Казахстан улсын Алма-Ата хотод болсон олон улсын физик, математик, мэдээлэл зүйн олимпиадын төрөлд манай багш нар амжилттай оролцож арваад медалийг хүртсэн билээ. Тэгвэл энэхүү олимпиадын физикийн төрөлд алтан медалийг хүртсэн Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн багш Б.Түвдэндоржтой ярилцлаа. Тэрээр Монгол Улсын физикийн багш нарын олимпиадын есөн удаагийн аварга юм.
-Таны оролцсон олимпиад нь хэд дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа вэ. Хэдэн цаг үргэлжилсэн бэ?
-Уг олимпиад нь физик, математик, мэдээлэл зүйн төрлөөр сурагч болон багш нарын ангилал дунд зохион байгуулагддаг. Энэ жил манай улсын багш нарын хувьд үнэмлэхүй амжилттай оролцлоо. Миний хувьд хоёр дахь жилдээ оролцож алтан медаль авлаа. Багш нарын ангилал нэг өдөр болж, дөрвөн цаг 30 минут үргэлжилнэ. Бүх төрөл долоон бодлоготой. Харин сурагчдын олимпиад нь хоёр өдөр болдог. Яг одоо манай сурагчид оролцоод явж байгаа.
-Багш мэргэжлийг хэрхэн сонгож байв. Хэдэн оноос анх багшилж эхэлсэн бэ?
-Арван жилдээ физикийн бодлого бодох сонирхолтой, олимпиадад оролцож амжилт гаргах дуртай хүүхэд байсан. Олимпиадад амжилт гаргаад явж байхад МУИС-иас надад энэ чиглэлээр суралцах урилга өгч байлаа. Сургуулиа төгссөний дараахан надад нэг бол Шинжлэх ухааны академид эрдэмтнээр ажиллах эсвэл физикийн багш болох сонголт гарч ирсэн. Тухайн үед өөрийн эзэмшсэн мэдлэг, боловсролоо бусдад түгээхийг их хүсч байсан. Иймд шууд л багшийн ажлыг сонгосон доо.
Монгол Улсын Гавьяат багш Р.Бавуудорж намайг анх физикийн бодлогод дуртай болгож, энэ чиглэлээр явахад түлхэц болж өгсөн. Багш маань Монгол Улсын физикийн найман удаагийн аварга юм. Харин би сүүлд багш мэргэжлийг эзэмшээд өөрийн багшийн амжилтыг давж, есөн удаа аваргалжээ.
-Та физикийн багш болох сонголт хийснээ одоо эргээд харахад хэр зөв болсон байна?
-Миний хувьд энэ мэргэжлийг сонгож ажилласандаа огт харамсдаггүй. Хүүхдүүдтэй харилцах, тэдний мэдэхгүй зүйлийг зааж, ойлгуулах нь их сайхан. Гэхдээ мэдээж аливаа зүйлд сайн, муу үр дүн бий. Зарим үед сэтгэл гутрах ч үе юм уу тийм үе байсан. Багшийн цалин амьдралд хүрэлцэхгүй тохиолдол бий. Хэрвээ би өөр чиглэлээр ажиллаж явсан бол арай өөр байж, хийж бүтээж явж болох л байсан. Гэхдээ сургуулийн орчин, хүүхдийн энэ сайхан энерги намайг үргэлж хөглөж байдаг. Би мэргэжилдээ хайртай.
Анх МУИС-ийг 2003 онд төгссөн. Ажлын гараа нийслэлийн 73-р сургуулиас эхэлсэн бол үүний дараа Сант, Шинэ Монгол зэрэг сургуульд ажиллажээ. Харин сүүлийн жилүүдэд нэгдүгээр сургуульдаа ажиллаж байна. Нийт 19 жил энэ салбартаа ажиллажээ.
-Та багш мэргэжлийн үнэ цэнийг юу гэж боддог вэ. Мөн манай нийгэмд энэ үнэ цэн хэр хангалтай хэмжээнд байна?
-Намайг сурагч байхад хамгийн түрүүнд багшийг тавьдаг байлаа. Бид багш хүнээ үргэлж хүндэлнэ. Эцэг эхчүүд ч ялгаагүй. Харин одоо энэ байдал бага зэрэг буурсан болов уу. Олон төрлийн багш бий. Гэхдээ бүх багш нарт сурагчдаа мэдлэг олгох чин хүсэл эрмэлзэл бий гэж итгэж байна. Нэг өдрийн хичээл, нэг удаагийн ажлаа аргалаад өнгөрчихье гэх сэтгэл хэнд ч байхгүй болов уу. Багш хүн сурагчдаа үнэхээр хайрлаж, мэдлэг түгээж цааш амжилттай явах замыг нь чиглүүлэх чухал. Үүнд бидний үнэ цэн оршино.
Харин нөгөө талаас энэ ажлыг үнэлэхгүй зүйлс ажиглагддаг. Одоо ингээд харахад маш олон сайн хүүхдүүд арван жилээ төгсөж байна. Энэ хүүхдүүд бүрэн багш болох бололцоотой. Гэвч тэд багш болохыг ерөөсөө хүсэхгүй байна. Учир нь цалин, хангамж бага шүү дээ. Иймд гадагшаа явах эсвэл хууль, эдийн засгийн чиглэлийг сонгож байна. Бид боловсролоо хөгжүүлье гэвэл сайн багш нарыг олноор төрүүлэх хэрэгтэй. Хүүхдүүд багшийн ажлыг хясаж биш хүсч сонгож, ажиллах орчинг бүрдүүлэх чухал байна. Ар гэртээ санаа зовохгүй хангалттай сайхан амьдрах бололцоог бүрдүүлчихвэл багш болох хүсэл хүүхэд бүрд байдаг. Багшийн мэргэжилд тодорхой шалгуур тавьж, үүнд тэнцсэн чадвартай хүмүүсээ ажиллуулж, дэмжлэг үзүүлэх хэрэгтэй болов уу.
-Сүүлийн үед физикийн мэргэжлийн ангид элсэх хүүхдийн тоо багассан гэх мэдээлэл байсан. Тэгэхээр ер нь энэхүү мэргэжлийн чухал зүйл нь юу вэ. Энэ мэргэжил бидний нийгэмд ямар нөлөөтэй вэ?
-Аливаа улсыг инженер, эрдэмтэд хөгжүүлнэ. Инженерийн шинжлэх ухаан гэдэг ерөөсөө физик юм. Тэгэхээр физик өөрөө хүн төрөлхтний нээж болох техник, технологи, хөгжил дэвшил энэ бүх зүйлийг хийх, ажиглахад хэрэгтэй шинжлэх ухаан. Намайг оюутан байхад олон хүүхэд энэ мэргэжлээр суралцдаг байлаа. Тэгсэн сүүлийн жилүүдэд цөөрсөн гэдгийг сонсоод гайхаж байсан. Гэхдээ сүүлийн үед инженер мэргэжил эрэлт хэрэгцээтэй байгаа учир физикээр шалгалт өгөх сурагчид ихэсч байна. Эргээд энэ чиглэлийг судлах хүүхдүүд ихэсч байгаад таатай байна.
-Таны зүгээс сурагч хүүхдүүддээ юуг ойлгуулахыг зорьдог вэ?
-Багш хүн мэдлэгээс гадна хүмүүжил олгох ёстой. Хүүхэд бүхэн заавал физикч байх албагүй. Аль ч мэргэжил сонгосон үнэнч, зөв шударга явж амьдрах учиртай. Үүнийг ойлгуулахыг хичээдэг.
-Багш мэргэжлийн хамгийн сайхан зүйл нь юу вэ?
-Шавь нараа харах их сайхан байдаг. Тэднийг амжилттай их сургуульд ороод мэргэжлээ эзэмшиж, сайн сайхан амьдарч байхыг харах, эргээд уулзахад сэтгэлд таатай санагддаг.
-Сурагч, хүүхдүүдэд хандан юу гэж захих вэ?
-Бид ямар ч хичээлийг сурч, мэдэж болно. Гэхдээ аливаа мэргэжил эзэмших гэж байгаа бол тухайн хүүхэд хичээх л хэрэгтэй. Бас түүндээ дуртай, сонирхолтой байх хэрэгтэй. Нэг хувь авьяас, 99 хувь хөдөлмөр гэдэг яах аргагүй үнэн үг. Хөдөлмөрлөж байж л юм сурна.
Аливаа авьяасыг нээж илрүүлэх чухал. Үүний тулд хийж байгаа зүйлдээ дурлах хэрэгтэй. Өөрийн дуртай, сонирхсон зүйлээ олж чадсан бол түүндээ тууштай зүтгэвэл амжилтад хүрнэ.
-Багш мэргэжлээр ажиллахыг сонирхож байгаа, суралцаж байгаа хүүхдүүдэд юу гэж зөвлөх вэ. Мөн тэдний ажиллах орчин ирээдүйд ямар байгаасай гэж хүсдэг вэ?
-Их сургуульд байх үедээ мэдлэгээ зузаатгаж авах хэрэгтэй юм шүү. Багш гэдэг их хариуцлагатай ажил.
Шинэхэн багш нарын сургалтын улам орчин сайхан болж, хичээлтэй холбоотой хэрэглэгдэхүүнээр хангагдсан анги танхим, лаборатори их байгаасай. Мөн тухайн хүн багш болсноор харамсдаггүй, харин ч бахархдаг ажилдаа ч амьдралдаа ч сэтгэл хангалуун байх ийм бололцоог төр, нийгмийн зүгээс бүрдүүлээсэй гэж хүсч байна. Багш хүн ажилдаа дуртай байж хүүхэд нь амжилтад хүрнэ.
-Таны цаашдын зорилго юу вэ?
-Сурагчдаа ЭЕШ-д жил бүр амжилттай бэлтгэж хүссэн сургуулиа авахад нь хувь нэмэр болохыг хүсч байна. Мөн олон улсын физикийн олимпиадын сурагчдын төрлөөс алтан медаль авахыг шавь нарын хамт эрмэлзэж байна. Бид мөнгө, хүрэл медальтай. Одоо алтан медаль л дутуу байна. Иймд үүний төлөө мөн зүтгэх болно.
-Баярлалаа. Танд амжилт хүсье.