Open iToim app
Спорт | 5 мин уншина

Т.Билэгсайхан: Таеквондогийн спорт нь хүүхдэд зөв төлөвшил, хүнлэг байдлыг гүн суулган өгдөг

Т.Билэгсайхан: Таеквондогийн спорт нь хүүхдэд зөв төлөвшил, хүнлэг байдлыг гүн суулган өгдөг
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2020 оны 11 сарын 5
Таеквондогийн спорт Монгол Улсад жилээс жилд хөгжиж байна. Саяхан болж өндөрлөсөн таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээний аварга, 2018 оны оюутны дэлхийн аварга, үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Т.Билэгсайхантай ярилцлаа.
- Тэмцээндээ амжилттай оролцсонд баяр хүргэе. Та гурав дахь жилдээ дараалан аваргаллаа шүү дээ?
-Ковид 19-ийн улмаас дотоодын тэмцээнүүдээс улсын аварга сая  л  зохион байгуулагдлаа. Улсын аварга болно гэдгийг сонссон даруйд тэмцээндээ оролцох гэж догдлон, улам шаргуу бэлтгэлээ базаасан. Ганцаарчилсан төрлийн 58 кг-д энэ удаагийнхтай нийлээд гурав дахиа түрүүллээ. Өрсөлдөгчид бүгд л хүчтэй байсан. Онцлох тулаанч гэвэл Ангууч буюу Баттөртэй тулалдах үеийн тоглолтыг онцолмоор байна. Баттөр сарын өмнө манай клуб дээр техникээ сайжруулъя гэж зорьж ирсэн. Яг тэмцээн дээр өөрийн бэлдсэн хүнтэйгээ таарна гэж огт бодож байгаагүй, хоёул гайхсан байдалтай дэвжээ рүүгээ өөд өөдөөсөө тулсан. Гэхдээ тэмцээн бол тэмцээн шүү дээ, бүгд л ялах гэж дэвжээн дээр гардаг.   
-Та багаасаа спортод сонирхолтой байсан уу. Таеквондогийн спортоор хэдэн жилийн өмнөөс хичээллэж эхэлсэн бэ?
-Би арван жилдээ каратегээр хичээллэдэг байсан. Удалгүй багш маань хичээлээ заах завгүй болсон. Тэр үед зааланд таеквондогийн бэлтгэлийг харж сонирхож байсан учир энэхүү спортоор Ганхишиг багшийн удирдлагад 2010 оноос бэлтгэлээ хийж эхэлсэн. Багштайгаа арван жилийн турш энэ спортын төлөө бие сэтгэлээ зориулж байна. Нэг үе багшийндаа бэлтгэл хийнгээ хамт амьдарч, багшаасаа ч амьдралын  олон зүйлийг сурч мэдэж авсан. Энэ завшааныг ашиглаад багшдаа баярлалаа гэж хэлмээр байна.
-Дотоодын тэмцээнээс гадна Тайван, Өмнөд Солонгост томоохон тэмцээнд амжилттай оролцсон шүү дээ. Эдгээр тэмцээний туршлагаасаа хуваалцвал?
-Би анх 2017 оны  Тайван хотод зохион байгуулсан оюутны юниверсалд наадамд анх удаагаа оролцсон. Тэр үед анхных болоод ч тэр үү нэлээд сандралтай байлаа. Дэвжээн дээр гарахад дасгалжуулагчийн хэлж буй үг цэнгэлдэхийн шуугианд сонсогдохгүй, дотор болохоор зүрх салганаад л их эвгүй байсан. Дараагийн удаад 2018 онд Өмнөд Солонгост оюутны дэлхийн аваргаар хүссэн үр дүндээ хүрч аварга болж байв. Тэгээд л гаднын улсын том цэнгэлдэхэд Монголынхоо далбааг намируулан төрийн дууллаа сонсон явахад цаанаасаа бахархалтай гоё санагдаж байсан.
-Шантрах, болих юмсан гэсэн бодол төрж байсан үе байдаг уу?
-2013 онд анх удаагаа шигшээ багийн тамирчдын хамтаар бэлтгэлд хамрагдсан.Тэр үед би өөрөө клубын тамирчин л байсан, мөн таеквондогоор хичээллээд хоёр жил гаруй болж байсан байх. Тэгээд Хөх хотод шигшээ багаа даган гурван өдрийн бэлтгэл хийхэд шөрмөс татан, өлсөж цангах үе ч гарсан. Энэ нь надад хүнд бас ачаалалтай санагдан шантарч клуб рүүгээ буцаад явсан. Клуб дээрээ  бэлтгэлээ хийж байхад Ганхишиг багш надад хандаж “ Хүн бүрд хэцүү, бэрхшээлтэй үе байдаг, түүнийг давж, туулж чадсан нь эцсийн зорилгодоо хүрч, амжилтын амтыг амталдаг юм” гэж хэлж байсан. Тэгээд 2015 онд буцаад үндэсний шигшээд багтаа ороод түүнээс хойш өдийг хүртэл багийнхаа хамтаар юу ч тохиолдсон, ямар ч бэрхшээл гарсан шүд зуугаад л даван явж байна.
-Хүнд байх зан чанаруудаас ямар байдлыг илүүд эрхэмлэдэг вэ?
-Тууштай байдлыг илүүд үздэг. Бэлтгэлээ таслахгүй ирц бүрэн, ямар нэг шантрах зүйл гарсан ч тууштай байж өөрийнхөө, мөн гэр бүлийнхээ төлөө бэрхшээлийг сөрөн тэмцэхийг эрхэмлэдэг. Таеквондогийн спортод анхлан орсон тамирчин бүр цагаан бүс зүүн доороосоо эхэлдэг. Шат ахих тусам бүсний өнгө өөрчлөгддөг. Миний хувьд одоо дөрвөн дан хар бүс цолтой байгаа. Цол дагаж бяр гэдэг шиг шинэ бүсээ зүүх бүр улам сайжирч дээшилж буйгаа мэдрэн өөртөө итгэх итгэл ч нэмэгддэг.

Өдөр бүр үр хүүхэд, ханиа бодон зорилго, ирээдүйнхээ төлөө тууштай явдаг

undefined
-Таеквондо хөгжлийн төвд багш, дасгалжуулагчаар ажиллаад хоёр жил болж байгаа гэсэн. Хүнээс суралцаж байгаад одоо өөрөө хүнд сурган заадаг тэр хүн нь болчихоор ямар санагдаж байна. Хүүхдүүдтэй ажиллахад хэр хүндрэлтэй зүйлс гардаг вэ?
-Манай Таеквондо хөгжлийн төв салбар Сэлэнгэ аймагт байдаг. Би багшдаа клубынхээ салбарыг хотод нээх саналтай байгаа талаар хэлэхэд багш маань уриалагхан хүлээн авч, хотод үйл ажиллагаагаа эхлүүлж  суралцагчдаа хүлээн авсан. Анх хүүхдүүдтэй ажиллахад бэрхшээлтэй зүйлс цөөнгүй гарч байсан. Янз бүрийн зан хандлагатай хүүхдүүд нэг дор цуглан тухай бүртэй нь тулж харьцаж байгаа учраас хариуцлагатай байх хэрэгтэй, өдөр бүр харьцаад ирэхээр явц дундаа сурчихдаг л юм.  Мөн тухайн үеүдэд холбооноос багш байх талаарх сургалт, семинаруудад байнга хамрагдан хүүхэдтэй хэрхэн харилцах, сэтгэл зүй дээр нь яаж ажиллах, бэртэл гэмтэл авах үед нь бас яах хэрэгтэй вэ зэрэг зүйлсийг сурч мэдэн удалгүй арга эвээ олсон доо. 2018 онд багшийн анхны жилдээ шавь нараа дагуулан дотоодын тэмцээнд оролцсон. Тэр үед шавь нартаа өөрийнхөөрөө тулалдаарай, айж болохгүй шүү гэж зөвлөөд ортол нөгөө хүүхдүүд дэвжээн дээр гарахад мэдээж сандраад л би ч дэвжээнийх нь ард давхар сандран их л хөгжилтэй юм болж  байсан. Тэмцээний үеэр нэг шавь маань над дээр ирээд “Багшаа яах вэ, би өрсөлдөгчөөсөө айгаад байна, тэр надаас их өндөр хүүхэд байна” гэж хэлж байсан. Тэр үед нь аль болох хүүхдийг тайвшруулан, “Зүгээр дээ чамд ч бас өөрийн давуу тал байгаа, өндөр хүнтэй тулахдаа зайнаас биш ойрхон аль болох наалдаж байгаад тогло” гэж зөвлөсөн. Шавь маань ч илүү тайван болж, өөртөө итгэлтэй харагдсан.
-Таны хувьд энэ спортоор өсвөр насандаа хичээллэж эхэлсэн. Ер нь хүүхдийг хэдэн настайгаас нь хичээллүүлэх хэрэгтэй вэ? Мөн таеквондо нь хүүхдэд  ямар зан араншинг суулган өгдөг давуу талтай спорт юм?  
-Хүүхдээ таеквондогоор хичээллүүлэх сонирхолтой бол таван настайд нь хичээллүүлбэл зүгээр. Хүүхэд багачуудад энэ спорт уян хатан байдал, сунгалт хөдөлгөөний эвсэл, гол нь хүнлэг зан чанарыг төлөвшүүлнэ. Манай спортод өөрөөс нь нэгхэн насаар ах хүн л бол та хэмээн хүндэтгэн харьцах ёстой. Бүсний эрэмбэ дарааллаараа ч нэг нэгэнтэйгээ ёсолно гээд ер нь хүнлэг чанарыг суулгаж өгнө.
-Зарим өдөр хэт ачаалалтай бэлтгэлээсээ болоод ядрах, эрч хүчгүй болох үе гардаг байлгүй. Тэр үед өөрийгөө хэрхэн цэнэглэдэг вэ?
-Өдрийн ачаалалтай бэлтгэл хийгээд орой нь гэр лүүгээ ороход хүүгийн минь аав аа, аав ирлээ гээд баярлах дэггүй харц, эхнэрийн гарын хоол хоёр л бүгдийг мартуулдаг. Анх хүүхдээ өлгийдөн аваад хариуцлагатай байхыг өөртөө захин, амласан. Өдөр бүр дотроо эхнэр, хүүхдээ бодон зорилго, ирээдүйнхээ төлөө тууштай явдаг. 
-Хүн бүрд алхам алхмаар хүрэх эцсийн оргил цэг нь гэж байдаг. Таны хувьд алхам алхмаар юунд зорьж байна вэ?  
-Анх би шигшээ багтаа ороогүй орон тооны бус шигшээд байхдаа өөртөө тавьсан анхны том зорилго минь “Би Монгол улсын шигшээ багийн тамирчин болно” гэсэн зорилт байсан. Одоогийн нэгэн том зорилт бол  2021 оны аравдугаар сард Хятадад болох Таеквондогийн дэлхийн аваргад амжилттай оролцохыг алхам алхмаар бэлтгэлээ хийн өөрийгөө сайжруулсаар хүлээн сууна. 
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.   
undefined
Ярилцсан: С.Отгонбаян
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн