Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

С.Дамбий: Өрхийн үйлдвэрлэл эрхлэгч иргэнд 20-25 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

С.Дамбий: Өрхийн үйлдвэрлэл эрхлэгч иргэнд 20-25 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ
Нийтэлсэн 2022 оны 4 сарын 21
Сонгинохайрхан дүүргийн оёдолчдын нэгдсэн чуулган өнөөдөр/2022.04.21/ боллоо.Чуулганд 300 гаруй гар урлаач, оёдлын аж ахуй эрхлэгчид болон дүүргийн Засаг дарга, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, СХД-ийн харъяа байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Тус чуулган нь гар урчууд болон оёдолчдыг дэмжиж, үйл ажиллагааны хувьд тогтворжсон ААН,байгууллагуудтай холбох,  бараа бүтээгдэхүүнийг нь нийтэд таниулж, сурталчлахад чиглэж байв.
Чуулганы танхим болон үүдэнд гар урчууд, оёдолчид олон төрлийн бүтээлийн үзэсгэлэнг гаргасан байв. Тэд үндэсний хувцас, дайлан, гутал, малгай, хатгамал, цүнх, сийлбэр, цоолборуудыг дэлгэн тавьж өөрсдөө үндэсний хувцасаар гоёжээ.
undefined
Энэ үеэр СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай: Энэ чуулган нь олон талын ач холбогдолтой. СХД-ийн хэмжээнд өрх толгойлсон оёдолчин, гар урлаачид маш их байдаг. Өнгөрсөн хугацаанд Эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих төв, Эрэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих хөгжлийн төв, Гар урлал инновацийн төв зэрэг жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих үйл ажиллагаатай байгууллагууд ажиллаж байна. Үүн дээр тулгуурлаж өрхийн амьжиргааг дэмжих олон төсөл хөтөлбөр хэрэгжсэн. Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих болон олон улсын байгууллагуудтай хамтарч СХД-ийн гар урлаачдыг дэмжиж төсөл хөтөлбөр, зээлд хамруулах ажлуудыг үе шаттай хийж байна. Мөн өнөөдрийн зохион байгуулж байгаа чуулганыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Цар тахлаас болж түр завсарласан байсан ч энэ жилээс дахин зохион байгуулж байна.
undefined
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Дамбий: Манай яамны хувьд халамжаас хөдөлмөрт шилжих зарчим, бодлоготой энэхүү чуулганы агуулга нийцэж буй. Бид Нийгмийн халамжийн сангаас дэмжлэг авдаг хөдөлмөрийн насны бөгөөд хөдөлмөр эрхлэх чадвартай хүмүүсийг хөдөлмөр эрхлүүлэх гол бодлоготой байна. Манай яамнаас илүүтэй хүрдэг бодлогын ажил бол хөдөлмөр эрхлэх сангаас дэмжиж хэрэгжүүлдэг ажлууд юм. Энэ сангийн хөрөнгөөс тодорхой хэмжээний дэмжлэг, арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Иргэдэд илүүтэй хүрдэг ажил бол банкуудаар дамжуулж хөнгөлттэй зээл олгох, хүүгүй эргэлтийн хөрөнгийн дэмжлэг олгох ажил юм.  Энэ жилийн хувьд нэг хүнд олгодог мөнгөн дэмжлэгээ нэмэгдүүлсэн. Өрхийн үйлдвэрлэл, хувиараа аж ахуй эрхэлдэг иргэдэд барьцаагүй, хүүгүй 5 сая төгрөг олгодог байсан бол 10 сая болж нэмэгдсэн. Мөн шаардлага хангасан тохиолдолд банкаар дамжуулж хувь хүнд 10 сая, ААН-д 20 сая төгрөг олгодог байсан бол ААН-д 50 сая төгрөг, хувь хүнд 20-25 сая төгрөг олгохоор болсон. Мөн энэ жилээс гар утасны аппликейшн ашиглаж зээл олгохоор туршиж байна. Үүний гол шалгуур нь хувиараа бизнес эрхлэгч гэдгээ нотолж, зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн өргүй байхад болох юм гэлээ.
undefined
Жил бүр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас орон нутаг, сум, дүүрэгт ААН, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хөрөнгийг хуваарилдаг аж. 2021 онд СХД-д 1.2 тэрбум төгрөг олгож байсан бол энэ онд 2.7 тэрбум болгож нэмэгдүүлсэн нь хувиараа бизнес эрхлэгчид болон бусад ААН-үүдэд олгогдох дэмжлэг нэмэгдэх боломжийг нээж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн