Open iToim app
Тэд бидний тухай | 4 мин уншина

Nasdaq: Монголын шинээр гаргасан бонд хөрөнгийн зах зээлд огцом эргэлт хийлээ

Nasdaq: Монголын шинээр гаргасан бонд хөрөнгийн зах зээлд огцом эргэлт хийлээ
Нийтэлсэн 2017 оны 3 сарын 7
Монгол Улс энэ сарын 21-нд Монгол Улсын Засгийн газрын баталгаатайгаар гадаад зах зээлээс босгосон анхны бондын төлбөрийг барагдуулах хуваарьтай байсан. Харин ОУВС-тай тохиролцоонд хүрсний дараа Хөгжлийн банкны бондыг өөр нэг своп хэлцлээр солих саналыг тус бондыг эзэмшиж байгаа хөрөнгө оруулагчдад тавьсан юм. Энэ саналыг хөрөнгө оруулагчид хүлээн авч, Хөгжлийн банкны бондыг долоон жилийн хугацаатай, 600 сая ам.долларын шинэ бондоор солих талаар тохиролцсон юм. Ингээд бондын 82.5 хувийг өмнөх бонд эзэмшигчдэд олгож, үлдсэн 17.5 хувь буюу 124 сая ам.долларыг шинэ хөрөнгө оруулагчдад санал болгож, хөрөнгийн зах зээлд арилжаалсан тухай "Kitco" цахим хуудас мэдээлснийг "Nasdaq" хөрөнгийн бирж нийтэлжээ. 
Монгол Улс жил хүрэхгүй хугацааны өмнө гаргасан бондоо шинээр сольж, шинэ бонд арилжаалахаар болсон. Тэгвэл шинээр сольсон 600 сая ам.долларын бондынхоо зарим хэсгийг өнгөрсөн долоо хоногт  арилжаалсан нь олон улсын хөрөнгийн зах зээлд огцом эргэлт хийлээ. Зөвхөн үүгээр ч дуусахгүй, бондын байдал тодорхой бус байдалтай байсан ч үнэнч байсан бонд эзэмшигчдээ эрсдэлийн шагнал болгож нэг өдрийн ашигтай тэнцэхүйц 7.5 нэгжээр урамшуулжээ.
Төрийн баталгаатайгаар Хөгжлийн банкнаас гаргасан, гуравдугаар сард 21-нд эргэн төлөгдөх нөхцөлтэй бондыг өөр нэг бондоор солих санал Олон улсын валютын сантай шинэ санхүүжилтийн гэрээ үзэглэсний дараа гарсан юм. Энэхүү тохиролцоонд шинэ хөрөнгө оруулагчдыг оруулж, мөнгө санал болгох боломжийг олгосон. Бонд эзэмшигчид Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондын 82.5 хувийг долоон жилийн хугацаатай шинэ бондоор солихоор тохиролцсон. 
Хоёрдугаар сарын 24-нд гаргасан удирдамжид тэмдэглэснээр бол бондын өгөөж хамгийн багадаа 8.75 хувьтай тэнцэхээр байгаа юм. Шинэ бондын хэмжээ нийт 475 сая 989 мянган ам.доллар болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 580 сая ам.долларын бондын 82.5 хувь буюу 476 сая ам.долларыг шинэ бондоор сольсон юм. Үүнийг өмнөх бонд эзэмшигчид эзэмшинэ. Харин үлдсэн 124 сая 11 мянган ам.долларын бондыг өмнөх бондыг эзэмшдэггүй байсан шинэ хөрөнгө оруулагчдад санал болгон зах зээлд гаргаж, мөнгөө өсгөх боломж олгосон юм. Бондыг зах зээлд гаргахаас өмнө өгөөжийг нь 7.7 хувь дээр нэмэх, хасах 12.5 нэгж хувийг санал болгож байсан ч, бодит өгөөж нь 8.25 хувьтай тэнцсэн бөгөөд бэлэн мөнгөөр тогтсон үнэ нь 106.016 буюу өгөөж нь 7.625 хувьтай тэнцсэн байна. Шинэ гаргасан бондын хувьд бэлэн мөнгөөр тогтсон үнэ 100 гарах нь үнэтэй гэж тооцогддог. Тиймээс ч хэрэв сольсон бондыг хамгийн багаар үнэлсэн бол гэдэг асуулт урган гарч байна. Гэхдээ Хөгжлийн банкны хамгийн боломжит ханшаар шинэ бондыг үнэлсэн бөгөөд бонд эзэмшигчдэд ч энэ нь ашигтай байхаар тусгасан юм. 
Монголын 2021 онд төлөх хуваарьтай, шилдэг бондынх нь өгөөж 6.98 хувьтай байгаа бол долоон жилийн хугацаатай гаргасан шинэ бондын бодит өгөөж найм орчим хувьд байна хэмээн шинжээчид үзэж байна
"S&Р" болон "Fitch" агентлагууд шинээр гаргаж буй үнэт цаасыг хоёулаа В- гэж үнэлжээ. Харин "Мооdу's" агентлаг тус улсын зээлжих зэрэглэлийг "САА1" ангилалд багтааснаас хойш тайлан нийтлээгүй байгаа бөгөөд шинэ бондын талаар үнэлээгүй байгаа юм.
Асар том үсрэлт
Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн оны гуравдугаар сард таван жилийн хугацаатай бонд гаргахад өгөөж нь 10.875 хувьтай тэнцсэн юм. Энэ нь 2011 онд тус улс анх бонд гаргаснаас хойшхи хамгийн өндөр өгөөжтэй бонд болсон юм. Гэвч тухайн үед энэ бонд 750 сая ам.долларын л захиалга авч байв. Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний зээл авах боломжтой болсон байдаг. 
Харин шинээр гаргаж буй 600 сая ам.долларын бондын нэг хэсэг болох 124 сая ам.долларын бондыг авахаар 200 гаруй данснаас нийт 3.3 тэрбум ам.долларын захиалга иржээ . Арилжааны санал авсны дараах өдөр нь бэлэн мөнгөний арилжаагаар энэхүү бондын үнэ 10.75 хүрсэн бөгөөд хөрөнгө оруулагчид ч гомдоллох юу ч үгүй үлдсэн юм. Энэхүү арилжааг  "Ачааны машиныг жижигхэн цоорхойгоор оруулахыг оролдож байгаатай адил байсан" хэмээн хэлэлцээртэй ойр байсан эх сурвалж хэлжээ.
Бондын хэмжээг өсгөх боломж байсан нь мэдээж. Гэхдээ Олон улсын валютын сангаас тус улсын Засгийн газарт богино хугацааны эрсдэлд анхаарлаа хандуулах чиглэл өгсөн байгаа учраас хянамгай байх шаардлагатай байсан. Хөгжлийн банкны өмнөх бондын журамд “Reg-S” буюу Ази, Европын орнуудаас худалдан авах нөхцөлтэй, АНУ-д худалдах боломжгүй байсан бол шинэ бондын нөхцөлд 144А буюу АНУ-аас шинэ хөрөнгө оруулагчид бонд худалдан авах эрхтэй байхаар зохицуулж байгаа юм байна.
Шинэ бондын 76 хувийг АНУ-ын хөрөнгө оруулагчид авсан байна. Үлдсэн хэсгийн 18 хувийг Европт бүртгэлтэй данснуудаас худалдан авсан бол зургаан хувийг нь Азийн хөрөнгө оруулагчид авчээ. Харин хамтын сангууд 90 орчим хувийг худалдан авсан. Олон нийтийн байгууллагууд 7, даатгал болон банкныхан хоёр орчим, бусад ангиллынхан нэг хувийг тус бур худалдан авчээ. Монголоос 2018, 2021 болон 2022 онд гарах учиртай ам.долларын урсгалаас хол байхаар дээрх долоон жилийн хугацаатай бондыг сонгож байгаа юм. 
Монголын дараагийн сорилт нь 2018 оны нэгдүгээр сарын 5-нд эргэн төлөгдөх хуваарьтай 500 сая ам.долларын Засгийн газрын бонд юм. Хөгжлийн банкны 2017 онд хугацаа нь дуусах товтой бондыг өнгөрсөн оны хоёрдугаар сард 90-ээс ч бага төвшингөөр арилжиж байсан. Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сан болон бусад байгууллагатай өнгөрсөн сард 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн гэрээг байгуулсан. Түүнчлэн БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп гэрээгээ гурван жилээр сунгасан учраас тус улсын хөрөнгө оруулагчид амьсгаа авах боломжтой болсон юм.
"Монгол Улсад асар их боломж байдаг ч түүхий эдийн салбараас хараат хэвээр байна. Тиймээс Монгол Улсад үүсээд буй тулгамдсан асуудал бол бусад салбараа төрөлжүүлэх юм" хэмээн тус улсын бондыг худалдаж авсан сангийн менежер хэлсэн юм.
"Credit Suisse" болон "JP Morgan" хувьцааг худалдах, арилжааг удирдах компаниар ажиллаж байгаа бол "SC Lowy" компани Монгол Улсын Засгийн газрын санхүүгийн зөвлөхөөр ажиллажээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн