Open iToim app
Бүтээгч | 3 мин уншина

Ч.Батзаяа:  Монголын анхны ухаалаг гар утас 'Hulan 21' бол цэвэр монгол сэтгэхүй

Ч.Батзаяа:  Монголын анхны ухаалаг гар утас 'Hulan 21' бол цэвэр монгол сэтгэхүй
Нийтэлсэн 2021 оны 1 сарын 28
Монголын анхны ухаалаг гар утас болох “Hulan 21” бүтээж байгаа “Ehlel” брэндийн үүсгэн байгуулагч Ч.Батзаяатай ярилцлаа.
-“Ehlel” брэнд “hulan21” гар утсыг зах зээлд гаргахаар бэлдэж байна. Тус гар утсыг бүтээх болсон шалтгаан санаа хаанаас эхлэлтэй вэ?
-“Ehlel” брэндийн хувьд 2017 оноос хойш гар утасны дагалдах хэрэгслийг хийж эхэлсэн. Цаг хугацаа явах тусам uар утасны дагалдах хэрэгслийг дамжаад өөрийн брэндийн гар утсыг хийх шаардлага үүссэн. Ингээд бид хоёр жилийн өмнөөс судалгааны ажилдаа орж, утас хийхээр зориглосон. Ерөнхийдөө дандаа гар утасны дагалдах хэрэгсэл хийгээд байхаар технологийн шаардлага нь өөрөө гар утас байх туршлагад хүлэгдээд хийж байгаа.
-"Hulan21" гар утасны үйлдлийн систем болон бүтцийн хувьд ямар вэ?
-Утас нь үндсэн суурь болон үйлдлийн гэсэн хоёр системээс бүрддэг. Манай брэндийн хувьд суурь систем дээр програмчлалыг хөгжүүлж өөрсдөө хийж байгаа. Харин үйлдлийн системийн хувьд "android10" гээд олон улсын жишиг болсон үйлдлийн системийг ашиглаж байгаа. Ерөнхийдөө түүхий эдийн хувьд, 80 хувь нь гадных, 20 хувийг дотооддоо бүтээж байгаа гэж ойлгож болно. 
-Ямар нэгэн юмыг үйлдвэрлэж, бүтээх явцад хүндрэл бэрхшээл гардаг шүү дээ. Гар утас үйлдвэрлэх явцад гарсан хүндрэл бэрхшээлийн талаар ярихгүй юу?
-Тулгарч байгаа бэрхшээлийн хувьд ухаалаг утас хөгжүүлж байсан туршлага байхгүй учраас асуугаад зөвлөөд явах баг хамт олон мэргэжлийн институт Монголд байхгүй байгаа нь хүндрэлтэй байна. Бидэнд зөвхөн хэрэглэж байсан л туршлага байгаа. Тэгэхдээ би зааж зөвлөх хүн байхгүй гэж хойш суугаагүй. Өнөөдөр бид даяарчлагдсан нийгэмд амьдарч байгаа учраас бидэнд интернэт байгаа учраас интернэтийн тусламжтайгаар мэдэхгүй зүйлээ судлаад мэдэж байна.
-Нэрний хувьд маш содон санагдсан. Яагаад "hulan21" гэж нэр өгсөн бэ?
-Нэгдүгээрт бид хулан амьтныг бэлгэдсэн. Хоёрдугаарт Чингис хааны хамгийн хайртай хатныг Хулан гэдэг байсан учраас  энэ түүхтэй холбосон байгаа. Тухайлбал хулан гэдэг амьтан нь өөрөө говь хангайг дамнаж амьдардаг, Монгол орны адуун сүргийн нэг овог бөгөөд маш хурдан амьтан учир байгалийн тэсвэр хатуужлын үлгэр жишээ болсон амьтан. Ер нь хулан гэдэг нэр бол маш олон сайхан бэлгэдэлтэй нэр учир анхны гар утсаа Hulan гэж нэрлэсэн. Түүнчлэн 21 гэдэг тоо нь өөрөө бэлгэшээлтэй тоо, мөн 2021 он болж байна. Бусад утаснуудын хувьд дандаа 20-оор төгссөн байдаг учир нэг орон урагш нь өгсөн.
undefined
-Брэнд бүхэн өөрийн гэсэн онцлогтой байдаг. “Ehlel” брэндийн хувьд анхны гар утсан дээрээ ямар онцлогийг шингээж өгсөн вэ?
-Монгол хүнд зориулсан цэвэр монгол сэтгэхүйгээр бүтэж байгаа. Утсаа асаахад хүртэл дандаа монгол аппликейшн гарч ирэх жишээтэй. Монгол хүний оюун ухаан шингэсэн байгаа. Мөн загвар хийцийн хувьд монгол ахуйг дүрсэлсэн Монгол Улсын технологийн илэрхийлэл гэдэг нь хамгийн том давуу тал. Түүнчлэн үнийн хувьд боломжийн, сая төгрөгөөр худалдаалагдана. Үзүүлэлт, чанарын хувьд нэлээд өндөр үзүүлэлттэй утас учир хүний хэрэглээг маш сайн хангаж чадна. Камерын чанар, нягтаршлын хувьд ч нэлээд өндөр үзүүлэлттэй байгаа.
-Эхний ээлжид хэдэн загвар гарах вэ?
-Дотооддоо үйлдвэрлэж байгаа учир нэг онцлог нь  захиалагчийн хүссэн өнгөөр нь гаргаж өгч байгаа. Тэгэхээр ямар ч өнгөөр гарч болно гэж ойлгож болно.  Hulan21 гар утсаа есдүгээр сард худалдаанд гарна.
-“Ehlel” брэндийн хувьд цаашдаа гар утсаа илүү олон төрөл болгож гаргах уу, цаашдын зорилго юу вэ?
-Гар утасны хөгжүүлэлтийг цааш нь хийсээр байх болно. “Ehlel”  брэнд зөвхөн гар утасны дагалдах хэрэгслээс гадна электрон барааны хувьд илүү олог төрөл зүйлсийг хийнэ. Тухайлбал угаалгын машин, индүү, синс гэх мэт бүгдийг дотооддоо хийж үйлдвэрлэнэ гэсэн зорилготой ажиллаж байгаа.
Түүнчлэн бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд гаргах маш их хүсэлтэй байгаа. Энэ нь зөвхөн надаас шалтгаалахгүй Монголчууд маань дэмжих хэрэгтэй. Экспорт бол Монголд маш ашигтай. Мөнгөө гадаад руу гаргадаг биш оруулдаг байхын төлөө хичээх хэрэгтэй.
-Зах зээлд хэр хүлээлттэй байна вэ. Хүмүүс хэр хүлээж авч байна вэ?
-Монголчууд маш их дэмжиж байгаа. Бид эхний ээлжид энэ жилдээ 5000 ширхгийг хийх төлөвлөгөөтэй байгаа. Одоогоор 10 хувь буюу 500 нь захиалгад орсон байна. Энэ янзаараа маш хурдан худалдаалагдах шинжтэй байна. Харин 2022 онд 5000-аа 500 мянга болгоно гэж л зорьж байгаа.
-Цар тахал бизнесүүдэд нэлээд нөлөөлж байгаа. Таны бизнест хэр нөлөөлсөн вэ?
-Маш их нөлөөлсөн. Цар тахал гараагүй байсан бол гар утсаа үүнээс илүү хурдан хугацаанд гаргах байсан. Манайх технологийн компани учир үргэлж цаг хугацаатай уралдаж байдаг. Гэтэл үйл ажиллагаа явуулахгүй таг зогсоно гэдэг бол хор уршиг нь удаан хугацаанд гарч ирсээр байдаг. Жишээ нь өвөл төлөвлөсөн бүтээгдэхүүнийг зун хийх ямар ч боломжгүй байдаг учраас өвлийн зогсолт гэдэг бол тухайн бизнесийнхээ бараг нэг жилийн зогсолтыг дагуулах эрсдэлтэй байдаг. Тийм учраас цар тахалтай зохицож шийдвэр гаргаж явахгүй бол зогсолтоор шийдээд байвал хохирол нь асар өндөр байдаг.
-Ярилцсанд баярлалаа.
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн