Open iToim app

Стан Ли: Хүн бүр супер баатар байх боломжтой

Стан Ли: Хүн бүр супер баатар байх боломжтой
Нийтэлсэн 2019 оны 5 сарын 1
Үнэнч фенүүдээ удаан хугацаанд хүлээлгэсний эцэст комик номоос сэдэвлэсэн “Avengers” цувралын сүүлийн анги дэлхий дахинд сүр дуулиантай нээлтээ хийж кино ертөнцийн түүхэнд урд өмнө нь гарч байгаагүй олон амжилтыг тогтоогоод байгаа билээ. Тиймээс уг комикын зохиолч Стан Лигийн 2015 онд алдарт хөтлөгч Ларри Кингтэй хийсэн ярилцлагыг тоймлон хүргэж байна. Энэхүү ярилцлагаас та өнгөрөгч 2018 оны төгсгөлд 95 насандаа өөд болсон агуу зохиолчийн хошин шогийн мэдрэмж, хувь хүний үзэл бодлыг нь олж харах юм. Та түүний жинхэнэ шүтэн бишрэгчдээс нь ямар гайхалтай хүн байсан талаар нь мэдэж болно. Тэд магадгүй Стан Лигийн уран бүтээлүүд 20, 30 жилийн дараа Уильям Шекспир шиг дэлхийн сонгодогт тооцогдох болно гэж хариулах биз ээ. Ингээд ярилцлагыг хүргэж байна.     
Ларри Кинг(ЛК): Хүү маань хоёр настайгаасаа эхлэн өрөөндөө Хүн аалзны зурагт хуудсыг өлгөх болсон юм. Тэгэхээр таны гайхалтай бүтээл миний ч гэсэн амьдралын нэг хэсэг гэсэн үг. Маш том хэсэг шүү. Та өдгөө 92 настай хэрнэ одоо хүртэл компани удирдаж, өөрийн кинонууддаа жижиг дүр бүтээсээр байна. Юу таныг өдий хүртэл ингэж урам зориг дүүрэн байхад хүргэж байна вэ?
Стан Ли(СЛ): Ерөнхийдөө шунал гэж хэлмээр байна. Яах вэ энэ чинь хөгжилтэй шүү дээ. Надад зүгээр л яг чам шиг хийж байгаа зүйлдээ үнэн сэтгэлээсээ дуртай, хошин шогийн мэдрэмжтэй, миний хийж байгаа зүйлд ч дуртай өөр олон залуустай хамтарч ажиллах сайхан байдаг.
ЛК: Ингэхэд яаж яваад домогт Стан Ли комик зохиолтой холбогдсон юм бэ?
СЛ: Ёстой санамсаргүй байдлаар холбогдсон. Би нэг хэвлэлийн компанийн ажлын зарыг анх олж харсан юм. Тэд эрчүүдийн, адал явдалт, барууны болон детектив сэтгүүлүүд хэвлэн гаргадаг байсан юм. Үүнийхээ хажуугаар бяцхан комик цувралууд хийдэг байсан. Тэгээд би ажилд орох өргөдөл өгч Жек Корбин, Жое Саймон гэх хоёрхон хүн ажилладаг комик сэтгүүлийн хэсэгт орсон юм. Тухайн үед тэд бэхээр зурдаг байлаа. Ерөнхийдөө миний хийх ажил бол тэдний бэх дуусаад ирмэгц дүүргэж өгөх, сендвич зөөх болон үг үсгийн алдааг нь ахин уншиж үзэх байсан юм. Гэхдээ би чиний амьдралдаа олж харах боломжтой хамгийн шилдэг үг үсгийн алдаа шалгагч байсан юм шүү.
Би тухайн үед тэдний бүтээлийг уншихаар тэсэн ядан хүлээдэг байлаа. Ингээд тэд төд удалгүй надаар бага сага зүйл бичүүлэх болсон. Нээх сайндаа ч биш угаасаа надаас өөр сонголт тэнд байгаагүй. Дараа нь яагаад гэдгийг нь сайн мэдэхгүй ч тэд удалгүй ажлаасаа халагдаж би тэнд ганцаараа үлдсэн юм. Тэгсэн босс нь ирээд хөөе чи намайг өөр насанд хүрсэн хүн ажилд автал энэ бүхнийг үргэлжлүүлээд хийж байж чадах уу гэсэн. Яагаад гэвэл би тухайн үед дөнгөж 18 настай байсан. Тэгээд би чинь цэл залуу юу ч хийхээс буцахгүй юм чинь “өө тэгэлгүй дээ, би үүнийг хийж чадна” гэсэн. Үүнээс хойш тэр насанд хүрсэн шинэ ажилтан авахаа мартаж би ч өдийг хүртэл эндээ ажиллаж байна даа.
ЛК: Тухайн үедээ л “Marvel” гэдэг нэртэй байсан уу?
СЛ: Үгүй ээ, “Timely Comics” гэдэг байсан юм. За байз 1960-д оны үед шиг санагдаж байна. Би цоо шинэ зүйлийг хийж, хүмүүст өмнө нь огт харж байгаагүй супер баатруудыг танилцуулж, олон мянган уншигчтай болохыг хүссэн юм. Тэгээд л “Marvel” гэж нэрээ өөрчилсөн.
ЛК: Та яг одоо “Шоргоолж хүн”-д жижиг дүр бүтээж байгаа. Ер нь бүх кинонууддаа дүр бүтээсэн үү?
СЛ: Үгүй. Би Гайхамшигт дөрөв болон Икс-Хүмүүсийн аль нэг ангид нь дүр бүтээгээгүй. Хэдий хүмүүс миний жижиг дүрийг тэсэн ядан хүлээж байдаг ч кино зураг авалтууд заримдаа маш хол газруудад болдог. Тиймээс ганцхан хором гараад өнгөрөх жижиг дүр бүтээхийн тулд би дэлхийн хагасыг туулахгүй шүү дээ.
ЛК: Марвелын хийж байгаа кинонууд танд таалагддаг уу?
СЛ: Би тэдний хийж байгаа бүхэнд хайртай. Тэд миний бүтээлүүдээр миний өмнө нь хэзээ ч төсөөлж байгаагүй тийм гайхамшигтай кинонуудыг хийж байна. Тэгээд тэр залуусын хөдөлмөрөөр бүтсэн юм бүхний төгсгөлд бүтээгч Стан Ли гээд миний нэр гарна гэдэг бол энэ ертөнц дээрх хамгийн том жаргал. 
ЛК: Шоргоолж хүн бол үнэхээр сайн бүтээл болсон санагдсан. Маш хөгжилтэй байсан. Харин Гайхамшигт дөрвийн шинэ анги амжилт олоогүй. Маш их шүүмжлэл дагуулсан шүү дээ. Яагаад гэж бодож байна?
СЛ: Тийм ээ. Угаасаа энэ зохиол, дүрийн суурь нь хошин шогийн мэдрэмж юм шүү дээ. Харин Гайхамшигт дөрвийн хувьд тэд надтай зохиолын талаар огт зөвлөлгүйгээр үүнийг маш хурдан хийсэн. Тиймээс ч би тэнд жижиг дүр бүтээгээгүй юм. Би одоог хүртэл киног үзэж амжаагүй л явна. Тиймээс би сайн, муу болсон гэдэг дээр тайлбар хэлэхгүй ээ. 
ЛК: Үнэхээр үзээгүй гэж үү?
СЛ: Үнэндээ надад нэг асуудал байгаа. Тэр нь юу гэвэл би одоо бүхнийг сайн харж, сонсож чадахгүй болсон. Мэдээж би эдгээр кинонуудыг кино театрт очиж үздэг ч үнэндээ миний хувьд дүрснүүд л өнгөрч, юу яриад байгааг нь ч сайн сонсож чаддаггүй. Тэгээд би гэртээ харьсныхаа дараа найзууд руугаа залгаад чи үзэв үү, ямархуу кино болсон байна гээд асуудаг. Олон хүнээс асуусныхаа дараагаар л би энэ ийм бүтээл болжээ гэсэн ойлголт авдаг.
ЛК: Тэгээд та сайн харж, сонсож чадахгүй юм бол заавал ингэж их ажиллах хэрэг байгаа юм уу. Яагаад зүгээр гэртээ тухтай суугаад үзэгч болж болохгүй гэж?
СЛ: Учир нь би сайн харж, сонсож чаддаггүй хүн ч гэсэн үр бүтээлтэй ажиллаж чаддаг гэдгийг харуулахыг зорьж байгаа юм. /Инээв/
ЛК: Саяхны нэг “Comic-Con”-д оролцох үеэрээ та Икс-Хүмүүс цувралын Апоколипс ангид бүтээсэн жижиг дүрээ одоогийн байдлаар өөрийнхөө хамгийн дуртай нь гэсэн байсан. Яагаад?
СЛ: Өө тэгэлгүй яахав. Учир нь энэ миний өөр дүрийг харуулж байгаагаараа өмнөхүүдээсээ ялгаатай. Би үүнээс өөр зүйлийг ярихгүй ээ. Чи үзэх хэрэгтэй.
ЛК: Энэ бүх киноны төлөө Марвел танд хэдийг төлдөг вэ?
СЛ: Төлдөггүй, жижиг дүр бүтээлээ гэж мөнгө төлөх хэрэг үү. Би тэр киног хийдэггүй шүү дээ.    
ЛК: Сохор зоос ч уу. Гэхдээ бүгд таны зохиолууд шүү дээ. Та ямар мөнгөөрөө яаж ийм сайхан оффистой болсон юм бэ?
СЛ: Мөнгө хамгийн чухал зүйл биш. Надад “PAL” гээд компани байгаа. Найзуудынхаа хамтаар байгуулсан юм. Бид телевизийн цуврал кинонууд хийдэг. Тун удахгүй Их Британид нэг кино цацагдана. За байз нэр нь юу билээ мартчихлаа /инээв/
Аан тийм. Азтай залуу гэж супер хүчтэй залуугийн тухай кино байгаа. Ерөнхийдөө түүний хүч нь зүгээр л маш азтай. Хамгийн гайхалтай нь юу гээч урьд нь ямар ч комик зохиолд ийм дүр байгаагүй юм шүү. Чи үзэх хэрэгтэй. Тэгээд аз яаж ажилладгийг мэдээрэй. Бас бүх зүйл нь миний санаа юм шүү.  
ЛК: Та Хятад болон Энэтхэг супер баатрууд бүтээж байгаа энэ талаараа яриач?
СЛ: Мэдээж мөнгө шүү дээ. Тэнд чинь асар олон хүн амьдарч байна./Инээв/ Саяных наргиа байсан шүү. Зүгээр яагаад болохгүй гэж. Тэндхийн олон хүүхэд өөртэйгөө ижил супер баатартай болох нь сайхан хэрэг шүү дээ.
ЛК: Хүмүүс яагаад одоо хүртэл комик номд ийм их хайртай байдаг юм бэ, Миний бодлоор та сая, сая хүүхдүүдийг өөрийн зохиолуудаараа дамжуулан хүмүүжүүлсэн шүү?
СЛ: Тийм ээ. Би ч бас тэгж боддог. Тиймээс тэр хүмүүс надад бүгд нэг доллар явуулбал би маш баян болж бас их баярлах байна. /Инээв/
ЛК: Та анх комик зохиолууд бичиж эхэлж байхдаа үүнийг хүмүүс ирээдүйд цуглуулдаг болж, зарим ховор хэвлэлтүүд нь олон мянган доллараар үнэлэгдэнэ гэж бодож байсан уу, бас яагаад хүмүүс үүнийг цуглуулдаг юм бэ?
СЛ: Мэдээж үгүй. Би тухайн үед миний бичсэн зүйлийг хүмүүс худалдаж аваасай тэгвэл би түрээсээ төлөх юмсан л гэж боддог байсан. Хүмүүс үүнийг цуглуулж байгаа нь магадгүй үүнийг хийхэд амархан учраас л тэгдэг байх.
ЛК: Танд Хүн аалзны эх хувь байгаа үүнийгээ хэдээр үнэлэх вэ?
СЛ: Би үнэхээр тэнэг хүн. Учир нь би нэг ч ном, сэтгүүл, эх хувиа хадгалж байгаагүй. Би нэг инээдтэй түүх ярьж өгье. Надад дээр үед нэг бичгийн машин байсан юм. Сайхан эд байсан шүү. Товших үед ямар ч дуу гаргадаггүй “Remington Rand” байсан юм. Би түүгээр Хүн аалз, Халк, Төмөр хүн гээд өөрийн бүх л зохиолыг бичсэндээ. Нэг өдөр эхнэр бид хоёр маргалдсан юм. Тэр нэлээд ууртай байсан. Тэгээд гэнэт “блаблабла” гээд ямар нэг галзуу юм хэлээд ширээн дээр байсан миний бичгийн машиныг газар шидээд эвдчихсэн. Тэгээд үүнээс өөр ноцтой зүйл бололгүй уламжлалын дагуу бид төд удалгүй эвлэрсэн.
Дараа нь би түүнээс асуусан юм. Хонгор минь чиний сая эвдэлсэн бичгийн машиныг бид дуудлага худалдаанд оруулсан бол ямар их мөнгөтэй болох байсныг мэдэх үү гэж. Үүнээс хойш би эхнэртэйгээ муудалцахдаа нэг ч удаа ялагдаж үзээгүй л байна. Энэ явдлыг сануулаад л үргэлж би ялдаг. Хүн аалзны эх хувийг үнэлэх тухайд ардаа хэдэн сая тэгтэй тийм л тоо байх болно.
ЛК: Та надад сайн талын супер баатрын тодорхойлолтыг хэлж өгөөч.
СЛ: Хөөх хэцүү асуулт байна. Би маш олон хүнтэй комик номоор мэтгэлцэж, олон тэмцээнүүдэд орж байсан. Гэхдээ энэ ямар чөтгөр нь вэ?
Тэгэхээр хамгийн эхэнд заавал супер баатар гэлтгүй ямар ч дүр байсан гэсэн хувийн шинж чанартай байдаг. Тэгээд бусдад хүргэхийн тулд нэгд тэр нь ойлгомжтой байх хэрэгтэй. Хоёрт ямар нэг байдлаар хүмүүстэй холбогдох хэрэгтэй. Гуравт уншигчид түүнийг сайн дүр гэдгийг нь үйл явдлаас нь шууд ойлгохоор байх ёстой. Мөн түүнийг өдөөгч болон сэтгэл хөдлөлийг нь уншигчдад яг үсэглэж буй мэтээр ойлгуулах нь чухал.  
ЛК: Таны хамгийн хайртай супер баатар чинь хэн бэ?
СЛ: Би бүгдэд нь хайртай. Тэд миний хувьд адилхан.
ЛК: Тэгвэл та өөрийнхөө зохиосон дүрүүдийн хэнтэй нь илүү адилхан бэ?
СЛ: Ямар ч маргаангүй Төмөр хүн. Учир нь тэр царайлаг, сэтгэл татам, ухаантай бас баян.
ЛК: Тэгвэл бодит амьдрал дээр яг одоо байгаа хүмүүсээс хэнийг жинхэнэ супер баатар гэх вэ?
СЛ: Миний бодлоор үйлчилгээний ажилчид бол жинхэнэ баатрууд. Америк ийм гайхалтай орон болсонд үйлчилгээ үзүүлдэг хүмүүс л хамгийн их гавьяатай. Хүмүүс урлаг, спорт, бизнес, улс төр хийдэг хүмүүсийг нэрлэх байх. Миний хувьд юу хийж байгаа нь бус өөрийн хийж байгаа тухайн зүйлдээ үнэн сэтгэлээсээ ханддаг хүн бүр баатар.   
ЛК: Танд хэрвээ юуг ч өөрчилж чадах супер чадвар байсан бол дэлхий дээрх юуг өөрчлөх байсан бэ?
СЛ: Би хүмүүсийг шашин шүтлэг, арьс өнгө, өөр ямар ч хамаагүй тэнэг шалтгаанаас болж бие биенээ үзэн ядахыг зогсоох байсан. Хэрвээ бид үзэн ядалтаас болж энэ сайхан эх дэлхийгээ устгаад байвал энд амьдрах ямар хэрэгтэй юм бэ?
Миний энэ үзэл бодлоос “Silver Surfer” гэдэг дүр төрөн гарсан. Тэр өөр гаригаас манай дэлхийд ирдэг. Тэгээд би түүний биднийг харж байгаа өнцгөөр дамжуулж өөрийгөө илэрхийлсэн юм. Тэр юуг олж хардаг вэ гэхээр энэ гайхалтай цэнхэр гариг хүмүүст хоол хүнс, амьсгалах агаар, ус, нар гээд амар амгалан, юунд ч санаа зоволгүй амьдрах бүхнийг өгч байна. Гэтэл яагаад тэд өөрсдийн амьдралын хамаг үнэтэй цагаа бие биенээ үзэн ядаж, дайтахад зориулж байгаа юм бэ гэдгийг харуулахыг зорьсон.
Мөн Хүн аалзны өмсгөлийг бодоод үз. Тэр улаан өнгөтэй хувцасныхаа араас хэн болох нь танигдахгүй шүү дээ. Түүнийг хэн ч мэдэхгүй. Тэгэхээр уншиж буй хүүхэд түүний жинхэнэ дүр төрхийг төсөөлөх болно. Гэтэл тэр хар арьстай юм уу, цагаан юм уу, бүр ази хүн ч байж болно. Өөрөөр хэлбэл хэн ч энэ хувцасны ард байж болно. Тэр жаал хүү өөрөө ч байж болно. Нэг ёсондоо хүн бүр супер баатар байж болно.
Стан Лигийн өөрийн кинонууддаа бүтээсэн бүх жижиг дүрүүд (бичлэг)

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн