Open iToim app
Нийгэм | 4 мин уншина

Ч.Батмөнх: Халдварт бус өвчлөлийн гол шалтгаан бол архи, тамхи

Ч.Батмөнх: Халдварт бус өвчлөлийн гол шалтгаан бол архи, тамхи
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2017 оны 12 сарын 20
Албан байгууллага, хувь хүмүүс ямар нэгэн баяр тэмдэглэх нэрийдлээр архи согтууруулах ундааны хэрэглээгээ хэтрүүлэн хэрэглэж эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол гардаг. Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтэн Ч.Батмөнхтэй  ярилцлаа.
-Шинэ жилийн баяр тэмдэглээд эхэлсэн энэ үед танай байгууллагын зүгээс иргэдэд архи согтууруулах ундаатай холбоотой ямар санамж анхааруулга өгч байна вэ?
-Манай төв иргэдэд зориулж архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх анхааруулга гаргаж байна. Мөн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхийн хор хөнөөлийг таниулсан мэдээлэл гаргаж, ярилцлага өгч байгаа. Ер нь манай улсын хэмжээнд жилдээ 40 гаруй баяр, ёслол тэмдэглэж байна. Иргэдийн хувьд эдгээр баяр нь архи уух нэг шалтгаан нөхцөлийг бүрдүүлж байна гэж хэлж болно. Архины хэрэглээгээ хувь хүн өөрөө л хянаж чадна. Хайртай гэр бүлийн чинь хэн нэгэн болон өөрөөс чинь өөр хэн нэгэн таны архины хэрэглээг хянаж чадахгүй. Түүнээс биш бусад хүн илүү уулгахыг бодно л доо. Тэгэхээр өөрийгөө хянаж чадна гэдэг бол урлаг. Өөрийгөө хянаж сурснаар ямар нэгэн хорт зуршилд автахгүй байж чадна гэсэн үг юм.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ЭМЯ-тай хамтарсан судалгааг 2013 онд 6000 гаруй хүний дунд явуулсан байдаг. Энэ судалгаанаас үзвэл  нэг жилд согтууруулах ундаа хэрэглэсэн хүн амын тоо 64.6 хувь байна. Үүнээс эрэгтэй 74.5,  эмэгтэйчүүд 54.8 хувийг эзэлж байна. Тэгвэл нэг сард архи согтууруулах ундаа хэрэглэсэн хүн амын тоо 36.3 хувийг эзэлж байна. Ер нь архины хэрэглээ хэдий чинээ их байна, тэр хэмжээгээр нийгэмд хор уршиг их байна.
Манай улсад одоогийн байдлаар спиртийн зургаа, архины 56, виноны нэг, пивоны 19 үйлдвэр ажиллаж байна. Эдгээр үйлдвэр 24 цагаар ажиллаж байна. Дээрээс нь телевиз, радиогоор оройн цагаар архи, согтууруулах ундааны зар сурталчилгаа их гарч байна. Зар сурталчилгаа гэдэг бол тухайн хүний авах, идэх хүслийг төрүүлдэг зүйл шүү дээ. Тиймээс энэ сурталчилгааны тоо хэмжээг багасгах хэрэгтэй гэж боддог. Согтууруулах ундааны сурталчилгааг хараад хувь хүнд өөрийн эрхгүй архи, пиво уух хүсэл төрж байгаа шүү дээ. Түүнчлэн архины хор хөнөөлийг иргэдэд илүүтэй дэлгэрэнгүй сурталчлах хэрэгтэй байгаа юм.
-Архи согтууруулах ундааны хүний биед үзүүлэх гол хор хөнөөл нь юу вэ?
-Ер нь архи бол хортой юу хортой. Хүний цусан дахь архины хэмжээ 006 хувь болоход л үхлийн аюултай гэсэн үг. Харин 005 байх нь тухайн хүнийг гүн согтолтой байгааг харуулдаг. Тэгэхээр цагдаа нар иргэдийн архи уусан эсэхийг шалгаж согтолтын хэмжээг тогтоохын ач холбогдол өндөр байгаа биз.
Хүний элэг, ходоодны үйл ажиллагаанаас хамаараад согтолтын төвшин янз бүр байна. Жишээлбэл, харахад эрүүл юм шиг хэрнээ согтчихсон хүн байдаг. Ийм төрлийн хүн маш аюултай. Яагаад гэвэл гудамжинд гараад согтолт нэмэгдэж, хаа нэгэн газар осгох, хөлдөх магадлал өндөр гэсэн үг. Энэ  төрлийн гашуун туршлага бидэнд их бий. Энэ эрсдэлээс хүн бүр хайртай дотнын хүнээ хайрлан хамгаалахын тулд байнгын хяналт хэрэгтэй. Хяналтгүй орхисноос хүний алтан амь эрсдэх хүчин зүйл бий болдог.
Халдварт бус өвчлөлийн гол шалтгаан нь архи, тамхи байдаг. Архи согтууруулах ундаа их уусан  хүний зүрх, элэг өвдөж, тархины хэвийн үйл ажиллагаа алдагдаж эхэлдэг. Мөн сахарын шижин өвчин тусах магадлал өндөр болдог.
-Олон улсын жишигт нэг хүнд ногдох архины стандарт хэмжээ хэр байдаг вэ?
-Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр нэг хүнд нэг жилд ногдох архины хэмжээ 50 л орчим болсон гэж байна. Архи уух стандарт хэмжээ гэж бий. Жишээлбэл, дарс 100, архи 25-30, шар айраг 330 грамм байдаг. Гэтэл манайхан энэ стандарт хэмжээг хэтрүүлэн хэрэглэж байгаа.
-Сүүлийн жилүүдэд архи согтууруулан хэрэглэснээс болж иргэд хохирох нь багасч байна гэх болсон. Энэ хэр үнэн бодитой мэдээлэл вэ?
-Хүмүүсийн ухамсрын төвшин дээшилж байна. Иргэд архи согтууруулах ундааны хор уршгийг ойлгож ухамсарлаж байна. Тиймээс архи, согтууруулах ундааны хэрэглээ багасч байна гэсэн үзүүлэлт гарч байгаа. Гэсэн хэдий ч хангалттай хэмжээнд буурч чадахгүй байна. Ер нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын  гаргасан судалгаа байдаг. Үүнд нэг хүнд нэг жилд ногдох согтууруулах ундааны хэмжээ 6.2 литр байвал хэвийн гэж үзнэ. Харин энэ тоо 8-9 литр байвал тухайн орны   үндэсний аюулгүй байдалд аюултай нөхцөл байдал үүсч байна гэж үздэг. Энэ тоо манай орны хувьд хэд дахин илүү байгаа шүү дээ. Гэтэл манай улсад хөдөлмөрийн насны нэг хүнд 50 орчим литр ногдож байна гэж гарах жишээтэй.  Энэ бүхнээс үзэхэд архины хэрэглээ манай оронд хэтэрч бидний аюулгүй байдалд сөргөөр нөлөө үзүүлж байна. Тиймээс бид архины хэрэглээндээ сайн хяналт тавих шаардлагатай байна.
Сүүлийн таван жилийг аваад үзэхэд 14453 хүн архины эмчилгээнд хамрагдсан байх юм. Үүнээс 3157 хүн албадан, 11296 хүн сайн дураар  эмчилгээнд хамрагдсан байна. Сайн дураар эмчилгээнд хамрагдаж буй иргэдийн тоо өндөр байгаа нь сайшаалтай.
-Манай улсын хувьд хүмүүс бусдын шахалтад орж архи хэтрүүлэн хэрэглэхэд магадлал өндөрсдөг юм шиг санагддаг. Таны хувьд юу гэж боддог вэ?
-Манайхны нэрлэхүү зантай холбоотой байхгүй юу. Хүмүүсийг ажиглаад байхад нэг нэгийгээ гомдоочих вий гэсэндээ архи уудаг. Тиймээс хэн нэгэн таныг уу гэж шахвал үгүй гэж хэлж сурах хэрэгтэй. Та бусдад үгүй гэж хэлснээр таны насан туршийн амьдралыг аврах ч юм билүү хэн мэдэх билээ.
undefined
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн