Олон улсын валютын сангийн Монгол Улсад дахь суурин төлөөлөгч Юн Сок Хёны Монголын эдийн засгийн нөхцөл байдлын талаар өгсөн ярилцлагаас эрх баригч, бодлого тодорхойлогчид анхаарвал зохих санааг тоймлон хүргэж байна.
Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн идэвхжил сул байгаа энэ үед Орос-Украины хямрал хурцадсан нь Монгол Засгийн газар, Монголбанкинд бодлогын дараах хоёр хүндхэн сонголтыг тулгаж байна.
Эмзэг бүлэгт дэмжлэг үзүүлэх үү, төсөв гадаад секторыг хамгаалахад анхаарах уу
Инфляцыг бууруулах уу, эдийн засгийн сэргэлтийг хамгаалах уу гэсэн сонголтын өмнө байна.
-Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн цаашдын төлөв маш тодорхой бус байна. Инфляц он дуустал /2022/ 10-аас дээш хувьд байхаар байна.
-Төр засгаас цар тахлын эсрэг бодлогоор дэмжлэг үзүүлсний үр дүнд Монгол Улсын гадаад өрийн хэмжээ үлэмж нэмэгдэж, хүүгийн түвшин нэмэгдсэн өрийн эргэн төлөлтийг илүү өндөр өртөгтэй болгож байгааг анхааруулжээ.
-Төсвийн бодлогын тухайд төсвийн алдагдлыг бууруулах олон төсвийн хөрөнгөөр дэмжлэг үзүүлсэн гэсэн хоёр зорилтыг зохистой байдлаар хангаж явах ёстой. Эдийн засагт үүссэн цочролын үр дагаврыг арилгах зорилгоор төсвөөс нэмж өгөх аливаа дэмжлэг урт хугацаанд бус түр зуурын бөгөөд зорилтот бүлэгт чиглэсэн байх ёстой.
-Засгийн газар төсвийн алдагдлыг багасгах замаар гадаад өрөө бууруулж, бүтцийн өөрчлөлт хийх замаар төсөв дээр урт хугацаанд ирэх дарамтыг хөнгөлж, гадаад өрийн удирдлагыг боловсронгуй болгож, дотоодын өрийн зах зээлийг хөгжүүлэх замаар гадаад зээллэгт найддаг байдлаа багасгах хэрэгтэй.
-Хэдий нөхцөл байдал хүндхэн байгаа ч Засгийн газар бүтцийн өөрчлөлтийн томоохон зорилтуудаасаа ухралгүй, төлөвлөсөн ажлуудаа үргэлжлүүлэн бүрэн дүүрэн хэрэгжүүлэх нь зүйтэй. Нэн ялангуяа, засаглалыг сайжруулах, авлигыг бууруулах замаар бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, тэтгэврийн шинэчлэл, төсвийн бүтцийн шинэчлэл, төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагыг боловсронгуй болгох, татварыг шатлалтай болгох, санхүүгийн салбарын шинэчлэл явуулах зэрэг байна.
-Цаашдын төлөвийг харвал, бидний тооцоолж байсан цар тахлын дараах томоохон сэргэлт удааширч болзошгүй байна. Экспорттой холбоотой тээвэр, логистикийн хүндрэл бэрхшээлүүд энэ оныг дуустал шийдэгдэхгүй болов уу. Түүнчлэн, газрын тосны үнийн цочир өсөлт дотоодын эдийн засгийн сэргэлтэд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Ер нь гадаад нөхцөл байдал Монгол Улсын эдийн засгийн төлөвт сөргөөр нөлөөлөхийг анхааруулж байна.
-2024 оны дундуур УИХ-ын сонгууль болох учир Монгол Улс урт хугацааны бэрхшээлүүдээ шийдвэрлэх бат бөх суурийг бий болгоход чиглэсэн бодлогын шинэчлэлүүдийг зоригтой хэрэгжүүлэх боломж 2022, 2023 онуудад гарч ирж байна.
-Үнийн өсөлт инфляцын хүлээлтэд хэрхэн нөлөөлж байгааг Монголбанк байнга ажиглаж байх зүйтэй. Мөнгөний бодлогын байр суурийг өөрчлөхдөө тоон өгөгдөлд суурилсан аргачлалыг ашиглах нь мөнгөний бодлогод итгэх итгэлийг хадгалж үлдэхэд чухал байх болно.
-Мөнгөний бодлогын үр дүнг төсвийн тэлэлт хязгаарладаг учраас Монголбанкнаас хэрэгжүүлдэг төсвийн шинж чанартай үйл ажиллагааг зогсоохыг бид эрхнээс өвлөж ирсэн.
-Цалин хөлс, үнийн эргүүлэг үүсч эхэлбэл мөнгөний бодлогыг цаашид хатууруулах шаардлагатай.
-Монголбанкны гадаад валютын нийт албан нөөцийн хэмжээ импортын хэрэгцээг хангах талаасаа хүрэлцээтэй харагдаж буй боловч Монгол Улсын их хэмжээний өр, импортын хэт их хамаарлыг харгалзан үзвэл хангалтгүй байна. Иймд, валютын ханш зах зээлийн зарчмаар явах боломжийг Монголбанк саяхнаас олгосон нь зүйтэй.
-Гадаад төлөв байдал маш тодорхой бус, мөн 2023 онд төлөгдөх ёстой их хэмжээний гадаад өр байгааг харгалзан үзвэл Монгол Улс хэд хэдэн гадаад цочролтой нүүр тулж байна. Ийм үед гадаад валютын ханшийн цочролыг өөртөө шингээчийн үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх нь чухал байна. Иймд гадаад валютын интервенц нь зах зээлийн огцом савлагааг зөөлрүүлэхэд чиглэх ёстой.
-ОУВС Монголын арилжааны банкуудын хувьцааг нийтэд санал болгох хугацааг хойшлуулах нь зүйтэй гэж бодож байна. Энэ хооронд Монголбанк хөндлөнгийн этгээдээр гүйцэтгүүлсэн активын үнэлгээн дээр үндэслэн банкуудын тайлан тэнцэлд дүн шинжилгээ хийх боломжтой болно. Монгол Улсын хөрөнгийн жижиг зах зээл дээр томоохон IPO хийгдсэн түүх одоогоор байхгүй учраас банкуудын IPO хийх хугацааг хойшлуулснаар IPO-г амжилттай хийхэд шаардлагатай урьдчилан нөхцөлийг хангахын зэрэгцээ нөөц төлөвлөгөө боловсруулж авах боломж бүрдэнэ.