Open iToim app
Эрүүл монгол | 4 мин уншина

Б.Майцэцэг: Электрон тамхи ч хавдар үүсгэгч бодис, хүнд металл агуулдаг тул хүний биед хортой

Б.Майцэцэг: Электрон тамхи ч хавдар үүсгэгч бодис, хүнд металл агуулдаг тул хүний биед хортой
Нийтэлсэн 2022 оны 11 сарын 8
Сүүлийн үед янжуур тамхи болон электрон тамхины хор нөлөөг харьцуулж, сурталчилсаар байгаа билээ. Ингэснээр тамхины хэрэглээ нэмэгдэх, хэрэглэгчид залуужих эрсдэл бий болсоор байна. Иймд тамхины хор нөлөөний талаар НЭМҮТ-ийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан Б.Майцэцэгтэй ярилцлаа.
-Тамхи хүний биед ямар хор нөлөө үзүүлдэг вэ?
-Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн 2020 оны үзүүлэлтээс харахад, хүн амын нас баралтын шалтгааны 85.9 хувийг халдварт бус өвчин эзэлж байна. Үүнээс гурван хүн тутмын нэг нь зүрх судасны өвчнөөр, дөрвөн хүн тутмын нэг нь хавдар, таван хүн тутмын 1 нь гэмтэл хордлого, гадны шалтгаант өвчний улмаас нас барж байгаа нь эрүүл мэндийн салбарын анхаарал хандуулах тулгамдсан асуудал болж байна. Тамхины хэрэглээнээс шалтгаалсан өвчнөөр жилд 4300 гаруй хүн амь насаа алддаг. Ийм учир тамхи нь халдварт бус өвчний үндсэн гол эрсдэлт хүчин зүйл. Тамхины хэрэглээ нь зан үйлийн эмгэг төдийгүй зүрх, судасны өвчин, амьсгалын замын архаг өвчин, хавдар өвчний гол эрсдэлт хүчин зүйл болж байна. Сүүлийн жилүүдэд манай улсын дөрвөн хүн тутмын нэг нь тамхины хэрэглээтэй байна. Өөрөөр хэлбэл, 15-69 насны хүн амын 24.2 хувь тамхины хэрэглээтэй байна. Хоёр эрэгтэй хүн тутмын нэг нь тамхи татаж байгаа нь эрэгтэйчүүдийн тамхины хэрэглээ эмэгтэйчүүдийнхээс 8.7 дахин илүү байгаа.
Нийгмийн эрүүл мэндийн гол анхаарлаа хандуулах, тулгамдаж байгаа асуудлын нэг бол өсвөр үеийнхний дунд тамхины хэрэглээ буурахгүй байна. 13-15 насны сурагчдын 14 хувь нь тамхи татаж байна. Тамхины хэрэглээг дотор нь ангилаад үзвэл электрон тамхины хэрэглээ 3.5 хувьтай байгаа юм.
-Тамхи оруулж ирж байгаа байгууллагуудаас ашиг орлогоо бодоод иргэдийн дунд нэг нь нөгөөгөөсөө бага хортой гэх мэтээр сурталчилж байна. Янжуур болон электрон тамхинд агуулагдах хорт бодисын хэмжээ хэр байдаг вэ. Үнээр нэг нөгөөгөөсөө бага хортой гэж байх уу?
-Тамхи нь никотин агуулсан бүтээгдэхүүн. Никотин гэдэг нь маш хүчтэй донтуулагч бодис юм. Бусад төрлийн хар тамхи, мансууруулах бодистой ижил хэмжээнд донтуулах үйлчилгээ үзүүлдэг бөгөөд тамхины хэрэглээ нь зан үйлийн сэтгэцийн эмгэгт тооцогддог. Электрон тамхины орц найрлагын хувьд янжуур тамхитай ялгаагүй никотин, хавдар үүсгэгч бодис, хүнд металлууд агуулагддаг  учир аль ч төрлийн тамхи хүний эрүүл мэндэд хортой юм.
Электрон тамхи нь хэлбэр дүрс, өнгө, үнэр зэргээрээ том хүн төдийгүй хүүхдүүдийн сонирхлыг их татаж хоргүй мэт ойлголтуудыг төрүүлж байгаа нь буруу юм.  Тамхины тухай хуульд энэ төрлийн тамхины зохицуулалт байхгүй болохоор хил гаалиар их хэмжээгээр орж, мэдээллийг бодитоор хүлээж авч чадаагүй хүмүүсийн дунд хэрэглээ болж байгаа харагдаж байна. Ер нь тамхийг ямар хүмүүс их хэрэглэдэг вэ гэхээр өнөөдрийн байдлаар дэлхий дээр тэрбум гаруй тамхины хэрэглээтэй хүмүүс байдгийн 80 гаруй хувь нь буурай хөгжилтэй орны бага дунд орлоготой хүмүүс байгаа юм. Тамхины хэрэглээ нь боловсролын түвшин, орлогын түшингээс урвуу хамааралтай байна.
-Янжуур болон электрон тамхийг хэрэглэснээр сөрөг нөлөө нь хэдэн жилийн дараа бие илэрдэг вэ?
-Тамхи нь хэрэглэгч хоёр хүн тутмынхаа нэгний амь насанд аюул учруулдаг хортой бүтээгдэхүүн юм. Тамхи нь заавал хэрэглэх хэрэглээ биш учир аль болох татгалзах хэрэгтэй. Тамхи нь хүний наснаас 10-13 жилийг хороодог хортой бүтээгдэхүүн.
-Тамхинаас шалтгаант ямар, ямар өвчлөл үүсэх эрсдэлтэй вэ?
-Дээр хэлсэнчлэн тамхи нь олон төрлийн хортой бодисыг агуулдаг учир биед үүсэх сөрөг нөлөө их. Тухайлбал, артерийн даралт ихсэх, тархины харвалт, зүрхний шигдээс, хавдар гэх мэт олон өвчнийг бий болоход нөлөөлдөг. Жишээ нь уушгины хавдраар өвдсөн гурван хүн тутмын хоёр нь тамхины хэрэглээтэй байдаг. Зөвхөн уушгины хавдар гэлтгүй толгой хүзүүний хавдар, хоол боловсруулах эрхтний хавдар зэргийн эрсдэлт хүчин зүйл болж байгаа.
Үүнээс гадна тамхины хэрэглээтэй хүн өөрөө хордоод зогсохгүй тамхины утаанд байгаа хүмүүс адилхан хордож байдаг. Ялангуяа дан тамхидалтад өртөж байгаа хүүхдүүд байнга амьсгалын замын өвчнөөр өвдөх, гуурсан хоолойн багтраа өвчтэй болж байна. 
-Тамхинаас гарахын тулд ямар, ямар арга хэмжээ авбал зохистой вэ?
-Тамхинаас гарах хамгийн үр дүнтэй арга бол шууд хаях. Олон жил татсан хүмүүсийн хувьд тамхинаас гарах болон янзын аргууд байдаг. Тухайлбал, 6 “З”-ийн зарчим
-Зарлах
-Зайлсхий
-Зөв амьсгал
-Зөвхөн ус уу
-Завгүй байх
-Залбир, сүсэглэ гэх зарчмыг хэрэгжүүлбэл үр дүнтэй байдаг. Ер нь бол аль болох тамхи татах зуршлыг хойшлуулж, зуршлаа эрүүл дадлаар солих хэрэгтэй. Тамхи татах хүсэл төрсөн тухайн үедээ амьсгалын дасгалыг зөв хийснээр тамхи татах бодол арилдаг. Үүнээс гадна зөв зүйлд сонирхолтой байж урлаг, спорт, олон нийтийн, хүмүүнлэгийн ажилд идэвхтэй байснаар хорт зуршлаас холдох эерэг хандлага болж өгдөг.
-Янжуур тамхинаас гарахын тулд электрон тамхи хэрэглэдэг гэх хүмүүс байдаг. Энэ нь хэр зөв арга вэ?
-АНУ-ын CDC буюу Өвчлөлийг хянах төвийн саяхны судалгаагаар олон насанд хүрэгчид тамхинаас гарахын тулд электрон тамхи хэрэглэж байгааг тогтоожээ. Гэсэн хэдий ч насанд хүрэгчдийн ихэнх нь тамхи татахаа больдоггүй бөгөөд үүний оронд хоёр бүтээгдэхүүнийг үргэлжлүүлэн хэрэглэх буюу давхар хэрэглээг бий болдог гэжээ. Өдөрт хэдхэн ширхэг ч  тамхи татах нь аюултай байдаг тул тамхинаас бүрмөсөн гарах нь таны эрүүл мэндийг хамгаалахад маш чухал юм.
-Ярилцсанд баярлалаа. 

13-15 насны сурагчдын 14 хувь нь тамхи татаж байна

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн