Open iToim app
Боловсрол | 4 мин уншина

Б.Барысбек: Аливаа хэлийг сурах нь айдсаа давж, дадал болгохоос эхэлнэ

Б.Барысбек: Аливаа хэлийг сурах нь айдсаа давж, дадал болгохоос эхэлнэ
Нийтэлсэн 2020 оны 8 сарын 31
Фэйсбүүкт "1 Minute English" гэх сонирхолтой хуудас байдаг аж. Тус хуудаст өдөр бүр англи хэл сурахад хэрэг болох үнэ төлбөргүй нэг минутын бичлэгүүдийг оруулдаг байна. Ингэж оруулахдаа аль болох хүмүүст эргэлзээ төрүүлдэг, төөрөлддөг зүйлүүдийг тайлбарладаг гэнэ. Энэхүү контентуудыг "1 Minute English" хэмээх онлайн сургалтын хамт олон бэлтгэн хүргэдэг бөгөөд тус сургалтын төвийн үүсгэн байгуулагч, багш Б.Барысбектэй ярилцлаа. Тэрээр англи, орос, казах, турк хэлтэй бөгөөд бид хэлийг хэрхэн сурч, сайжруулах талаар ярилцсан юм.
-Сайн байна уу. Таныг англи, орос, казах, турк хэлээр ярьдаг гэсэн. Юуны өмнө эдгээр хэлийг хэрхэн сурч байсан талаараа хуваалцахгүй юу?
-Эдгээр хэлийг сурахад миний хэл сурах сонирхол нэмэр болсон байх. Хийж буй зүйлийнхээ ач холбогдлыг нь ойлгож, түүндээ дурлаж, хийвэл бүтэхгүй зүйл байхгүй. Дээрх хэлүүдийг сурахдаа тухайн оронд нь очилгүйгээр сурсан. Яахав аяллын журмаар цөөн хоног очиж байсан. Гадаад хэлийг заавал тухайн орчинд нь очиж байж сайн сурна гэсэн ойлголт байхгүй. Харин үүнээс илүүтэйгээр тухайн хүний арга барил, хэл суръя гэсэн хүсэл эрмэлзэл хамгийн чухал юм.
-Хүмүүс "би ёстой хэл сурах авьяасгүй, сурдаггүй юм" гэж хэлдэг шүү дээ. Яг ийм тохиолдол байдаг болов уу?
-Хэл сурах авьяасгүй гэхээс илүү хүний өөрийн айдас нь тушаа болдог юм шиг санагддаг. Бидэнд байгалиас адилхан таван мэдэрхүй, оюун ухаан заяасан байгаа. Ямар ч хүн хүсэл эрмэлзэлтэй бол өдөр болгон тогтмол давтахад сурах боломжтой.
Бид анх ар гэрийн бололцоо муутай, сурахыг хүсдэг ч боломжгүй хүмүүст боломжоороо туслах үүднээс хамгийн боломжийн үнэтэй англи хэлний сургалтыг орж эхэлсэн. Тэр дунд өөрийгөө сурч чадахгүй, авьяасгүй гэдэг хүмүүс олон байсан. Хэлийг заах арга барил чухал байдаг. Монголчууд ялангуяа англи хэлийг заахдаа дүрмээ хэтэрхий анхаараад байх шиг санагддаг. Дүрэм мэдээж чухал. Гэхдээ тэр дүрмийг хэрэглэхгүй бол мянга сурсны хэрэг гарахгүй.
Хүүхэд хэлд орохдоо хүнийг дагаж, эхлээд “аа, ээ, өө” гээд авиагаа хэлдэг. Тэр нь үг болоод “ааваа, ээжээ” гэж хэлж сурдаг шүү дээ. Тэгэхээр гадаад хэлийг сурахдаа зөв дуудахаас эхлэх хэрэгтэй. Ямар ч хэл сурах чадваргүй, сонсголгүй гэдэг хүмүүс англи хэлийг сайн сурсан тохиолдол олон бий.
-Хүмүүсийн үг цээжлэх арга барил их олон. Зарим нь үгээ жижиг цаасан дээр бичээд нэг нэгээр нь харж цээжилдэг бол зарим сургалтын төв үг биш өгүүлбэр цээжилбэл илүү үр дүнтэй гэдэг юм байна лээ. Аль нь илүү үр дүнтэй байдаг бол?
-Ер нь үгийг өгүүлбэр буюу контекстэй нь тогтооход үр дүнтэй. Гэхдээ цээжлэнэ гэдэгтэй би санал нийлдэггүй юм. Өгүүлбэрийн бүтцийн аль хэсэгт орж байгаагаас хамаараад аливаа үгийн утга өөр өөр байдаг. Тэгэхээр сайн уншиж, ойлгох хэрэгтэй. Заавал цээжлэх гэж хичээхгүйгээр өдөр болгон уншвал аяндаа дадал болно. Цээжлэнэ гэдэг нь дадлыг бий болгож байгаа механик арга юм.
-Та  хүний айдас хэл сурахад тушаа болдог гэж хэлсэн шүү дээ. Энэ айдсаа хэрхэн давах вэ?
-Хүн хэл суръя гэдэг алхмыг хийхээсээ өмнө сэтгэл зүйгээ бэлдэх ёстой. Хамгийн түрүүнд би энэ хэлийг сурснаар надад ямар үр өгөөж ирэх вэ, харин сурахгүй байснаар ямар боломжоо алдаж байна вэ гэдгийг сайн бод. Сургалтад очоод багшаасаа ичээд ярьж чаддаггүй юм аа гэхэд ядаж, үнэ төлбөргүй бэлэн байгаа олон контентуудыг үзэж өөрөө өөртэйгөө ярих хэрэгтэй. Хүн өөрөөсөө ичихгүй шүү дээ. Ингээд бага ч болтугай үр шимийг нь хүртээд үзвэл цаашид ямар том боломжууд байгааг харах болно. 
-"1 Minute English" хуудас их сонирхолтой нэг минутын бичлэгүүдийг хүргэдэг юм билээ. Та сургалтын төв болон контентуудынхаа талаар танилцуулж болох уу?
-Манай боловсролын систем тодорхой хэмжээнд хоцрогдсон болохоор сурагч, оюутан бүхэнд тэр болгон хүрч чадахгүй байна. Манайх энэхүү өнцгийг олж харан аль болох хямд өртгөөр, чанартай сургалт олон хүнд хүргэхийн тулд "1 Minute English" хуудсыг санаачилж, өдөр бүр хүмүүст англи хэлийг сурахад дөхөм болгох нэг минутын үнэ төлбөргүй контентуудыг хүргэж эхэлсэн.
Харин нэгээс илүү минутыг өөртөө зориулахыг хүссэн хүмүүст есдүгээр сарын 1-ээс онлайнаар сургалт явуулах гэж байгаа юм. Бид хүмүүст өдөрт ердөө 1000 төгрөгөөр түвшин түвшинд нь харгалзах англи хэлний хүртээмжтэй бөгөөд чанартай, хаанаас ч хэзээ ч, хэн ч сурах боломжтой сургалтыг санал болгож байгаа. Бидний эрхэм зорилго бол аль болох олон хүнийг англи хэлний мэдлэгтэй болгож, өөрийн ажил амьдралаа дээшлүүлэхэд нь бага ч болов хувь нэмэр оруулах.
Манай сургалтын гол онцлог нь хагас бие даасан буюу шаардлагатай хичээл, даалгавар, дасгал болон чиглүүлгийг нь тухайн хүнд өгч үлдсэнийг нь өөрийнх нь тогтмол буюу өдөр тутмын хичээл зүтгэлээр гүйцээдэг. Өөрөөр хэлбэл, бид англи хэлийг хүн болгонд зуршил болгоход анхаарч байна.
Эцэст нь хэлэхэд, Хүн аливаа хэлийг өдөр бүр давтан, зуршил болгож байж л сурдаг. Тиймээс заавал сургалт, багш гэхгүй ч Хүн өөрөө өдөр бүр өөртөө цаг гаргаж хичээвэл аливаа гадаад хэлийг тухайн оронд нь очихгүй ч сурах боломжтой.
-Ярилцсанд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн