Open iToim app
Нийгэм | 6 мин уншина

Б.Гантулга: Монгол бөхөн мөхөх эсэх нь монголчуудаас л хамаарна

Б.Гантулга: Монгол бөхөн мөхөх эсэх нь монголчуудаас л хамаарна
Нийтэлсэн 2020 оны 4 сарын 8
Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Биологийн мэргэжилтэн, Доктор Б.Гантулгатай Монгол орны нэн эртний амьтан болох Монгол бөхөнгийн талаар ярилцлаа.
-Сайн байна уу. Хамгийн түрүүнд монгол бөхөн гэж ямархуу амьтан байдаг талаар яриагаа эхлүүлье?
-Дэлхийд өнөө үед үлдэж хоцорсон ганц зүйл бөхөн байдаг. Энэ зүйл нь Монгол бөхөн, Соргог бөхөн гэх хоёр салбар зүйлтэй. Соргог бөхөнгийн цөм сүрэг нь Казахстан улсад төвлөрөн байршиж, Казахстаны хил дагуу Орос, Узбекстан, Туркменистан зэрэг улсуудад тархан амьдардаг. Нөгөө зүйл болох Монгол бөхөн нь манай орны унаган зүйл бөгөөд зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт Шаргын говь, Хүйсийн говь, Дөргөний хүрэн тал, Хяргас нуурын урд хөндий, Хомын тал, Манханы тал зэрэг газруудад маш цөөн тоотойгоор оршин амьдарч байна.
Монгол бөхөн нь бартаа саад багатай өргөн уудам говь, цөлийн амьтан тул махчин амьтдаас зугтаан биеэ хамгаалах зохилдлоготой болсон. 90 км/цаг хүртэл хурдан хатирч чадах бөгөөд хатирах үедээ бөхийдөг. Тиймээс бөхөн гэдэг нэртэй болсон болов уу. Мөн түүнчлэн хамрын хөндий нь бусад туруутан амьтадтай харьцуулахад харьцангуй том бөгөөд энэ бүтцийн зохилдлогоо нь удаан хугацааны турш, ялангуяа хүйтэн улиралд гүйхэд биед шаардлагатай их хэмжээний агаарыг маш түргэн хугацаанд самалдагт байрлах олон тооны хялгасан судсуудын ачаар бүлээцүүлж биеийг шаардлагатай хүчилтөрөгчөөр хангах үүрэгтэй.
-Монгол бөхөн экосистем болон малын бэлчээрт хэрхэн нөлөөлдөг талаар ярьж болох уу?
-Мал ихээр идвэл хорддог баглуур, сэдэргэнэ зэрэг говь, цөлийн ургамлаар голчлон хооллодог. Тиймээс гол идэшний хувьд гэрийн малтай давхцаж бэлчээр булаацалдах нь бага. Говь, цөлийн экосистемийн идэш тэжээлийн гинжин хэлхээнд оролцох бөгөөд махчин амьтдын хоол тэжээл болох, ургамлын үрийг тараах, хөрсний эргэлтэд оролцох, ургамлын нөхөн ургалтад эерэгээр нөлөөлөх зэрэг олон үүрэгтэй. Говь, цөлийн унаган амьтан учраас тухайн орчны ургамлуудыг идэх зохилдлоготой болсон.
-Яг одоо манай оронд хэдэн Монгол бөхөн байна вэ?
-Дэлхийн Байгаль Хамгаалах Сан, Бөхөн хамгаалах сүлжээ багийн хамт 2020 оны нэгдүгээр сард хийсэн хамгийн сүүлийн тооллогын үр дүнд Монголд хамгийн багадаа 5000 орчим Монгол бөхөн байгааг тогтоосон. 2019 оны зуншлага бөхөнгийн тархац нутгаар сайн байсан бөгөөд энэ өвөл мөн адил зуд, байгалийн гэнэтийн аюулгүй сайхан өвөл болсон нь Монгол бөхөн нэг жилийн өмнөх тоо болох хамгийн багадаа 3800 орчим бодгалиас 1200 орчмоор өсөх нөхцөлийг бүрдүүлсэн болов уу.
-Тоо толгойг ихэсгэхийн тулд ямар ажил хийдэг юм бэ?
-Монгол бөхөнгийн тоо толгойг ихэсгэх нь Монгол бөхөнг устах аюулыг бууруулж буй нэг арга юм. Тоо толгойг нэмэгдүүлэхээс гадна тархац нутгаа тэлэх боломжийг бүрдүүлэх, тусгаар жижиг популяци (ойролцоо байнга оршин амьдрах, хоорондоо байнга харилцан холбогддог сүргүүд) үүсгэж өвчин эмгэг, ган зуд зэрэг гэнэтийн аюулын улмаас бүрэн үхэж хорогдон бүр мөсөн устах эрсдэлийг бууруулах, Монгол бөхөнгийн бэлчээрийг талхлах, задгай усыг сүйтгэх аюулыг бууруулах шаардлагатай.
undefined
-Нэг хэсэг Монгол бөхөнгийн тоо толгой буурч байна гэж байсан. Юунаас болсон юм бол?
-Монгол бөхөнийг тоо толгой 2016/17 оны өвөл дэгдсэн бог малын мялзан өвчний улмаас 11000 бөхөн гуравхан сарын дотор 54,5 хувиар огцом хорогдсон. 2017 оны зун гантай, өвс ургамал муу, оройтож гарснаас болон 2018 оны нэгдүгээр сард 4 хоног үргэлжилсэн цасан шуурга, их цаснаас болж бог малын мялзан өвчний дэгдэлтээс амьд үлдэж хоцорсон 5000 орчим Монгол бөхөнгийн 40 хувь нь үхэж үрэгдсэн. 2018 оны дөрөвдүгээр сарын байдлаар дөнгөж 3000 орчим Монгол бөхөн үлдэж хоцорсон байсан. Хэрэв дунд бог малын мялзан өвчин дахин дэгдвэл Монгол бөхөнд халдварлаж сүргийн дийлэнх хувийг бүрдүүлж байгаа 2017 оноос хойш төрсөн дархлаагүй бодгалиудыг өвчлүүлж 2017 оны үеийн нөхцөл байдал дахин давтагдаж олноор үхэх эрсдэл одоог болтол байгаа. Тиймээс гэрийн малыг вакцинжуулах ажлыг арга зүйн дагуу бүрэн хяналттай сайн гүйцэтгэх шаардлагатай.
-Сүүлийн үед усны хомсдол орж байгаа гэсэн. Бөхөн Монгол орны хаагуур нутагладаг вэ?
-Монгол бөхөнгийн тархац нутаг нь говь, цөлийн бүс тул задгай ус, гол горхи ховор. Нутгийн айлууд болон гэрийн мал цөөн хэдэн задгай усыг бараадан зохицуулалтгүй зусах, бэлчээрлэх нь Монгол бөхөнд ундлах боломжийг багасгаж, нутаглах газрыг хумьж байна. Түүнчлэн мал булаг шандны эхийг гишгэлэн сүйтгэснээс болон мал ундаргын нь бохирдуулах, дотор нь үхэх зэрэг шалтгаанаас болж булгийн ундарга багасах, зарим тохиолдолд татарч үгүй болж байна. Энэ аюулыг бууруулах зорилгоор Дэлхийн Байгаль Хамгаалах Сан нь бөхөн хамгаалах сүлжээ баг, орон нутгийн экоклубийн сурагчид, нутгийн иргэд болон холбогдох хамтрагч байгууллагуудын хамт Монгол бөхөнгийн гол ундалдаг, ширгэж хатаж байгаа булаг шандыг хашиж хамгаалах, цэвэрлэх, ундаргыг нь сэргээх үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
-Бөхөнгийн тоо толгойг нэмэхийн тулд залуусын зүгээс юу хийвэл зүгээр вэ?
-Залуучуудын зүгээс Монгол бөхөн гэж сонин бөгөөд нэн ховор амьтан зөвхөн Монголд минь байдаг юм байна гэдгийг бүрэн ухамсарлан ойлгож энэ зүйл амьтныг хайрлан хамгааалах, бусдад таниулж гэр бүлийнхэн болон найз нөхдөдөө тайлбарлан хулгайн ан, хууль бус худалдаа зэрэгт оролцохгүй эрсдэлээс сэргийлэх нь залуусын хийх гол зүйл болов уу. Нутгийн иргэд, нутгийн залуусын хувьд Монгол бөхөн бэлчээр булаадаг гэх хэтрүүлсэн цуу яриаг дэвэргэхгүй байх, бусдад зөвөөр тайлбарлаж, хулгайн анг сэргийлэн оролцохгүй байх, энэ Монгол бөхөн мөхөх эсэх нь монгочууд, ирээдүй хойч үеэс хамаарна гэдгийг ухамсарлах нь хамгийн чухал. Унаган нутагтаа мал байтугай хүнээс өмнө хэдэн мянган жилийн турш оршин амьдарсан 5000 толгой Монгол бөхөн нь гол идэш тэжээл нь өөр, нэг сая хол давсан малын бэлчээрийг булаадаг гэх үнэнд хол цуу яриаг нутгийн зарим цөөн иргэд сайн бодож үзэх нь зүйтэй. Нутаг оронд нь Монгол бөхөн гэдэг дэлхийд өөр хаана ч байхгүй сонин содон зүстэй, туруутан амьтан одоог болтол оршин амьдарч байгаад талархаж, хамт зэрэгцэн амьдарч, энэхүү амьтнаараа нутгийнхан нь бахархаж бусдад гайхуулж амьдарна гэдэгт итгэж байна. Манай байгууллагаас “Бөхөндэй” хэмээх сурталчилгааны аяныг зохион байгуулж байгаа. Энэхүү аяны гол зорилго нь Монгол бөхөн гэдэг амьтан байдгийг ард иргэдэд сануулах, Монгол орны нэн ховор амьтан, тоо толгой нь цөөрч устах аюулд хүрсэн, олон аюул занал учраад байгаа гэдгийг мэдүүлэх юм.
-Үүнийг төр засгаас дэмжиж байна уу?
-Төр засгаас Монгол бөхөнгийн цөм нутгийг хамгаалалтад авах, одоо байгаа Шаргын говь, Манханы Байгалийн нөөц газруудыг өргөтгөх, эсвэл зэрэглэлийг нь дээшлүүлэх, менежментийг нь сайжруулах тал дээр хэлэлцэж хамгийн зөв шийдлийг олохоор ажиллаж байгаа. Мөн Монгол бөхөнгийн тусгаар, шинэ популяцийг үүсгэх ажлыг бүрэн дэмжин ажиллаж байна.
-Мөн танай байгууллага өөр ямар ажил хийж байна?
-ДБХСан нь сүүлийн 20 гаруй жил хамтрагч байгууллагууд, нутгийн иргэдтэй хамтарч Монгол бөхөнг хамгаалах олон ажлыг хийсэн. Одоогийн байдлаар  манай байгууллага Монгол бөхөнгийн тусгаар популяци үүсгэх ажлыг санаачлан эхлүүлээд байгаа. Мөн бөхөн хамгаалах сүлжээ багийг сүүлийн 10 гаруй жил ажиллуулж Монгол бөхөнг хулгайн агнуурт өртөхөөс сэргийлэн нутгийн иргэдэд Монгол бөхөнг хайрлан хамгаалах талаар олон сурталчилгаа хамгааллын ажлуудыг хийж байгаа. Монгол бөхөнгийн гол ундалдаг задгай усыг хашиж хамгаалах, мөн бэлчээрийн менежментийг дээшлүүлэх, малын тоог бууруулах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг хийж байна.
-Ярилцсанд баярлалаа.
undefined
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн