Open iToim app
Улс төр | 7 мин уншина

О.Алтансүх: Бид хүүхэд хамгаалал, гэр бүлийн бодлогоо эргэн харж, хөрөнгө оруулалт хийх цаг болсон

О.Алтансүх: Бид хүүхэд хамгаалал, гэр бүлийн бодлогоо эргэн харж, хөрөнгө оруулалт хийх цаг болсон
Нийтэлсэн 2018 оны 11 сарын 8
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүхтэй ярилцлаа.
-2019 оны төсвийг УИХ-аар баталлаа. Ирэх жил хүүхэд хөгжлийн төсвийг найман тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэн?
УИХ хүүхэд хамгааллын бодлогод төсвөөр дамжуулан томоохон дэвшил хийж чадлаа. Энэ бүхэнд УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгийн гишүүд, тэр дундаа төсвийн ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхорол гишүүн маш их үүрэг гүйцэтгэсэн. Үнэхээр их талархаж байна. Итгэлийг зүтгэлээр хариулах үүргийг манай салбарынхан хүлээн авч байна. Бид энэ ажлыг авснаас хойш маш их бэрхшээлтэй тулгарсан. Тухайлбал, хүүхдийн тусламжийн 108 дугаарт ирсэн мэдээллийн дагуу хүүхдээ очиж хамгаалах, тусламж үзүүлэх, хамгаалтад авах ажлыг хийх хүн хүч, нөөц байсангүй. Ирсэн дуудлагыг холбон зуучилдаг ч, хугацаа алддаг, үйлчилгээ бүрэн төгс үзүүлэх боломж хомс байсан. Жишээлбэл, гудамжинд тодорхой хугацаанд хараа хяналтгүй явж байсан хүүхдүүд байхад, тэр хүүхдийг цагдаатай хамтраад илрүүлдэг. Гэтэл дараа нь яаж ч чаддаггүй.  Асрамж халамжийн төв дээр аваачихаар зан суртахуун болон амьдралын өөр хэв маягтай хүүхдүүд бусад хүүхдүүддээ нөлөөлж байна гээд асрамжийн газрууд авах дургүй. Тиймээс тэр хүүхдүүдийн зан суртахууныг өөрчлөх сургалт тодорхой хэмжээнд явуулах шаардлагатай болдог. Яаж үйлчилгээ үзүүлэх вэ? гээд асуудал гараад ирнэ. Энэ асуудлыг шийдэхээр Нартхангай төвийг байгуулж байлаа. Мөн 0-3 настай хүүхэд хаягдаад үлдэхэд манайх аваад Нялхсын  төв сувилалд өгөх гэхээр багтаамж муутай. Тиймээс эрх нь зөрчигдсөн, хаягдсан хүүхдүүдэд яаралтай тусламж, хамгааллын үйлчилгээ үзүүлэхэд маш хүндрэлтэй байсан. Ингээд 2017 онд төсөвлөж байсан 450 сая төгрөгөө 21 аймаг, нийслэл, 9 дүүрэгтээ хуваарилсан. Энэ бол бараг анх удаа хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр төсөв хуваарилж байгаа хэрэг шүү дээ. Ингээд хүүхдэд хамгааллын үйлчилгээ үзүүлээд ирэхээр нөгөө төсөв маань хаанаа ч хүрдэггүй. Хамгааллын наад захын үйлчилгээний төвүүдийг байгуулмаар байдаг. Нэг аймаг, дүүрэгт 4-10 сая төгрөг хувиарлаад, дээр нь 108 төвөө тусад нь гаргаад, хамгааалах байртай, тусламжийн машинтай болгочихсон. Төсөв маань хүрдэггүй.  Тиймээс УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгийн гишүүдтэй ярилцаад, 2017 онд Гэр бүл, хүүхэд хөгжлийн газрын хийж, хэрэгжүүлсэн ажилтайгаа танилцуулсан. Тэр үед бид 108 тусгай утасны үйлчилгээ гаргаад, яаралтай тусламжийн машинтай, түр хамгаалах байртай, удаан хугацаагаар тэнэсэн хүүхдүүдийг байрлуулах Нарт хангай төвийг байгуулсан байсан учраас энэ ажлыг цааш үргэлжлүүлэхийн тулд төсөв мөнгийг нь нэмэх шаардлагатай гэдгийг эмэгтэй гишүүд тэр дундаа Д.Оюунхорол, Н.Оюундарь гишүүд маш сайн ойлгосон. Ингээд 2018 онд манай зардлыг таван тэрбум төгрөг болгож өсгөсөн. Энэ санхүүжилтээр 24 зуслангийн хөтөлбөрийг тусгайлан хэрэгжүүлээд, зусланд хамрагдаж байгаа хүүхдүүдийн тоог 37 хувиар нэмэгдүүлсэн. Хүүхдийн ордон, аймгуудын хүүхдийн төлөө газраар дамжин өнгөрч байгаа хүүхдүүдийн тоо мөн 30 орчим хувиар нэмэгдсэн. Олон улсын жишгээр хүүхдээ хөгжүүлж байж, хүүхдийг хамгаална гэдэг зарчим барьдаг. Өөрөөр хэлбэл, урьдчилан сэргийлэх ажлыг түлхүү хийх ёстой гэдэг зарчимтай.
-Ингэж ажилласнаар хичнээн хүүхдэд ямар үйлчилгээ, тусламж үзүүлж байна вэ?
-2018 онд 17483 хүүхдэд хамгааллын үйлчилгээ үзүүлсэн байна. Тэр дундаа аюулгүй байдлыг хамгаалж, түр хамгаалах байранд 939 хүүхэд авсан. Шуурхай үйлчилгээ үзүүлэх тээврийн хэрэгслээр хамгаалах байранд 480 хүүхэд хүргэгдэж ирсэн байна. Ирэх жилийн төсөвт манайд найман тэрбум төгрөг төсөвлөж байгаа. Хүүхэд хамгааллын төсвийг нэмэгдүүлж байгаа УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлэг, тэр дундаа Д.Оюунхорол гишүүнд талархаж байгаагаа дахин илэрхийлмээр байна. Энэ бол Монгол Улсад анх удаа хийж байгаа хүүхэд хамгааллын бодлогын томоохон хувьсгал. Харин хэрхэн үр дүнтэй зарцуулах вэ гэдэг дээр бид, манай салбар маш сайн анхаарч ажиллах болно.

Энэ жил л гэхэд 26 ээж, аавын эцэг, эх байх эрхийг хасуулсан

-Түр хамгаалах байранд 939 хүүхэд аваачсан гэж байна. Энэ их хүүхдүүд дандаа гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг, тэнэдэг хүүхдүүд байдаг юм уу?
-Гэр бүлийн хүчирхийлэл болон үл хайхрах хүчирхийлэлд өртсөн, гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүдийг авч ирж, үйлчилгээ үзүүлж байна гэсэн үг. Тухайлбал, ээж, аав хоёр нь орхиж яваад хүүхдүүд гэртээ байна гэдэг мэдээллийг хажуу айлынх нь хүмүүс мэдээллэхэд бид очиж авч ирдэг гэсэн үг. Тухайн хүүхдүүдийг тодорхой хугацаанд байлгаад, хооллож, ундлаад, хамгаалаад ээж аавд нь эргүүлж өгдөг тохиолдол бий. Гэхдээ ээж, аав нь асран хамгаалах боломжгүй, чадваргүй хүмүүс ч бий. Бид энэ жил л гэхэд шүүхэд хандаад 26 ээж аавын эцэг, эх байх эрхийг хасуулсан. Ингээд шийдээд байж болохгүй шүү дээ. Асрамжийн газраа өргөжүүлээд яваад байна гэж байхгүй. Тиймээс гэр бүл рүү чиглэсэн гэр бүл төлөвлөлт, салалтын эсрэг чиглэсэн үйл ажиллагаанууд хийх хэрэгтэй байгаа юм. 2.4 тэрбум төгрөгийг нь орон нутагт хуваарилсан. Хүүхэд хамгааллын зардал зөвхөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын зардал биш.
Хуулиар 5 орчинд хүүхдийг хамгаалахаар заасан. Боловсрол, эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл-цахим орчин, гэр бүлийн болон олон нийтийн үйлчилгээ гэсэн таван орчинд хамгаалах ёстой. Хүүхэд хөгжил хамгаалал, боловсролын үйлчилгээний үр дүн бусад салбарыг бодвол, тодорхой хугацааны дараа гардаг. Үйлчилгээний бүтцийг бий болгож болно. Энэ үйлчилгээгээ тасралтгүй сайжруулж байж олон жилийн дараа үр дүнг нь хүртдэг гэдгийг олон судалгаа, бусад улсын жишээнээс харж болно. 2-4 насны 40 хүүхдэд боловсролын болон хамгааллын үйлчилгээг 2 жил үзүүлээд тухайн хүүхдүүдийн ирээдүйд яаж нөлөөлж байгаа нь судалсан байдаг. 40 жилийн дараа тухайн хүүхдүүдийн амьдрал тэс өөр байсан. Хүүхдэд хийсэн хөрөнгө оруулалт 12.9 дахин үр дүн, ач тус үзүүлсэн байдаг.
-Энэ жил л гэхэд 26 аав, ээжийн эцэг эх байх эрхийг нь хасуулсан гэж байна. Гэр бүл салалт нэмэгдэж байгаа нь хүүхэд тэнэмэл амьдралаар амьдрах, буруу замаар ороход хамгийн их нөлөөлж байна гэж ойлгож болох уу. Гэр бүл салалтын эсрэг танай байгууллага ямар ажил хийж байна вэ?       
-Хамгаалах байранд ирж байгаа хүүхдүүдийн 40 орчим хувь нь 35-аас доош насны эцэг эхтэй хүүхдүүд байдаг. Үүнээс харахад Монгол Улс хүүхэд хамгааллынхаа бодлогыг, гэр бүлийн бодлогыг эргэж харах, энэ салбар руу хөрөнгө оруулалт хийхгүй бол болохгүй гэдгийг харуулж байна. Энэ жилээс эхлээд ерөнхий боловсролын сургууль болон их дээд сургуулийн оюутнууд эрүүл мэндийн хичээл орж эхэлж байна. Гэр бүл төлөвлөлтийн талаар багаас нь сургахгүй бол залуусын дийлэнх нь хүүхэдтэй болоод аргагүйн эрхэнд гэр бүл болоод, амьдарч үзээд болохгүй болохоор нь салж байна. Дунд нь хүүхэд хохирч байна шүү дээ. Тиймээс залуучууддаа гэр бүл төлөвлөлтийн мэдлэгийг эрт өгөх хэрэгтэй. Гэр бүлийн хуулийн шинэчилсэн найруулгаар энэ талаар томоохон өөрчлөлт хийхээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам ажиллаж байна. Шаардлагатай судалгаа, үйлчилгээний нэр төрлийг туршилтын шугамаар туршаад хэрэгжүүлэх зураглалыг манай байгууллагаас гаргаж танилцуулсан байгаа.
-Хууль эрх зүйн тухайд энэ салбарын гол хууль болох Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн найруулан өргөн барихаар болсон. Энэ хуульд ямар ямар өөрчлөлт оруулж байгаа бол?
-1999 онд баталсан Гэр бүлийн хууль гэр бүлийн харилцаа, үйлчилгээг зохицуулсан үйлчилгээ тусаагүй. Харин шинэчилсэн найруулгаар гэр бүлийн хөгжлийн үйлчилгээ үзүүлэх чиглэлэээр төсөөлж байна. 40 мянган гэр бүлийн хэрэгцээг үнэлсэн. Төсөөлж байгаагаар гэр бүлүүдэд 24 төрлийн үйлчилгээ үзүүлнэ. Жишээлбэл, асрамжийн төвөөс үрчлэгдсэн хүүхдүүдийг гэрт нь асрах, зөвлөх, хяналт тавих үйлчилгээ үгүйлэгдэж байна. Энэ үйлчилгээг бий болгосноор үрчлэгдсэн хүүхдүүд хэрхэн амьдарч байгаад хяналт тавих боломж бүрдэнэ. Энэ үйлчилгээ байдаггүй учраас хяналт тавих ажил тогтмолжихгүй байна. Мөн хаягдаж гээгдсэн, эцэг эхгүй өнчин хүүхдүүдийг ачлалт хүмүүс үрчилж авах нөхцлийг бүрдүүлнэ. Энэ хүмүүсийг хооронд нь холбодог үйлчилгээ бас хэрэгтэй. Энэ бүхнийг Гэр бүлийн тухай хуулиар зохицуулах юм.
-Ирэх жил танай байгууллагын төсөв нэмэгдэнэ. Тэгэхээр ямар ямар ажлууд хийхээр төлөвлөөд байна вэ?
-Бэлгийн хүчирхийлэлд өртсөн бага насны хүүхдийн хамгаалах нөхөн сэргээх үйлчилгээг сайжруулна. Учир нь бэлгийн хүчирхийллийн хохирогчид насан туршийн хохирогчид байдаг. Нэг жишээ хэлэхэд зургаан жилийн өмнө хөрш айлынхаа залууд хүчиндүүлээд, гэмт хэрэг үйлдсэн хүн зургаан жилийн ял авсан байгаа юм. Зургаан жилийн дараа гэмт хэрэгтэн шоронгоос гараад эргээд хөрш хэвээрээ байгаа. Энэ мэт үйл явдалд нутаг заан албадан нүүлгэх, явах  эрхийг хязгаарлах зохицуулалт хийх шаардлагатай. Тиймээс энэ чиглэлийн үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэй хүүхэд ирээдүйд ээж болно. Тиймээс сэтгэл заслын эмчилгээг маш сайн хийх хэрэгтэй. Ер нь иргэддээ наад захын хамгааллын үйлчилгээ үзүүлэх механизм Монголын төрд байх ёстой. Үүнийг хийх нөхцлийг үндсэнд нь бүрдүүлсэн гэж үзэж байгаа. Одоо үйлчилгээг нь сайжруулна. Дуудлага аваад, хамгаалаад, үйлчилгээ үзүүлээд, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх систем бүрдчихсэн. Ирэх жил энэ үйлчилгээгээ сайжруулах чиглэлээр ажиллана. Бид анх хамгаалах байрыг байгуулахдаа 150 хүүхэд жилдээ авна гэж тооцож байсан. Гэтэл одоо 1000 хүрч байна. 150 хүүхэд авна гэж төсөвлөсөн байсан газар 1000 хүүхэд авахаар мэдээж үйлчилгээгээ сайжруулах шаардлага гарна. Мөн урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарч ажиллана. Бас нэг жишээ ярье. Энэ жил гэр бүлийн салалтын өмнөх хүндрэлтэй 17 гэр бүлд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлэхэд тэр гэр бүлүүд эргээд хамтдаа амьдарч эхэлсэн. Энэ нь гэр бүл салалтын өмнөх нийгмийн үйлчилгээ байх хэрэгтэй гэдгийг харуулж байгаа юм. Мөн явуулын хүүхэд хамгааллын машинууд газар дээр нь очиж, хамтарсан багууд, гэр бүлүүд, сургуулиудад арга зүй өгөх шинэ үйлчилгээг хөгжүүлнэ. Нартхангай хараа хяналтгүй хүүхдийн төв дээр хөдөлмөрт бэлтгэх чиглэлээр нэлээд их ажил хийнэ. Томоохон захуудад хүүхэд хамгаалын цэг нээх шаардлага бас байна. Зуслан, өдөр өнжүүлэх төв, орон нутгийн хүүхдийн ордонгуудийн үйлчилгээг сайжруулах, хүүхэд хамгааллын даатгал зэрэг шинэ үйлчилгээг хөгжүүлэх гээд төлөвлөсөн ажил их байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн