УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Хуралдаанд гишүүд дараах байр суурийг илэрхийлэв.
Б.Энх-Амгалан: Улс төрийн өшөө авахын тулд шүгэл үлээх вий
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Авлигатай тэмцэх гэж байна гээд маш олон хуурамч мэдээлэгчдийг гаргаж ирээд нийгмийн тогтворгүй байдлыг үүсгэж өшөө авах, шантааж хийх байдал руу явчих вий дээ. Бид мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулиа гаргаж чадаагүй, цахим гүтгэлгээ зогсоож чадахгүй, гаднын тусгай албадын орж ирж байгаа үйл ажиллагааг хааж чадахгүй, троллуудаа зогсоож чадахгүй байгаа. Ийм үед бид матаачид мөнгөн урамшуулал олгож, хуулиар хамгаалаад, шүгэл үлээгчийг хуулийн хариуцлагад татахгүй болох гэж байна. Манай улсад мэдээлэгчээс мэдээлэл худалдан авах зургаан хууль байдаг юм байна. Хуулийн дагуу шалгах хангалттай үндэслэл байна. Энэ нь сүүлдээ улс орны аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдал, цаашлаад улс төрийн өш хонзон авах хэлбэр рүү ороод явчих вий. Авлигатай тэмцэх гээд байгаа санааг нь бол ойлгож байна.
Ц.Сандаг-Очир: Энэ хууль олон улсын байгууллагаас оноо авах гэсэн оролдлого байж болохгүй
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Энэ хууль явж явж матаасны хууль болох вий дээ. Хэн нэгэн улс төрийн, эдийн засгийн ашиг хонжоо олох, хүний нэр хүнд унагаах, цаг хугацаа авсан байдлаар мэдээлэл гаргаад хаячихдаг болох вий. Нэг талаар шүгэл үлээгчийгээ хамгаалж байгаа ч нөгөө талын этгээдийг хамгаалах зүйл заалт байхгүй байна. Нөгөө тал нь хохироод үлдэх эрсдэлтэй юм. Түүнчлэн шүгэл үлээгчийн гаргасан мэдээлэл худал байвал ямар ч хариуцлага хүлээхгүй гэж заасан байна. Ямар ч хариуцлага хүлээхгүй юм чинь гээд үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллийг олон нийтэд дэлгэх, нэгнээ матах асуудал үүсэхийг үгүйсгэхгүй.
Хуулийн хамрах хүрээ байгаа оноогүй байна. Төрийн болон албаны нууцад байгаа материалд энэ хууль үйлчлэхгүй гэхээр авлигыг бууруулах үндсэн зорилгод нийцэхгүй байгаа юм. Зүгээр л ФАТФ-аас, олон улсын байгууллагаас оноо авах гэсэн оролдлого байж болохгүй. Бидний зорилго бол авлигыг бууруулах. Гэтэл тэр авлига нь нууцын цаана үлдээд байна шүү дээ.
Б.Дэлгэрсайхан: Шүгэл үлээхийг мөнгө олох хэрэгсэл болгож байгаа нь хамгийн буруу
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Манай улс АТГ гээд бүхэл бүтэн газартай. Социализмын үед нэг нь нэгнээ матдаг байсан. Ард иргэдэд энэ аятайхан санагдахгүй. Ер нь бол социализмын үед хүмүүсийг хэлмэгдүүлдэг, гүтгэдэг зүйл байсан. Бид зах зээлийн нийгэмд арай өөр байх ёстой. Буруу тал руугаа явчих вий гэж санаа зовж байна. Энэ хуулийг хойшлуулдаг юм уу, дахин боловсруулах хэрэгтэй. Хэн дуртай нь хүн доромжлоод, хэн дуртай нь зохиогоод тэр ингэсэн гээд байх тоолонд хүн хэлмэгдүүлнэ. Хоёр хүн нэг нэгнээ тагнах нь байна шүү дээ. Бид сайхан нийгэм байгуулна гэж ярьдаг мөртлөө хонзогносон, хорлох гэсэн заваан юм болох вий. Үүнийг сайн бодож боловсруулах хэрэгтэй байна. Хамгийн гол нь мөнгө олох хэрэгсэл болгоод байгаа нь хамгийн буруу. Түүхий л байна даа.
Ш.Адьшаа: Энэ хууль бусад хуультай зөрчилдөж байна, сайжруулах шаардлагатай
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд ирээдүйд гарч болзошгүй үйлдлээс урьдчилан сэргийлнэ гэж заасан байна. Ирээдүйд ийм зүйл болох нь гээд гүтгэх нөхцөлийг бүрдүүлж байгаа бололтой. Эс үйлдэл, үйлдлийг ялгах хэрэгтэй. Шүүхийн шийдвэр эцсийн байх зарчим яагаад үйлчлэхгүй байгаа юм. Хэрэг маргаан шийдвэрлэх бусад хуультай зөрчилдөж байна. Түүнчлэн хууль дээдлэх, хүний эрхийг зөрчихгүй байх асуудлыг орхигдуулж болохгүй. Шүүхийн шийдвэр гарсны дараа л гэм буруутайд тооцох ёстой. Барууны орны хуулийг шууд ингэж хуулбарлаж болохгүй.
Ж.Сүхбаатар: Хуулийн төсөл батлагдсанаар эрх мэдэлтнүүд минийн талбайд алхаж байгаатай адил болно
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Олон улсын авлигын эсрэг конвенциор сайн санааны үүднээс үндэслэлтэй мэдээллийг эрх бүхий байгууллагад мэдэгдсэн аливаа этгээдийг шударга бус хандлагаас хамгаалах тухай заасан байдаг. Судалгаанаас харахад хувийн хэвшилд үйлдэгдсэн залилангийн хэргийн 45 хувийг салбар дотроос нь мэдээлсэнд тулгуурлан илрүүлсэн байна. Ази, номхон далайн орнуудын 20 мянган хүнд хийсэн судалгаагаар авлигын эсрэг тэмцэх хамгийн үр дүнтэй арга нь шүгэл үлээх гэж үзсэн. Яагаад шүгэл үлээхгүй байгаа шалтгааныг тодруулахад үр дагавраас айдаг гэж хариулсан байна.
Шүгэл үлээгч гэдгийг матаасчин гэж яриад байна. Барууны орнуудын авлигаа бууруулсан арга бол шүгэл үлээх юм. Тэгэхээр барууны оронд баахан матаасчид амьдарч байгаа болж таарч байна уу. Манай улс авлигажсан орны тоонд орж, авлигаараа дэлхийд тэргүүнд явж байна. Энэ төрлийн асуудалд болгоомжлол байгааг ойлгож байна. Иргэд хоорондын асуудалд хүндрэл учруулах талаар яригдахгүй. Харин эрх мэдлийн орчинд эрсдэлийг бий болгож байгаа юм. Хажуу дахь эсвэл холбоо бүхий хүмүүс нь шүгэл үлээх боломжтой байна гэдэг эрсдэлийг бий болгосноор авлига авах сэдэл сонирхлыг бууруулна. Энэ хууль гарахаар эрх мэдэлтнүүд минийн талбайд явж байгаатай адил болно.
Б.Энхбаяр: Нууцын тамгатай байсан ч шүгэл үлээж ил болгох хэрэгтэй
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Мөнгө олох зорилгоор шүгэл үлээдэг хүн бий. Би шүгэл үлээгчийн нэг. Мөнгө олох зорилгоор үлээдэггүй. Энэ хуулийн 3.2.2-т Төрийн нууцын мэдээлэл энэ хуульд хамааралгүй гэчихжээ. Төмөр замын хэрэг, идсэн уусан хэрэг чинь бүгд нууцын зэрэглэлд орчихсон. Гэтэл нууцын тамгатай бол шүгэл үлээж болохгүй гэсэн байна. Энэ ямар учиртай юм. Мөн Сангийн яам Татварын маргаанаа шийдэж байгаа асуудалд шүгэл үлээж болохгүй гэсэн санал өгсөн байна. Дарга нар дуртай зүйлээ албаны нууц гээд нууцын тамга дарчихдаг. Бүх юмаа нууцалж хулгай хийж байгаа. УИХ-ын гишүүн миний бие асуулга тавихад нууцын тамгатай ирүүлж байна. Би үүнийг нь ил болговол 2-8 жилийн хорих ял авна. Тэгэхээр би ярьж чадахгүй. Нууц гэж дарж байгаа тамганы цаана хулгай байна. Нууцалж байгаа харилцаанд шүгэл үлээж ил болгох хэрэгтэй