Open iToim app
Засгийн газар | 3 мин уншина

Танилц, сонгон шалгаруулалтад ороогүй, хуулийн шалгуур хангахгүй байгаа ТНБД нар

Танилц, сонгон шалгаруулалтад ороогүй, хуулийн шалгуур хангахгүй байгаа ТНБД нар
Нийтэлсэн 2021 оны 12 сарын 24
Ковидын хуулийн хүрээнд Засгийн газраас сонгон шалгаруулалтгүйгээр Төрийн албаны тухай хуульд заасан шалгуурт нийцээгүй Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилжээ.
Төрийн албаны тухай хуульд Төрийн нарийн бичгийн даргад тавигдах шаардлагыг мерит зарчмыг баримталж, төрийн албанд 16-аас доошгүй, тэр тусмаа яамны газар, хэлтсийн даргыг наймаас доошгүй жил хашсан хүн байна гэж заажээ. Гэтэл дараах Төрийн нарийн бичгийн дарга нар 2020 оноос хойш цар тахлын хуулийг үндэслэн сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсоноос гадна хуульд заасан дээрх шаардлагуудыг хангахгүй байна. Тухайлбал, 
Соёлын яамны ТНБД С.Оюунбилэг
Засгийн газрын 2021 оны есдүгээр сарын 15-ны ээлжит хуралдаанаар С.Оюунбилэгийг Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргаа томилжээ. С.Оюунбилэг нь 2002-2013 онд хувийн хэвшилд ажилласан байна. Мөн 2009-2014 онд МАН-ын бага хурлын гишүүн, 2013-2016 онд МАН-ын удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллажээ. Тэрээр Үндэсний аудитын газарт Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчоор 2016-2020 онд ажиллаж байсан туршлагатай. Төрд ажиллаж байсан ч ТБНД-ын шалгуурыг хангахгүй байна.
Эрүүл мэндийн яамны ТНБД Ц.Эрдэмбилэг
Засгийн газрын 2021 оны хоёрдугаар сарын 10-ны ээлжит хуралдаанаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ц.Эрдэмбилэгийг томилсон. Тэрээр 2004 оноос АШУҮИС-д ажиллаж байгаад ТНБД-аар томилогдсон байна. Энэ нь Төрийн албанд 16-аас доошгүй жил ажилласан гэх заалтад нийцэхээр байгаа ч яамны газар, хэлтсийн даргыг наймаас доошгүй жил ажилласан гэдэг шаардлагыг хангахгүй байгаа юм.
Эрчим хүчний яамны ТНБД Б.Насантогтох
Засгийн газрын 2020 оны наймдугаар сарын 12-ны ээлжит хуралдаанаар Б.Насантогтохыг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон. Б.Насантогтох нь 1998 оноос төрийн албанд зүтгэж, 2016 оноос ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын газрын даргаар ажиллажээ. Эдгээр нь төрд 16-аас доошгүй жил ажилласан гэдэг шаардлагыг хангаж байгаа ч яамны газар, хэлтсийн даргыг наймаас доошгүй жил ажилласан гэдэг шаардлагыг хангахгүй байна. Тэрээр 2020 онд томилогдохдоо газрын даргын албан тушаалыг дөрөв дэх жилдээ хашиж байсан юм.
Батлан хамгаалахын яамны ТНБД Д.Ганхуяг
Засгийн газрын 2020 оны есдүгээр сарын 16-ны 108 дугаар тогтоолоор Батлан хамгаалахын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Ганхуягийг томилсон. Түүний ажилласан байдлыг харвал 1999 оноос төрийн албанд зүтгэжээ. Ингэхдээ 2015 оноос БХЯ-ны Санхүү, эдийн засгийн хэлтсийн даргаар ажилласан байна. Эдгээр нь  төрд 16-аас доошгүй жил ажилласан гэдэг шаардлагыг хангаж байгаа ч яамны газар, хэлтсийн даргыг наймаас доошгүй жил ажилласан гэдэг шаардлагыг хангахгүй байна. Тэрээр 2020 онд томилогдохдоо хэлтсийн даргыг тав дахь жилдээ хашиж байсан аж.
Ковидын хууль батлагдсанаас хойш нийтдээ долоон төрийн нарийн бичгийн дарга томилсон. Үүнээс Гадаад харилцааны яамны ТНБД Н.Анхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн яамны ТНБД Б.Баасандорж нарыг л сонгон шалгаруулсан байна. Харин Боловсрол, шинжлэх ухааны яамны ТНБД Л.Цэдэвсүрэнг сонгон шалгаруулаагүй ч хуулийн шаардлагыг хангаж байна. Ковидын хууль батлагдсанаас хойш томилогдсон ТНБД нар нь бүгдээрээ түр томилогдоод байгаа юм.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ковидын хуулийн хүрээнд томилсон 17 агентлагийн дарга хуулийн шаардлагад нийцэхгүй байна гэж мэдээлсэн. Тэгвэл дараагийн удаа бид хуульд нийцээгүй агентлагийн дарга нарыг мэдээлэх болно.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн