АНУ-ын Флорида мужид зохион байгуулагдсан “Fort Lauderdale Florida USA 6” зургаан өдөр, зургаан шөнийн хэт холын зайн гүйлтийн тэмцээнд түрүүлсэн Б.Буджаргалтай тэмцээнийх нь талаар ярилцлаа.
-Зургаан өдрийн хэт хот холын зайн гүйлтийн тэмцээнийг ямар байдлаар туулж дуусгасан бэ?
-Тэмцээний эхний өдөр хурц нартай байсан учир гүйхэд хэцүү байсан. Гэсэн хэдий ч багагүй зам туулж, эхний өдөр 190 км зайг туулсан. Хоёр дахь өдөр агаарын даралтад өөрчлөлт орсон учир хүчилтөрөгчийн дутагдал орж, мөн гүйхэд хүндрэлтэй байсан. Ерөнхийдөө зургаан хоногийн эхний хоёр өдөр нь маш хэцүү цаг агаартай байсан тул нэлээд хүч гаргаж ядарч туулсан.
-Гүйж байх үед хөл цэврүүтэх гэх мэт хүндрэлүүд гарсан гэж байсан. Ямар хүндрэлүүд гарсан бэ?
-Хүндрэл гэвэл замын асуудал их байсан. Тухайн зам нь өгсүүр, уруутай байсан учир хөлд их нөлөөлсөн. Тийм зам дээр нэг хэмнэлээр гүйж болдоггүй учир хөлд их хүндрэл үзүүлж байсан. Мөн хөл их цэврүүтсэн байгаа. Тэгэхдээ үүссэн хүндрэл бэрхшээлүүдийг даван гарч тэмцээнээ амжилттай дуусгасан.
-Таныг хэд хэдэн рекорд эвдсэн гэж байсан.
-Хэд хэдэн рекорд эвдэхийг их хүссэн. Гэвч саяын тэмцээнээр гүйж байхдаа нэг рекорд эвдсэн. Хувийн рекорд гэвэл эхний өдөр хамгийн хол гүйсэн. Урьд өмнө нь би арав болон зургаан хоногийн гүйлтэд оролцож байхдаа эхний өдрөө 190 км гүйж байгаагүй. Ихэвчлэн 170-180 км зайг эхний өдрөө туулдаг байсан энэ бол миний хувийн рекорд. Харин би энэ тэмцээнд гүйснээр гүйлтийн замын рекордыг эвдсэн байгаа. Тус тэмцээн нь долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа дээд рекорд нь 770 км гүйсэн байдаг. Харин би энэхүү тоог өөрчилж 787 км болгож 17 км ахиулсан байгаа.
-Ерөнхийлөгч ярихад ямар байсан бэ?
-Өмнө нь тэмцээнд оролцож байхад төр засгийн өндөрлөгүүдээс над руу залгаж ярьж байсан удаа байхгүй. Анх удаа улсын маань Ерөнхийлөгч надтай ярихад их сайхан байсан. Энэ нь надад маш их хүч өгсөн. Хэрвээ Ерөнхийлөгч яриагүй байсан бол би 687 км гүйж аварга болохгүй байсан байх. Тэгэхээр Ерөнхийлөгч надад урт замыг туулахад минь их сэтгэлийн хүч өгсөн хүн гэж хэлж болно.
-Цаашдын төлөвлөгөө юу вэ?
-Цаашдаа оролцох тэмцээнүүд их байна. Дөрөвдүгээр сард Нью Йорк хотод хэт холын зайн 10 өдрийн гүйлт байгаа. Мөн зургадугаар сард Нью Йорк хотод 5000 км гүйлт байгаа. Оролцохыг төлөвлөсөн тэмцээнүүддээ амжилт үзүүлэхийн тулд бэлтгэлээ АНУ-д хийж байна.