Монгол орны усны нөөцийн талаар Байгаль орчин аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмартай ярилцлаа.
-Сүүлийн жилүүдэд манай улсын гол, горхи, нуурын усны хэмжээ багасаж, зарим нь ширгэж үгүй болж байгаа. Энэ жилийн тухайд нуур, гол горхины усны хэмжээ хэр буурсан байгаа вэ?
-Монгол Улсын хэмжээнд жилдээ 564.8 км.куб усны нөөц бүрэлдэн бий болдог. Тэр дундаа гол горхины усны нөөц олон жилийн дунджаар 34.6 км.куб байдаг. Сүүлийн жилүүдэд хур тунадасны хэмжээ зарим газарт нэмэгдэж, заримд нь хасагдаж харилцан адилгүй байна. Ялангуяа гадаргын ус болох гол, нуур, булаг шандны хувьд тухайн жилд орж байгаа хур тунадасны хэмжээнээс шууд хамаардаг. Энэ жилийн хувьд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгууд болон нутгийн зүүн хэсэг хур тунадас ихтэй байна. Харин төвийн бүсийн аймгууд болох Өвөрхангай, Завхан, Баянхонгор аймгуудын зарим хэсгээр хур тунадас багатай байна. Үүнийгээ дагаад эдгээр бүс нутгуудад гандуу, олон тооны булаг шандширгэсэн байдалтай байна.
Улсын усны бүртгэлийн тоо мэдээллийн дүн мэдээг жилдээ аравдугаар сард нэгтгэж гаргадаг. 2019 оны улсын усны тоо бүртгэлийн дүн мэдээгээр нийт 6161 гол мөрөн тоологдсоноос 254 нь хатаж ширгэсэн. Харин зарим газар хур тунадас их орсноос тасарсан байсан 61 гол, горхи сэргэсэн байна. Булаг шандны хувьд өнгөрсөн жил нийт 12591 тоологдож 704 нь ширгэсэн, 264 нь сэргэсэн байдалтай байна. Нуур төөрмийн хувьд 3995 бүртгэгдсэн байгаагаас 286 нь хатаж ширгэж, 76 нь шинээр сэргэсэн байгаа. Ингээд үзэхээр манай орны гадаргын усны хэмжээ хур тунадасны хэмжээтэй шууд хамаарч байгаа юм. Сүүлийн жилүүдэд болж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс хамааран гол, горхи, нуур, төөрөм хатаж ширгэх нөхцөл үүсээд байна. 2020 оны дүн мэдээ ирэх есдүгээр сард гарна. Тэгэхээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хэдэн гол, горхи, нуур цөөрөм хатаж ширгэсэн нь тодорхойгүй байна.