Open iToim app
Эрүүл монгол | 5 мин уншина

Д.Нямхүү: Амьдралын буруу хэвшилтэй, хар тамхи хэрэглэдэг хүмүүс ДОХ-ын халдвар авч байна

Д.Нямхүү: Амьдралын буруу хэвшилтэй, хар тамхи хэрэглэдэг хүмүүс ДОХ-ын халдвар авч байна
Нийтэлсэн 2018 оны 6 сарын 7
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүүтэй ярилцлаа.
-Манай улсад халдварт өвчний тархалт, тэр дундаа ямар халдварт өвчин илүү их байна вэ?
-Монгол Улсад 30 гаруй халдварт өвчин бүртгэгдсэн. Үүний 40 хувийг бэлгийн замаар дамжих халдварт өвчин эзэлж байна. Үүнд тэмбүү, ДОХ, заг хүйтэн, трихомониаз ордог. Өөрөөр хэлбэл 3-4 өвчин нийлж нийт халдварт өвчний 40 хувийг эзэлж байна гэсэн үг. Хоёрт, сүрьеэгийн өвчлөл орж байна.
-Та ДОХ-ын халдвар судлагч. Өнөөдрийн байдлаар манай улсад ДОХ-ын хэдэн тохиолдол байна вэ?
-Манай улсад 260 гаруй ДОХ-ын тохиолдол бүртгэгдээд байна. Үүний 80 хувь нь гомо буюу эрчүүд эрчүүдтэйгээ бэлгийн харьцаанд ордог хүмүүс байна. Яагаад гомо хүмүүс их оношлогдож байна гэхээр тэд цөөхөн учраас бие биедээ халдаадаг. Халдвартайгаа мэдэж байгаа хэрнээ бусдад халдаасан тохиолдол ч байна. 20 хувь нь холимог буюу бисекс хүмүүс байгаа юм. ДОХ бол зөвхөн гомо, биеэ үнэлэгч нарын өвчин биш. Энгийн ажил төрөл хийгээд явж байгаа халдвар авсан хүмүүс ч байгаа. Тэдний нууцыг хадгалах үүрэгтэй.
-ДОХ-оор өвчилсөн хүмүүсийн эмчилгээний зардлыг улс хариуцдаг уу?
-Өмнө нь ДОХ-той хүмүүс атга дүүрэн өнгө өнгийн эм уудаг байсан бол одоо өдөрт ганцхан ширхэг эм уудаг болсон. Энэ эм нь ДОХ-ын вирусыг өсч үржихээс хамгаална, насыг нь уртасгана. Тухайн хүн 70 наслах тавилантай бол 70 хүртлээ амьдрах боломжтой гэсэн үг. Дархлалын олдмол хомсдол гэдэг бол дархлалын систем сүйрч байгаа болохоос идээт өвчин биш. Дархлаа уначихаар хүн ямар ч өвчин тусч болно. Тухайлбал, ДОХ сүрьеэгийн хавсарсан тохиолдлоор дэлхийд 400 мянган хүн нас барсан.
-260 гаруй хүний ард илрээгүй хэдэн хүн байна гэсэн судалгаа байдаг вэ?
-Тооцооллоор бол 650 гаруй хүн бидний дунд явж байна. Халдвар авсан хүмүүсийг байнга мөрдөж мөшгөөд явах боломжгүй учраас тэр хүн бусдад тараагаад явж байгааг хэн байг гэх вэ. Хаана юу хийж явааг бид мэдэхгүй. Голдуу амьдралын буруу зуршилтай олон хүнтэй явалддаг, гомо, бисекс хүмүүс учраас маш хэцүү. Олон хүнтэй уулзаад яваад сурчихсан хүмүүс учраас аюултай төвшинд байгаа. Бариад хорьж болохгүй, мөрдөөд мөшгөөд дагаад яваад байж болохгүй. Биеэ үнэлэгчдийг шинжилгээнд хамруулж, илрүүлж байсан. Тухайн халдвартай хүнтэй ресторанд таарахад би гэр бүлийн хүн маань явж байгаа юм шиг уурладаг байсан. Гэтэл “Би хүнтэй уулзаж хоол идэхэд яадаг юм. Би яасан юм бэ” гээд над руу уурладаг. Гэтэл үнэн хэрэг дээрээ цаашаа бусдад халдаагаад байгаа, үгүйг хэн ч мэдэхгүй шүү дээ. Гаднаас нь хараад тэр хүнийг халдвартай гэдгийг мэдэхгүй учраас маш аюултай.
-Хамгийн сүүлд дунд сургуулийн хоёр хүүхэд халдвар авсан гэсэн мэдээлэл гараад байсан. Сургуулийн хүүхдүүд ДОХ-оор өвдсөн тохиолдол бий юү?
-Бага насны хүмүүс байгаа. Хар тамхи хэрэглэхээр хүн өөрийгөө хянах чадваргүй болно. Энэ маш  аюултай. Социализмын үеийнх шиг хяналт тавьж, хүчээр барих үе өнгөрсөн учраас халдварт өвчний салбарт ажиллаж байгаа эмч нарт маш их бэрхшээлтэй байдаг. Тиймээс энэ талаарх мэдлэгийг хүүхдүүдэд олгох хэрэгтэй. Гарцаагүй тохиолдолд бэлгэвч хэрэглэхэд нэг удаа аварна.

Хэрвээ дорвитой арга хэмжээ авч сүрьеэтэй тэмцэхгүй бол 2030 он гэхэд сүрьеэгийн өвчлөл эрс нэмэгдэнэ

undefined
-Халдварт өвчнөөс сүрьеэ үзүүлэлтээрээ хоёрт ордог гэлээ. Удаан хугацаагаар эмчлэгддэг өвчин учраас хүмүүс эмчилгээнийхээ дундаас орхидог уу?
-Манай улсад сүрьеэгийн халдвар өндөр байгаа. Бүсийн 37 орноос эхний долоод орж байна. Мөн дэлхийд ч халдвараараа дээгүүрт орж байна. Дэлхийд олон эмэнд тэсвэртэй сүрьеэ их тархаж байна. Сүрьеэгийн нян маш их хувирамтгай. Эм уугаад үйлчлээд ирэхээр тухайн эмнээс өөрийгөө хамгаалдаг, тэсвэртэй болдог. Олон эмэнд тэсвэртэй сүрьеэг эмчлэхэд 24 сараас дээш хугацаагаар эм уух шаардлагатай болдог. Энэ эмчилгээний хугацаанд 10 мянган эм уудаг. Ийм их эм уудаг ямар ч өвчин байхгүй. Маш өндөр хүчтэй хор гэсэн үг шүү дээ. Хүнд гаж нөлөө үзүүлдэг, өвчтөн залхдаг, ачаагаа даадаггүй, эмээ таслаад зугтдаг. Ихэвчлэн амьдралын төвшин тааруу хүмүүс байдаг учраас эмээ уухгүй, биднээс зугтдаг. Бид хориод цагдаад байж болохгүй шүү дээ. Олон эмэнд дасалтай сүрьеэ манай хоёр хөршид өндөр тархалттай байгаа нь мөн аюул дагуулж байна. Манай улсын иргэд Хятад, Орос руу хамгийн их зорчдог учраас халдвар авах магадлал өндөр байгаа юм. Төр засгаас сүрьеэгийн эмнэлэг барих асуудлыг ярьж байна. Энэ салбарт ажиллаж байгаа бид маш их талархалтай байна. Цэвэр агаар наранд сүрьеэгийн эмнэлэг байгуулах хэрэгтэй. Сүрьеэгийн нян нар, цэвэр агаарт тэсвэргүй учраас эм ууж эмчилгээ хийснээс илүү үр дүнтэй байдаг.
-Сүрьеэ өвчний тархалт их байгаа нь ямар шалтгаантай вэ?
-Сүрьеэгийн нян чигтэй харанхуй, хүйтэн орчинд өсч үржинэ, бат бөх байна. Хүн бүхэнд үхмэл буюу унтаа сүрьеэгийн нян байдаг. Эрүүл, хооллоод, сайхан орчинд амьдарч байгаа хүний биен дэх нян сэргэж чадахгүй. Харин эмзэг бүлгийн хүмүүс хоол унд тааруу, даарч хөрөх, дархлаа муудахаар сүрьеэгийн нэн сэргэдэг. Тиймээс илрүүлэх үзлэгийг эрчимтэй хиймээр байна. Асар их хөрөнгө, мөнгө шаардлагатай. Өөр өвчнөөр өвчилсөн бол эмч нь “Энэ таны эм, уугаарай” гэж хэлээд гардаг. Харин сүрьеэгээр өвчилсөн хүнийг хүүхэд шиг асардаг. “За эмээ уусан уу. Уугаагүй бол яг залгисных нь дараа” өрөөнөөс нь гардаг. Хэрвээ эмээ ямар нэгэн байдлаар уугаагүй бол тухайн эмний цусан дахь хүч нь үгүй болно. Эмний үйлчлэл тодорхой хугацааны дараа цуснаас гардаг. Тэгэхээр тодорхой хугацаанд тэр эмийг цусанд нь байршуулж байж нянд үйлчлүүлдэг. Хэрвээ эмчилгээг тасалбал нян нь бэхжинэ. Дутуу цохиулсан хүн босоод ирдэг. Яг жинхэнэ буудаж албал тэр өвчин эдгэрнэ. Маш их бэрхшээлийн дунд өвчтөн болон эмч нар  ажиллаж байна. Олон эмэнд дасалтай сүрьеэ Хятад, Орос улсад их байгаа нь бас аюултай. Учир нь хоёр хөрш рүү манай наймаачид их явдаг. Олон эмэнд дасалтай сүрьеэ нь энгийн сүрьеэгээсээ маш өөр, удаан эмчлэгддэг, өндөр өртөг шаарддаг. Улс орны эдийн засгийг хямраадаг, тэр айлыг сүйрүүлдэг. Энгийн сүрьеэ нь 6-8 сар эмчлээд бүрэн эдгэрдэг. Олон эмэнд дасалтай сүрьеэг 12-24 сар маш сайн эмчилбэл эдгэрнэ. Гэхдээ эмчлэхэд үнэхээр хэцүү.
-Сүрьеэгийн өвчлөлөөр хамгийн их байгаа аймаг, хот гэж бий юү?
-Сүрьеэгийн өвчлөлийн 70 хувь нь Улаанбаатар хотод байна. Тиймээс нийслэл хотод байгаа сүрьеэгийн тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэх тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байгаа. Улаанбаатар хотын сүрьеэгээр өвчилсөн иргэдийн 70 гаруй хувь нь гэр хороололд амьдарч байгаа нь амьдралын доогуур төвшний иргэд илүү их өвчилж байгаа нь илэрхий байна. Хэрвээ бид дорвитой арга хэмжээ авч сүрьеэтэй тэмцэхгүй бол 2030 он гэхэд сүрьеэгийн өвчлөл эрс нэмэгдэхээр байгаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн