Open iToim app
Нийгэм | 5 мин уншина

Стандартын шаардлага хангахгүй тоглоомын талбайг хороо, мэргэжлийн хяналтад мэдэгддэг болъё

Стандартын шаардлага хангахгүй тоглоомын талбайг хороо, мэргэжлийн хяналтад мэдэгддэг болъё
Нийтэлсэн 2020 оны 6 сарын 8
Хүүхэд гэрт ч, гадаа ч аюулгүй орчинд байх эрхтэй. Энэ орчныг хүүхдийн асран хамгаалагчид болон аюулгүй орчин бүрдүүлэх албан тушаалтан, мэргэжилтнүүд бий болгох үүрэгтэй. Гэтэл алдрай бяцхан хүүхдүүд тоглоомын талбайд тоглож наадаж байгаад гэмтэж бэртэж, амь насаа алдаж буй харамсалтай мэдээ ээлж дараалан гарах боллоо. Хамгийн сүүлд тавдугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн XV хорооны 23 дугаар байрны тоглоомын талбайн гулсуур унаж, 12 настай охины гавлын яс цууран, тархинд нь цус хуржээ. Хүүхдийн тоглоомын талбай стандартын шаардлага хангаагүй байгаатай шууд холбоотой. Тоглоомын талбайд байршуулсан тоглоомууд стандартын шаардлага хангахгүй, арчилж, тордон, эвдрэл гэмтлийг нь засч сэлбээгүйн улмаас хүүхдүүд аюулд орж байна.
Тоглоомын талбайн бүрэн бүтэн байдалд хэн хариуцлага хүлээж, ямар үүрэг хүлээх тухай тодруулахаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрыг зорилоо.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын олон нийттэй харилцах ажилтан “Тоглоомын талбайн аюулгүй байдалд СӨХ, тус талбайг хийсэн компани, хороо, Хүүхдийн төлөө үндэсний газар, Мэргэжлийн хяналтын байгууллага гэсэн дарааллаар хяналт тавьж ажилладаг. Хүүхдийн тоглоомын талбайн чанар стандартын тухай журмыг өнгөрсөн онд хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар гарсан. Энэ газраас стандартын тухай дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Харин сургууль, цэцэрлэгийн дэргэдэх тоглоомын талбайд манай байгууллагаас шууд анхаарч, хяналт тавих үүрэгтэй байдаг. Бусад барилга, байгууламжийн дундах тоглоомын талбайн асуудлыг гомдолд үндэслэн, хяналт тавьж, шийдвэрлэдэг юм. Манайх 4-5 байцаагчтай учир бүх газруудад хяналт тавьж амжихгүй байх үе бий. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гараад байгаа тоглоомын талбайн тухай мэдээлэл манайд урьд өмнө ирж байгаагүй” гэсэн юм.  
“Савлуур болон гулсуур нийтийн тоглоомын талбайд байрлах тохиромжтой тоглоом биш”
 
undefined
Ингээд бид хүүхдийн тоглоомын талбайн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд тавигдах ерөнхий шаардлагыг 2019 онд боловсруулан стандартжуулсан Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Стандарт хэрэгжүүлэлтийн хэлтсийн дарга Б.Ариунтуяагаас хүүхдийн тоглоомын талбайн стандартын тухай тодрууллаа.
-Хүүхдийн тоглоомын стандартыг батлаад удаагүй байгаа гэсэн. Бүх байгууллагуудад өгсөн болов уу?
-Хүүхдийн тоглоомын MNS стандарт 2019 онд батлагдсан. Стандартыг заавал хийх, сонгон хэрэглэх гэж ангилдаг. Хүмүүс сонгон хэрэглэх гэдгийг стандартын шаардлагагүй хийж болно гэж ойлгодог. Гэхдээ тийм биш. Ямар нэгэн бүтээгдэхүүн, үйлчилгээнд заавал стандарттай байдаг учир түүнийг хийх, үйлдвэрлэх аргачлал өөр бөгөөд тэдгээрээс сонгож хэрэглэх ёстой юм. Мөн 2019 оны аравдугаар сард манай байгууллагаас Улаанбаатар хотод нийлүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээ, хүүхдийн тоглоомын эрүүл аюулгүй байдалд тавигдах шаардлага гэсэн баримт бичиг боловсруулсан. Тэрхүү бичгийг бүх байгууллагуудад хүргүүлсэн. Манай байгууллагын вэб сайтаас үнэгүй татаж авах боломжтой байгаа.
-Стандарт гаргахаас өмнө судалгаа хийсэн үү. Нийслэлд байрлалтай тоглоомын талбайнуудад ямар үнэлгээ өгсөн бэ?
-Улаанбаатар хотод 650 орчим хүүхдийн тоглоомын талбай байгаа гэсэн судалгаа гарсан. Үүнээс 2019 оны есдүгээр сарын байдлаар 301 зайлшгүй засаж, шинээр тохижуулах шаардлагатай байгааг тогтоосон. Ер нь тоглоомын талбайн арчилгаа орхигдсон, түүнээс шалтгаалж, эвдрэл үүссэнээр хүүхэд гэмтэх асуудал гарах нөхцөл бүрдсэн байгаа юм. Гэхдээ хүүхдийн тоглоомын стандарт хангагдахгүй байгаа тухай мэдээ, мэдээлэл түгснээс хойш хүмүүс анхаарал хандуулдаг болж байна.
-Тоглоомын талбайд байрлах тоглоомыг ажиглахад савлуурыг салгаж аваад, уяа уячихсан, эсвэл төмөр утсаар ороогоод тавьчихсан байдаг юм билээ. Энэ мэт байдлаар засч сэлбэж болохгүй биз дээ?
-Савлуур болон гулсуур нь маш их хөдөлгөөнтэй, бие биенээ гэмтээх, унах магадлал өндөртэй байдаг учир үндэсний стандартад энэ төрлийн тоглоомыг яаж, суурилуулах тухай нарийн заасан байдаг. Ер нь хүүхдийн тоглоомын талбайн гол зорилго нь хүүхэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, бие бялдраа хөгжүүлэхэд оршдог. Тиймээс нийтийн тоглоомын талбайд савлуур болон гулсуурыг тавихад тохиромжгүй гэж үздэг.
-Арчилгаа, эвдрэл гэмтлийг ямар байгууллага хийх ёстой байдаг юм бэ? 
-Хүүхдийн тоглоомын талбай нь олон хүний оролцоотойгоор аюулгүй байдал нь хангагддаг газар. Эхлээд тухайн тоглоомын талбайг ашиглаж байгаа хүүхдүүд, тэдний асран хамгаалагчид буюу эцэг, эхчүүд өөрсдийн хийх боломжтой эвдрэлийг засах үүрэгтэй. Хэрэв ямар нэгэн хүн, хөрөнгө мөнгө шаардлагатай бол яаралтай хороо болон Сууц өмчлөгчдийн холбоондоо мэдээлэн, засуулах ёстой юм.  
-Танай байгууллагаас хяналт тавьдаг юм уу?
-Манайхаас гаргасан бичиг баримт нь техникийн зохицуулалт буюу арга зүйн баримт бичиг. Аливаа зүйлийг аюулгүй, бат бөх, чанарын шаардлага хангасан байдлаар хэрхэн хийх талаар бичиг баримтдаа нарийн тусгаж, зааж өгсөн гэсэн үг. Тэгэхээр аливаа бүтээгдэхүүний чанарын шаардлага хангасан эсэхт мэргэжлийн хяналтын байгууллага л хариулт өгнө. Харин бид аливаа бүтээгдэхүүнийг хэрхэн чанартай хийх тухай, туслах баримт бичгийг гаргасан. Иргэд ч стандартын зүйл заалтыг хараад хүүхдийн тоглоомын талбайд үүсч болох эрсдлийг урьдчилан мэргэжлийн хяналтын байгууллага болон хариу хороо, дүүргийн мэргэжилтнүүдэд мэдээлж болно.   
undefined
Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны байр болон зарим сургуулийн тоглоомын талбай хүүхдийн аюулгүй байдлыг хангасан тоглоомын талбайг бүрдүүлж чадсан эсэхийг ажиглалаа.
Сүхбаатар дүүргийн Дөрөвдүгээр сургуулийн хөл бөмбөгийн талбайг харахад тус талбай зүлэгжүүлээгүйгээс гадна, хөл бөмбөгийн хаалгат бэхэлгээ хийгээгүй байлаа.
Мөн тус сургуулийн урд байрлах тоглоомын талбайн савлуураас тулгуур төмөр нь л  үлдсэн байсан бөгөөд түүний дэргэд “Болгоомжтой нурна” гэсэн бичигтэй хашаа байсан юм. Хүүхдийн тоглоомын хэсгийн битүү туннелэн гулсуур буюу хонгилон гулсуур унаж, газраас дээш өргөгдсөн гадаргын хязгаарлалтын хэсгийн хаалт хугарсан байв. Энэ нь бага насны хүүхэд өндрөөс унах, мөн төмөрт хувцас нь орооцолдох, гацах аюултай. Түүнчлэн тус тоглоомын талбайд хугарсан, цементэлсэн хэсгээс нь гаргаад орхичихсон сандал байсан нь өнгө үзэмжид тун муу харагдаж байлаа.   
undefined
Цааш явсаар хүүхдүүд тоглож буй нэгэн сааданд хүрэв. Хүүхдүүд хөл, гараараа ээлжлэн дардаг хүч шаардсан нэгэн тоглоомонд тоглож байлаа. Тэдний тоглож буй тоглоомын дэргэд нурууны чилээ гарган хоёр тийш биеэ эргүүлэн суудаг сандалны нэг нь унасан байсан бөгөөд тэр хэсгийг скочоор ороосон нь болхи, бүдүүлэг харагдана.
Тус тоглоомын талбайг өнгөрөөд байрнуудын дэргэдүүр тоглоомын талбай хайж нэлээд явав. Учир нь оршин суугчидтай байрнаас 4-5 метрийн зайд барилгын ажил явагдаж байсан бөгөөд тоглоомын талбайгүй хүүхдүүд машин зам дээр хөл бөмбөг тоглож байсан юм. Энэхүү дүр зургийг хараад цааш явсаар байрны дундах нэгэн тоглоомын талбайд очив. Саравчны дэргэд хоёр савлуур байх бөгөөд найзууд бололтой хоёр охин хүчтэй савлуурдангаа инээд алдан хөөрөлдөж байлаа. Тус савлуур гинжин холбоосоор бэхлэгдэх учиртай. Гэвч нэг савлуурыг төмөр утсаар ороож орхисон нь бат бэх, бэхэлгээ болж чадахгүй мэт.
undefined
undefined
Харин дараагийн тоглоомын талбайд 2-9 насны 10 гаруй хүүхэд тоглож байх бөгөөд хүүхдийн тоглоомын хэсгийг газрын гадаргууд бэхэлж, тогтоож, суурилуулсан хэсгийн чулуунууд нурж, ийш тийш тарсан байсан нь тоглоомыг хөдөлгөөнд оруулжээ. Гэтэл хүүхдүүд тус тоглоомын хэсгийн дээгүүр, доогуур хөөцөлдөн гүйж байсан юм.   
Бидний очсон цөөн тоглоомын талбайд хүүхдүүдийг аюулд оруулах зүйлс цөөнгүй байснаас гадна стандартын энгийн шаардлагыг ч биелүүлэхээргүй байсан юм. Тоглоомын талбайн гадаргуу хайрга, элс, дахин боловсруулсан резин байх ёстой гэдэг боловч, ихэвчлэн асфальт, цемент байв. Зарим резинин гадаргуутай тоглоомын талбайн резин хэсгүүд нь бүрэн хучигдаагүй, салж унасан байлаа. Мөн ихэнх тоглоомын талбайд байрлах савлуурууд унасан байсан нь нийтийн талбайд байрлахад тохиромжгүй тоглоом гэдэг нь нотлогдлоо. Түүнчлэн тоглоомын талбайд тоглож буй хүүхдүүд асран хамгаалагчгүй байсан юм. Энэ мэт хүүхдийг аюулд оруулах нөхцөлийг томчууд л бий болгож байна. Таны ч, миний ч хүүхэд тоглож мэдэх хүүхдийг хөгжүүлэх, цагаа зөв боловсон өнгөрөх уг орчны аюулгүй байдалд, хүн бүр сэтгэлтэй хандаж, холбогдох мэргэжлийн байгууллагад мэдээлдэг болъё, эцэг, эхчүүд ээ.
undefined
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн