахыг зааж өгөх хэрэгтэй юм. Хүүхдээ тоглоомын талбай руу дагуулж яваад бусад хүүхдүүдтэй хэрхэн харьцаж байгааг ажиглаад үз. Ингэхэд бусадтай танилцаж чадахгүй, ичээд байдаг хүүхэд байвал, “Сайн уу, хоёулаа хамт тоглох уу, найзууд болох уу” гээд гар барьж танилцахыг заах хэрэгтэй. Үүнийг хүүхдэдээ зааж л өгөхгүй бол хийж мэдэхгүй шүү дээ. Мөн сургуульд орох хүүхдүүдийг өөрийгөө удирдах чадварт сургах ёстой. Сургууль дээр өөрийнхөө дургүй, сонирхолгүй зүйлийг удаан хугацаанд хийх шаардлага гарах учраас сургуульд орохоос нь өмнө сонирхолгүй зүйл хийлгэж төсөөллөө ашиглан яаж сонирхолтой болгож болох талаар ярьж өгөх эсвэл элсэн цагийг харуулж байгаад элс бүгдээрээ унаж дуусахаар өөр зүйл хийнэ гэж хэлж, өөрийгөө удирдахад тусалснаар сонирхолгүй зүйлээ хийж сурна.