Авлигатай тэмцэх газраас Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ц.Уртнасан болон тухайн үед Нийгмийн даатгалын ерөнхий газрын Санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Ч.Чулуунчимэг нарыг баривчилсан. Тэднийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр буруутгаж байгаа талаар АТГ-аас мэдээлсэн билээ.
Ц.Уртнасан өмнө нь Өмнөговь аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан бөгөөд УИХ-ын гишүүн С.Эрдэнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болоход Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар томилогдож байжээ. Баривчлагдахын өмнө Ц.Уртнасан АН-ын Хэрэг эрхлэх газрын Намын байгуулалтын газрын даргаар, Ч.Чулуунчимэг АН-ын Дотоод зохион байгуулалтын газрын даргаар ажиллаж байв. Ардчилсан нам дөрвөн газартай бөгөөд ийнхүү хоёр газрын дарга нь баривчлагдаад байна. Улс төрийн энэхүү намтраас нь шалтгаалж тэднийг АН-ын дарга С.Эрдэнийн “баруун, зүүн гар” гэж ч улс төрийн хүрээнд ярьдаг байна.
Хамгийн сонирхолтой нь, эдгээр хүмүүсийн баривчилгаатай холбоотойгоор АН-ын дарга С.Эрдэнийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирж магадгүй гэдэг таамаг, тийм утга бүхий “бор шувуу”-г улс төрийн хүрээнд нисгэж эхэлжээ. Учир нь Нийгмийн даатгалын сангийн мөнгийг арилжааны банкинд байршуулахдаа Нийгмийн даатгалын сангийн үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн зөвшөөрөл авсны үндсэн дээр гэрээ хийдэг байжээ. Харин УИХ-ын гишүүн С.Эрдэнэ сайдаар ажиллаж байх хугацаандаа энэ журмыг өөрчилж Нийгмийн даатгалын сангийн үндэсний зөвлөлийн даргын зөвшөөрлөөр, НДЕГ-ын даргын газрын үсэгтэйгээр арилжааны банкинд байршуулах болсон гэх яриа бий. Мөн үүний нөгөө талд АН-ын хүчийг сулруулах, С.Эрдэнийг АН-ын даргаас огцруулах улс төрийн зорилгоор энэнхүү баривчилгааг хийлээ гэж АН-аас албан ёсоор мэдэгдээд байгаа юм.
Дашрамд дурдахад, АН-ын Үндэсний бодлогын хорооны хурал ирэх гуравдугаар сард болох бөгөөд хурлаар сонгуульд хэрхэн оролцох болон нэр дэвшигчдийг хэрхэн тодруулах журмаа ярилцах юм.