АНУ-ын Ютагийн их сургуулийн эдийн засгийн профессор Марк Гликийн Нью-Йорк хотноо төвтэй Эдийн засгийн шинэ сэтгэлгээний хүрээлэн(Institute for New Economic Thinking)-гийн ахлах судалгааны шинжээч Линн Паррамор нарын монополийн эсрэг бодлогын сэдвээр хийсэн ярилцлагыг эмхэтгэн хүргэж байна.
-Линн Паррамор(ЛП): АНУ дахь монополийн эсрэг хуулийн эхлэл цэг рүү эргэн очицгооё. Монополь, зах зээлийн жам ёсны өрсөлдөөний эсрэг зан үйлийг онилсон Шерманы монополийн эсрэг хууль 1890 онд батлагдсан. Дэлхийн бусад улс орнууд монополийн эсрэг хууль, эрхзүйн томоохон зохицуулалттай болохоос жаран жилийн өмнө АНУ яагаад үүнийг анхлан хийсэн юм бэ?
-Марк Глик(МГ): АНУ-д XIX зууны сүүлээр томоохон бизнесүүд бий болж, хэт хүчээ авч эхэлсэн. Улмаар тэд монополь байдлаа зүй бусаар ашиглан өөр хоорондоо ашиг сонирхлын бүлэглэлүүд үүсгэх замаар шударга ёс, зах зээлийн жам ёсны өрсөлдөөнд сөргөөр нөлөөлж эхэлсэн нь жирийн тариаланчид, ажилчид болон жижиг дунд бизнес эрхлэгчдийн эсэргүүцлийг асар ихээр өдөөсөн. Тиймээс 1888 онд Сенатор Жон Шерман өнөөдөр өөрийн нэрээр нэрлэгдсэн Шерманы монополийн эсрэг хуулийн төслийг Конгресст өргөн барьсан байдаг.
Тухайн үед монополь бизнесүүдийн улс төр дэх хүч буюу тэдний ашиг сонирхлыг төлөөлөгчид болон монополийн эсрэг үзэлтэй, түүнийг задлах ёстой гэх байр суурьтай улстөрчдийн харьцаа Конгресст бараг тэнцүү байсан. Конгресс дахь том компанийн төлөөлөгчид бүгдэд тэгш үйлчлэх ёстой тэдний бизнесийн эрх чөлөөг боогдуулж байна гэх үндэслэлээр Шерманы хуулийн төслийг эсэргүүцсэн байдаг. Харин нөгөө талд тариачид, ажилчид болон жижиг дунд бизнес эрхлэгчид зах зээлийн чөлөөт өрсөлдөөн буюу монополиудын эрх мэдлийг хязгаарлахыг шаардаж байв.
Ийнхүү Конгресс уг хуулийн төслийг ямар ч тогтоолгүйгээр 18 сарын турш хэлэлцсэн байдаг. Эцэст нь 1890 оны дөрөвдүгээр сард Сенатын Шүүхийн хорооноос Шерманы хуулийн төслийг дахин боловсруулсан байдлаар өргөн барьсан юм. Улмаар Сенатын танхим хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг санал нэгтэй баталсан түүхтэй. Тухайн үед нэг л Сенатор хуулийн төслийг эсэргүүцэх санал өгсөн байдаг.
Хамгийн гол нь монополийн асуудлаас болж хоёр хуваагдаад байсан Конгресс гэнэт санал нэгтэйгээр хуулийн төслийг баталсан нь Шүүхийн хорооны өргөн барьсан төсөл сөргөлдөгч талуудын аль аль нь өөрийн эрх ашгаар уншиж, тайлбарлах боломжтой хоёрдмол утга санаа агуулж байсанд оршдог. Уг хуулийн төсөлд “монополь хэлбэрээр эсвэл хуйвалдаанаар худалдааг хязгаарласан бүх гэрээ хууль бус” гэж тодорхойлдог. Монополь бизнесүүдийн хувьд “худалдааг хязгаарлах” гэдэг нь "худалдааг үндэслэлгүйгээр хязгаарлах" гэсэн утгаар уншигдаж, тайлбарлагдаж байсан. Учир нь тэд худалдааны ихэнх хязгаарлалтыг үндэслэлгүй гэж үзсэн. Харин тариаланчид, ажилчид болон жижиг дунд бизнес эрхлэгчид “бүх” гэдэг үгэнд өргөлт өгч “худалдааг хязгаарласан бүх гэрээ хууль бус” буюу энэ хууль том бизнесүүдийн эрх мэдэл, хүчийг үлэмж хэмжээгээр хумих болно гэж найдаж байсан юм.
-ЛП: Шерманы хууль батлагдсаны дараа юу өөрчлөгдсөн бэ. Хоёрдмол утгатай ойлгомжгүй байдлыг хэрхэн шийдсэн юм бэ?
-МГ: АНУ-ын хувьд улс төрийн эрх мэдэл Холбооны Засгийн газрын гурван бүрэлдэхүүн хэсэгт хуваагддаг. XIX зууны сүүлч болон XX зууны эхэн үед монополь бизнесүүдийн улс төрийн эрх мэдэл үндсэндээ Холбооны Засгийн газрын гүйцэтгэх эрх мэдэл бүхий бүрэлдэхүүн хэсэгт хүчтэй нөлөө тогтоосон. Эндээс л Засгийн газар өөрөө монополь бизнесүүдтэй хутгалдах эхлэл тавигдсан. Өөрөөр хэлбэл, Шерманы монополийн эсрэг хууль батлагдсаны дараа Цагаан ордныг тэргүүлж байсан Бенжамин Харрисон, Гровер Кливленд болон Уильям Маккинли нарын засаг захиргаа монополийн эсрэг төдийлөн хүчтэй бодлого хэрэгжүүлээгүй. Харин ч эсрэгээрээ уг хуулийг ажил хаялтыг зогсоох зорилгоор ажилчин ангийн эсрэг зэвсэг болгон ашигласан. Мөн Шерманы хууль батлагдсанаас хойших арав гаруй жилийн хугацаанд монополийн эсрэг хууль зөрчсөн гэх үндэслэлээр шүүхээс ял авч, шоронд хоригдсон цорын ганц хүн нь ажил хаялтыг удирдсан АНУ-ын Социалист намын гишүүн Евгений Дебс байсан сонирхол татдаг.
Энэ хугацаанд төмөр замын монопольтой холбоотой цөөн хэдэн хэрэг л Дээд шүүхэд очсон байдаг. Гэхдээ энэ үед Транс-Миссурийн төмөр замын монополийн хэргийг шүүж байсан Дээд шүүхийн шүүгч Руфус Пекхам гэх хүн монополийн ашиг сонирхол нь АНУ-ын Үндсэн хуулийн 14-р нэмэлт, өөрчлөлтөөр “эрх чөлөө”-г тодорхойлсон заалттай зөрчилдөж байна. Тиймээс “худалдааг хязгаарласан бүх гэрээ нь хууль бус” гэсэн байдаг. Түүний уг шийдвэр нь монополийн эсрэг ажилчин ангийг дэмжих хөдөлгөөний дэмжигчийн байр суурь байсан гэж харагддаг. Гэвч 1911 онд “Standard Oil” компани монополийн эсрэг хууль зөрчсөн гэх хэргийг шүүх үед тухайн үеийн Дээд шүүхийн шүүгчдийн дийлэнх нь тус компани зөвхөн тодорхой цаг хугацаа, бизнесийн ашиг сонирхолд хамаарах “худалдааг үндэслэлгүйгээр хязгаарлах” гэрээ байгуулсан. Энэ нь Шерманы монополийн эсрэг хуульд заасан “бүх гэрээ” гэх заалтад хамаарахгүй гэх шийдвэрт санал нэгдсэн байдаг. Үүнээс хойш уг хууль энэ дүрмээр хэрэгжиж ирсэн. Өөрөөр хэлбэл монополь компаниуд өөрсдийн үйл ажиллагаагаа үндэслэлгүйгээр хязгаарлах гэрээ байгуулсан гэж заргалдах боломжтой болсон гэсэн үг.
-ЛП: Барри Линн сүүлд гаргасан "Liberty from All Masters" номондоо АНУ-ын 28 дахь Ерөнхийлөгч асан Вудроу Вилсоны засаг захиргааны эрэн үед америк дахь монополийн эсрэг алтан үе байсан гэх нотолгоог өгүүлдэг. Вудроу Вилсоны “Шинэ эрх чөлөө” гэх үзэл санаа, алсын хараанд АНУ-ын эдийн засгийг ноёрхож буй том монополь корпорацуудын эсрэг хүчтэй бодлого, арга хэмжээ хэрэгжүүлэх талаар тусгасан байдаг. Тэгвэл шинээр бий болсон монополиудын эсрэг хүчтэй бодлого хэрэгжүүлэх ёстой гэдэг байр суурь идэвхтэй яригдаж байгаа энэ үед түүний “Шинэ эрх чөлөө”-ний тухай үзэл санааг шингээх боломжтой юу?
-МГ: Вудроу Вилсон арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч, үйлдвэрчний эвлэлийн ашиг сонирхлын эсрэг үзэлтэй хүн байсан гэх тодорхойлолтыг хойш тавиад харах юм бол түүний засаг захиргаа 1914 онд зах зээлийн шударга бус өрсөлдөөнд зохицуулалт хийх Клейтоны монополийн эсрэг хууль болон Холбооны Худалдааны комиссын тухай хуулийг тус тус баталсан байдаг.
Вудроу Вилсон популист улстөрч байгаагүй. Барри Линн ч номондоо өөрөө үүнийг баталдаг. Вудроу Вилсон хувь хүнийхээ хувьд монополь корпорацуудын бий болгож, бүтээсэн зүйлс АНУ-ын эдийн засаг болон нийгэмд маш их үр өгөөж өгсөн гэж үздэг байсан. Үнэндээ Клейтоны хууль болон Холбооны Худалдааны комиссын тухай хууль нь том корпорацуудын улс төрийн ашиг сонирхолд нийцэж байсан бөгөөд тухайн үеийн хамгийн том монополиудын гол лобби бүлэг болох Иргэний Үндэсний Холбоо эдгээр хуулиудыг анхнаас нь идэвхтэй дэмжсэн байдаг. Үүний цаана том бизнесүүд Конгресс дахь өөрсдийн төлөөллөөр дамжуулан Клейтоны хуулийн зах зээлийн өрсөлдөөнийг зохицуулах тодорхой заалтуудыг өөрсдөдөө ашигтай байдлаар батлуулж, Холбооны Худалдааны Комиссын тухай хуулиар өөрсдийн монополь давуу байдлаа улам дархлаажуулахыг зорьж байсан. Вудроу Вилсон ч хүссэн зүйлийг нь хийсэн. Мөн тэрээр Клейтон болон Шерманы хуулийн төслүүдийг хэлэлцэх үед хөдөлмөрийн хатуу чөлөөлөлтийг маш хүчтэй эсэргүүцсээр ирсэн. Үүний үр дүнд Холбооны шүүх 1920-иод онд Шерманы монополийн эсрэг хуулийн заалтуудтай холбоотойгоор хөдөлмөр эрхлэгчдийн эсрэг олон зуун шийдвэр гаргаж байсан. Тиймээс тухайн цаг үе бол монополийн эсрэг алтан үе огт байгаагүй.
Гэсэн ч эдгээр хуулиудыг баталснаар монополийн эсрэг өнөөгийн эрх зүйн орчны суурь тавигдсан нь үнэн. Клейтоны хууль дахь цоорхойг Дэлхийн II дайны дараа нөхсөнөөр мужийн Ерөнхий прокурор болон хувь хүмүүс монополийн эсрэг хэргийг шүүн хэлэлцэх эрх нээгдсэн. Харин Холбооны Худалдааны комиссын тухай хуулийн ачаар Холбооны Засгийн газрын Худалдааны комисс нь монополийн эсрэг үр дүнтэй хууль сахиулах бие даасан байгууллага болж хөгжсөн түүхтэй.
-ЛП: Тэгвэл өнөөдөр монополийн эсрэг хуулийн хэрэгжилтийг сайжруулах загварыг хаанаас хайх ёстой вэ. Мөн үүнийг хийх нь яагаад тийм чухал гэж?
-МГ: Монополийн эсрэг бодлогыг сайжруулах өнөөдрийн хамгийн сайн загвар нь АНУ-ын 32 дахь Ерөнхийлөгч асан Франклин Рузвельтын 1933-1970 оны хооронд хэрэгжүүлж байсан “Шинэ гэрээний бодлого”-ын зөвшилцөл байх ёстой. Монополийн эсрэг хүчтэй бодлого хэрэгжүүлэх нь “Шинэ гэрээний бодлого”-ын гол хэсэг юм. Мөн монополийн эсрэг бодлого хэрэгжүүлэх нь санхүүгийн зах зээлд хөндлөнгөөс оролцох замаар түүнийг зохицуулах, үйлдвэрчний эвлэлүүд, хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих, дэд бүтэц, инновацид төрөөс хөрөнгө оруулалт хийх, нийгмийн эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарал хандуулах зэрэг Кейнсний макро эдийн засгийн онолтой холбогддог. Гэхдээ Жон Мэйнард Кейнсийн макро эдийн засгийн бодлого болон Адам Смитын сонгодог эдийн засгийн онолууд, тэдгээрийг дагасан улс төрийн шийдвэр, бодлогын өөрчлөлт нь бүгд өөр өөр цаг хугацаанд, өөр өөр нөхцөл байдлаас үүдэн урган гарсан байдаг. Тухайлбал, АНУ-ын 36 дахь Ерөнхийлөгч асан Линдон Жонсоны хэрэгжүүлсэн “Great Society” хөтөлбөр нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг бодлого болон Франклин Рузвельтын “Шинэ гэрээний бодлого”-ын холимог болж гарч ирсэн удаатай.
Эдийн засагчид “Шинэ гэрээний бодлого”-ын АНУ-ын эдийн засагт үзүүлсэн үр нөлөөг ихэнхдээ хүлээн зөвшөөрдөггүй. Тэгвэл Нортвестерн их сургуулийн эдийн засагч Роберт Гордон тэргүүтэй судлаачдын хувьд уг бодлого хэрэгжсэн 1930-1940-өөд оны үед хөдөлмөрийн бүтээмж өсч, америкууд өндөр цалинтай болсноор цахилгааны хэрэглээ нэмэгдэж, эрчим хүчний сүлжээ өргөжсөн нь үүнээс өмнөх болон дараах хэдэн арван жилээс хэд дахин олон шинэлэг инновациуд нэвтрэх түлхэц болж, АНУ-ын өнөөгийн технологийн хөгжлийн суурийг тавьсан гэж үздэг.
Энэ бодлого нь 1970-аад оны сүүлээр тохиосон хямрал хүртэл хэрэгжсэн. Холимог эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд ДНБ-ий өсөлт, хөдөлмөрийн бүтээмж, ажилгүйдэл, орлогын тэгш бус байдал, хөрөнгө оруулалтын үзүүлэлтүүд өмнөх болон дараах хэдэн арван жилийн үеэс өндөр түвшинд хүргэсэн. Энэхүү амжилтын салшгүй нэг хэсэг нь монополийн эсрэг хатуу бодлого хэрэгжүүлж байсантай холбоотой. Тухайн үед монополийн эсрэг хуулийг амжилттай хэрэгжүүлсэн хамгийн алдартай тохиолдлууд нь АНУ-ын Засгийн газар “Socony-Vacuum Oil Co” компани зах зээлд хөөрөгдөл үүсгэж, шатахууны үнийг зохиомлоор өсгөсөн болон Филадельфийн Үндэсний Банк “Girard Trust Corn Exchange Bank”-тай нэгдэх замаар зах зээлийн гуравны нэгд ноёрхлоо тогтоосон зэрэг шүүхийн маргаанд ялалт байгуулсан явдал юм. Хамгийн чухал нь үүний цаана АНУ-ын Дээд шүүхээс монополийн эсрэг хууль хэрэгжүүлэх зорилго нь америкийн ардчилал, улс төрийг том корпорацуудын хэт их нөлөөллөөс хамгаалах явдал гэдгийг маш тодорхой ойлгуулсан ялалт байсан юм.
-ЛП: Хэрэв монополийн эсрэг хүчтэй бодлого хэрэгжүүлэх нь эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ардчиллыг хамгаалах чухал ач холбогдолтой байсан юм бол АНУ-ын 40 дэх Ерөнхийлөгч асан Роналд Рейганы засаг захиргааны үед бий болсон нүүр царайг юу гэх вэ. 1980-1990-ээд оны хооронд монополийн эсрэг бодлого өөрчлөгдсөн нь хүмүүст хэрхэн нөлөөлсөн бэ?
-МГ: 1980-аад онд “Шинэ гэрээний бодлого”-ыг залгамжлан неолибериал бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Неолибериал бодлогыг дэмжигчид АНУ-ын санхүүгийн зохицуулалтыг алдагдуулж, үйлдвэрчний эвлэлүүдийг татан буулгаж, Холбооны татварын дээд хязгаарыг бууруулсан. Уг бодлого нь голцуу санхүүгийн салбарын чинээлэг хүмүүсийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байсан. Мөн тэд үүний үр дүнд АНУ-ын эдийн засаг илүү үр ашигтай болж, тэр нь эргээд нийгэмд ач тусаа өгнө гэж сурталчилж байсан.
Чикагогийн их сургуулийн эдийн засагчид монополийн эсрэг үйл ажиллагааг сулруулснаар эдийн засгийн үр ашгийг бодитоор нэмэгдүүлнэ гэх суртал ухуулгыг хамгийн ихээр сурталчилсан. Үүний үр дүнд монополийн эсрэг үйл ажиллагаа олон талаараа суларч, өөрчлөгдсөн. Бүр сууриас нь чи өөрийнхөө хэтэвчинд байгаа мөнгөнийхөө хэрээр л худалдан авалт хийх ёстой гэх суртал ухуулгыг иргэдэд хийж эхэлсэн. Өөрөөр хэлбэл чи телевизор худалдан авмаар байвал өөрийнхөө орлогод таарсан зурагтаа л ав гэсэн үг.
Үүний үр дүнд сүүлийн хэдэн арван жилийн турш яригдаж байгаа эдийн засагт хөрөнгө оруулалт, бүтээмж буурч, ажилгүйдэл, тэгш бус байдал нэмэгдэж байна гэх асуудал урган гарч ирсэн. Мөн өнөөдөр хүмүүс АНУ-ын эдийн засаг өмнөхөөсөө илүү төвлөрсөн бүтэцтэй болж, зах зээлүүдэд цөөн хэдэн монополь компани ноёрхох болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх боллоо. Тухайлбал, “Microsoft”, “Google”, “Apple”, “Amazon” болон “Facebook” зэрэг технологийн томоохон компаниуд сүүлийн жилүүдэд зах зээл дэх маш олон бусад жижиг компаниудыг худалдан авч, тэднийг өөртөө нэгтгэсэн. Гэвч монополийн эсрэг агентлагууд эдгээр нэгдэл зах зээлийн шударга өрсөлдөөнд нөлөөлөх байдалд шалгалт хийх хүндрэлтэй болсон.
Жишээ нь, “Google” ирээдүйд тэдний интернэт хайлтын бизнестэй өрсөлдөх боломжтой “Start-Up” компаниудыг бойжихоос нь өмнө нь худалдаж авдаг асуудал нь зэх зээлийн өрсөлдөөнийг саармагжуулж байгаа юм. Гэвч 1980-аад оноос хэрэгжсэн неолибериал бодлогын үр дүнд бий болсон монополийн эсрэг хуулийн өөрчлөлтүүд нь Хууль зүйн яам болон Холбооны Худалдааны комисс уг асуудалд хэрэг нээж, шалгахын тулд эхлээд заавал зах зээлийн өрсөлдөөнд нөлөөлсөн гэдгийг нотлох шаардлагатай болгосон. Энэ бол утгагүй зүйл. Үүнийг ямар ч нэхэмжлэгч нотолж чадахгүй. Холбооны шүүх 1980-аад оноос хойш зах зээлийн өрсөлдөөнд нөлөөлсөн хэрэгт ял оноох нотлох баримтын шаардлагыг аажмаар чангаруулж ирсэн бөгөөд улмаар үүнийг биелүүлэх бараг боломжгүй болсон. Лав үүнээс хойш монополийн эсрэг хэрэгт амжилттай заргаа авсан нэхэмжлэгч байхгүй.
-ЛП: АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Жой Байдены эдийн засгийн зөвлөхүүд монополийн эсрэг бодлогыг чангаруулах ёстой гэх байр суурийг илэрхийлж буй. Цагаан ордон ч энэ ажлыг цаашид нэлээд эрчимжүүлэх төлөвтэй. Тэдний хувьд монополийн эсрэг хуулиуд нь зөвхөн хэрэглэгчийн эрх ашиг бус өрсөлдөөн бүхий зах зээлийг бий болгох, хэт хүчирхэг корпорацууд бий болж, эргээд ардчилалд заналхийлэх байдлыг таслан зогсоох арга хэмжээг баталгаажуулах явдал юм гэж үзэж байна. Та Байдены зөвлөхүүдийн бодлоготой санал нэгдэх үү?
-МГ: Миний ойлгож байгаагаар Жой Байдены засаг захиргааны бодлогын гол цөм нь монополийн эсрэг агентлагуудын ил тод байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ, “Шинэ гэрээний бодлого”-ын үед хэрэгжүүлж байсантай ижил монополийн эсрэг хатуу үйл ажиллагаа хэрэгжүүлэх бололтой. Зөвхөн Байдены зөвлөхүүд бус олон ч эдийн засагчид энэ санааг өмнө нь дэвшүүлж байсан. Тэдний адилаар миний хувьд ч энэ өөрчлөлтийг дэмжиж байгаа.
Том компаниуд өрсөлдөгчдөө худалдан авснаар зах зээл илүү төвлөрсөн шинжтэй болж, өрсөлдөөн буурсан гэдгийг дийлэнх нь хүлээн зөвшөөрч байна. Үүний эсрэг бодолтой хүмүүс монополиуд зах зээлийг бүхэлд нь захирснаар бүтээгдэхүүний чанар нэмэгдэж, үнэ буурахад хэрхэн эерэгээр нөлөөлж байгааг нотлох ёстой. Үүнтэй ижил том компаниуд илүү өргөжсөнөөр хөдөлмөрийн зах зээлд хэрхэн эерэгээр нөлөөлж, инновацийг яг яаж нэмэгдүүлээд байгааг тайлбарлах хэрэгтэй. Мөн монополиуд өртгөөс доогуур үнэ тогтоох, хэлцлээс татгалзах, эдийн засгийн босоо өсөлтийг хязгаарлах стратеги хэрэгжүүлж байгаа нь мөн л өрсөлдөөнд шударга бусаар нөлөөлж буй явдал юм.
Төр засгаас сөрөг, болохгүй бүхнийг нотлохыг шаардах нь өрөөсгөл. Учир нь монополь компаниудад тэдний үйл ажиллагаа зах зээлд хэрхэн эерэг, сөргөөр нөлөөлж байгааг харуулах харуулах тоо баримт, дүн шинжилгээ өөрсдөд нь байдаг бөгөөд өндөр төлбөртэй зөвлөх үйлчилгээ үзүүлэгч арми хөлслөөд үүний хариултыг өгөх мөнгө, хүч нь ч тэдэнд бий.
Монополийн эсрэг агентлагууд илүү урагшаа харж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг түлхүү хэрэгжүүлэх ёстой гэдэг дээр би санал нэг байгаа. Жишээ нь, “Amazon” эсвэл бусад том корпорацууд өөрсдийн монополь тогтоосон зах зээлтэй холбогддог салбарт өрсөлдөхийг зөвшөөрөх ёсгүй. Өөрөөр хэлбэл яг энэ цаг үед “Amazon” өөрийн онлайн худалдааны платформ дээрээ “N95” маскны борлуулалтад монополь тогтоосон бол “N95” амны хаалтны үйлдвэрлэлийн бизнест орох ёсгүй гэсэн үг. Энэ бол илт ашиг сонирхлын зөрчил бөгөөд үүнээс болж зах зээлийн өрсөлдөөнд үр ашиг гарахгүй байх магадлалтай.
-ЛП: Танд Жой Байдены засаг захиргааны хэрэгжүүлэхээр зэхэж буй монополийн эсрэг бодлогын хүрээнд санаа зовниж буй зүйлс байгаа юу. Ер нь монополийн эсрэг ямар хэлбэрийн загвар баримтлах нь америкийн ард түмний эрх ашигт хамгийн сайн нийцэх вэ?
-МГ: Миний бодлоор Жой Байдены засаг захиргаанд эдийн засаг хаашаа чиглэх вэ гэх алсын харааг өөрсдийн бодлоготой уялдуулах явдал дутаж байна гэж харж байна. Өөрөөр хэлбэл, монополийн эсрэг оновчтой бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа энэ үед дэлхий ертөнцийн чиг хандлага хаашаа явах вэ, эсвэл ямар байх ёстой вэ гэдгийг харах нь зүйтэй. Товчхондоо юуны төлөө гэдгээ тодорхойлох шаардлагатай.
Жой Байдены монополийн эсрэг бодлого ихэнхдээ жижиг дунд бизнесүүдийн өрсөлдөх чадамжийг нэмэгдүүлэх замаар зах зээлийн төгс өрсөлдөөнийг бий болгох хувилбар шиг харагддаг. Миний бодлоор энэ бол бидний явах ёстой зам биш. Минийхээр бол монополь бизнесүүд болон нийгмийн бусад бүлгүүдийн улс төрийн нөлөөлөл дэх тэнцэврийг хангасан, тэр нь эдийн засагтаа маш үр дүнтэй, ашигтай байх “Шинэ гэрээний бодлого”-ын сайжруулсан хувилбар байх ёстой.
Эдийн засагч Уильям Лазоникийн тодорхойлсноор бидэнд зах зээлд үр өгөөжтэй, шаардлагатай байгаа ур чадвартай боловсон хүч, эдийн засгийн бодит үнэ цэнийг бий болгодог олон компаниуд хэрэгтэй байна. Мөн бид суурь судалгаа, дэвшилтэт дэд бүтцийг санхүүжүүлэхэд зориулагдсан хөгжлийн төлөвлөгөө, том бизнесүүд ноёрхдоггүй улс төрийн тогтолцоогоо дахин сэргээх хэрэгтэй. Энэ өөрчлөлтөд зах зээлийн эрүүл өрсөлдөөн хамгийн чухал үүрэг гүйцэтгэх ёстой.
Эх сурвалж: Institute for New Economic Thinking