Open iToim app
Боловсрол | 6 мин уншина

Т.Ням-Очир: Зургадугаар сардаа бүтэн хичээллэх тооцоо, судалгаа хийж байна

Т.Ням-Очир: Зургадугаар сардаа бүтэн хичээллэх тооцоо, судалгаа хийж байна
Нийтэлсэн 2021 оны 2 сарын 25
БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очиртой ярилцлаа.
-Гуравдугаар сарын 1-нээс орон нутгийн танхимын хичээлийг нээх гэж байна. Сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулсан уу?
-БШУЯ-наас танхимын сургалт эхэлбэл хөдөө орон нутаг ямар зохион байгуулалтаар хичээллэх, нийслэлд ямар зохион байгуулалтаар хичээллэх вэ гэдэг нарийвчилсан журмын төслийг хоёрдугаар сарын 1-нээс боловсруулаад тухай бүрдээ УОК, мэргэжлийн байгууллагуудын санал, зөвлөмжийг аваад бэлдчихсэн байсан. Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар сум, баг, аймаг, тосгонд байршилтай, эрсдэлгүй гэж үзэж байгаа газруудын хичээл, сургалтын үйл ажиллагааг гуравдугаар сарын 1-нээс эхлэхийг зөвшөөрсөн. Манай яамны боловсруулсан журмаар баг, сумын сургуулиуд бүлэг дүүргэлт багатай, ачаалал харьцангуй жигд учраас долоо хоногийн таван өдөр хуучин журмаар хичээллэнэ. Сурагчид 2021-2022 оны хичээлийн жилийн нэгдүгээр улиралд 35, хоёрдугаар улиралд 20 хоног зайнаас хичээллээд байна. Хүүхдүүдийн хичээл, сургууль дандаа зайнаас явсан учраас тодорхой хэмжээний хоцрогдолтой, ялгаатай байдалтай хүүхдүүд орж ирж байна. Гэхдээ эхний ээлжид танхимын сургалтыг тодорхой тооны хичээлүүдээр зохион байгуулна. Ингээд аажмаар хичээлийнхээ тоог нэмэгдүүлж энгийн горим руу шилжинэ. Жишээлбэл, бага анги дээр монгол хэл, математикийн суурь агуулгууд дээр тулгуурлаж, хичээл сургуулилтаа явуулж эхлээд аажмаар хичээлийнхээ тоог нэмнэ. Дунд ангид монгол хэл, математик, байгалийн ухааны хичээлүүд, ахлах ангид монгол хэл, математик, сонгон судалсан хичээлүүд дээр нь суурилсан хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлээд аажимдаа энгийн горимд шилжээд явах төлөвлөлт хийсэн. Тиймээс эцэг эхчүүд, хүүхдүүд юу, юугүй хичээл ороод, бүх агуулга, хичээлээр ачаалал дарна, би теле хичээлээ дутуу үзсэн гэсэн айдаст автах шаардлагагүй. Багш нар Боловсролын хүрээлэнгээс чиглүүлж байгаа зөвлөмжийн дагуу явна.
-Улаанбаатарт танхимын хичээлийг ирэх сарын 10-наас нээх үү?
-Яг гуравдугаар сарын 10, дөрөвдүгээр сарын 1-н гэсэн тодорхой хугацааг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдээгүй. Нэгд, “Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэлээд үр дүнтэй боллоо. Тиймээс цаашдаа үүнийгээ улам эрсдэлгүй болгох ёстой. Хоёрт, энэ сарын 23-наас вакцинжуулалт эхэллээ. Мэдээж вакцины үр дүнг гарах ёстой. Гуравт, гуравдугаар сарын 1-нээс эхлээд хот хоорондын хөдөлгөөн нээгдээд ирэхээр нийслэлийн голомттой бүсээс хөдөө орон нутаг руу явах, нийслэлээс хөдөө орон нутаг руу явах хөдөлгөөн сийрэгжих ёстой. Ингээд энэ бүх эрсдэлүүдээ нарийвчлан тооцож, богино хугацаанд эрсдэлгүй болно гэвэл түүнээс наана ч сургуулиа нээхийг үгүйсгэхгүй. Харин эрсдэлийн түвшин харьцангуй өндөр хэвээр байвал энэ хугацааг дахин ярилцахаар үлдээсэн.  
-Төгсөх ангийхныг хоорондын зайг нь бариулаад танхимын давтлага өгөх боломжгүй юу. Энэ асуудлыг ярьж байгаа юу?
-2021 оны нэгдүгээр сард гаргасан А24 дүгээр тушаалаар орон нутгийн онцгой комисс зөвшөөрвөл халдвар хамгааллын дэглэмээ бариад давтлага хичээл зохион байгуулж болохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэртэй холбоотойгоор нэгдүгээр сарын 20-ноос хойш 15,16 аймаг ахлах, бага ангиуддаа давтлага өгч байсан. Давхардсан тоогоор 36900 орчим хүүхэд энэ давтлагад хамрагдсан байна.
