Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эмч Т.Саранцэцэгтэй өсвөр үеийн хүүхдийн сэтгэлзүйд тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар ярилцлаа.
-Сүүлийн үед өсвөр үеийнхэн янз бүрийн хэрэг зөрчилд холбогдох нь ихэсч байна. Энэ нь тэдний сэтгэлзүйгээс хамаарч байгаа байх. Тиймээс юуны түрүүнд өсвөр насны хүүхдийн сэтгэлзүйн онцлог нь ямар байдаг талаар ярилцлагаа эхэлье?
-Хүний амьдралын нэг мөчлөгийг л өсвөр үе гэдэг. Өөрөөр хэлбэл, хүүхэд наснаас насанд хүрсэн хүн рүү шилжих шилжилтийн үеийг хэлнэ. Энэ үед тухайн хүүхдэд сэтгэлзүй, бие махбодь болон нийгмийн талаас маш олон өөрчлөлт гарч байдаг. Бие махбодийн өөрчлөлтийг хүн бүр л мэднэ. Гэтэл сэтгэлзүй, нийгмийн талаас ямар өөрчлөлт гардаг вэ гэдгийг төдийлөн мэддэггүй. Тухайн хүүхэд насанд хүрсэн хүн болж төлөвшихийн тулд нийгэмтэйгээ, бусадтайгаа хэрхэн харилцах ёстой, яаж зөв хандлага, төлөвшлийг олох талаар ярьдаггүй. Шилжилт гэдэг үгийн цаана “тогтворгүй, байнгын хөдөлгөөнтэй” гэсэн санаа агуулагдаж байдаг. Тэгэхээр, энэ тогтворгүй үедээ л тэд янз бүрийн хариу урвалууд үзүүлдэг. Тухайн хүний сэтгэлзүйд гаднаас ямарваа нэг таагүй хүчин зүйл нөлөөлсний улмаас гарах зан авирын өөрчлөлтийг хариу урвал гэж ойлгож болно. Хариу урвалыг биеэ даах, эсэргүүцэн сөргөлдөх, дуугүй байх гэх мэтээр олон янзаар ангилж болдог. Дээр нь хэвийн эсвэл хэвийн бус шинж чанартай байж болно. Тухайн өсвөр насны хүүхэд өөрт нь сэтгэлзүйн таагүй асуудал үүсгэсэн хүн рүүгээ чиглэсэн хариу урвал үзүүлэхийг хэвийн шинж чанартай гэж үздэг. Харин тухайн асуудал үүсгэсэн хүнээсээ гадна хавь ойрын бүх хүн рүү таагүй хариу урвал үзүүлж, зүрх нь дэлсэх, хөлс нь гарах гэх мэт өөрчлөлт илэрч, бусадтайгаа харилцах чадваргүй болохыг хэвийн бус шинж чанартайд тооцдог.
-Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд сэтгэцийн ямар өвчлөлд илүү өртөөд байна вэ?
-Манай сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 0-18 насны хүүхдүүдийг авч эмчилж, тусламж үйлчилгээ үзүүлдэг. Сард 300 гаруй хүүхэд ирж үзүүлдэг. Тэдгээр хүүхдүүдийн 40-50 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хүүхдүүдийн ихэнх нь сэтгэл зүйн асуудалтай байна. Хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлж буй маш олон хүчин зүйлүүд байна. Үүнд, нийгэм болоод эдийн засгийн тогтворгүй байдал. Үе тэнгийнхний хоорондын харилцаа, сургууль болон гэр бүлийн харилцаа, эцэг эхийн хараа хяналт гэх мэт маш олон хүчин зүйлээс хамаарч хүүхдийн сэтгэлзүй тогтворгүй болж улмаар өвчлөлд өртдөг. Эдгээрээс гэр бүлийн харилцаа, эцэг эхийн хараа хяналт хамгийн чухал. Эцэг эхийн хараа хяналт муу байснаас үүдэн сүүлийн үед хүүхдүүд ахуйн газ, цавуу гэх мэт сэтгэцэд сөргөөр нөлөөлөх зүйлсийг хэрэглэж байна. Мөн компьютер цахим хэрэглээнд донтож байна. Зарим тохиолдолд хүүхдүүд бие биенийгээ дагаж гараа зүсэх, янз бүрийн эм хэрэглэж амиа хорлох тохиолдлууд их гарч байна.
-Эцэг, эхчүүдийн хувьд хүүхдээ ЕБС-ийн дунд, ахлах ангид дэвшсэнийх нь дараа “Биеэ даачихлаа” гэж үзээд анхаарал халамжаа сулруулах хандлага байдаг. Гэтэл яг энэ үед нь илүү анхаарч байх ёстой юм болов уу. Эцэг, эхчүүд ер нь өсвөр насны хүүхэдтэйгээ хэрхэн харилцах ёстой вэ?
-Өсвөр насныхан эцэг, эхчүүд гэхээсээ илүү үе тэнгийнхнээ сонсдог. Энэ нь тэд өөрсдийгөө том хүн болж байгаа гэж ойлгодогтой холбоотой. Аль болох өөрсдөө асуудлаа тодорхойлж, түүнийгээ шийдвэрлэх ёстой гэж боддог. Хэрэв асуудлаас гарах гарц нь олдохгүй байвал амиа хорлохыг оролдох зэргээр үе үе таагүй, сөрөг хандлагууд гаргадаг. Зарим нь гэрээсээ явах, эсрэг хүйсийн хүнтэй гэрлэх, эрт жирэмслэх гэх мэт сөрөг үр дагавар үүсгэхүйц зан үйлээр таагүй байдлаа илэрхийлдэг. Гэтэл эцэг эхчүүд нэгэнт үр дагавар үүсчихсэн хойно нь анхаардаг нь л хамгийн том асуудал. Бид заавал асуудал гарчихсан хойно нь хүүхдээ анхаарах бус аль болох эрт илрүүлэх хэрэгтэй байна. Ингэж чадвал аливаа сөрөг үр дагавараас сэргийлж чадна. Гэхдээ шилжилтийн насны хүүхэд бүр буруу шийдвэр гаргадаг гэж ойлговол өрөөсгөл болно. Гэр бүлийн хэн нэг нь архи уудаг, эцэг эх нь салсан зэрэг ямарваа таагүй орчинд багаасаа өссөн хүүхэд л буруу шийдвэр гаргадаг. Өөрөөр хэлбэл, бага насанд нь үүссэн сэтгэлзүйн таагүй байдал нь тухайн хүүхдэд хуримтлагдаж явсаар өсвөр үед нь илэрч гарч ирдэг. Илэрснийг нь л бид анзаардаг.
-Гэр бүлийн орчин нөлөөлдөг байх нь ээ?
-Асар чухал нөлөөтэй. Хүүхдийнх нь сэтгэлзүйд ямар нэг байдлаар сэтгэлзүйн таагүй байдал илэрч эхлэх үед нь эцэг, эхчүүд сая нэг юм анзаарч, анхаарал тавьж эхэлдэг. Гэхдээ “Чам шиг ийм хүүхэд байхгүй”, “Хэнийгээ дуурайсан юм бол” гэх мэтээр зэмлэх, загнах хандлага гаргах нь бий. Гэтэл хүүхдийн сөрөг зан төлөв гаргах суурь нь бүр багаасаа тавигдсан байдаг юм. Өөрөөр хэлбэл, таатай уур амьсгалыг бүрдүүлж чадсан өв тэгш гэр бүлийн орчин тухайн хүүхдийг зөв шийдвэр гаргахад нь нөлөөлдөг. Харин багаасаа таагүй орчинд өссөн хүүхдийн сэтгэлзүйн асуудал шилжилтийн насанд илэрсэн тохиолдолд цэвэр эцэг эхтэй холбоотой. Хүүхэд ч гэсэн асуудлаа шийдвэрлэхдээ эцэг эхээ сонсохоосоо илүүтэй, үе тэнгийнхнээ сонсдог. Нэг нэгнээсээ суралцана, даган дуурайна. Ер нь хэдий чинээ бага балчир насандаа сэтгэл зүйн гэмтэл авна төдий чинээ шилжилтийн насанд нь тод илрэн гарч ирдэг.
-Хэт бөөцийлөх, анхаарал халамж тавих нь өөрөө тухайн хүүхдийн хүмүүжилд сөрөг үзүүлэх магадлалтай байдаг гэсэн. Энэ талаар?
-Миний бодлоор, хүүхдийнхээ эдийн засгийн хэрэгцээг нь хангаснаа бөөцийлсөн гэж хэлээд байдаг юм шиг санагддаг. “Би тийм зүйл авмаар байна”, “Тийм хувцас өмсмөөр байна”, “Тийшээ явмаар байна” гэхэд нь шаардагдах мөнгийг нь өгчихөөд, түүнийгээ “Би бөөцийлсөөр өсгөсөн” гэж ярьдаг. Гэтэл тэр хүүхдийн сэтгэлзүйн хэрэгцээг хангаж чадсан эсэх нь хамгийн чухал. Хүүхэд хайр халамжаар дутаагүй, эерэг зөөлөн харилцаатай гэр бүлийн орчинд өссөн бол хэзээ ч буруу шийдвэр гаргахгүй. Тэгэхээр зөвхөн эдийн засгийн бус, сэтгэлзүйн хэрэгцээг нь хангаж байж, хүүхэд нь зөв шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлдэг гэдгийг эцэг, эхчүүд маань ойлгох хэрэгтэй. Хамгийн чухал хэрэгцээ нь хангагдаагүйн улмаас л шилжилтийн насны хүүхэд буруу шийдвэр гаргадаг. Тэр бүү хэл, сэтгэлзүйн асуудалд орсноо илэрхийлж буй нэг хэлбэр нь амиа хорлолтод хүргэдэг.
-Өсвөр насны хүүхдүүд ч мансууруулах бодис хэрэглээд цагдаагийн байгууллагад саатуулагдсан тохиолдол удаа дараа гарч байна. Энэ байдал юунаас үүдэлтэй вэ?
-Бусдыг даган дуурайх нь өсвөр насныхны зан төлөвийн онцлогтой холбоотой. “Мансууруулах бодис гэж юу байдаг юм бол, хэрэглээд үзчих юм сан”, “Гоё мэдрэмж төрдөг гэсэн, үнэн болов уу. Би ч бас үзэх юмсан” гэх мэт бусдыг даган дуурайх өсвөр үеийнхний зан төлөвийн онцлог нь нөлөөлөөд байгаа хэрэг. Тухайн хүүхдийн өөрсдийнх нь онцлогтой л холбоотой. Эсвэл буудалцаантай кино үзээд хүн алж үзэх ч бодол төрж болно шүү дээ. Мэдээллийн эрин зуун, цахим орчноос хүүхэд сайныг нь ч, саарыг нь ч тусгаж авч болно. Даган дуурайх нь тэдний насны онцлог учраас сайн, муу, ямар сөрөг үр дагавар гарах вэ гэдгийг мэддэггүй. Мансууруулах бодис хэрэглэх нь сөрөг үр дагавартай гэдгийг мэдэж байсан ч, хэрэглээд үзчих юмсан гэсэн хүсэл байгаад байдаг. Нөгөө талаас мөн л эцэг эхийн хараа хяналт сул байгаагаас үүдэн хүүхэд хар тамхи, газ, цавуу гэх зүйлийг үнэртэж буруу зан үйлийн зуршилтай болдог.
-Өсвөр насныхан сошиал ертөнц, тэр дундаа цахим гадуурхалд их өртдөг. Энэ нь тухайн хүүхдийн сэтгэлзүйд яаж нөлөөлөх вэ?
-Маш чухал асуудлын нэг нь цахим гадуурхал. Хүүхэд, өсвөр насныхны дунд цахим орчин ялангуяа фэйсбүүкээр нэг нэгийгээ доромжлох гутаах, янз бүрийн үг хэллэг хэрэглэсэн, дарамталсан мессеж, мэдээллийг нэг нэгэндээ өгдөг. Тэр нь хүүхдийн сэтгэлзүйд маш том гэмтэл үүсгэж болно. “Манай ангийн тэр намайг тэгсэн” гэж хүүхэд ярихгүй боловч, сэтгэлзүйд нь том дарамт үүсгэж байдаг. Дарамт удаан хугацаагаар үргэлжилбэл, сэтгэлзүйн эмгэг болох аюултай. Хоёрдугаарт, биеийн хэлбэрийн янз бүрийн эмгэг болж илрэх магадлалтай. Сүүлийн үед хорт хавдрын өвчлөлийн нас залуужиж, зүрх судасны эмгэгт хүмүүс эрт өртөөд байна. Ходоодны шархлаа юунаас болж нэмэгдэв. Ерөнхийдөө далд стресс биеийн хэв шинжүүдээр илэрч байгааг л биеийн хэлбэрийн эмгэгүүд гэж нэрлэдэг. Өсвөр үеийнхний яг энэ асуудал анхаарал татахуйц хэмжээнд хүрчихээд байна. Цахим орчинд идэвхтэй байгаа маш олон хэрэглэгчдийн өмнө байхын аргагүй болтол нь нэг нэгийгээ доромжилдог. Энэ доромжлол нь тухайн хүүхдийг дарамтад оруулж байдаг. Цахим ертөнц нэг талаар мэдээлэл хурдан дамжуулах сайн талтай ч, нөгөө талаар сөрөг үр дагавартай. Түүнийг хэрхэн зүй зохистой хэрэглэх, мэдээллийг хэрхэн шүүж авах нь маш чухал.
-Өсвөр үеийнхний сэтгэл зүйд тулгамдаж буй энэ мэт асуудлыг шийдвэрлэхийн тулд ер нь яах ёстой юм бэ?
-Ярилцах л хэрэгтэй. Өсвөр насныхан өөрийгөө сэтгэлзүйн асуудалтай байгаа гэдгээ мэдэхгүй байх тохиолдол бий. Тэд өөрт тулгарсан ямарваа нэг асуудлаа хэн нэгэнд ярих байдлаар тухайн нөхцөл байдлаасаа гарах ёстой. Ер нь л эцэг, эхчүүддээ зөвлөхөд, хүүхэдтэйгээ ярилцаж, тэднийг сонсох хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Хэрэв асуудлаа мэдэхгүй, тайлбарлаж чадахгүй байвал тэдэнд сэтгэлзүйч, эрүүл мэндийн ажилтан туслах хэрэгтэй. Сэтгэлзүйчид маш олноороо хэрэгтэй байна. Дээр нь таагүй асуудлыг мартуулахын тулд тэднийг завгүй байлгах хэрэгтэй. Сайхан дуу дуулдаг бол дуу дуулж, хөлсөө гартал сагс тоглох юм бол тухайн сэтгэлзүйн асуудал өөр энерги болж биеэс гадагшилна. Ийм нийгэм рүү чиглэсэн, хүүхдүүдийг нэг нэгнийгээ ойлгох, мэдрэхэд чиглэгдсэн урлаг, соёлын үйл ажиллагааг сайн зохион байгуулах хэрэгтэй байна. Ингээд шийдэгдэхгүй бол сэтгэлзүйчид хандах боломжийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй.
-Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд өсвөр үеийнхний сэтгэлзүйн чиглэлээр клиник ажиллаж байгаа. Энэ талаар?
-Манайд Хүүхэд, өсвөр үеийн клиник байгаа. Ерөнхийдөө 30 ортойгоор үйл ажиллагаа явуулдаг. Хүүхэд өсвөр үеийн клиникт асуудлаа шийдвэрлэх сонирхолтой, ар гэрийнхэнтэйгээ дасан зохицож чадахгүй байгаа буюу асуудалтай байгаа нь ойр орчмын хүмүүст нь мэдрэгдчихсэн хүүхдүүд илүүтэй ирж, зөвлөгөө тусламж авдаг. Үйлчлүүлэх хүүхдийн тоо нэмэгдсэн. Дээр нь аутизм буюу сэтгэцийн сурах дадлын эмгэгийн өөрчлөлттэй хүүхдүүд манайд их ханддаг. Хэвтэж эмчлүүлэх гэхээсээ илүү энэ талын мэдээлэл авах, зөв талаас нь хүүхэдтэйгээ харилцах, эцэг эхийн боловсролын дээшлүүлэх ажил хийх хэрэгтэй байгаа.
-Дэлгэцийн донгийн шалтгаанаар эмчлүүлэх хүүхдийн тоо хэр байна вэ?
-Бий, бий. Дэлгэцийн донтолттой хүүхдүүд хэвтэж байгаа. Дэлгэцийн донгийн цаана сэтгэлзүйн таагүй байдал л байдаг. Өөртөө таатай байдал үүсгэхийн тулд компьютер дээр хамаг цагаа үрээд байгаа хэрэг шүү дээ. Насанд хүрсэн зарим хүмүүс сэтгэлзүйн таагүй хүчин зүйлтэй тулгарсан үедээ архи уухтай агаар нэг, хүүхдүүд ч гэсэн сэтгэлзүйн аливаа асуудлаа мартахын тулд тоглоом тоглосоор байгаад тодорхой хугацааны дараа донтчихсон байдаг. Үүнийг бүрхүүл эмгэгтэй хүүхдүүд гэж оношлоод байгаа юм.
-Эдгээр сэтгэцийн эмгэгүүд нь бүрэн гүйцэд эмчлэгддэг үү. Эмчилгээний талаар?
-Мэдээж тодорхой хэмжээнд эмчлэгдэнэ. Гэхдээ маш удаан хугацаанд эмчлүүлж байж бүрэн эмчлэгдэнэ. Хамгийн гол нь сэтгэл заслын эмчилгээ байдаг. Хамгийн их тохиолдож байгаа зүйл бол эцэг эхчүүд маань 15, 16 нас хүстэл нь хайхрахгүй явж байгаад хүүхэд нь өсвөр насан дээрээ ирээд гадуур тэнээд, хулгай хийгээд ирэхээр нь эмнэлэгт ханддаг. Тэгээд 10 гаруй хоног эмчлүүлээд эдгэрнэ гэж боддог. Гэтэл бодит байдал дээр тухайн хүүхдийн суурь хүмүүжил нь буруу тавигдсан байдаг. Суурь хүмүүжил буруу тавигдсан хүүхэд бүрэн эмчлэгдээд гарна гэж байдаггүй. Ялангуяа сэтгэц засах эмчилгээг маш удаа хугацаанд хийгдэх шаардлагатай байдаг. Сэтгэл засах эмчилгээний үр дүн авах нь хэр байх вэ гэдэг нь тухайн хүүхдийн онцлог болоод гэр бүлийн хүмүүжлээс хамаардаг.