Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудлын менежментийн үйл ажиллагааг нээх арга хэмжээ өнөөдөр боллоо.
Монгол Улсын Засгийн газар “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг “хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр Монгол, Японы хамтарсан компанитай концессын гэрээ байгуулахыг зөвшөөрсөн бөгөөд талууд өнөөдөр гэрээнд гарын үсэг зурлаа.
Монголын талаас “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК, Японы талаас “Консорциум SPV” буюу “Жапан Эйрпорт Менежмент” ХХК төслийг хэрэгжүүлэх юм. Концессын хугацаа 15 жил бөгөөд концесс эзэмшигчид гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын дотор өөрийн хөрөнгөөр бэлтгэл ажлаа ханган нисэх буудлын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна.
Японы улсын Засгийн газрын нийт 28 тэрбум 807 сая иенийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй уг төслийн бүтээн байгуулалтын ажил үндсэндээ дууссан. Одоо дотоод менежментийг хэрэгжүүлэх, Буянт-Ухаа дахь Чингис хаан ОУ-ын нисэх онгоцны буудлыг нүүлгэх зэрэг ажлууд үлдээд байна. Ингэснээр Хөшигийн хөндийн ОУ-ын нисэх буудал нь ирэх 2020 оны тавдугаар сараас зорчигчдоо хүлээн авах юм.
Хөшигийн хөндийн ОУ-ын нисэх онгоцны буудлын менежментийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока тэргүүтэй албаны хүмүүс оролцож уг нисэх буудалд анхны онгоц газардах түүхэн үйл явдлыг гэрчиллээ. Хөшигийн хөндийн ОУ-ын нисэх онгоцны буудалд газардсан анхны хөлөг онгоц нь “МИАТ” компанийн “Boieng 737-800” буюу “Өгөөдэй хаан” онгоц байсан юм.
Нээлтийн арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх индэр дээрээс “Япон улс нь Монгол Улсын хувьд чухал хөрш орон юм. Манай хоёр орон нь үнэт зүйлсээр холбогдсон стратегийн түнш орнууд билээ. Монгол Улсад ардчилсан тогтолцоо, зах зээлийн нийгэм бүрэлдэн тогтох сорилт, бэрхшээлээр дүүрэн он жилүүдэд Япон улсын Засгийн газар болон ард түмэн бидэнд чин сэтгэлээсээ харамгүй тусалсаар ирсэнд гүнээ талархал илэрхийлье. Энэхүү халуун дулаан сэтгэлийн нэг илрэл нь өнөөдөр нээлтээ хийж буй Улаанбаатар хотын нисэх онгоцны шинэ буудлын бүтээн байгуулалт юм” гэлээ.




Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока нээлтийн арга хэмжээний индэр дээрээс Монгол хэлээр “Сайн байцгаана уу, Эрхэмсэг ноён Монгол Улсын Ерөнхий сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд болон энд хүрэлцэн цугласан зочид төлөөлөгчдөө. Би Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирсэндээ туйлын их баяртай байна. Би Япон улсын Элчин сайдын хувьд Монголд томилогдон ирснээсээ хойш энэ өдрийг тэсэн ядан хүлээж байлаа” гэсэн юм. Тэрээр цааш японоор хэлээр "Энэхүү онгоцны буудал нь далайд гарцгүй Монгол орны хувьд агаарын замаар дамжин олон улс оронтой холбоо тогтооход чухал ач холбогдолтой билээ. Мөн чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далайн бүсийг цогцлооход хувь нэмрээ оруулах чухал хүчин зүйл болох юм. Монголын агаарын замын үүд хаалга болох шинэ нисэх онгоцны буудал нь Япон менежментээр аюулгүй бөгөөд саадгүй үйл ажиллагааг эхлүүлэн, аялал жуулчлал, ачааны эргэлтийг нэмэгдүүлж, Монгол орны хөгжлийг улам эрчимжүүлнэ хэмээн найдаж байна" гэсэн юм.














