Гаалийн ерөнхий газар 2020 оны нэгдүгээр сарын гадаад худалдааны урьдчилсан гүйцэтгэл, коронавирусийн халдвараас сэргийлэх талаар хил гааль дээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээллээ.

Гаалийн ерөнхий газрын статистикийн хэлтсийн дарга Б.Цэрэн “2020 оны нэгдүгээр сарын байдлаар экспорт, импортын хэмжээ буурсан дүнтэй гарлаа. Нэгдүгээр сард 459 сая ам.долларын экспорт хийсэн бөгөөд энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24.4 хувиар буурсан байна. Харин 473 сая ам.долларыг импорт хийсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.1 хувиар буурсан. Манай улсын экспортын 95 орчим хувийг БНХАУ эзэлдэг. Харин импортын 26 хувийг БНХАУ, 40 хувийг ОХУ эзэлдэг учраас экспорт, импортын хэмжээ буурахад коронавирусийн дэгдэлт ихээхэн нөлөөлж байна. Мөн амны хаалт, ариутгалын бодисын хэмжээ сүүлийн хоёр сарын байдлаар нэлээд өссөн. 2019 оны нэгдүгээр сард нийт 500 мянган амны хаалт орж ирж байсан бол энэ оны нэгдүгээр сарын байдлаар 68700 ширхэг, хоёрдугаар сард 1.9 сая амны хаалт импортоор орж ирсэн байна. Харин ариутгал цэвэрлэгээний бодис өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин их импортлогдсон байна” гэв.
Нярай хүүхдийн эд хэрэгсэлд мансууруулах бодис оруулж ирэхийг завдсан

Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх газрын Хар тамхины хяналтын албаны дарга Б.Сүхбаатар “2018 оны байдлаар нийт гаалийн байгууллагын хэмжээнд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг оруулж ирэх гэж байсан 15 удаагийн үйлдлийг таслан зогсоосон. Эдгээр холбогдох 200 гаруй грамм эм, мансууруулах бодисыг хурааж харьяаллын дагуу шилжүүлсэн. 2019 оны байдлаар 11 холбогдогчтой есөн удаагийн үйлдлийг гаалийн байгууллага илрүүлсэн байгаа. Харин 2020 оны байдлаар хар тамхи мансууруулах бодисыг улсын хэлээр нэвтрүүлэх хэрэг бүртгэгдээгүй байна. Энэ мэт үйлдлийг хийж байгаа хүмүүсийн үйлдлээс жишээ дурдвал, нярай хүүхдийн эд хэрэгсэлд хар тамхи мансуурах бодисын нэг болох мөс хэмээх бодисыг оруулж ирэх гэж завдаж байсан. Мөн шуудан, илгээмжээр бусдын хаяг хувийн мэдээллийг ашиглаж илгээсэн тохиолдол бүртгэгдсэн байна. Тиймээс гадаад улсад зорчих гэж байгаа иргэд хувийн мэдээллээ нууж, эд зүйлсээ хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулж байна. Бид энэ төрлийн гэмт хэргийг бууруулах үүднээс гаалийн байцаагчдын чадварыг сайжруулж, хил боомтуудыг 16 нэр төрлийн техник төхөөрөмжөөр ханган ажиллаж байгаа” хэмээлээ.
Г.Энхтайван: Он гарснаар БНХАУ-ын Ухань мужаас импортоор бараа, бүтээгдэхүүн аваагүй
Гаалийн ерөнхий газрын эрсдэлийн удирдлагын хэлтсийн ахлах байцаагч Г.Энхтайванаас цагийн үеийн асуудлаар тодрууллаа.
-БНХАУ-ын зарим нутагт шувууны ханиад гараад байгаа. Ер нь он гарснаас хойш тахиа, шувууны мах хэр их орж ирсэн бэ?
-2020 оны нэгдүгээр сарын байдлаар 1100 тонн тахианы мах, 13.8 сая ширхэг өндөг импортолсон байна. Тахианы махыг БНХАУ-аас импортолсон бол ОХУ-аас өндөг импортолж байгаа. Харин хоёрдугаар сар гарснаас хойш БНХАУ-аас энэ төрлийн бүтээгдэхүүн орж ирээгүй. Хунань хотоос гаралтай H5N1 шувууны томуу, Шинжин мужаас гаралтай H5N6 шувууны томуугийн вирус дэгдсэнтэй холбогдуулан тахианы мах, махан бүтээгдэхүүн, өндөг, тахианы тэжээл гэх мэт өндөр эрсдэл дагуулах бараа бүтээгдэхүүнийг хязгаарлах ЭМЯ-ны зөвлөмж ирсэн.
-Тэгвэл далайн гаралтай бүтээгдэхүүнд ямар нэгэн хориг тавьсан болов уу?
-Зөвхөн БНХАУ-аас тахианы мах оруулж ирэхгүй байх тал дээр хяналт тавьж байгаа. Бусад бараанд хязгаарлалт тавиагүй бөгөөд тусгай шийдвэр тогтоол гараагүй байна. Бид БНХАУ-аас орж ирдэг хүнсний ногоо, жимс жимсгэнэд хатуу хяналт тавьж, тэдгээрийн гарал үүслийн бичиг болон бусад мэдээллийг шалгаж байгаа.
-БНХАУ-ын Ухань мужаас ямар нэгэн бараа бүтээгдэхүүн импортолсон болов уу?
-Он гарснаар БНХАУ-ын Ухань мужаас Монгол улсад импортолсон бараа байхгүй. Ер нь халдвар гарсан орнуудаас 2019 онд 23.7 сая ам.долларын бараа импортолж байсан бол энэ онд 10.8 сая ам. долларын бараа импортолсон байна. Бид халдвар гарсан орнуудаас ирсэн бараа, бүтээгдэхүүнд тогтмол хяналт тавьж ажиллаж байгаа.
-Зорчигчдын тоо нэмэгдсэн эсвэл буурсан үзүүлэлт ажиглагдсан уу?
-Хилийн хөдөлгөөний хувьд хилээр нэвтэрсэн зорчигч, дотоодын зорчигч, орсон 181897 байсан бол 2020 оны нэгдүгээр сарын байдлаар 161816 зорчигч орсон байна. Мөн өнгөрсөн онд 182789 зорчигч гарсан бол энэ онд 150890 зорчигч гарсан байна. Дотоодын зорчигчийн хөдөлгөөн буурч гадаадын зорчигчдын хөдөлгөөн нэмэгдсэн байна.
-Тээврийн жолооч нарт ямар байдлаар хяналт тавьж байгаа вэ?
-Засгийн газрын 39 дүгээр тогтоолын дагуу тээврийн жолооч нарын халууныг үзэж, шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь авч байгаа. Ингэхдээ Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байна.