-Улаанбаатар хотод?
-Улаанбаатар хот голомт болчихсон, эрсдэлтэй бүс учраас НОК л эцсийн шийдвэрийг гаргана. НОК эцсийн шийдвэрээ гаргахаас бус бид тусгайлан шийдвэр гаргах боломжгүй.
-Зуны цагийг ашиглаж, танхимын хичээлийг оруулна гэсэн асуудлыг ярьж байгаа. Энэ зун сургуулиуд хичээллэнэ гэсэн үг үү?
-Одоогоор албан ёсоор батлагдсан хичээлийн жилийн бүтэц хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Энэ хичээлийн жилийн бүтцээр хоёрдугаар улирлын амралт гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 5-н хүртэл байгаа. Бага анги зургадугаар сарын 1, дунд анги зургадугаар сарын 7, ахлах анги зургадугаар сарын 14-нөөс амарна. Нөхцөл байдлаа харж байгаад боломжтой бол зургадугаар сардаа бүтэн хичээллэх тооцоо судалгаа хийж байна. Хэрвээ зургадугаар сард бүтэн хичээллэвэл багш нарын ээлжийн амралт, цалинтай холбоотой асуудал яригдана. Одоо бид түр журман дээрээ төгсөх анги буюу 9,12 дугаар ангиудад амралтын өдөр нэмэлт давтлага өгч болохоор зохицуулж байна. Багш нар хүүхдийнхээ л төлөө ажилладаг учраас үүнийг хүлээж авах байх гэж бодож байна. Энэ мэт нөхцөл байдлаа харж байж тухай бүрд нь шийдвэрээ гаргахгүй бол өнөөдөр зургадугаар сард бүтэн хичээллэнэ гэдэг шийдвэр гаргачихдаг гэтэл зургадугаар сард нөхцөл байдал ямар байхыг хэлж мэдэхгүй. Тиймээс тухай бүрд нь тохирсон шийдвэрээ богино хугацаанд гаргаад Засгийн газар, УОК-оор хэлэлцүүлээд явна.
-Тэгвэл цаашдаа сурагчдын улирлын амралтаар амраах уу?
-Улирлын амралтыг зохицуулах эрх мэдэл нь салбарын сайдад байгаа. Сайд эрх мэдлийнхээ хүрээнд тухайн үеийнхээ нөхцөл байдалд тохирсон шийдвэрийг мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж заавраа харж байж гаргана. Тиймээс гуравдугаар улирлын амралт эхлэх үеэр нөхцөл байдал ямар байхаас шалтгаалж шийдвэрээ гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-БШУ-ны сайд Л.Энх-Амгалан 10 саяас дээш төлбөртэй сургуулиудад хувьсах зардал олгохгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Хэрвээ ингэвэл сургуулиуд төлбөрөө нэмээд эцэг, эхийн нуруун дээр ачаалал нь ирэх юм биш үү?
-Хувьсах зардал бол багшийн цалин, нийгмийн даатгалд зарцуулагддаг. Энэ жилийн тухайд 167 хувийн хэвшлийн сургууль үйл ажиллагаа явуулж байна. Үүний 140 нь таван сая буюу түүнээс доош төлбөртэй. Энэ сургуулиудад 48300 гаруй буюу нийт хүүхдийн 7.1 хувь нь хамрагдаж байна. Хувийн сургуулиуд төрийн ачааг үүрэлцэж, нийгэмд үнэ цэнэ бүтээж, нийгмийн хариуцлага үүрч яваа боловсролын нэг хэсэг. Тиймээс юу, юугүй нэг удаагийн шийдвэрээр гэхээсээ илүүтэйгээр цаашдаа урт хугацааныхаа бодлогоор зохицуулаад явах ёстой. Харин хэт өндөр төлбөр дээр тодорхой бодлого барих асуудлыг мэдээж зохион байгуулна. Нэгэнт ийм өндөр төлбөртэй сургуулиудад төрөөс заавал хувьсах зардал олгох шаардлагагүй гэсэн байр суурийг илэрхийлсэн байгаа.
-Өнгөрсөн жил хувийн сургуулиуд төлбөрөө бүрэн авсан. Энэ жил ч бүрэн авч байна. Үнийг зохицуулж, уян хатан хандаж болдоггүй юм уу?
-Ковидын тухай хуульд энэ талаар тодорхой зохицуулалт оруулж өгсөн. Үүнтэй холбоотой дүрэм журмыг сайдын тушаалаар баталсан. Эцэг, эхчүүд болон сургуулиудад төлбөртэй холбоотой харилцааг гэрээн дээрээ тодорхой тусгахыг чиглэл болгосон. Ковидын нөхцөл, байдал хүндрээд зайн сургалт руу шилжихэд танхимын сургалтыг орлох хэмжээний зайн сургалтын платформ байна уу, багш нар чинь ийм хэмжээний мэдээлэл, харилцаа холбооны ур чадвартай юу, ингэж бэлтгэгдсэн үү, ийм тохиолдолд сургалтын төлбөр дээрээ хэрхэн уян хатан хандах вэ гэдгийг гэрээн дээр маш сайн тусгаж өгөхийг намар анхааруулсан. Одоо яаман дээр тодорхой өргөдөл гомдлууд ирж байгаа. Өргөдөл гомдол нэг бүр дээр ажиллахгүй бол зарим нь хэт нэг талыг барьж, сургуулийн нэр хүндэд халдсан асуудал байна. Зарим сургууль танхимын сургуулийг орлох цахим платформоо хөгжүүлээгүй, багш нар нь хүүхэдтэйгээ эргэх холбоотой ажиллаагүй зүйлүүд байна. Өргөдөл гомдол бүр дээр тохирсон шийдэлтэй арга хэмжээ авч эцэг эхчүүд, сургуулиудтай хамтарч ажиллаж байна.
-Сургуулиудад эцэг эхтэй хийх гэрээн дээрээ сургалтын төлбөрийн асуудлаа тодорхой болгохыг хуульд тусгасан гэж байна. Тэгвэл энэ хуулийн дагуу гэрээн дээрээ сургалтын төлбөрийн асуудлаа тусгасан сургууль хэр байна вэ?
-Сургуулиуд эцэг, эх нэг бүртэйгээ ярьж, төлбөр төлөх нөхцөлийг нь уян хатан болгосон байна. Тухайлбал, улирлаар төлдөг бол сар болгож, сараар төлдөг бол төлөх хуваарийг нь хойшлуулах гэх мэт маш олон талын арга хэмжээ авч, ойлголцсоор байтал үүнээс илүүг эдлэх ёстой гэдэг байдлаар хандаж байгаа хүмүүс байна. Ирж байгаа өргөдөл гомдлыг судлаад үзэхээр өргөдөл гомдол бүрийн ард асуудал байна. Тиймээс нийтлэг бүх талын эрх ашгийг хамгааллын төлөө яам ажиллаж байна.
-Хүүхдүүдэд вакцин хийхгүй. Тиймээс тахимын сургалтыг эхлүүлсний дараа хүүхдүүдээ эрсдэлээс хамгаалах ямар төлөвлөгөө, бэлтгэл байна вэ?
-Халдварт өвчин, түүний эсрэг хариу арга хэмжээ гээд 2020 оны дөрөвдүгээр сард боловсруулсан журам бий. Хичээл эхлэхээр сургуулиуд энэ журмын дагуу бэлэн байдлаа хангана.
-ЭЕШ-ын өнөөдрөөс бүртгэл эхэлж байна. Энэ хүүхдүүд цахимаар бүртгүүлээд явах уу?
-ЭЕШ цахим хэлбэрээр явна. Гэхдээ нийслэлд харьцангуй хөл хорио тавигдсан учраас хүүхдүүд биечлэн банкин дээр очих, заавар зөвлөгөө авч болно. Цахим бүртгэл дөрөвдүгээр сарын 25-н хүртэл үргэлжлэх байх гэж бодож байна.
-Шалгалтын агуулгыг хөнгөвчлөх үү. Хоёр жил дараалан хүүхдүүд хичээлд бараг суусангүй шүү дээ?
-Шалгалтын агуулгыг бид урьдчилан зарлана. Ийм тавилттай, ийм даалгавар ирнэ гэдгийг мэдэгдэнэ. Мэдээж танхимын сургалт эхлээд явж байгаа учраас аль болох танхимд судалсан хичээлүүдээр агуулгыг бүрдүүлэхийг зорино. Нөгөө талаар 12 дугаар ангийн хүүхдүүд цахим давтлага, танхимын давтлагад хамрагдаж байгаа учраа сайн бэлдсэн, илүү зорьж чадсан нь амжилт үзүүлж чадах боломжтой.
-ЭЕШ-ыг жилд хоёр удаан зохион байгуулах асуудлыг ярьж байсан. Энэ ажил хэрэг болох уу?
-Энийг судалж байгаа. Цаашдаа хоёр ч биш жилд хэд хэдэн удаагийн давтамжтай авдаг байх, уян хатан, мэргэшсэн байх чиглэлүүд дээр бүх суурь, дэд бүтэц, зохион байгуулалт, хэрэгжилтийнхээ бүх зүйлийг төлөвлөж байж шилжинэ. Энэ мэдээж манай яамны бодлого чиглэлд байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн