Open iToim app
Зочин | 8 мин уншина

Г.Батжаргал: Төсөв яаралтай тодотгох бодит нөхцөл үүссэн

Г.Батжаргал: Төсөв яаралтай тодотгох бодит нөхцөл үүссэн
Нийтэлсэн 2022 оны 7 сарын 25
Санхүүч Г.Батжаргалтай ярилцлаа.
-Бид жил бүр төсөв баталж, орлого зарлагаа тооцдог. Гэвч энэ жил бодитой хөрөнгө оруулалт биш, уул уурхайн орлого тасалдаж,  төсөвт орлого бараг бүрдэхгүй нь. Харин орлого орж ирнэ гээд бүтээн байгуулалт, найр наадмаа хийгээд л байх юм. Бид төсөв батлахдаа хэр их алдаад байна вэ?
-Манай улс төсвөө хэт өндөр төсөөлж, түүндээ тааруулан зардал гаргаад байдаг. Бодитоор орж ирэх орлого байна уу гэж тооцдоггүй. Орлого, зарлага хоёрын зөрүүг гаднын өрөөр нөхөж байна. Энэ удаад мөн л Сангийн яам, Монголбанкны газрын захирлууд гаднын улсуудаар мөнгө хайгаад явлаа. Дахиад л өөр нэг өрийн дарамт ирэх нь. Төсвийн бодлого буруу явж ирсэнд Монголбанкны мөнгөний бодлого руу чихээд ханшаа алдлаа, инфляцаа хөөргөлөө гэдэг. Асуудлын гол зангилаа нь Засгийн газар болоод төсвийг баталж, зохиож байгаа улсуудын л алдааных. Тэгэхээр энэ жил төсвийн орлого бүрэн орох нь тун эргэлзээтэй байна. Учир нь, төсөв зарцуулалтыг харахаар буруу юманд голчлон зараад байх юм.  Хэнтий аймгийн Бэрх тосгонд 450 сая төгрөгөөр хөшөө босгоно, 4.5 тэрбум төгрөгөөр модон жорлон шинэчилнэ гээд л, энд тэнд үр ашиггүй бүтээн байгуулалтууд хийх гэж үзэх юм. 
Эдийн засгийн таатай үед хуримтлал бий болгох ёстой. Хуримтлал үүсгэх хуулиуд уг нь байдаг. Сан үүсгээд хуримтлал бий болгохоор өнөөхийгөө халамжийн мөнгө болгож хувиргадаг талтай. Халамж болгохын оронд тэр мөнгийг зохистой хэмжээнд удирдахуйц, гаднын Засгийн газрын сайн бондууд авбал бидэнд өгөөжөө өгч, өсөж байх юм шүү дээ.
-Хилийн нөхцөл байдлаас болж нүүрсээ бид хангалттай хэмжээнд экспортолж чадахгүй байна. Зэс ч мөн ялгаагүй төсөвт тусгаснаас 2000 ам.доллароор унажээ. Хавар төсөв тодотгосон ч гэлээ дээрх шалтгаанаас үүдэн дахин тодотгох шаардлага тулгарсан гэж харагдаад байгаа. Таны хувьд төсвийг дахин тодотгох шаардлага бий гэж үзэж байна уу?
-Хавар төсөв тодотгоход өнгөцхөн л хийчихсэн. Ердөө л нэр зүүсэн төдий. Дээрээс нь Хэмнэлтийн хууль гээд хаана ч байхгүй сонин юм баталсан. Хэмнэлт хийгээд байгаа юм шиг харагдуулах боловч үндсэн хэмнэх ёстой объектоо онилоогүй. Хэдэн газрын орлогч дарга нарыг цөөлсөн. Сая төгрөг хэмнэж байна гээд нэг хүнийг ажилгүй болгож байгаа юм. Одоо яг байгаа онилж жинхэнэ тодотголоо хийх хэрэгтэй. Хэрэггүй хөшөө, 2000 хүнтэй суманд хэдэн зуун хүний суудалтай соёлын төв, спорт цогцолбор барина гээд  байгаа юм. Үүнийг бүтээж босгож болох ч эдийн засаг чөлөөтэй, орох гарах мөнгөн урсгал тогтчихсон, долларын ханш савлагаагүй, эдийн засгийн аль таатай үед хийх хэрэгтэй. Одоогийнх шиг эмзэг үед хийх цаг нь биш. Иймэрхүү бүтээн байгуулалтаа хойшлуулж, царцаах хэрэгтэй.
Нүүрс, зэс хоёрын ханш хоёул буурсан нь БНХАУ дахь манай гол худалдан авагчид эдийн засгийн хямралд өртсөнд бий. Хоёрдугаар улиралд 0.6 хувийн өсөлт үзүүлсэн нь томоохон удаашрал мөн. Тэр нь дотоодынх нь ковидын 0 бодлого баримталсантай холбоотой. Мөн БНХАУ-ын “Evergrande” гэх том барилгын компанийн асуудал бүрэн шийдэгдээгүй. Энэ бол ганцхан компанийн асуудал биш. Өнгөрсөн жил дефолт зарлахаа шахсан шүү дээ. Барилгын төсөл гэдэг бол барилгын материал, ажилчин, туслан гүйцэтгэгч гээд олон нэгжээс бүрдэж байдаг. Том групп компани салбараа тэр чигт нь буюу бүрдэл нэгжүүдээ чирээд буулгах аюултай. Барилгын салбар нь эвгүй болж байна гэдэг шууд л төмрийн хэрэглээ танагдаж эхлэхийн дохио. Манай гол коксжих нүүрс төмөр хайлуулахад зориулагдсан нүүрс учраас гадаад зах зээлээс хамаараад үнэ ханш унаад байгаа. Яг энэ мэт биднээс хамаарахгүй гадаад нөлөөт шок үүсэхэд хуримтлалаасаа ашигладаг байх бололцоог л хангах хэрэгтэй. Бидэнд тийм хуримтлал байхгүй учраас гаднын улсаас гуйлга гуйж байгаа юм.
-Яг ийм эдийн засгийн хүнд үед банкууд бизнесийн зээлээ зогсоолоо. Ингэснээр эдийн засгийг тэлэхгүй болгож байгаа гэж нэг талаараа харагдаад буй. Үүнийг та юу гэж дүгнэж байна вэ?
-Банкууд яагаад зээлээ хумив гэдгийг статистикаас харах хэрэгтэй. ТБҮЦ-ны чөлөөт үлдэгдэл 9-10 их наядаас буудаггүй байсан. Сүүлд харахад, таван их наядад хүрч, хоёр дахин буурсан байна лээ. Банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар ихэнх нь 30 руу орж буурсан байгаа юм. Ийм үед тэд эрсдэлтэй активыг нэмэгдүүлж, зээлийг ихэсгэх бололцоо байхгүй. Санаатайгаар зээлийг бууруулаагүй хэрэг. Эдийн засагт эргэлдэж байгаа мөнгө буурчихсан юм чинь өөр яах вэ дээ. Чөлөөт эх үүсвэр нь багасчихсан байна. Ингэж багасахын өмнө зээлийг ихээр нийлүүлсэн. Эдийн засгийг сэргээх 10 их наяд хөтөлбөр, ипотекийн зургаан хувийн зээлд хоёр их наяд, ЖДҮ-ийг дэмжих гурван хувийн зээл, гурван их наяд гээд л нэг жил хагасын хугацаанд маш их бэлэн мөнгийг зах зээлд нийлүүлсэн. Тэгэхээр бодлогын хүүг нэмж байна гэдэг зах зээлд гаргасан бэлэн мөнгөө төв банк өөр дээрээ эргүүлэн татаж байна гэсэн үг.
-Таны сая дурдсан зах зээлд нийлүүлсэн бэлэн мөнгөний урсгалаас хамгийн том дүнтэй бас хэл ам ихтэй байгаа ань бизнесийг дэмжих 10 их наяд хөтөлбөр шүү дээ. Үүнийг хэр өгөөжтэй болсон гэж харж байна вэ?
-10 их наяд хөтөлбөрийн мөнгө хаачсан нь эргэлзээтэй. Манай улсад үйлдвэрлэгч бус худалдааны эдийн засаг давамгайлдаг. Тиймээс зээл авсан хүмүүс гаднаас бараа бүтээгдэхүүн татахдаа ашиглаж байгаа юм. Тэгэхээр тэр мөнгө валют болоод өөр улс руу явчхаад байна гэсэн үг. Буцаж бараа бүтээгдэхүүн болж орж ирэх ёстой байтал бидний тэр мөнгө хил гааль дээр гацсан бараа болоод хөрвөсөн. Тэгэхээр манайд эргэлддэг мөнгө саатсан байна. Уг нь эдийн засаг циклийнхээ дагуу тогтмол эргэж байх ёстой.
-Ирэх онд Засгийн газрын баталгаатай хоёр бондын төлөлт бий. Гэвч манай улсын валютын нөөц багассан,  дээр нь зээл төлөх Хөгжлийн банк нь дампуурлаас гарснаа зарласан ч эрсдэлтэй хэвээр байна. Бид ирэх оны бондуудыг барагдуулахад бэлэн үү?
-Манайх хоёр бондын өрөө бүрэн төлж чадахгүй байх. Сангийн сайд Б.Жавхлан ч хэлж байна лээ. Ер нь бол дахин санхүүжилт хийнэ гэх байдлаар мэдээлэл хийсэн. Дахин санхүүжилт хийнэ гэдэг нь сунгана аа л гэсэн үг. Үүнийхээ дагуу сунгалтаа хийж, Сангийн яам, Монголбанк хөрөнгө оруулагчидтай ярьж тохирно байх. Ер нь бол дийлэнхийг нь сунгаж таарна. Ингэхдээ Сангийн яам, Монголбанкныхан валютын нөөцөө харж байгаад тодорхой хувийн төлөлт хийж магадгүй. Тэдэн хувийг нь төлөөд үлдсэн хувийг нь сунгая гэх тохироо хийнэ байх.
-Бондын сунгалт хийхэд зээлжих зэрэглэлийн үнэлгээ хийлгэнэ. Үүнд хэрхэн бэлдэх вэ?
-Сунгалт хийхийн тулд төсөвтөө тодотгол хийгээд, аль болох алдагдал багатай эрүүл болгох шаардлагатай. Ингэсэн тохиолдолд ядаж л зээлжих зэрэглэлийн үнэлгээ буурахгүй тогтвортой үлдэнэ. Хэрэв зээлжих зэрэглэл буурах юм бол бонд сунгах асуудал хүндрэлтэй болно. Сунгалаа гэж бодоход зардал буюу хүү нь өснө. Яагаад гэвэл эрсдэл нэмэгдэж байгаа учраас илүү өндөр хүүгээр мөнгө олно гэсэн үг. Сунгах хүүгээ аль болох бага байлгахын тулд төсвөө яаралтай тодотгож алдагдлаа бууруулах шаардлагатай. Ингэхдээ бодит олж байгаа орлоготойгоо уялдуулах ёстой. Тэгсэн тохиолдолд гаднын зээлжих зэрэглэлийн үнэлгээ тогтоодог байгууллагууд төсвийн алдагдал нь буурсан учраас гээд зээлжих зэрэглэлд айхтар их өөрчлөлт оруулахгүй болов уу.
Америкийн инфляц сүүлд 9.1-тэй өндөр гарсан. Төв банкных нь зүгээс шат дараалсан байдлаар бодлогын хүүгээ нэмнэ гээд байгаа. Америкийн долларын бодлогын хүү өсөж байна гэдэг дэлхийн дээр эргэлдэж байгаа нийт долларын хүүг өсгөж байна гэсэн үг. Тэгэхээр ер нь зээлжих зэрэглэлээ бид гайгүй аваад үлдлээ гэхэд цаанаа зах зээлийн хүү нь өсчихсөн байна гэсэн үг.
-Бид бондын өрнийнхөө талыг төлбөл ирэх онд валютын нөөцийн хомсдолд бүр их орох байх. Ер нь бондын төлөлтийг хийсэн ч бай хийгээгүй ч тэр цаг хугацааны дараах Монголын эдийн засаг ямар байх болоод хэрхэн сэргээх гарц байгаа вэ?
-Үүний дараа экспортоо нэмж эдийн засгаа аврахаас өөр гарц байхгүй. Ирэх онд ганц нааштай ажил бол “Оюу толгой”-н далд уурхайн үндсэн үйл ажиллагаа эхлэх төлөвлөгөө бий. “Оюу толгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт цаг тухайдаа ороосой гээд бараг залбирч суухуйц нөхцөлд иржээ. Далд уурхай ашиглалтад орсон ч зэсийн ханш дэлхийн зах зээлд буучихсан байна. Гэхдээ 7000 ам.доллар гэдэг чамлахааргүй үнэ. Дээр нь алтны ханш өсөөд байх юм бол Оюутолгойгоос бид алтаа гаргаж чадаж байна.
-Иргэд “Хувьцаа авъя” гэхээс илүү “Хүнсээ авъя” гэдэг цаг үед амьдарч байна. Гэвч энэ үед банкуудын IPO зарлаж байгаа нь хэр оновчтой вэ?
-Хууль батлагдах үед нь цаг хугацааны хувьд амжихгүй шүү гэж би их хэлсэн. Банк IPO хийнэ гэдэг том ажил. Жилийн эцсийн баланс гэхэд л гурван сар болж байж олон улсын аудитаар баталгаажиж буй. Дээрээс нь активын чанарын үнэлгээ хийхээр зургадугаар сарын 31-ний дотор яагаад ч амжихааргүй байгаа юм. Гараад амжилттай болсон байлаа ч зах зээл дээрх мөнгө багасчихсан байна гээд түрүүн ярьсан шүү дээ. Жилийн өмнө надад сая төгрөг байгаад банкны хувьцаа авахад боломжийн байсан. Харин одоо цагт ядаж талаар нь өөрийн хэрэглээгээ болгоод талаар нь л хувьцаа авъя гэх байх. Хөрөнгө оруулагчдын сонирхол буурч байгаа үе шүү дээ.
Эдийн засгийг чөлөөтэй эргэлдэж байх үед IPO хийхгүй бол агшилттай үед амжилтгүй болох магадлал өндөр. Үүнийгээ мэдээд банкууд нийт зарлаж байгаа хувьцааныхаа үнийн дүн зэргийг бууруулж байх шиг байна.
-Иргэдийн дийлэнх нь банкны зээл, аппликэйшний зээл гээд өрөнд дарлуулчихсан байна. Том зургаар харвал манай улс гадаад орчинд хэд хэдэн бондын дарамтад орчихсон, энд тэндээс өр зээл хүсээд л ядмагхан амьдралтай айл шиг л байна шүү дээ. Ярилцлагынхаа төгсөлд эдийн засгаа өрх айлаар зүйрлэн базаж яриад өндөрлөе.
-Манайхан улсын эдийн засаг гэхээр томоор хараад байдаг. Ер нь бол өөрийн чинь хэлж байгаа шиг нэг өрхийн хэрэглээтэй адилхан. Миний авч байгаа цалин, орлого буурсан бол үнэтэй машин, утас авах, гэртээ баримал авч тавихаасаа татгалзана. Хашааныхаа хаалгаа гангалахаа түр азнаад хэрэгцээгүй зардлаа хойш нь тавина шүү дээ. Өвөл өмсөх хувцас байгаа бол заавал шинэ өвлийн хувцас авахгүй байх зэргээр хэмнэлт хийдэг. Үүнийг эдийн засагч гэлгүй энгийн иргэн бодоод л тооцчихно. Гэтэл манай улсын эдийн засаг мөнгөгүй байж баян айлын хүүхэд шиг зан гаргаад зээл аваад байдаг.
Санхүүгийн боловсрол тааруу хүмүүс байж болох бүх газраас зээл авчихдаг. Тэгчихээр өрнөөс гаръя гэлээ ч гарч чаддаггүй. Харьцуулах юм бол манай улс санхүүгийн боловсрол тааруу айл шиг л байгаа юм. Тэгэхээр энэ үед Монгол Улс ч бай, нэгж айл өрх ч бай орлогын түвшнээ нэмэх бүх бололцоогоо дайчлах шаардлагатай. Мөн ямар ч тохиолдолд их ч бай, бага ч бай хуримтлал үүсгээд яв. Хуримтлалтай бол үнэхээр хэцүү үед гаргаад хэрэглэж болно. Эдийн засаг тартагтаа тулахгүй сайжраад байвал хөрөнгө оруулалтын хэрэгсэл болгоод бонд авч болох юм.
-Ярилцсанд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн