Урлаг гэдэг зүйлийн жинхэнэ хүч хүн бүрт нөлөөлөх замаар нийгэмд өөрчлөлт авчирч, бидний оршин буй дэлхий ертөнцийг илүү дээр болгож чадах явдал юм.
Поп соёлын хамгийн том төлөөлөл болсон уран бүтээлч Энди Уорхол нэгэнтээ урлагаар дамжуулан бидний эргэн тойронд буй бүх зүйлсийн сайн сайхан, гэгээлэг талыг дүрслэн харуулсан байдаг. Нийгмийн өөрчлөлт нь дэлхий ертөнцийг зоригтойгоор өөр өнцгөөс харах боломжийг хүмүүст олгодог. Энэ орчлонд үүнийг хийх алсын хараатай хүн тун ховорхон заяадаг. Харин цаг үеэсээ түрүүлж сэтгэсэн агуу сэтгэгч нараас тун цөөхөн л өөрийн зорилгодоо хүрч чаддаг.
Ардчилсан төрт Монгол Улсад зөвхөн язгуур урлага гэлтгүй орчин үеийн гудамжны урлагийн төлөөлөл болсон залуус дэлхийн тавцанд гарч, олон улсад өрсөлдөж эхэлсэн сайхан мэдээ хэд хэд бий.
Харин манай урд хөрш БНХАУ-ын эрх баригчид “Triple H” гэх реппер залуугийн уран бүтээлийг интернет орчинд бүрэн хязгаарлах шийдвэр гаргасан. Мөн “GAI” гэх өөр нэгэн Хятадын реппер үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө алдартай телевизийн цувралаас хасагдсан юм. Энэ мэт цензуур нь уран бүтээлчдийн зорилгод саад болдог жишээ ардчилсан орнуудад, дэлхийн түүхэнд ч олон бий. БНХАУ-ын Хэвлэл, радио, кино, телевизийн зохицуулах хорооноос хип хоп уран бүтээлчид болон шивээстэй хүмүүсийг телевизээр гаргахгүй байх шинэ дүрмийг саяхан баталжээ. Үүгээр хип хоп соёл, түүний дэд соёл, өвлүүлсэн соёл, нийтийн соёл, дүрслэн харуулах зэрэг хэлбэрээр шивээсийг жүжигчдэд хориглохыг тусгайлан заажээ. Мөн тус хорооноос уран бүтээлчдэд хоригийг биелүүлэх хатуу анхааруулга өгч зөрчихгүй байх зөвлөмжийг хүргүүлсэн байна.
Үүнд “Уран бүтээлчдийн зүрх сэтгэл, ёс суртахуун нь Коммунист намын үзэл сурталтай зөрчилдөх нь ёс суртахууны гажуудал юм. Жүжигчдийг ямар ч ёс суртахуунгүй, садар самуун дүрд тоглуулахыг хориглоно. Өмнө нь үзэл суртлын доголдол гаргасан, нийтийн ёс суртахууны ангид багтдаггүй жүжигчдыг ямар нэгэн дүрд тоглуулахыг хориглоно. Мөн тэднийг гэмт хэрэг, скандал, улс төрийн үзэл баримтлалаас гажууд маргаантай нотлогдоогүй сэдэв, бодит байдлаас эрс зөрсөн үйл явдалтай дүрд тоглуулахыг хатуу хориглоно” гэжээ.
Рокн ролл урсгалын дараа дэлхий дахинд мандсан хип хоп соёл нь эрх баригчдаас хатуу ширүүн асуултууд асууж, нийгэмд тулгамдаад буй асуудлуудлуудыг шинэ өнцөг, өнгө аясаар гаргаж тавих боломж болсон юм. Тухайлбал АНУ-д 1990-ээд онд “гангстер реп” урсгал эрх баригчидыг хурцаар шүүмжилж байв. Тэдний дундаас “NWA” тэргүүтэй хамтлагууд нийгэм дэх өөрсдийн нэр алдраа ашиглан Америкт буй арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдал нь хууль ёс, шүүх, системийн гажуудлын эх сурвалж болж буйг хурцаар шүүмжлэх болсон нь “цагаан арьстнууд” энэ асуудлыг илүү ул суурьтай ойлгож, нийгмийн өөрчлөлт хийхэд том хувь нэмэр оруулсан байдаг. Мөн тэд марихуан зэрэг хар тамхыны хэргэлээг шүүмжилдэг нийгмийн хандлагад нөлөөлсөн явдал нь 30 жилийн дараа гэхэд АНУ-ын тэн хагас нь үүнийг хуулиар зөвшөөрөх эхлэл болжээ. Энэ бүхний эсрэг арга хэмжээ, суртал ухуулгыг АНУ-ын эрх баригчид шат дараатай явуулсан ч үр дүнд нь юу ч олж хожоогүй аж. Энэ бол урлаг нийгэмд нөлөөлж буй хүч юм.
Харин манай ойд хөрш ОХУ-д феминзм, бэлгийн цөнхийн эрх ашиг, Ерөнхийлөгч Владимир Путинг эсэргүүцсэн утга агуулга бүхий уран бүтээл туурвидаг “Pussy Riot” хамтлагийн зарим гишүүдийг цагдан хорьсон явдал томоохог шуугиан дэгдээж байв. Хятадын эрх баригчид мэдээж үүнтэй ижил зүйл болохыг хэрхэвч зөвшөөрөхгүй. Гэхдээ нэг талдаа төрийн хатуу зохицуулалтаар тодорхой зүйлсийг хязгаарлах нь зарим гайхалтай уран бүтээлчдийг үгүй хийх аюултай. Учир нь соёл гэдэг зүйлийг нийгэм хүчээр бий болгож, тогтоодоггүй. Энэ нь чөлөөт сэтгэлгээнээс урган гарсан урлагын бүтээлээр дамжин хамгийн хурдацтай тархдаг зүйл.
Жишээ нь сэргэн мандалтын үед Италийн Флоренц хот хүн төрөлхтний урлагийн түүхийн хосгүй бүтээлүүдийн өлгий нутаг болсон нь тэнд олон гайхалтай уран бүтээлч төрсөндөө бус урлагийг ойлгодог, нээлттэй сэтгэлгээтэй эрх баригчид, ард түмэн тэдэнд эрх чөлөөг олгосноор Леонардо Да Винчи тэргүүтэй агуу их мастерууд суурьшиж, өөрийн оюун санаанаас урган гарсан зүйлсээ бодит болгон үлдээх бололцоо бүрдсэн гэж судлаачид үздэг.
Урлагаар дамжуулан өөрийн орны соёлыг хамгийн амжилттай түгээж буй орнуудыг Өмнөд Солонгос болон Япон улсууд тэргүүлнэ. Өмнөд Солонгосын хувьд төрийн бодлогоор “K-Pop”-ыг дэмжсэн нь дэлхийн тавцанд хүчтэй байр суурьтай гарч ирэх үндсэн суурь болсон. Харин Япон улсын манга, анимэ, “J-Rock” гэх мат маш олон өвөрмөц урлагийн төрлүүд өвөрмөц байдал, үндэсний онцлогоороо орчин үеийн залуусыг байлдан дагуулж, үүнийг даган дуурайдаг бүхэл бүтэн нэгэн эрнийг бүтээгээд буй.
Эх сурвалж: Privateinternettaccess