Хятадын эрдэмтэн Хэ Жянкүй нь генетикийн инженерчлэлийн арга буюу “CRISPR” технологийн тусламжтай генийн засварлалт хийгдсэн ихэр охидыг төрүүлсэн билээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон энэ үйл явдал нь шинжлэх ухааны асар том нээлт ч гэлээ маш их шүүмжлэл дагуулсан юм.
Үүний улмаас генетикийн инженерчлэлийн аргаар хэрхэн хүүхэд төрүүлсэн бэ гэдэг зүйл асуулт хэвээр үлдсэн юм. Тэгвэл энэ бүхнийг тайлбарласан нэгэн нийтлэл “insider” сэтгүүлд хэвлэгдсэнийг орчуулан хүргэж байна. Тус нийтлэлээр генийн засварлалт хийх явдал нь эдгэшгүйд тооцож байсан өвчнүүдийг эмчлэх боломж болж, ирээдүйд олон сая хүний амь насыг аврах чухал нээлт гэдгийг онцолсон байна. Мөн үүний дүнд зуу зуун жилийн дараа гарч болох үр дагавруудыг тайлбарласан байна. Ингээд энэхүү нийтлэлийг хураангуйлан хүргэж байна.
Анх 2011 онд медуз загас буюу далайн нялцгай биетээс гаргаж авсан генийг өндгөнд суулгах туршилт амжилттай хэрэгжсэн байна. Үүний дараа муурын генийг өөрчилж, ДОХ-ын халдвар авахаас сэргийлж чадсан юм. Муурын ген хүнийхээс тийм ч ялгаатай биш байдаг байна. Тухайлбал, хүний ДНХ-ын 90 орчим хувь нь муурынхтай төстэй байдаг аж. Тиймээс хүнд генетикийн инженерчлэл хийж болох бололцоо бодитоор бий болсон байна.
Чухам яагаад хүн одоо байгаагаасаа бага зэрэг өндөр болж, үс, нүдний өнгөө өөрчилж, эрүүл шүд, эрхтэнтэй байж болохгүй гэж. Ингэхийн тулд хүний зургаан тэрбум орчим генийн код дотор зохиомол генийг оруулах шаардлагатай болох аж. Гэхдээ хүссэн үр дүндээ хүрэхийн тулд генийн мутацыг зохицуулах шаардлагатай юм. Гэхдээ хамгийн том эрсдэл нь зохиомол ген нь генийн мутацад орж 6000 орчим өвчлөлийг хүнд үүсгэж болох аж.
Тиймээс “CRISPR” технологийг ашиглан маш хялбараар генийн мутацыг зохицуулах боломжтой юм. Энгийнээр тайлбарлавал “CRISPR” нь тодорхой бактериас гаргаж авсан тусгай уураг болон нэгдлүүд аж. Эдгээр уургууд нь вирусийн халдвар зэрэг дайралтаас бактерийг хамгаалах зорилготой юм. Эрдэмтдийн хувьд үүнийг хэрхэн генийн мутацад нөлөөлж, хүний гентэй холбоотой өвчлөлд холбох вэ гэдэг шийдэл олох шаардлагатай болсон байна.
Ингээд эрдэмтэд тухайн сонгосон генд “CRISPR”-ыг шууд чиглүүлэх шийдлийг олсон юм. Товчхондоо тухайн хүний өөрчлөхийг хүсэж буй генийг илрүүлэн устгаж, дараа нь шинэ буюу өөрийн хүссэн эрүүл генээр орлуулах юм. Хүний генийн засварлалт ийм зарчмаар хийгддэг байна.
Гэхдээ хүний генд засварлалт хийх ажиллагаа маш хурдан хийгддэг ч үүнээс гарах үр дүн нь хэдэн зуун жил үргэлжлэх аж. Ялангуяа үр хөврөлийн ДНХ-д засварлалт хийснээр маш урт хугацаанд буюу хэдэн үеэрээ үр дүнг нь хүртэх юм. Учир нь үр хөврөлийн эсүүд нэгээс хэдэн зуун сая, түүнээсээ хэдэн тэрбум болж хуулбарлагддаг байна. Энгийнээр тайлбарлавал та “CRISPR” ашиглан хүүхдээ өөрийн хар үсний өнгийг дурайлгаж бус шар үстэй болгон төрүүлж болох юм. Гэхдээ таны хүүхдийн хүүхдүүд гээд танаас хойших хэдэн үеэрээ цаашид шар үстэй болох аж. Тиймээс л дээр дурдсан үр хөврөлд хийсэн судалгааны ажлын материалуудыг бүгдийг нь устгасан байна.

Хятадын эрдэмтэн Хэ Жянкүй нь “CRISPR”-ыг ашиглан хүмүүсийг ДОХ-ын халдвар авахыг зогсоохыг оролдсон аж. Түүний төрүүлсэн хоёр ихэр охин нь ДОХ-ын халдварын эрсдэлээс айхгүй байж болох болсон юм. Гэвч маш олон хүний эрхийн төлөө тэмцэгчид эдгээр охидыг өөрсдөө ч мэдэлгүй туршилтад орсон учир эсэргүүцэж байгаа аж. Мөн олон тооны эрдэмтэд Хэ Жянкүйны туршилт амжилттай хэрэгжсэн ч хойшид хэтэрхий их эрсдэл дагуулж болохыг хэлж байгаа юм. Тухайлбал засварлалт хийсэн генээс болж охид ирээдүйд хорт хавдраар өвчилж болох аж. Дээрээс нь хэрвээ туршилтын явцад охидын эрүүл ген өртсөн бол цаашид хүн төрөлхтөн огт харж байгаагүй удамшлын шинэ өвчин ч бий болж болох магадлалтай юм.
Үнэхээр туршилтаар “CRISPR” нь хүн төрөлхтнийг элдэв өвчнөөс сэргийлж болохыг батлан харуулсан ч цаашид ямар үр нөлөө гарч болохыг хэн ч таамаглаж мэдэхгүй юм.
Эх сурвалж: thisisinsider