Залхуурал бол хүнийг үргэлж амжилтаас хойш татаж байдаг хамгийн муу зуршлуудын нэг. Гэхдээ зарим тохиолдолд юу ч хийлгүй бүхэл өдөржин залхууран хэвтэх нь ач тусаа өгдөг байна. Ялангуяа оюуны ажил эрхэлдэг тэр дундаа бичдэг хүмүүс хааяа ч болов их ажлаасаа түр ч гэсэн чөлөө авч юу ч бодохгүй байх нь дараагийн зүйлсдээ төвлөрөхөд нь тусалдаг аж. Сатааруулах зүйлс ихтэй ертөнцөд хэрхэн үр бүтээмжтэй ажиллах вэ номын зохиолч Крис Бейли залхуурахын давуу талуудыг бичсэн нийтлэлийг “Time” сэтгүүлд хэвлүүлсэн байна. Үүнийг танд эмхтгэн хүргэж байна. Чухам залхууралд ямар давуу талууд байдаг талаар сонирхолтой нийтлэлийг хүлээн авна уу.
-Би бол залхуу хүн. Үүнийг сонсоод хүмүүс маш их гайхдаг. Чи чинь амьдрахын тулд арилжааны ном бичдэггүй билүү? гэж тэд надаас асуудаг. Харин би ихэвчлэн бүхэл өдөржин буйдан дээрээ хэвтээд юу ч бодолгүй баримтат кино үзэж, ном уншдаг. Харин амралтын өдрүүдэд гадуур гарч хаа нэгтээ аялахын оронд гэртээ үлдэж пицца дуудаж идэхийг илүүд үздэг. Миний олж илрүүлснээр аз болоход амьдралын энэ хэв маяг маань намайг илүү үр бүтээмжтэй болгодог. Залхуурах бол урлаг юм. Үнэхээр залхуурах болон цагийг хий дэмий өнгөрөөх хоёр хоорондоо асар их ялгаатай байдаг. Хүмүүс ажлынхаа дундуур эсвэл ядарсан үедээ өөрийгөө сэргээх гэж хэсэг завсарлага авдаг. Миний ажигласнаар энэ үедээ хүмүүс ихэвчлэн “Facebook” гүйлгэж хэрэгтэй хэрэггүй мэдээлэл уншиж эхэлдэг. Ингэх нь тэдний тархийг элдэв бодлоор дүүргэдэг бөгөөд энэ нь тэднийг улам их ядрахад хүргэдэг. Мөн эргэн тойрны олон нөлөөллөөс болж хүн төвлөрөх чадвараа алддаг. Судалгаагаар хүн төвлөрч чадсан үедээ л маш үр бүтээмжтэй ажиллаж чаддаг болохыг тогтоосон байна. Ямар нэгэн зүйлийг хурдан хийж дуусгахын тулд маш сайн төвлөрч ажиллах нь хамгийн чухал байдаг. Харин хүн төвлөрч чадахгүй байх нь олон зүйлсээс хамаардаг ч ихэвчлэн суурь хүмүүжил болон мэдрэлийн ядаргаа үүнд нөлөөлсөн байдаг.
Гэхдээ төвлөрч чадахгүй байхад ч гэсэн давуу тал байдаг аж. Хүн ямар нэгэн зүйлийг хэт төвлөрөхгүй хийж байхдаа илүү бүтээлч ажилладаг байна. Хэрвээ сайтар бодох юм бол та ихэвчлэн ямар нэг зүйл дээр онцгойлон ач холбогдол өгөөгүй байх үедээ л илүү бүтээлч сэтгэдэг болохоо анзаарах болно. Жишээлбэл ердийн үеийнхээс арай удаан шүршүүрт орох, гудамжаар алхах, айлд зочлох эсвэл өглөөний цайгаа ууж суух үед таны бодож олсон хамгийн сайхан санаанууд зурс гээд ороод ирсэн байдаг. Таны тархи яагаад эдгээр үед уг сайхан санаануудыг олж илрүүлдэг талаар шинжлэх ухааны ийм нэгэн тайлбар байдаг. Хүмүүсийн анхаарал ямар нэгэн зүйлд төвлөрөөгүй буюу залхуурч байх үедээ орчин тойрноо харж ямар гайхалтай шинэ содон зүйлс болж байдаг болохыг анзаардаг аж. Эрдэмтдийн олж илрүүлснээр хүний тархи орчин тойронд нь яг одоо болж буй зүйлсийн 48 хувийг л боловсруулж чаддаг байна. Үлдсэн хэсэгт нь харанхуй ямар ч бодол, дурсамж бичигдэж үлддэггүй аж. Харин тархиа чөлөөтэй байлгах нь дараах гурван маш чухал ач холбогдолтой байдаг.
Таны анхаарал төвлөрөхгүй байна гэдэг нь таны бие организм амарч байгааг илтгэдэг байна. Энэ үед хүчээр анхаарлаа төвлөрүүлэх нь бараг л боломжгүй байдаг. Харин амарч байх энэ үед тархинд тань бодлыг дахин шинээр боловсруулдаг энерги бий болж эхэлдэг аж. Энэ нь хожим нь тухайн зүйлийг илүү гүн гүнзгий бодоход тусалдаг байна. Хэрвээ та энэхүү энергийг хөгжүүлж, удирдаж чаддаг болбол танд маш үр бүтээмжтэй ажиллахад тус болж чадах аж. Ингэхийн тулд анхаарлыг тань сарниулж байдаг зүйлсээс татгалзах хэрэгтэй. Жишээ нь гүйж дасгал хийх үедээ хөгжим сонсохгүй байх, өдрийн хоолондоо гарахдаа гар утсаа орхиж явах зэргийг хийснээр та өөрийн давуу талуудаа анзаарч чадах болно. Энгийнээр тайлбарлавал тархиа чөлөөтэй ажиллуулж ямар нэгэн зүйлс таны бодолд саад хийхээс сэргийлж байх хэрэгтэй гэсэн үг юм.
Судалгаагаар хүний тархи ирээдүйнхээ талаар анхаарал төвлөрөөгүй байх үедээ төвлөрсөн үетэйгээ харьцуулахад 14 дахин их боддог аж. Мөн хүний тархи амарч байх үедээ зорилгынхоо тухай ажиллаж байх үеэ бодвол долоо дахин их боддог байна. Амьдралын зорилгоо тодорхойлох нь өөр хэрэг. Харин таны тархи амарч байх үедээ буюу залхуурч байхдаа зорилгоо ахин эрэмбэлэх боломжтой болдог аж.
3. Шинэлэг санаануудыг бодож олох
Хүний тархи гиюүрч байх үедээ өнгөрсөн, одоо болон ирээдүй цагийн тухай бодож чаддаг. Хүн төвлөрөөгүй байх үедээ аливаа зүйлсийн талаар илүү ухамсартай боддог аж. Жишээ нь, та хэдэн долоо хоногийн өмнө уншсан зүйлээ яг одоо хийж байгаа зүйлтэйгээ уялдуулан ажиллах шаардлагатай. Харин та төвлөрсөн үедээ нэг бол өмнө нь уншсан зүйлээ эсвэл яг одоогийн хийж байгаа зүйлийнхээ аль нэгт илүүтэй анхаарах болно. Тэгвэл тархиа илүү чөлөөтэй байлгаснаар олон зүйлийг энд тэндээс нь зэрэг хийх боломжтой болдог аж.