Монгол Улсад Кембриджийн сургалтын хөтөлбөртэй улсын ерөнхий боловсролын гурван сургуулийн нэг болох “Монгол тэмүүлэл” сургуулийн хичээлийн байрыг “133 дугаар” сургуульд шилжүүлэн өгөх яриа гарах болсонтой холбоотойгоор тус сургуулийн сурагчдын эцэг эхчүүд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Төрийн өмчит “Монгол тэмүүлэл” сургууль нь Олон улсын сургалтын хөтөлбөртэй лаборатори сургуулиудын тоог нэмэх Засгийн газрын зорилтын хүрээнд 2011 онд анх үүсгэн байгуулсан аж. Тус сургууль нь Кембриджийн сургалтын хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлдэг ерөнхий боловсролын гуравхан улсын сургуулийн нэг бөгөөд сургалтын хөтөлбөрийн давуу тал нь сурагчдад дэлхийн топ их сургуулиудад тэтгэлэгтэйгээр элсэн орох боломжийг олгодог явдал аж.
Монгол тэмүүлэл сургууль нь батлагдан системийн дагуу Монгол Улсын хэмжээнд жил бүр шалгалт авч шилдэг сурагчдыг элсүүлдэг байна. Одоогоор тус сургуульд 240 гаруй суралцагчтай бөгөөд үүний 20 гаруй нь хөдөө орон нутгаас суралцдаг аж. Монгол тэмүүлэл сургууль нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш зургаан жилийн турш өөрийн байргүй, бусад сургуулиудын анги танхимыг түрээслэх замаар үйл ажиллагаагаа явуулж байгаад 2017 онд улсын төсвийн хөрөнгөөр одоогийн байрандаа орсон байна.
Мөн 2017 онд сургуулийн барилга ашиглалтад орох үед харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны сурагчид хамрагдах “133 дугаар сургууль” мөн өөрийн байргүй байсны улмаас тус сургуулийн шинэ барилгын нэг, хоёр дугаар давхарт хичээллэж эхэлсэн аж. Ингээд өнгөрөгч зургадугаар сард УИХ дарга Г.Занданшатар, БСШУ-ын сайд Ё.Баатарбилэг, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан тэргүүтэй албаны хүмүүс нэг байранд хичээллэж буй хоёр сургуулийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж “133 дугаар” сургуулийн барилга болон газрын асуудлыг шийдвэрлэсэн байна. Одоогоор “133 дугаар” сургуулийн шинэ барилгын ажлын үргэлжилж байгаа юм.
Гэтэл гуравхан сарын өмнө гаргасан энэхүү шийдвэрээсээ эрх баригчид буцаж “Монгол тэмүүлэл” сургуулийг байрнаасаа гарч, түрээсийн байранд ор гэж шаардсанд тус сургуулийн эцэг, эхчүүд бухимдалтай хандаж байгаагаа өнөөдөр илэрхийллээ. Тиймээс эцэг эхчүүд энэ байдлыг төр засаг анхааралдаа авч, боловсролын салбарт тууштай бодлого хэрэгжүүлэх хүсэлтийг Ерөнхий сайд болон холбогдох төрийн байгууллагуудад гаргаж байгаагаа мэдэгдлээ.
Хэвлэлийн хурлын үеэр “Монгол тэмүүлэл” сургуулийн сурагчдын эцэг, эхчүүдийн төлөөлөл “Бидний зүгээс манай хүүхдүүд 133 дугаар сургуулийн сурагчидтай хамт нэг байранд хичээллэх болсонд огт дургүйцэж байгаагүй. Манай хүүхдүүд ч зургаан жилийн турш бусдын байрыг бараадан хичээллэдэг байсан гэдэг утгаараа харин ч уриалгахан хандсан. Гэвч зарим нэр бүхий хүмүүс зохион байгуулалттайгаар нийгэмд Төрийн өмчит Монгол тэмүүлэл сургуулийг зөвхөн баян айлын хүүхдүүд сурдаг, өндөр төлбөртэй сургууль гэсэн цуурхал тарааж, ардын хүүхдүүдээ буюу 133 дугаар сургуулийн сурагчдыг тус сургуулийн байранд суралцуулъя гэж турхирах болсон. Гэвч үнэн хэрэгтээ ийм зүйл болбол ардын хүүхдүүд, хөдөө орон нутгаас ирж суралцаж буй сурагчид дэлхийн боловсролыг эх орондоо эзэмших боломжоо алдах юм.
Учир нь Кембриджийн хөтөлбөр нь маш хатуу шалгууртай, суралцах анги танхимын хувьд ч цаанаас тавигддаг стандартын дагуу явах ёстой байдаг. Мөн дэлхийн дахинд буй 10.000 гаруй сургуулиудтай яг нэгэн зэрэг хөтөлбөрийн дагуух шалгалтуудаа жил бүр онлайнаар өгдөг журамтай. Үүнд зөвхөн Монгол тэмүүлэл сургуулийн сурагчдаас гадна нийслэлийн сурагчид өөрсдөө онлайн хүсэлт гаргаад шалгалт өгөх боломжтой байдаг. Хэрэв улс шийдвэрээ гаргаад нүү гэсэн тохиолдолд бид эсэргүүцэхгүй. Учир нь үнэндээ бидний хүүхдүүд дэлхийн боловсролыг эх орондоо эзэмших боломжийг эрх баригчид маань л бий болгосон. Тиймээс Монгол тэмүүлэл сургуулийг нүүж ор гэсэн байртай ч танилцсан.
Гэвч ингэж ахин нүүдэл суудал хийснээс болж нэгд, анхнаасаа Кембриджийн хөтөлбөрийн стандартад нийцүүлэн, анги танхим, дотоод, гадаад интернэт сүлжээг шийдсэн Монгол тэмүүлэл сургуулийн барилгыг зориулалтынх нь дагуу ашиглалгүй улсын хөрөнгө хий дэмий үрэгдэж байна. Хоёрт, Кембриджийн хөтөлбөрийн стандартад нийцсэн байрнаасаа хөөгдвөл тус хөтөлбөрөөс Монгол тэмүүлэл сургууль хасагдах аюул нүүрлээд байна” гэдгийг ярьсан юм.
Харин тус сургуулийн зарим эцэг эхийн төлөөл уг хоёр сургуулийн байрны маргааны асуудал Баянзүрх дүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай холбоотой гэж хардаж байгаа талаараа мэдэгдсэн юм. Монгол тэмүүлэл сургуулийн эцэг эхийн төлөөлөл Д.Лхагваням хэлэхдээ “2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр Монгол тэмүүлэл болон “133 дугаар” сургууль байрлах Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд Ж.Энхбаяр гишүүн шинээр сургууль барьж өгөхөөр амласан. Гэвч тэрээр ЖДҮ зэрэг хэрэгтэй холбогдож энэ тойргоосоо ахин сонгогдох нэр хүндгүй болсон. Тиймээс ирэх сонгуулиас урьтан амлалтаа биелүүлсэн болж харагдахын тулд ирэх оны есдүгээр сард ашиглалтад орохоор төлөвлөгдсөн 133 дугаар сургуулийн шинэ барилгын ажлыг дуусахыг хүлээж тэвдэн бэлэн байртай байгаа Монгол тэмүүлэл сургуулийн байрыг шууд булаан авч өгөхөөр холбогдох байгууллагуудад нөлөөлж байна” гэсэн юм.